Мэдээ мэдээлэл

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын (ДОУЭБ) төлөөлөгчид орон нутагт ажиллаа

2025 оны 1 дүгээр сарын 30-нд Дорнод аймагт ажиллаж, хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй төслүүдийг хүлээлгэн өглөө.

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын (ДОУЭБ) төлөөлөгчид; Ажлын албаны дарга Г.Түвшинжаргал, Олон нийттэй харилцах албаны захирал С.Насанболд, 2025 оны 1 дүгээр сарын 30-нд Дорнод аймагт ажиллаж, хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй төслүүдийг хүлээлгэн өглөө.

ДОУЭБ нь Хэрлэн сумын 12, 15 дугаар цэцэрлэгүүдэд шаардлагатай гал тогооны тоног төхөөрөмжийг хандивлалаа. Энэхүү хандив нь хүүхдийн хоол хүнсний чанарыг сайжруулж, эрүүл, аюулгүй орчинд хоол үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг цэцэрлэгийн удирдлагууд дурдаж талархан хүлээн авсан юм.

Үүнээс гадна тус аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд 250 ширхэг зөөлөн эдлэл хандивлав. Энэхүү тусламж нь эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулж, өвчтөнүүдэд ая тухтай орчин бүрдүүлэхэд чиглэсэн юм. Тус хандивыг хүлээлгэн өгөх арга хэмжээнд Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хууль эрх зүйн хэлтсийн дарга Н.Бадрахцог, Дэзэрэт ОУЭБ-ын ажлын албаны захирал Г.Түвшинжаргал, Олон нийттэй харилцах албаны захирал С.Насанболд, БОЭТ-ийн ажилтан, албан хаагчид оролцлоо.

Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат тус байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсоноос гадна Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргалын хамт Тусгай хэрэгцээт хүүхдийн сургалтын орчинтой танилцав.

ДОУЭБ нь дэлхийн 200 гаруй улсад хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба Монгол Улсад 30 гаруй жилийн турш эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хөгжлийн салбарт олон төсөл хэрэгжүүлж ирсэнээс гадна Дорнод аймагт сүүлийн 20 гаруй дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр байна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.