Мэдээ мэдээлэл

᠌"Улаанбаатарын яриа хэлэлцээр" шашин хоорондын анхдугаар хуралдаан

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 18-р зүйлд “Хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх эрхтэй” гэж заасныг сэргээн сануулъя. Энэхүү эрхэнд шашин шүтлэгээ өөрчлөх, хувиар буюу бусдатай хамтран, нийтийн өмнө болон хувийн журмаар хичээл заах, хурал мөргөл хийх, шашин хийгээд зан үйлийн ёслол үйлдэх эрх чөлөө байдаг. Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн жам ёсны уг эрх бидний хаана байгаагаас шалтгаалж олон янз байдлаар хязгаарлагдаж буй нь харамсалтай.

Өдгөө дэлхийд 10,000 гаруй шашны урсгал байдаг хэмээн үздэг ч тэдгээрийг үндсэндээ Христийн шашин, Буддын шашин, Хиндү шашин, Исламын шашин гэсэн дөрвөн томоохон бүлэгт ангилдаг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Христийн шашны урсгалын нэг бөгөөд бие даасан үзэл санаа, итгэл бишрэл, ёс заншлыг даган мөрддөг бөгөөд эдүгээ дэлхий даяар 17 сая гаруй итгэгч, гишүүдтэй юм.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь төр, засгийн байгууллагууд, шашны болон иргэний нийгмийн байгууллагуудтай тогтвортой хамтын ажиллагааг эрхэмлэн ажилласаар ирсэн. Үүний тод жишээ бол 2024 оны 10-р сарын 23-24-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан "Улаанбаатарын яриа хэлэлцээр"-т хамтран оролцсон явдал юм. Тус арга хэмжээнд Бригам Янгийн Их Сургуулийн Хуулийн сургууль, Профессор Кларк, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, шашны удирдагчид өргөн хүрээнд хамтран оролцсон нь уг яриа хэлэлцээрийн ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлсэн юм.

Улаанбаатарын яриа хэлэлцээрийн үеэр илтгэгчдийн илтгэлээс дараах онцлох санаануудыг дэвшүүлэн гаргав:

Шашны эрх чөлөөний өргөн хүрээ: Шашны эрх чөлөө нь зөвхөн нэг бүлэг хүмүүсийн эрхээр хязгаарлагдахгүй, харин хүн бүр өөрийн итгэл үнэмшлийн дагуу үйлдэх эсвэл үйлдэхээс татгалзах боломжийг хангаснаар нийгэмд олон эерэг үр нөлөөг авчирдаг.

Монгол дахь шашны төлөв байдал: Судалгаагаар Монгол Улсад шашин шүтдэг хүмүүсийн тоо буурсан хэдий ч хүн амын олонх нь буддын шашныг дагасаар байна. Мөн хүн амын 3-5 хувийг эзэлдэг казах үндэстний хувьд залуу үеийнхэн мусульман шашныг илүүтэй шүтэх болжээ.

Шашны нийтлэг үнэт зүйлс: Амар амгалан, хайр, энх тайван, итгэл, бишрэл зэрэг олон шашинд нийтлэг ойлголтуудыг түгээн дэлгэрүүлснээр дэлхий дахинд энх тайван байдлыг тогтоох боломжтой.

Шашны философийн талаарх ойлголт: Олон нийтийн дунд шашны философийн талаарх ойлголт, мэдээлэл дутмаг байгаа нь иргэдийн шашин шүтэх эсвэл шүтэхгүй байх эрхийг зөрчих, ялгаварлан гадуурхах шалтгаан болж байна.

Хамтын ажиллагааны хэрэгцээ: Шашны байгууллагууд итгэл үнэмшилтэй иргэдийн эрхийг хамгаалахын тулд нэгдмэл байдлаар ажиллаж, нийтийн сайн сайхны төлөө хамтран зүтгэх шаардлагатай байна.

Эдгээр санаанууд нь зөвхөн Монгол Улсад төдийгүй олон улсад шашны эрх чөлөө, хамтын ажиллагааны ач холбогдлыг тодотгож байгаа юм.

Оролцогчдын сэтгэгдэл

Болортуяа, Дэлгэрсайхан: "Энэ уулзалтаас бүх шашны итгэгч, удирдагч нар бие биеэ хүндэтгэхийн чухлыг сурч авлаа. Итгэл үнэмшил нь хувь хүний хувьд гүн гүнзгий, нандин шинжтэй тул хүндэтгэлтэй хандаж, шашныг нийгмийн сайн сайхны хэрэгсэл болгох боломжтойг ойлголоо. Хоёр өдрийн уулзалт үнэхээр үгээр хэлэхийн аргагүй онцгой, гайхалтай болж өнгөрлөө."

Буддын шашны лам (Оролцогч А): "2024 оны шашин хоорондын яриа хэлэлцээр нь Монгол Улс дахь шашны байгууллагуудын харилцааг шинэ түвшинд гаргах чухал алхам боллоо. Өнгөрсөн жилүүдэд том, жижиг олон уулзалт, дугуй ширээний ярилцлага зохион байгуулж байсан ч энэ удаагийнхтай харьцуулахад хүрээ, ач холбогдлын хувьд илт бага байжээ. Энэ удаад Буддын шашны төв, Шинжлэх ухааны академи, МУИС зэрэг томоохон байгууллагууд хамтран оролцсон нь ихээхэн чухал үйл явдал болсон.

Шашин хоорондын хамтын ажиллагаа нь зөвхөн шашны удирдагчдаар хязгаарлагдахгүй, жирийн иргэд, итгэгчдийн хооронд харилцан хүндэтгэл, хамтран сайн үйлс хийх хандлагыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлдэг. Монгол Улсын хөгжил, сайн сайхны төлөө олон шашин хамтран ажиллахын эхлэл болсон энэ яриа хэлэлцээр үнэхээр чухал алхам боллоо."

Энэхүү уулзалт нь шашин хоорондын эв нэгдэл, харилцан ойлголцлын шинэ жишгийг тогтоож, нийгмийн сайн сайхны төлөө хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан арга хэмжээ байв.

Одсэржмаа, зохион байгуулагч:
"Энэ симпозиум нь зөвхөн сүм хийдүүдийн оролцоогоор хязгаарлагдахгүй, хүний эрхийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, судалгааны байгууллагууд зэрэг олон талын оролцоог хангасан онцлог арга хэмжээ болж байна. Хүмүүсийн шашны талаарх хандлага эмзэг байж болох ч шашин шүтэх, эс шүтэх нь хүний жам ёсны эрх гэдгийг ойлгох нь чухал. Тиймээс бүх шашнууд бие биенийхээ ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандаж, харилцан ойлголцлыг эрхэмлэн ажиллах нь нийгэмд амар тайван байдлыг тогтооход чухал үүрэгтэй."

© 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Ийнхүү Монгол Улсад анх удаа "Улаанбаатарын яриа хэлэлцээр" шашин хоорондын симпозиум амжилттай зохион байгуулагдаж, оролцогч бүр шашин хоорондын эв нэгдэл, хамтын ажиллагааг чухалчлан таниулж, уриалсан арга хэмжээ болж өндөрлөлөө. 

Олон улсад "аюулгүй байдлын хоёрдмол байдал" (security dilemma) гэх ойлголт бий. Энэ нь улс орон зэр зэвсэглэлээ нэмэгдүүлж эхлэхэд өрсөлдөгч орнуудад ч мөн адил зэвсэглэлээ нэмэгдүүлэх сэдэл өгдөг бөгөөд улмаар хяналтаас гарсан "чөтгөрийн тойрог" үүсдэгийг илэрхийлдэг. Зэвсэглэл, цэргийн төсөв өсөн нэмэгдэх тусам "аюулгүй байдал" гэх ойлголт улам бүр алсарч, дэлхийн олон улс орон энэхүү тойрогт орчихоод байна. Ийм нөхцөлд шашин хоорондын эв нэгдэл, харилцан ойлголцол нь энэхүү тойргийг эвдэх хүчтэй хөшүүрэг болж чадна гэдэгт итгэлтэй байна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.