Угийн бичиг буюу хэн нэгний өвөг дээдсийн болон гэр бүлийн түүхийн судалгаа нь дэлхийд хамгийн өргөн дэлгэр сонирхдог зүйлсийн нэг юм. Бүх шашны болон үндэстний хүмүүс хаанаас гарал үүсэлтэйгээ олж мэдэх дуртай байдаг. Хэдий тийм ч Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд хэн нэгний гэр бүлийн түүхийн талаар судлах нь зүгээр л нэг оролдож үзэхээс илүү утга учиртай юм. Хожмын үеийн гэгээнтнүүд нь гэр бүл энэ амьдралын дараа хамтдаа байж чадна гэж итгэдэг. Иймийн тул амьд байгаа болон нас барсан гэр бүлийн бүх гишүүнтэйгээ харилцаагаа бэхжүүлэх нь нэн чухал юм.
1 / 2 |
Хожмын үеийн гэгээнтнүүд ариун сүмд хийгддэг ариун лацдан холболтын ёслолоор дамжин гэр бүлүүд мөнхөд хамтдаа байх боломжтой гэдэгт итгэдэг. Эдгээр ариун сүмийн зан үйлүүдийг мөн нас барсан хүмүүсийн өмнөөс төлөөлөн гүйцэтгэж болно. Ийм учраас мормончуудад угийн бичгийн судалгаа ба гэр бүлийн түүхийн ажил нь нас барагсдын төлөө ариун сүмийн ажлыг хийхэд бэлтгэхэд нь их чухал байдаг. Хожмын үеийн гэгээнтнүүд нас барсан хүмүүст өөрсдийнх нь төлөө гүйцэтгэсэн ёслолыг хүлээн зөвшөөрөх эсвэл татгалзах сонголт байдаг гэж итгэдэг.
1894 оноос хойш Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм угийн бичгийн чухал ач холбогдолтой бүртгэлүүдийг цуглуулах, эдгээрийн талаар хуваалцах ажилд цаг хугацаа, нөөц бололцоогоо зориулсаар ирсэн. Сүм засгийн газрын архив, сүмүүд болон номын сангуудтай хамтарч ажилласны ачаар 3 тэрбум гаруй нас барсан хүний тухай мэдээлэл бүхий дэлхийн хамгийн том гэр бүлийн бүртгэлийн цуглуулгыг бий болгосон байна. Энэ хүчин чармайлтыг анх Ютагийн Угийн бичгийн нийгэмлэг зохицуулдаг байсан бол одоо сүмийн ивээн тэтгэдэг FamilySearch (Гэр бүлийн хайлт) ашгийн бус байгууллага зохицуулж байна.
FamilySearch нь төрөлт, гэрлэлт, нас баралтын бүртгэл, тооллого, гэрээслэлийн баталгаа болон өв залгамжлах гэрээс, газрын бүртгэл гэх мэт мэдээллүүдийг 100 улс орноос авах боломжийг олгодог. Эдгээр бүртгэлийг олон нийт үнэ төлбөргүй ашиглахад зориулан FamilySearch.org вэбсайт, Солт Лэйк хотод байдаг дэлхийд алдартай Гэр бүлийн түүхийн номын сан болон 126 улс оронд байдаг 4600 орон нутгийн гэр бүлийн түүхийн төвийн сүлжээнд тавьсан байна.