Хожмын үеийн гэгээнтнүүдийн орон нутгийн цуглааны удирдагч нь бишоп (жижиг цуглааны хувьд салбарын ерөнхийлөгч) юм. Бишоп нь санваар атгадаг бөгөөд илүү ахмад сүмийн удирдагчдаар бишопын албанд томилогддог. Тэрээр амьжиргааны мөнгөө өөрөө хөдөлмөрлөж олдог ба сүмд үйлчилсэн үйлчлэлийнхээ төлөө ямар ч цалин хөлс авдаггүй. Үйлчлэх ёстой гэж тодорхой заасан хугацаа байдаггүй ч бишоп нь ихэвчлэн таван жил орчим үйлчилдэг бөгөөд үйлчилж дуусаад цуглааныхаа гишүүдийн эгнээнд орж эсвэл цуглаанаас гадуур үүрэг хариуцлага хүлээн авдаг.
Хоёр зөвлөх буюу зөвлөгч гэх санваартнууд нь бишопыг ажил үүргээ биелүүлэхэд нь тусалдаг. Мөн түүнчлэн бишоп нь тойргийн хөгшин, залуу бүх гишүүнийг хариуцсан томоохон, онцгой үүрэг хариуцлагатай эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс бүрдсэн тойргийн зөвлөлөөс тусламж авдаг.
Цуглааны зарим үүрэгт ажлууд болох бие махбод (талх), цус (ус) хоёрыг төлөөлсөн ариун ёслолыг адислах, өвчтэй хүнд зориулан албан ёсоор адислал өгөх ба шинэ хүмүүст баптисм хүртээх зэрэг нь санваартнаар гүйцэтгэгдэх ёстой байдаг. Зөвхөн зохистой эрэгтэй гишүүд санваар атгадаг.
Цугларагсдад номлох эсвэл цуглаанд хүмүүсийн өмнөөс залбирах зэрэгт санваар шаардлагагүй бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүс бүгд эдгээрийг гүйцэтгэж болдог.
Цугларагсдын түвшинд цалинтай алба байдаггүй нь хожмын үеийн гэгээнтэн ард иргэдийн дотор сайн дурын үйл ажиллагааны уламжлал баттайгаар байгуулагдах болсон нэг шалтгаан байж ч болох юм. Хүн бүр хувь нэмрээ оруулах ёстой бөгөөд орон нутгийн удирдагчид ч үргэлж өндөр албан тушаалд байдаггүй. Өнөөдөр бишопоор үйлчилж байгаа хүн дараагийн долоо хоногт туслах байсан хэн нэгний ангид суугаад хичээл заалгадаг байж болно.
Санваар дотор ч мөн цолны ангилал байдаггүй. Сүмд идэвхтэй явдаг бараг бүх эрэгтэй нь ахлагч эсвэл дээд прист гэсэн албыг гүйцэтгэдэг. Эдгээр эрэгтэйчүүд долоо хоног бүрийн хичээлийн удирдамжаа чуулга гэдэг бүлэгт оролцож авдаг бөгөөд хамтдаа ядуусыг халамжлах эсвэл ганц бие эцэг, эхтэй гэр бүлд туслах зэрэг хэрэгцээг хангахаар зохион байгуулагдсан байдаг.