DSC08915.JPG
Мэдээ мэдээлэл

Хүмүүнлэгийн тусламж гайхалтай үр дүн авчрав.

       Монгол дахь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хүмүүнлэгийн тусламжийн байгууллага болох Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага нь 2021 оны 5 сард ШШГЕГ-ын (Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар)-ын ... дугаар хаалттай хорих ангид 6×30 метрийн хэмжээтэй хоёр ногооны хүлэмжийг үрслэгээний хамтаар хандивласан билээ. Энэхүү тусламжийн зорилго бол хорих ангийн бие даах чадварыг хоёр талт арга замаар хөгжүүлэхэд оршиж байв. Нэгдүгээрт, ажилчид болон хоригдлуудын өдөр тутмын хэрэгцээг хангахад хүлэмжид ургуулсан жимс, хүнсний ногоо ихээхэн туслах бөгөөд хоёрдугаарт, жимс ногоо ургуулах ур чадварт суралцсан хүмүүс суллагдан нийгмийн амьдрал оролцохдоо үнэ цэнэтэй ур чадвартай болсон байх явдал байлаа.

         2021 оны 9-р сарын 23-нд Сүмийн төлөөлөгч нар хандив тусламжийн үр дүнг харахаар уг хорих газарт дахин айлчилсан бөгөөд сүмийн гишүүдийн өөрсдийн сайн дураар цуглуулсан ном, оо, сойз, хувцас зэргийг мөн хүлээлгэн өгчээ. Тэднийг гайхам амжилт, өөдрөг үзэл бодол, шинэ санаачилгатайгаар угтан авсан байна. Тэд хүлэмжээсээ арвин их ургац хураан авч өөрсдийн хэрэгцээг хангаад зогсохгүй илүү гарсан хүнсний ногоогоо зарж өөрсдөдөө хэрэгтэй аж ахуйн зүйлс худалдан авсан нь бахдам амжилт байв. Хэдийгээр 6 сард цас орон тэдний шинэ тариалалтыг сүйдэлсэн ч өөрсдийн бололцоогоо дайчлан дахин үрсэлгээ авч тарьж ургуулах ажлаа үргэлжлүүлсэн байна. Тэдний чармайлт удалгүй үр дүнгээ өгч 7-р сарын дундаас эхлэн хоёр өдөр тутамд 100 кг өргөст хэмх, улаан лооль хураан авч байсан нь бахдууштай.

      Дэзэрэт ОУЭБ-ийн менежер Д.Пүрэвжаргал Монгол дахь хорих газруудын нийгмийн ажлын зохицуулагч Хошууч Баярбаатартай уулзсан бөгөөд тэрээр арвин ургац гайхалтай хэдий ч хоригдлуудын дунд гарсан өөрчлөлт бахдам сайн байсан талаар тайлбарласан юм. Тэрээр "Богино хугацаагаар эрхээ хасуулсан иргэдийн хандлага, нийгэмшил, амьдралын хэмнэлд гарсан өөрчлөлт, нийгэмшсэн байдал, шинээр сурсан ур чадвар зэрэг нь тэднийг хугацаа нь дуусаад нийгмийн орчинд амжиллтайгаар эргэн орох үр дүнтэй юм. Нийгмийн амьдралаас хол байгаа тэдгээр хүмүүс багаар хамтарч ажиллах, хөдөлмөрч байх, нийтэч байх зэргээр бие даах чадвар болон нийгэмших чадвараа хөгжүүлж чаджээ. Тэд суллагдаж гараад өөрсдийн гараар хөдөлмөрлөж ногоо тарих ихээхэн туршлага, хүсэл тэмүүлэлтэй болж тэрхүү хорих газрын уур амьсгал, сахилга бат маш өөр болсон" гэлээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, “Өөд өөдөөсөө хараад хийх юмгүй хоригдож байгаа хүмүүс хоорондоо муудалцах л ганц сэдэлтэй байдаг. Гэтэл ногоо тарих ажилд зүрх сэтгэл, хүч чадлаа зориулж байгаа хүмүүс ийнхүү хоорондоо муудалцаж байх завгүй болохоос гадна тэдний хөдөлмөрийн үр дүн нүдэн дээр нь урган гарч ирж байгааг хараад өөрийн эрхгүй баярлах сэтгэлээр дүүрдгийг бид харсан” гэсэн билээ.

       Хууль Сахиулахын Их Сургуулийн докторант Хошууч Баярбаатар Монгол улсад нэн шаардлагатай байгаа "Шоронгоос гарсан хүмүүсийн нийгэмших үйл явц" сэдвээр докторын түвшний судалгааны ажил хийж байгаа бөгөөд сүмийн тусламжид ихэд талархан, өөр бусад хорих газруудад ийм төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь маш үр өгөөжтэй байх нь дамжиггүй гэсэн санаа бодлоо хуваалцсан юм. Улаанбаатар хотыг тойроод нийт 53 хорих ангиуд байдаг бөгөөд тэдний туршлагыг бүх ангиуд дээр хэрэгжүүлбэл олон хүн алдсан замаа ухааран хорин ангиас чөлөөлөгдөх үедээ өөр амьдралын хэв маягтай болон гарч чадах талаар мөн ярив.

      Үүнээс гадна Хошууч Баярбаатар хоригдлуудыг нийгмийн амьдралд нь бэлдэхэд зориулан хорих ангид нь гэр орны орчин, уур амьсгалыг бүрдүүлсэн 8×8 хэмжээтэй байр барьж тэндээ чөлөөлөгдөх хугацаа нь дөхсөн хүмүүст дасан зохицоход туслах туршилт явуулах нэн шаардлагатай байгаа талаар ярив. Учир нь шоронгоос гарч байгаа хүмүүс гэртээ очоод гэр орны болон нийгмийн амьдралд дасан зохицоход нь тодорхой хугацаа шаардагддаг бөгөөд дахин гэмт хэрэгт холбогдох магадлал нь нэмэгддэг талаар дурдсан юм. Тэрээр дахин хүлэмжүүд нэмж баривал бүх хоригдлууд ажиллах боломжтой зэрэг бодитоор хэрэгжүүлж болох ажил хэргийн талаар илэн далангүй ярилцжээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.