MNGNelson24.jpg
Мэдээ мэдээлэл

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны амьдралыг дурсан санах нь

Түүний гэр бүлийнхэн мөн удирдагчид түүнийг “хайр хүндэтгэл хүлээсэн эмч” хэмээн дурсан санаж байна

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч, “хайрт удирдагч” Рассэлл М.Нэлсон 9 дүгээр сарын 27-ны оройн 10 цагт Юта мужийн Солт Лэйк Сити дэх гэртээ таалал төгслөө. Тэрээр 101 насыг зооглосон нь Сүмийн түүхэнд хамгийн өндөр настай ерөнхийлөгч болж үлджээ.

Ерөнхийлөгч Нэлсон 1984 оны 4-р сарын 7-нд төлөөлөгчөөр дуудагдсан бөгөөд 2018 оны 1-р сарын 14-нд Сүмийн ерөнхийлөгч болсон юм. Түүний бошиглогчийн хувиар үйлчилсэн он жилүүд нь дэлхий дахинаа айлчилсан (32 улс болон АНУ-ын нутаг дэвсгэрүүдэд очсон), ариун сүмийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлсэн (200 шинэ ариун сүмийг зарласан) төдийгүй чухал ач холбогдолтой өөрчлөлтүүдийг хэрэгжүүлсэн цаг хугацаа байсныг үргэлж сануулах болно. Ерөнхийлөгч Нэлсон 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулганаар ерөнхийлөгчөөр дэмжин батлагдсан даруйдаа гишүүдийг Есүс Христийн адил тохинуулахад нь туслах мөн Сүмийн бүхий л үйлсэд дэлхийн Аврагч болох Есүс Христ дээр илүүтэй төвлөрөх зорилготой олон шинэчлэлийг тогтмол танилцуулж эхэлсэн билээ. Энэхүү эмгэнэлийн дараах хэсгүүдэд түүний ерөнхийлөгчөөр ажилласан хугацаандаа хийсэн айлчлалууд болон хэрэгжүүлсэн олон өөрчлөлтийн дэлгэрэнгүйг багтаасан болно.

Бүрэн цагаар Сүмийн үйлчлэлд оролцохоос өмнө Ерөнхийлөгч Нэлсон дэлхий дахинаа хүндлэгдэж, нэр хүндтэйд тооцогдсон зүрхний мэс засалч байсан юм. Тэрээр 1955 онд Юта мужид анхны нээлттэй зүрхний мэс заслыг хийсэн. Түүнчлэн Судасны мэс заслын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Америкийн Цээжний хөндийн мэс заслын зөвлөлийн захирал, Америкийн Зүрхний нийгэмлэгийн зүрх судасны мэс заслын зөвлөлийн дарга, Юта мужийн Анагаах ухааны холбооны ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байв. Тэрээр анагаах ухааны сурах бичгүүд болон бусад эрдэм шинжилгээний бүтээлд олон бүлэг туурвиж, АНУ болон олон улсын олон байгууллагад зочлон лекц уншиж, мэргэжлийн түвшинд хамтран ажиллаж байлаа. Ерөнхийлөгч Нэлсон 11 хэлээр ярьдаг байсан.

1984 онд Ерөнхийлөгч Нэлсонтой адил өдөр Арван хоёр төөлөлөгчийн чуулгад дэмжин батлагдаж, түүнтэй хамт олон жил хамтран зүтгэж, ерөнхийлөгч Нэлсоны нэгдүгээр зөвлөхөөр үйлчилсэн Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс түүний талаар ийн өгүүлсэн байна:  

“Рассэлл М.Нэлсонтой хамт ажилласан бид бүгд, түүнээс суралцаж, нөхөрлөж байсан олон хүн агуу их гавъяандаа баймгүй түүний даруу, дөлгөөн занг биширч ирсэн. Тэр бол таны хэзээ нэгэн цагт нөхөрлөхийг хүсэх хамгийн дөлгөөн, сайхан хүн байсан. Тэр үргэлж энэ төрхөөрөө бидний зүрх сэтгэлд дурсагдах болно”.

Ерөнхийлөгч Нэлсон гэргий Вэнди, өөрийн 10 хүүхдийн наймыг, 57 ач, мөн 167 гаруй ач зээнцэрээ үлдээн таалал төгслөө.

Шинэ Гэрээний үеийн төлөөлөгчдийн адил Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн төлөөлөгчдийг Есүс Христийн онцгой гэрчээр дууддаг. Ерөнхийлөгч Нэлсон дэлхий даяар 17 сая гаруй гишүүнтэй Сүмийн өсөлт, хөгжил дэвшлийг хариуцдаг 15 удирдагчийн нэг байсан юм.

Ерөнхийлөгч Нэлсоны оршуулах ёслолын дараа Арван хоёр төлөөлөгчийн чуулгаас түүний залгамжлагчийг албан ёсоор сонгоно (дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй тавигдана).

Анагаах ухаан ба итгэл бишрэлийг нэгтгэгч, “хайр хүндэтгэл хүлээсэн эмч”

MNGNelson-Square.jpg
MNGNelson-Square.jpg
Рассел М. Нэлсон сувилагчид мэс заслын үйл ажиллагааг тайлбарлаж байна. 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Төлөөлөгч хүн дэлхийд нэртэй зүрхний мэс засалч байна гэж олон хүн төсөөлөхгүй байх. Харин Ерөнхийлөгч Нэлсон Сүмийн бүрэн цагийн үйлчлэлд дуудагдахаасаа өмнө тийм л хүн байсан юм. Гэхдээ бие махбодын болон сүнслэг зүрхийг илааршуулах нь аливаа үеийн Есүс Христийн шавь нарын хувьд ер бусын зүйл биш. Шинэ Гэрээний бичээч Лук мөн эмч байсан бөгөөд түүнтэй хамт номлогчийн аянд явсан Төлөөлөгч Паул түүнд “хайрт эмч” (Колоссай 4:14) хэмээн хандан бичсэн байдаг.

Ерөнхийлөгч Нэлсон эмчийн хувьд, мэс заслын өрөөнд хэрэглэхүйц жижиг хэмжээтэй, хиймэл зүрх-уушгины аппаратыг бүтээхэд оруулсан хувь нэмрээрээ хамгийн сайн танигдсан. Түүний анхны гэргий Данцэлын дэмжлэг, урам зориг нь энэхүү амжилтад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Бошиглогч энэхүү амжилтынхаа дараачаас эрдэнэт хүний амийг улам бүр дээдлэх болжээ. Тэрээр: “Мэс засалч хүн Бурханы хамгийн агуу бүтээлүүдийн нэг болох хүний биеийг ойлгох онцгой боломжтой байдаг. Биеийн бүхий л хэсэг намайг итгэл рүү хөтөлдөг” хэмээсэн байдаг.

“Бид Бурханаас аливаа адислалыг хүртэхдээ тэр адислал үндэслэсэн хуульд захирагдаж байж олж авдаг” (Сургаал ба Гэрээнүүд 130:21).

Ерөнхийлөгч Нэлсон:

“Өөрөөр хэлбэл, бид адислалыг зүгээр нэг хүсдэггүй; харин үүний төлөө зүтгэж, бодит болгодог. Би багийнхандаа олонтоо сургадаг байсан: Энэ өвчтөн мэс заслыг амжилттай болгохын төлөө залбирч байгаа, түүний гэр бүл ч залбирч байгаа. Харин та ганцхан алдаа гаргавал бүх залбирал талаар болно. Иймээс өвчтөн хүсэж буй адислалаа хүртэх боломжтой байхын тулд та ажлаа төгс хийх ёстой.”

Тэрээр гэрлэснээсээ хойш 12 жилийг анагаахын сургуульд зарцуулжээ. 22 насандаа Ютагийн Их Сургуулийг анагаах ухааны чиглэлээр төгссөнийхөө дараа тэрээр Миннэсота, Массачүсэттс мужуудад хэдэн жил дадлагажсан; Вашингтон болон гадаад орнуудад хоёр жил цэргийн алба хаасан; мөн Миннэсотагийн Их Сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Судалгаа хийх гал эрмэлзэл нь эцэстээ түүний зүрх-уушгины аппаратад гаргасан шинэлэг бүтээлд хүргэсэн юм. Дараа нь тэрээр Ютагийн Их Сургуульд мэс заслын судалгааны профессор, Цээжний хөндийн мэс заслын дадлагын хөтөлбөрийн захирал, Солт Лэйк Ситигийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Эмнэлгийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн даргаар ажиллаж байжээ.

MNGNelson13.jpg
MNGNelson13.jpg
Рассел М. Нэлсон сувилагчид мэс заслын үйл ажиллагааг тайлбарлаж байна. 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Тэрээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн төлөөлөгчөөр дуудагдахаасаа өмнө олон жилийн турш авьяаслаг зүрхний мэс засалч байв. 1955 онд Ерөнхийлөгч Нэлсон Юта мужид нээлттэй зүрхний мэс заслыг анх удаа хийж, карьерийнхаа туршид 7000 гаруй мэс заслыг амжилттай гүйцэтгэсэн байна. Түүний хамгийн онцгой мэс заслуудын нэг нь 1972 онд тохиосон бөгөөд тэр үед Ерөнхийлөгч Нэлсоны анагаах ухаанд хандах хайр, итгэл нь огтлолцож, Сүмийн ахмад төлөөлөгч байсан Спэнсэр В.Кимбаллын өндөр эрсдэлтэй мэс заслыг хийхээр уригдсан юм. Тухайн үед Ерөнхийлөгч Нэлсон зүрхний мэс засалчаар ажиллаж байхдаа Сүмийн Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байсан аж. Тэрээр мэс заслын өмнө санваарын адислал авсан бөгөөд энэ нь үр дүнд нь нөлөөлсөн гэдэгт итгэдэг байсан.

Тэрээр ийнхүү дурссан байдаг: “Мэс засал яг л хөгжмийн зохиол тоглодог хөгжимчин нэг ч алдаа гаргалгүй концертоо дуусгах, эсвэл бэйсболын шидэгч есөн үеийн турш алдаагүй тоглохтой адил байсан. Урт удаан, нарийн энэ мэс засал ганц ч дутагдалгүй хийгдсэн. Мэс заслын төгсгөлд түүний зүрх хүчтэй цохилохыг хараад тэр амьдарна гэдгийг би мэдсэн. Цээжийг нь хааж байх тэр мөчид энэ хүн нэгэн цагт Сүмийн Ерөнхийлөгч болно гэсэн мэдрэмж надад төрсөн.”

Үнэхээр ч Спэнсэр В.Кимбалл Сүмийн Ерөнхийлөгчөөр сонгогдож, 13 жил үйлчилсэн юм.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “[Ерөнхийлөгч Нэлсон] нь анагаах ухаанаас олж авсан гүн гүнзгий мэдлэгээрээ ерөнхий эрх мэдэлтний эрүүл мэндийн асуудлыг онцгой ойлгож, тухайн онош ямар утга учиртай, цаашдын төлөв байдал нь ямар байх, мөн бодит амьдрал дээр ямар нөлөө үзүүлэх талаар бидэнд үнэтэй ойлголт өгсөн” хэмээн өгүүлжээ.

Данцэлтай өнгөрүүлсэн амьдрал

Ерөнхийлөгч Нэлсон өөрт ногдсон ямар ч үүрэг даалгаврыг үргэлж хамгийн сайнаар гүйцэтгэхийг зорьдог байв. Тэрээр бага насандаа эхлээд анагаах ухаан биш урлагт татагдаж байлаа. Тэрээр шагналт квартетад тенороор дуулж, Ютагийн Их Сургуульд шинэхэн оюутан байхдаа хөгжмийн жүжгийн гол дүрд тоглож байв. Чухамдаа, урлагт дуртай байсан нь түүнийг амьдралынх нь хайр — Данцэлтай учрах шалтгаан болсон юм.

MNGNelson5.jpg
MNGNelson5.jpg
Рассел М. Нэлсон сувилагчид мэс заслын үйл ажиллагааг тайлбарлаж байна. 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Ерөнхийлөгч Нэлсон мөн түүний анхны эхнэр Данцэл, 1945 онд.2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Тэрээр нэг удаа удахгүй тоглогдох жүжгийн бэлтгэл дээрээ тайзан дээрээс нэгэн сопрано хоолой дуугарахыг сонсож байснаа ийн дурсжээ.

“Тэр үзэсгэлэн төгөлдөр байсан. Түүний хоолой үнэхээр гайхалтай сонсогдож байсан. Би ‘Энэ хэн бэ?’ гэж асуухад хөгжмийн найруулагч ‘Данцэл Вайт. Энэ жүжигт чамтай хамт тоглох хүн чинь’ гэж хариулсан. Тэр цагаас хойш бид хэзээ ч өөр хүнтэй болзоонд явж байгаагүй.”

Хөгжим тэдний хамтын амьдралын гол зүйл болжээ. Тэд дөнгөж гэрлээд 100 доллар хүрэхээргүй үнэтэй хуучин төгөлдөр хуур авч, тэр цагаас хойш гэртээ хөгжимгүй байсан удаагүй. Эмчээр ажиллаж байсан үедээ Ерөнхийлөгч Нэлсон өглөө эртлэн босч төгөлдөр хуур тоглож, судраас судалдаг байв. Энэ хоёрыг хослуулснаар гэрт нь сүнслэг нөлөөг авчирдаг байсан гэж тэрээр дурсан хэлсэн.

Бусад залуу гэр бүлийн адил тэд ч мөн амьдралаа авч явахын тулд хамтдаа хөдөлмөрлөж байсан бөгөөд энэ нь үргэлж амар байгаагүй. Ерөнхийлөгч Нэлсон ийн дурсжээ: “Дөрвөн хүүхэдтэй байсан үедээ нэгэн орой эхнэрийнхээ хамт Бостоны гудамжаар алхаж яваад, эхнэр нь тавилгын дэлгүүрийн цонхонд дөхөж очин, ‘Хайрт минь, бид хэзээ нэгэн цагт гэрлийн бүрхүүл авах боломжтой болно гэж чи бодож байна уу?’” хэмээн асууж байсан гэдэг. Энэ үед тэд “Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно” хэмээх Матай 6:33 дахь эшлэлийг санаж байжээ.

Тэдний гурав дахь хүүхэд (10 хүүхдийн нэг — тэд есөн охин, нэг хүүтэй байсан) Глориа Нэлсон Ирион ийн дурсжээ:

“Ээж аав минь маш сайн баг байсан гэж боддог. Бие биеэ сайн халамжилж, нэгэндээ итгэн, хайраар дүүрэн байсан. Аав маань ажил дээрээсээ гэртээ ирэх болгондоо хамгийн түрүүнд ээжийг хайж очоод, тэврэн үнсдэг байлаа. … Тэр бидэнд аав хүний хүүхдүүддээ хийж чадах хамгийн сайн зүйл бол ээжийг нь хайрлах явдал гэдгийг үлгэрлэж өгсөн.”

MNGNelson10.jpgDownload Photo

Данцэл бол Нэлсоныхны зүрх нь байсан.

Ерөнхийлөгч Нэлсон: “Тэр надад сайн хань байж, 10 сайхан хүүхдийг төрүүлж өгөөд зогсохгүй, намайг зорилгодоо тэмүүлэхэд, өөрийгөө умартан хайрлах сэтгэлийг төлөвшүүлэхэд эхнэр хүнээс л ирдэг тэр гайхалтай үнэлшгүй бүхнийг хайрласан” хэмээн дурсжээ.

Хүүхдүүдийг нь ууганаас нь отгон руу нь нэрлэвэл (гэр бүлийн хүнийх нь нэрийг хаалтанд бичив):

Марша Н.Воркмэн (Ричард Воркмэн), Вэнди Н.Максфийлд (2019 онд нас барсан, Норман А.Максфийлдтэй гэрлэсэн), Глориа Н.Ирион (Ричард А.Ирион), Брэнда Н.Майлс (Ричард Л.Майлстай гэрлэсэн), Силвиа Н.Вэбстэр (Дэйвид Р.Вэбстэр), Эмили Н.Виттвэр (1995 онд нас барсан, Брэдли Э.Виттвэртэй гэрлэсэн), Лори Н.Марш (Ричард М.Марш), Розали Н.Рингвүүд (Майкл Т.Рингвүүд), Маржори Н.Лаудэр (Брэдли Ж.Лаудэртай гэрлэсэн) болон Бага Рассэлл М.Нэлсон (Бритни).

Ерөнхийлөгч Нэлсон эмнэлгийн болон Сүмийн үүрэгт ажлынхаа хажуугаар хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөхөд байнга анхаардаг байв. Тэрээр аялах дуртай байсан бөгөөд хүүхдүүдээ нэг бүрчлэн ээлжлэн дагуулан явдаг байлаа. Бошиглогч ийм хувьчилсан цагийг хамгийн зөв хөрөнгө оруулалт гэж үздэг байв.

“Тэдгээр аялал надад тэдний асуудал, хүсэл мөрөөдлийг сонсох, харилцан ярилцах, үзэл санаа, туршлагаа хуваалцах боломжийг олгодог байсан” гэж дурсан ярьж байв. Мөн гэр бүлээрээ судар унших, өдөрт хоёр удаа хамтын залбирал хэлэх, долоо хоног бүр гэр бүлийн үдэш хийх зэрэг үйл ажиллагаа нь тэднийг ойр дотно байлгахад тусалдаг байв.

“Аав маань гэр бүл томрох тусам бүх чухал мөчид бидэнтэй хамт байхыг хичээдэг байсан. Тэр хүүхэд бүрийн адислал, баптисм, санваарын томилгоо, номлолд явах үдэлт, хурим бүрд ирдэг байсан” гэж Ирион дурсан ярьжээ.

Вэнди Л.Ватсонтой гэрлэсэн нь

Ерөнхийлөгч Нэлсон аз жаргалтай амьдралын нууц нь хүний юу хураасанд бус харин Бурханыг таньж мэдсэн мэдлэгт оршино гэж бат итгэдэг байсан.

“Хүмүүс Бурхан амьд гэдгийг мэддэг байх ёстой. Бурханд тэдэнд зориулсан төлөвлөгөө байдгийг тэд мэддэг болох хэрэгтэй. Хэрэв тэд Түүний төлөвлөгөөг дагавал, амьдралын зовлон бэрхшээл уй гашуу, сорилт, заримдаа өвдөлт, гуниг зовлон авчирсан ч тэд баяр баясгаланг олох болно хэмээн тэр хэлсэн. Хэрэв тэд Түүнд итгэж, өөрсдийгөө Түүнтэй холбож чадвал амьдралын сорилтыг туулах хүчийг олох бөгөөд тэр дундаас агуу баяр баяслыг олж чадна” гэж тэрээр хэлж байв.

Хайрт Данцэл нь 2005 оны 2-р сард гэнэт таалал төгсөх үед түүний сүнслэг тэвчээр соригдсон юм. Харин ч энэ үйл явдал түүний гэр бүлээ гэсэн итгэл үнэмшлийг улам гүнзгийрүүлжээ.

2006 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр Ерөнхийлөгч Нэлсон гэрлэлтийг бэхжүүлэх хэрэгцээний тухай ярьсан.

Тэрээр: “Гэрлэлт нь хүмүүний аль ч бусад харилцаанаас илүүгээр аз жаргалтай байх боломжуудыг нээж өгдөг. Гэвч зарим гэрлэсэн хос өөрсдийн боломжуудыг бүрэн дүүрэн ашигладаггүй. Тэд хайраа сулруулж, бие биеэ үл ойшоох, өөр зүйлсэд автагдах эсвэл хайхрамжгүй байдлын сүүдрээс болж гэрлэлтийн жинхэнэ утга учрыг алдагдуулдаг. Гэрлэлтийг илүү анхааралтай арчилж, тэтгэвэл илүү аз жаргалтай байх болно” гэж хэлсэн.

Удалгүй тэрээр Вэнди Л.Ватсонтой гэрлэсэн юм. Канад гаралтай Нэлсон эгч түүнтэй гэрлэхээсээ өмнө 25 жилийн турш гэрлэлтийн болон гэр бүлийн сэтгэл заслын профессор байсан бөгөөд сүүлийн 13 жил Бригам Янгийн их сургуульд багшилж байв.

Ерөнхийлөгч Рассел М. Нэлсон болон түүний эхнэр Венди нар 2019 оны 11-р сарын 20-ны Лхагва гарагт Сингапурт байна. © 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Нэлсон эгч тухайн үед ахлагч Нэлсонтой харилцаагаа гүнзгийрүүлэх эсэхээ шийдэхийн өмнө мацаг барьж, залбирах үедээ туулсан сүнслэг тэмцлийнхээ талаар ярьсан байдаг.

Тэрээр том гэр бүлийн нэг хэсэг болж, өөрийн ажлын замналаас бүрэн холдох зэрэг олон зүйл нь асар том сорилт болсон гэж хэлж байв.

Нэлсон эгч 2019 оны 5-р сард Номхон далайд айлчилсан айлчлалынхаа үеэр “Бид энэ бол Бурханы хүсэл. Тиймээс бүх зүйл амархан, гайхалтай байна гэж бодож байсан. Гэвч бодит байдал нь хэцүү, бидний хүлээлтээс өөр байсан. Тэр мэдээж Данцэлын төлөө гашуудсаар байлаа. … Энэ бол маш том өөрчлөлт байв” хэмээн хэлсэн.

Ирион: “Бид түүнд үнэхээр хайртай. Тэр аавыг минь халамжилж, аавд минь болон гэр бүлд маань адислал болон ирсэн” гэжээ.

Нэлсон эгч цааш нь “Түүний хүүхдүүд маш гайхалтай. Би тэдний найз болохыг хүссэн, тэд ч миний найзууд болсон. Тэд намайг үнэхээр сайхан угтаж авсан. Ач нар гайхалтай, ачинцар, зээнцэрүүд бүр гайхалтай” гэжээ.

2019 онд Австралид хийсэн тохинууллын айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Нэлсон Вэндиг: “Тэр бол эмч. Тэр геронтологич. Тэр гэрлэлтийн болон гэр бүлийн сэтгэл заслын мэргэжилтэн. Мөн түүнтэй хамт байх үнэхээр хөгжилтэй” гэж тодорхойлж байв.

Үндэстнүүдэд олон хэлээр үйлчлэх бошиглогч

2019 оны намар Латин Америкийн хэд хэдэн оронд хийсэн тохинууллын айлчлалынхаа үеэр бошиглогч сургаалынхаа нэлээд хэсгийг испани хэлээр хүргэсэн бөгөөд энэ нь орон нутгийн хожмын үеийн гэгээнтнүүдэд ихээхэн таалагдсан аж. Жишээ нь Перуд тэрээр оршил үгээ англиар хэлсний дараа “Та бүхний зөвшөөрлөөр би испани хэлээр ярихыг хүсэж байна” гэж хэлэхэд, цэнгэлдэх хүрээлэнг алга ташилт дүүргэжээ.

MNGNelson1.jpg
MNGNelson1.jpg
"Ерөнхийлөгч Рассел М. Нэлсон, түүний эхнэр Венди, Арван хоёр элчийн чуулгын гишүүн Ахлагч Гэри Э. Стивенсон нар 2018 оны 10-р сарын 20-ны оройн сүнслэг цугларалтаар Перу дахь Сүүлчийн үеийн гишүүдтэй мэндчилж байна." 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, түүний гэргий Вэнди, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гари Э.Стивэнсон, Перуд 2018 оны 10-р сарын 20-ны оройн онцгой цугларалтын үеэр Перу дахь хожмын үеийн гэгээнтнүүдтэй мэндчилж байгаа нь. 2018 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Зургийг татах

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Нэг удаа түүнтэй хамт байхад тэр оросоор ярьдаг хүнтэй яриа өрнүүлж, оросоор хэл нэвтрэлцэж байв. Би түүнийг Хятадад зүрхний мэс засалд оролцохын тулд хятад хэл сурч, хагалгааны өрөөнд хятадаар заавар өгч байсныг мэднэ” гэж хэлжээ.

Үнэн хэрэгтээ, бошиглогчийг 11 хэлээр ярьж чаддаг байсныг түүний охин дурджээ.

“Тэр дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүстэй уулзах дуртай байсан гэж би боддог. Тэр хүмүүсийг сайн мэдээг хүлээн авч, хожмын үеийн гэгээнтнүүд болж, гуниг зовлон нь итгэл найдвар, харанхуй нь гэрэл болохыг харах дуртай байсан” гэжээ.

Тэр мөн Сүмийг олон коммунист оронд таниулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэр тэнд болсон гайхамшгуудыг өөрийн нүдээр харсан. Тэр чадах чинээгээрээ үйлдэж, үлдсэнийг нь Их Эзэн өөрийн арга замаар хийж байв. Түүний төсөөлж байгаагүй арга замаар хаалганууд ар араасаа нээгдсэн гэж түүний охин хэлэв.

2018 оны 1-р сард Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн удирдагч болсныхоо дараа ерөнхийлөгч Нэлсон бараг бүх тивийн хожмын үеийн гэгээнтэн, төрийн болон шашны удирдагчидтай өргөн хүрээний айлчлал хийж, 32 улс болон АНУ-ын нутаг дэвсгэрүүдээр аялсан.

Мөн тэр бусад шашны болон үндэстний, бүлгийн удирдагчидтай харилцаа холбоо тогтооход ихээхэн цагийг зарцуулж байв. Түүний хамгийн онцлог айлчлал нь 2019 оны 3-р сард Ватикан дахь Пап Францисктай хийсэн уулзалт болон АНУ дахь иргэний эрхийн байгууллага болох ӨАЭДҮХ (Өнгөт Арьстны Эрхийг Дэмжих Үндэсний Холбоо)-той харилцаа холбоо тогтоосон явдал байв.

MNGNelson28.jpg
MNGNelson28.jpg
Рассел М. Нэлсон сувилагчид мэс заслын үйл ажиллагааг тайлбарлаж байна. 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Ерөнхийлөгч Нэлсон Паптай уулзсан талаар: “Бидний уулзалт хамгийн найрсаг, мартагдашгүй туршлага байлаа. Эрхэм Гэгээнтэн үнэхээр эелдэг, дулаан, найрсаг байсан. Тэр ямар гайхалтай хүн бэ! Католик шашинтнууд ийм халамжтай, хайраар дүүрэн, чадварлаг удирдагчтай байгаа нь үнэхээр азтай хэрэг” хэмээн дурсжээ.

2018 оны 5-р сард бошиглогч ӨАЭДҮХ (Өнгөт Арьстны Эрхийг Дэмжих Үндэсний Холбоо)-ы удирдагчдын хамтаар илүү соёлтой харилцаатай байж, арьс өнгөөр ялгаварлахгүй байхыг уриалсан. Дараа нь 2019 оны 7-р сард ӨАЭДҮХ-ы удирдагчид Ерөнхийлөгч Нэлсоныг Дэтройт хотод зохион байгуулагдсан жил тутмын чуулга уулзалтад илтгэл тавина уу гэж урьжээ.

Ерөнхийлөгч Нэлсон: “Бид бие биеэ хайрлахын тулд адилхан байх эсвэл ижилхэн харагдах шаардлагагүй. Тэр ч байтугай санал зөрөлдсөн үедээ ч бид бие биедээ хайртай хэвээр байж чадна” гэж хэлсэн. Тэрээр 2021 оны 6-р сард ӨАЭДҮХ-ы удирдагчидтай дахин уулзаж, хамтын ажиллагааныхаа хүрээнд хэрэгжүүлэх боловсрол болон хүмүүнлэгийн санаачлагыг танилцуулсан.

Бошиглогч олон орноор аялахдаа орон орны удирдагчидтай уулзжээ. Үүнд Камбож, Колумб, Индонез, Шинэ Зеланд, Перу, Самоа, Тонга, Вьетнам болон бусад орны төрийн албан тушаалтнууд багтсан. Мөн тэрээр Ариун сүмийн талбайд олон удирдагчдыг угтсан нь Вьетнамын төлөөлөгчид, Кубын элчин сайд, Мусульман Дэлхийн Холбооны удирдагч зэрэг байв.

Бошиглогч эдгээр харилцаа холбоо сайжруулах хүчин чармайлтыг дэмжиж, хожмын үеийн гэгээнтнүүдэд “нөхцөл байдал хэцүү байсан ч барьж байгуулдаг, дэмжин урамшуулдаг, ятгаж, урам зориг өгдөг” амар тайвныг тогтоогчид байхыг уриалсан.

Ерөнхийлөгч Нэлсон мөн: “Ах, эгч нар аа, шууд утгаараа бид нэг хүн, нэг харилцаанаас эхлэн дэлхийг өөрчилж чадна. Хэрхэн өөрчлөх вэ гэж үү? Бид үзэл бодлын зөрчлөө харилцан бие биеэ хүндлэх, нэр төртэй шударга шийдвэрлэхийг үлгэрлэн үзүүлэх замаар өөрчилнө. Хэрэв та Израилыг цуглуулахад туслахыг мөн мөнхөд үргэлжлэх харилцаа холбоог хөгжүүлэхийг чухалчилдаг бол өшөө хорслоо ардаа орхих цаг тань одоо иржээ. Зөвхөн өөрийнхөө арга замаар зүтгүүлэхээ яг одоо боль. Хүмүүс таныг гонсойлгох вий гэсэндээ эмээж, өлмий дээрээ явах шахам болгоомжлоход хүргэдэг зүйл хийхээ яг одоо боль. Дайн тулааны зэвсгээ булах цаг яг одоо ирээд байна. Таны үгийн сан доромжилсон, буруутгасан үгсээр дүүрсэн бол тэдгээрийг яг одоо устга. Тэгвэл та сүнслэг байдлын хувьд Христийн хүчирхэг эрэгтэй, эмэгтэй хүн болон гарч ирнэ” гэж хэлжээ.

2018 онд Ерөнхийлөгч Нэлсонтой хамт аялж явсан (энх тайвны хот Иерусалимыг оролцуулсан аялал) Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Ерөнхийлөгч Нэлсоны дэлхийд чиглэсэн харааг онцлон тэмдэглэжээ.

Ахлагч Холланд “Тэр бол дэлхийн бошиглогч, тиймээс түүнд ийм хараа бий. Тэр бошиглолын хараатай. Бид түүнийг үзмэрч, илчлэгч гэж дэмжин баталдаг бөгөөд тэр дэлхий нийтийг харж анхаарч байна” гэж хэлжээ

MNGNelson54.jpg
MNGNelson54.jpg
Рассел М. Нэлсон сувилагчид мэс заслын үйл ажиллагааг тайлбарлаж байна. 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Сүмийг өөрчилсөн удирдагч

Ерөнхийлөгч Нэлсон олон чухал шинэчлэлийг нэвтрүүлсэн. Өмнө дурьдсанчлан, эдгээр нь бүгд Есүс Христэд анхаарлаа яв цав хандуулах зорилготой байв.

Түүний удирдлага дор Сүмийн гишүүд дэлхий даяар нэг нэгэндээ тохинуулах аргыг шинэчилжээ. Тэрээр Сүмийн зөв нэрийг ашиглахын ач холбогдлыг удаа дараа онцолсон. Сургаалыг гэр бүл бүрд төвлөрүүлэх, Сүмээр дэмжүүлэх шилжилтийг хийсэн. ЛБГТ эцэг эхийн хүүхдийг баптисм хүртээх бодлогыг шинэчилсэн. Сүмийн гишүүдэд ариун сүмийн ач холбогдлыг илүү гүнзгий ойлгуулахын тулд ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагын асуултуудыг өөрчилсөн. Сүмийн хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан дэлхийн өсвөр үеийнхний шинэ хөтөлбөрийг нэвтрүүлсэн. Баптисм, төлөөлөх баптисм болон амьд ба төлөөлөх лацдан холболтын гэрчийн шинэ бодлогыг зарласан. Иргэний хуулиар гэрлэсэн хосуудыг шууд ариун сүмд гэрлүүлэх дэлхий даяар хэрэгжүүлэх бодлогыг баталсан. Санваарын чуулгууд, насанд хүрэгчдийн болон хүүхдийн байгууллагуудыг дахин зохион байгуулж, нэгтгэсэн. Сүмийн номлогчийн бодлого, журамд хэд хэдэн чухал өөрчлөлтийг хийсэн. Сүмийн бэлгэдэлд амьд, амилсан Есүс Христийг дүрсэлсэн шинэ хэлбэрийг оруулсан. Мөн Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын сэргээлтийн тухай Дэлхий дахинаа өргөх шинэ тунхаглалыг танилцуулсан.

Ахлагч Жэффри Р.Холланд 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулганы төгсгөлд

“Ралф Валдо Эмэрсон амьдрал дахь хамгийн дурсамжтай мөчүүд нь илчлэл үерлэн орж ирэх үед тохиодог хэмээн хэлсэн байдаг. Ерөнхийлөгч Нэлсон, өнөөдөр илчлэлийн арвин хур буулаа. Энэ цааш даамжирвал зарим хүний зүрх муудаж, даралт ихсэх вий дээ. Тэгэхдээ бодоод байхад, та, бидний зүрхийг ч бас эмчилж чадна шүү дээ. Ямар гайхалтай бошиглогч вэ!” хэмээн хэлсэн байдаг.

Эдгээр өөрчлөлтөөрөө дамжуулан Ерөнхийлөгч Нэлсон Сүмийг удирдах удирдамжийг Бурханаас авдагийн адилаар гэгээнтнүүдийг хувийн илэрхийлэлтээ авахад уриалсан. Тэрээр бусад удирдагчийн хамт эдгээр өөрчлөлтийг Есүс Христийн сайн мэдээний үргэлжилж буй Сэргээлтийн нэг хэсэг гэж удаа дараа сануулдаг.

Зүрх сэтгэлд хүрсэн гарамгай багш

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Ерөнхийлөгч Нэлсоныг мастер багш гэж тодорхойлжээ.

“Түүний бэлтгэсэн мэс засалчид түүнийг гарамгай багш байсан гэж тодорхойлсоныг би сонсож байлаа. Түүнчлэн би түүнийг Есүс Христийн үйлчлэгчдийг мөн л гарамгай багшийн хувиар сурган чиглүүлж буйг харсан” гэжээ.

Бидний “хайр хүндэтгэлийг хүлээсэн эмч” Ерөнхийлөгч Нэлсон шууд утгаараа олон хүнийг биеийн өвчнөөс нь илааршуулж байсан бол Есүс Христийн шавийн хувьд үг, үйлсээрээ хүмүүсийн сэтгэлийн шархыг эдгээсэн удирдагч байлаа.