Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм 13 дахь жилдээ “RootsTech” буюу гэр бүлийн түүх, технологи, үзэсгэлэн худалдаа зэрэг олон арга хэмжээг багтаасан уг үйл ажиллагааг Америкийн Нэгдсэн Улсын Юта мужийн Солт Лэйк хотод 2024 оны 2 дугаар сарын 27 -ноос 3 дугаар сарын 3-ны хооронд амжилттай зохион байгуулсан билээ. RootsTech нь “Гэр Бүлийн Түүх”-ийн хамгийн том чуулган бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс сая сая хүн уг арга хэмжээнд биеэр болон зайнаас оролцдог. Ангиудаар дамжуулан гэр бүлийн түүх, угийн бичигт ашиглагдаж байгаа сүүлийн үеийн дэвшилтэд технологи, арга барил, мэдээ мэдээлэл авахаас гадна алдартай зочдын сонирхолтой илтгэлээс суралцах боломжтой байдаг.
Монголчуудын хувьд энэхүү арга хэмжээнд биечлэн оролцох боломж тэр бүр олддоггүй ч энэ удаад Юта мужид амьдардаг Монголчуудаас гадна “FamilySearch” байгууллагын урилгаар Монголоос зарим хүндэт зочид биечлэн оролцсон билээ. Тэдгээр хүмүүсийн нэг бол Үндэсний Төв Архивын Захирал Т.Сайнжаргал бөгөөд тэрээр чуулганд оролцсон сэтгэгдлээ хуваалцахдаа, “RootsTech-2024 хүрээнд зохион байгуулагдсан “Аrchives and Records Custodians Symposium” арга хэмжээнд оролцож, гэр бүлийн түүх бүрдүүлэх үзэсгэлэн хурал, шашны байгууллагын архивын үйл ажиллагаа, арга зүйтэй танилцсан нь сонирхолтой байв” гэсэн юм. Сайнжаргал захирал үргэлжлүүлэн хэлэхдээ, “Дэлхий нийтийн хандлага нь архивын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан ашиглах, дата бүрдүүлэхэд архивын үүрэг чухал байгааг онцлов.”
Судалгааны ажлаар Солт Лэйк хотод ирэхдээ уг чуулганд оролцсон шашин судлаач, Доктор Ж.Алтайбаатар өөрийн туршлага хуваалцсан юм. Ж.Алтайбаатар: “Гэр бүлийн түүх буюу ургийн бичгээ хөтлөх явдал бол дэлхий нийтийн үйл хэрэг болжээ. Монголчууд ургийн бичиг хөтлөх олон жилийн түүх, уламжлалтай боловч хөгжлийн хувьд хоцорч эхэлсэн санагдлаа. Ургийн бичиг хөтлөх нь шинжлэх ухаан, технологийн дэвшилд түшиглээд олон улсын түвшинд сайн хөгжиж байгаа бөгөөд ердийн ухамсрын түвшинд хүмүүс гэр бүлийн түүхээ танин мэдэх зорилгоор хобби болгож хөгжүүлж байгаа нь харагдаж байлаа. Зөвхөн түүх бичиж үлдээх аргын тухайд цаасан тээгчийг ашиглахаас гадна дижитал технологи, хиймэл оюун ухаан ашиглах болсон нь сонирхол татлаа” гэсэн юм.
Эдгээр хүндэт зочдоос гадна Сүмийн Олон Нийттэй Харилцах Албаны Захирал С.Насанболд уг чуулганд биечлэн оролцсон бөгөөд тэрээр: “Арван хоёр төлөөлөгчийн чуулгын Ахлагч Нийл Л.Андэрсэн, Ахлагч Гэррит В.Гонг болон сүмийн бусад удирдагчид Монголоос ирсэн зочдыг онцгойлон хүлээн авч, хамт зоог барьсан нь гайхалтай мөч байсан бөгөөд Их Эзний Төлөөлөгч нараас Монголчуудын төлөөх Бурханы хайрыг маш ихээр мэдэрсэн” гэв. Мөн тэрээр: “Гишүүн бүр гэр бүлийн түүхийн ажлаа итгэлтэйгээр хийх нь маш чухал бөгөөд Гэр бүлийн түүхийн ажлаар дамжуулан Авралын төлөвлөгөөний дагуу бид хайртай хүмүүстэйгээ мөнхөд хамтдаа байж чадна” гэдгийг хуваалцсан юм.
- Image-(15)-(1).jpg
- Image-(13).jpg
- DSC02896-copy.jpg
- DSC02915-(2).jpg
- Image-(5)1.jpg
- Image-(18)-(1).jpg
- 20240228_214842478_ios-fotor-20240529202233.jpg
1 / 2 |
Ийнхүү РүүтсТек 2024 арга хэмжээ "Санан дурс" уриан дор болж өнгөрсөн бөгөөд энэ нь зөвхөн өнгөрсөн үеийг харахаас илүүтэйгээр өнгөрсөн, одоо, ирээдүйн холбоог харж, үүний үнэ цэний талаарх ойлголтыг өгч чадсан юм.