
Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал сумдад удаан хугацааны турш үргэлжилж буй ойн түймэртэй тэмцэх ажил эрчимтэй өрнөж буй энэ үед Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага Сэлэнгэ болон Дархан-Уул аймгуудын Онцгой байдлын газруудад тус бүр өндөр хүчин чадалтай 25 ширхэг гал үлээгч төхөөрөмж хандивлалаа.
Сэлэнгэ аймагт өнөөдрийн байдлаар 27 цэгт түймэр асч, Онцгой байдлын байгууллага болон мэргэжлийн ангийн 569 хүн, 33 автомашинтайгаар ажиллаж байна. Түймрийн голомтууд нь хөвч тайгын бүсэд байршиж, хөвд, унианги, хүлэр, язмаг ихтэй байгаагаас унтраах ажиллагаа цаг хугацаа, хүч хөдөлмөр их шаардаж буйг албаныхан онцолсон юм.
Түймэр 2025 оны зургаадугаар сараас хойш үргэлжилж байгаа бөгөөд удаан хугацаанд ажиллаж буй алба хаагчид, иргэдийн хувьд хүн хүч, техник хэрэгсэл, нөхөн сэлбэх нөөц дутагдалтай байгаагаас олон хүндрэл бэрхшээл тулгарч байна.
Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагын төлөөлөл долдугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон холбогдох албаныханд гал үлээгч төхөөрөмжүүдийг гардуулсны дараа түймрийн их голомт бүхий Хүдэр сум руу хөдөлсөн юм.
Биднийг очиход Хүдэр сумын Засаг дарга Т.Эрдэнэбат хүлээн авч, галын голомтод ажиллаж буй алба хаагчид болон сайн дурын иргэдэд зориулан гал үлээгч төхөөрөмжөөс гадна оймс, хүнс, цэвэр ус зэрэг нэн шаардлагатай зүйлсийг хүлээлгэн өглөө.
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Түймрийн голомтууд ойн гүн рүү байгаа нь хүрч ажиллах нөхцөл байдлыг улам хүндрүүлж буйг орон нутгийн удирдлагууд дурдсан бөгөөд энэхүү тусламж бодит хэрэгцээнд нийцсэн, цаг үеэ олсон үйлдэл боллоо хэмээн сайшаан хүлээн авсан билээ.
Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага нь гамшгийн нөхцөлд тусламж үзүүлэх чиглэлээр олон улсын болон үндэсний түвшинд өргөн хүрээтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, 2025 онд Зүүн бүсийн аймгуудын Онцгой байдлын газруудад тус бүр 20 ширхэг гал үлээгч төхөөрөмж хандивлахын зэрэгцээ, түймэрт нэрвэгдсэн өрхүүдэд хүнсний багц бэлтгэн хүргүүлсэн билээ.
Тусламжийг хүлээн авсан албан хаагчид болон иргэдийн зүгээс тус байгууллагын энэхүү санаачилга, дэмжлэгийг өндрөөр үнэлж, хүнд нөхцөлд сэтгэлийн дэм болж буйд талархал илэрхийллээ.
Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагань Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмтэй харьяа байгууллага юм.