
Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт орчин үеийн ЭХО аппарат хандивлав. Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг анх удаа дэвшилтэт технологийн шинэ ЭХО аппаратаар тоноглогдлоо. Энэхүү төхөөрөмжийг Сүмийн Сүүлийн Үеийн Гэгээнтнүүдийн Есүс Христийн Сүмийн дэмжлэгтэйгээр Дезерэт Олон Улсын Тусламжийн байгууллагаас хандивласан бөгөөд эмнэлгийн үйл ажиллагаанд ашигласнаар өвчтөний аюулгүй байдал, эмчилгээний үр дүнг сайжруулах олон талын ач холбогдолтой юм.
Шинэ ЭХО аппарат нь өвчин намдаах хориг (блок) хийхэд төдийгүй дэлгэцээ хуваан харуулах боломжтой тул зорилтот хэсгийг тодорхой харах, ингэснээр аюулгүй, нарийн оношлогоо, эмчилгээ хийхэд томоохон дэвшил авчирч байна.
Мэдээгүйжүүлэг, мэс заслын нэгдсэн тасгийн их эмч Г.Урдармаа:
“Манай эмнэлэг нь 11 хагалгааны өрөөтэй бөгөөд уг төхөөрөмжийг ашигласнаар мэдээ алдуулалтын эм, тарианы хэрэглээ багасч, эмнэлгээс гарах хугацаа богиносох давуу талтай. Ингэснээр орны эргэлт нэмэгдэж, үйлчилгээний хүртээмж сайжирна” хэмээн онцолсон юм.
Мөн уг ЭХО аппаратын тусламжтайгаар тариаг өмнөх шиг зөвхөн мэдрэмжээр бус, дэлгэцээр хатгах газраа харж хийдэг болсон нь эмчилгээний чанар, аюулгүй байдлыг эрс нэмэгдүүлж байна.
Энэхүү шинэ технологийн дэмжлэг нь Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний шинэ шатанд хүрэх нэг чухал алхам боллоо.

