Мэдээ мэдээлэл

Олон улсын хууль эрх зүй, шашны симпозиум 31 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол улсаа төлөөлөн 7 хүн уг арга хэмжээнд оролцсон юм.

2024 оны 10-р сарын 6-аас 8-ны өдрүүдэд АНУ-ын Юта мужийн Прово хотноо БЯИС-ийн хууль эрх зүйн сургууль дээр Олон улсын хууль эрх зүй, шашны симпозиум 31 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. “Шашин шүтэх эрх чөлөө бол энхийг сахиулах хэрэгсэл” уриан доор явагдсан энэхүү симпозиумд 50 гаруй орны эрдэм шинжилгээ, шашин, засгийн газар, иргэний байгууллагын удирдагчид оролцов. Монгол улсаас энэ жил Шинжлэх ухааны академи, ШУА-ын философийн хүрээлэн, Гандантэгчилэн хийд, МУИС-ийн Шашин судлалын тэнхим, Улсын бүртгэлийн газар зэрэг байгууллагаас нийт 7 төлөөлөгч оролцов. Анх удаа уг арга хэмжээнд ийм өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон нь онцлог үйл явдал боллоо. Мөн оролцогчид бусад улс орнуудад өрнөж буй нөхцөл байдалтай танилцахаас гадна тэнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд зориулан Монгол дахь шашны эрх чөлөө, хууль эрх зүйн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх хэсгийг амжилттай удирдан явуулсан юм.

© 2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш С.Дэмбэрэл: “Энэ удаагийн хуралд дэлхийн олон орноос ирж оролцсон шашин судлаачид, шашны зүтгэлтнүүд шашны эрх чөлөө, шашны олон янз байдлын талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлэг явуулсан бөгөөд хуралд оролцогчид улс орон, нийгэм, дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдлыг бий болгоход шашин чухал үүрэг гүйцэтгэж байна гэж онцлон тэмдэглэлээ. Ялангуяа сүүлийн үед дэлхий дахинд Украйн Оросын дайн, Израйл Палестины тогтворгүй байдал зэрэг нөхцөлд хүмүүсийн итгэл үнэмшил, соёл, ёс заншилд хүндэтгэлтэй хандах, хүчирхийллээс зайлсхийхэд шашны зүтгэлтнүүдийн гүйцэтгэх үүрэг чухал гэдгийг онцолсон юм. Би МУИС-ийн шашин судлалын хичээлд шашны эрх чөлөөний тухай хэрхэн заадаг талаараа танилцуулсан. Надад Солонгосын эрдэмтдийн хэлэлцүүлсэн гэр бүл дэх шашны олон янз байдал, Солонгосын төр сүм хийдийн харилцааны хууль, эрх зүйн орчны талаарх илтгэл их сонирхолтой санагдсан. Шашин нь хүний дотоод оюун санааг амар амгалан болгохоос гадна нийгэмд ч амар амгаланг тогтооход чухал үүрэг гүйцэтгэдэг талаар эрдэмтэд олон янзын жишээ баримт, кэйс авч ярилцсан нь шашин судлалын мэдлэгт маань их чухал хувь нэмэр боллоо гэж харж байна. Ялангуяа БЯИС-ийн шашин судлаач, эрдэмтэдтэй уулзаж, шашин судлалын хичээлийн хөтөлбөр, сурах бичигтэй танилцан, сурах бичиг хамтарч зохиох талаар ярилцсан маань их олзуурхууштай зүйл боллоо. Мөн хэд хэдэн ном, гарын авлага авч, өөрсдийн хичээлийн хөтөлбөр, агуулгыг сайжруулахад ашиглах болсондоо баяртай байна”

© 2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал (Ph.D),профессор Б.Пүрэвсүрэн “Энэ удаад би БЯИС-ийн урилгаар өөрийн үндсэн ажил үүргийн хүрээнд анх удаа шашны эрх чөлөөний симпозиумд оролцлоо. Манай хүрээлэн бол Монгол Улс дахь шашин судлалын суурь судалгааг эрхлэн явуулдаг байгууллага юм. Шашин нь аливаа улс, үндэстэн, угсаатны хувьд зан заншил, ёс уламжлал, эрдэм мэдлэгийг агуулж байдгаараа нэгдүгээрт үнэт зүйл, хоёрдугаарт соёлын нэгэн хэлбэр юм. Харин шашин судлал бол шинжлэх ухааны судалгааны нэгэн салбар. Монголд шашин судлал шинэ тутам хөгжиж байна, мэргэжлийн судлаачид ч ховор, шашны боловсрол ч ихээхэнхангалтгүй байгаа. Их сэтгэгч Кантын “Би итгэл бишрэлд зай үлдээхийн тулд мэдлэгийг хязгаарлахаас өөр аргагүйд хүрлээ” гэсэн үг байдаг. Бид хичнээн мэдлэгтэй байгаад чтэрхүү оюун санааны ертөнцийн буюу итгэл бишрэлийн хаана нь ч хүрэхгүй. Энэ бол сонгодог философийн энгийн томьёолол. Тиймээс энэ симпозиумд оролцож, БЯИС-ийн шашин судлалын үйл ажиллагаатай танилцсан маань шашин судлалыг, тэр дундаа шашны эрх чөлөөний талаарх судалгааг хамтран Монголд хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болно хэмээн үзэж байна. Энэ удаагийн хурал дээр эрх зүй, шашны эрх чөлөөний асуудлыг хамтад нь ярьж байгаа нь хамгийн сонирхолтой санагдсан төдийгүй энэ нь их ховор, чухал зүйл юм. Шинжлэх ухааны үүднээс шашны эрх зүй гэдэг нь салбар дамнасан судалгааны нэг чиглэл. БЯИС-д шашны эрх зүйн судалгааг жинхэнэ утгаар нь явуулж байна гэж би харж байна. Бид номын сан, номын дэлгүүрээр нь орж, шинэ болон хуучин ном бүтээлүүдтэй танилцаж, шашин судлалын 10 гаруй ном зохиол худалдан авлаа. Монголд шашин, шашин судлал хоёрыг ялгаж салгаж ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүй явдал бий. Иймд тэдгээр номыг үзэж судалж байгаад дэлхийн шашин, шашин судлал гэж юу байдгийг, дэлхийн шашны талаарх ойлголтуудыг судалж, зармыг нь орчуулах, хамтарсан бүтээл сурах бичиг гаргах талаар ярилцаж байна. Иймд хуралд оролцохоос гадна манай шашин судлалын салбар БЯИС-тай хамтарсан төсөл хэрэгжүүлж чадвал дэлхийн шашны талаарх ойлголт ухагдахуунуудыг монголд түгээн дэлгэрүүлэх, нэмэгдүүлэх үүднээс шашин судлалын толь бичиг орчуулах, сурах бичиг бичих зорилгоо ярилцсан. Цаашид бид зөвхөн БЯИС-аар хязгаарлагдахгүй, хөрш орнууд болон бусад ямар ч улс орон, үндэстэнтэй энэ асуудлаар хамтарч ажиллана гэж бодож байгаа." хэмээн хуваалцав

Хэдийгээр өөр шашин шүтлэгтэй ч ижил төстэй талаа олж харан, дэлхийн энх тайвны төлөө хамтран ажиллах ёстой гэдэгт санал нийлсэндээ ихээхэн сэтгэл хангалуун байсан юм.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.