Мэдээ мэдээлэл

Ариун сүмийн үйл ажиллагаанд оруулсан түр зуурын өөрчлөлт

2020 оны 3-р сарын 13-нд Есүс Христийн Хожмын үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгаас дэлхий даяарх Сүмийн гишүүдэд хандан хүргүүлсэн захидал

 

Хайрт ах, эгч нар аа,

Дэлхий эрс өөрчлөгдөж буй эрүүл мэндийн нөхцөл байдал бидний санааг улам их зовоож байна. Олон улс орны засгийн газраас хэд хэдэн ариун сүмийг түр хугацаанд хаах хориг тавиад байна. Ариун сүмийн ажлыг үргэлжлүүлэх хэрэгцээг эдгээр хориг тавьсантай уялдуулан тэнцвэржүүлэхийн тулд залбирч, тунгаан бодсоны эцэст, бид 2020 оны 3-р сарын 16-аас эхлэн дэлхий даяарх бүх ариун сүмд дараах өөрчлөлтийг түр хугацаанд оруулахаар шийдлээ.

  • Засгийн газрын болон өөр бусад хориг хязгаарлалтын улмаас олон нийтийн болон шашны цугларалтыг хориглож, хязгаарласан газруудад ариун сүмийн үйл ажиллагааг мөн нас барагсдын өмнөөс гүйцэтгэх болон амьд хүмүүсийн ёслолуудыг түр зогсоов.

  • Засгийн газрын болон өөр бусад хориг хязгаарлалтаар Сүмийн бүх үйл ажиллагааг хязгаарлаагүй тохиолдолд эхнэр, нөхрүүдийн мөн хүүхдийг эцэг эхтэй нь лацдан холбох; амьд хүний тосолгоо, хишиг хүртэх зэрэг ёслолуудыг ачааллыг харгалзан үзэж, цаг авсны үндсэнд гүйцэтгэнэ. Нас барагсдыг төлөөлөн гүйцэтгэх ариун сүмийн ёслолуудыг түр хугацаанд гүйцэтгэхгүй.

  • Ариун сүмээр үйлчлүүлэгчдийн бүх дотуур байр хаагдана.

Сүмийн гишүүдийг амьд хүний ёслол гүйцэтгэх цаг авах үед нь зааварчилгаа өгөх болно. Ариун сүмийн ажилтнууд одоогоор цаг авчихсан байгаа хувь хүмүүстэй холбоо барина.

Бүх ариун сүм дэх ажилтны тоог цөөрүүлэх, амьд хүмүүсийн ёслолд оролцох зочдын тоог хязгаарлах, үйлчлүүлэгчидтэй харилцах заавар өгөх гэх мэтээр өвчин тараах эрсдэлийг багасгах арга хэмжээнүүдийг авна.

Ариун сүмийн ерөнхийлөгчийн зөвлөлд нэмэлт мэдээлэл өгөх бөгөөд шаардлагатай үед өөр өөрчлөлт оруулах болно.

Ариун сүм бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаагаа явуулж, ариун сүмийн адислалуудыг гишүүддээ болон өвөг дээдэст нь дахин хүртээж эхлэх цаг мөчийг бид тэсэн ядан хүлээж байна.

Хүндэтгэсэн,

Тэргүүн Зөвлөл,

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.