Мэдээ мэдээлэл

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт эхо аппарат хандивлалаа

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм (ЕХХҮГС), Дэзэрэт Олон Улсын Энэрлийн байгууллагаар дамжуулан Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг (УНТЭ)-ийн Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасаг (МХНТ)-т нэн шаардлагатай байсан тоног төхөөрөмж болох эхо аппарат хандивлалаа.

Тус эмнэлгийн хувьд жилдээ дунджаар 13000 гаруй мэс засал, амбулаторт 200 гаруй өвдөлт намдаалтын ажилбар хийдэг бөгөөд орчин үеийн өндөр хүчин чадалтай эхо аппараттай болсноор жижиг мэс ажилбарын үед Эхо-хяналттай захын мэдрэлийн хоригийг аюулгүй, үр дүнтэй хийх, цар хүрээ томтой хагалгааны дараах өвдөлтийг намдаах эмчилгээнд Эхо-хяналттай хориг хийснээр опиоид эмийн болон үрэвслийн эсрэг стеройд бус бэлдмэлийн хэрэглээ буурах, архаг өвдөлтийн эмчилгээнд мөн эхо аппаратыг ашиглах, мөн төв вен болон артерын судсанд гуурсыг эхо хяналтын доор бaйрлуулснаар өвчтөнд учирч болох эрсдэл, хүндрэлийг 100 хувь бууруулах боломжтой болох юм.

Үүнээс гадна МХНТ нь мэдээгүйжүүлгийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг хариуцан явуулахын зэрэгцээ хөдөө орон нутаг, бусад шатлалын эмнэлгүүдийн захиалгаар жил бүр мэдээгүйжүүлгийн 12-15 резидент эмчийг 2 жилийн хугацаатай сургаж төгсгөдөг. Мөн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн резидент эмч нар сургалтынхаа хугацаанд мэдээгүйжүүлгийн тасагт 1-2 сараар ирж суралцан эхо хяналттай төвийн венд гуурс хийх болон мэдрэлийн хориг хийж сурах, цагаан хоолойн гуурс байрлуулах, нугасны пункц хийх зэрэг ажилбарыг суралцдаг байна.

Иймд УНТЭ-ийн МХНТ сайн чанарын эхо аппараттай болсноор шинэ залуу эмч нар эхо хяналтын доор хийдэг эрсдэл өндөртэй ажилбаруудыг илүү сайн хийж сурах боломж бүрдэж илүү чанартай, аюулгүй тусламж үзүүлэх чадвартай эмч нартай болох, улмаар хөдөө орон нутгийн болон дүүргийн эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний чанарт эерэг нөлөө авчирна гэдэгт бид бүрэн итгэлтэй байна.

Энэхүү төсөл нь ЕХХҮГСүмийн дэлхий даяарх итгэлтэй гишүүдийн хандив тусламжаар дамжуулан хэрэгждэг бөгөөд тус байгууллагын хувьд Монгол улсад сүүлийн 30 жилийн турш олон арван хүмүүнлэгийн төслүүд хэрэгжүүлсээр байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.