Мэдээ мэдээлэл

Булган аймгийн төрөх тасагт нярайн шарлалтын эсрэг эмчилгээний төхөөрөмж хандивлав

Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт нэн шаардлагатай байсан нярайн шарлалтын эсрэг үйлчилгээ үзүүлэх зориулалттай төхөөрөмж бүхий 5 багцыг хүлээлгэн өглөө. Энэхүү хандив нь тус тасгийн үйл ажиллагааг сайжруулах, шинээр төрсөн хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой юм.

Төхөөрөмжүүдийг гардуулах арга хэмжээнд Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах болон бусад албаны төлөөлөл оролцсон бөгөөд арга хэмжээний үеэр Нэгдсэн эмнэлгийн дарга, хүний их эмч Шижирбаатар: “Эдгээр төхөөрөмжүүд нь манай тасгийн хувьд нэн шаардлагатай байсан бөгөөд эмчилгээ, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна” хэмээн онцлон тэмдэглэв.

Jaundice-Donation-.jpgDownload Photo

Монгол Улсад нярайн шарлалт нь шинээр төрсөн хүүхдүүдийн дунд нийтлэг тохиолддог эмгэг бөгөөд нярай хүүхдүүдийн 50–60 орчим хувьд илэрдэг байна. Нярайн шарлалт нь физиологийн (хэвийн) болон патологийн (эмгэг) гэсэн хоёр төрөлтэй. Физиологийн шарлалт нь төрсний дараах 2–5 дахь хоногт илэрч, 1–2 долоо хоногийн дотор аяндаа арилдаг. Харин патологийн шарлалт нь хэт эрт илрэх, хурц явагдах эсвэл удаан үргэлжлэх шинжтэй байдаг бөгөөд зайлшгүй эмчилгээ шаарддаг.

Шарлалтын эмгэг төрлийг эрт оношилж, шаардлагатай эмчилгээ хийгээгүй тохиолдолд ноцтой хүндрэлүүд үүсэх эрсдэлтэй аж. Үүнд: тархины хөгжлийн хүнд гэмтэл, сонсголын эрхтний гэмтэл, хөдөлгөөний хүнд хэлбэрийн саажилт, оюуны хомсдол, хөгжлийн бэрхшээлүүд ордог байна.

Тиймээс нярайн шарлалтыг эрт үед нь ажиглаж, мэргэжлийн эмчид үзүүлж оношлуулах, шаардлагатай бол шуурхай эмчилгээ хийлгэх нь хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн ирээдүйд онцгой ач холбогдолтой болохыг эмч нар зөвлөдөг байна.

Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага нь дэлхий даяар 180 гаруй улс оронд хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хандив, сайн дурын дэмжлэгээр санхүүждэг билээ.

Монгол Улсад 32 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус байгууллага нь нас хүйс, гарал үүсэл, шашин шүтлэг үл харгалзан хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг.

Монголын ард түмний төлөөх сайн үйлс бүхэн дэлгэрэг!

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.