Мэдээ мэдээлэл

2022 оны 4-р сарын Ерөнхий чуулганы эмэгтэйчүүдийн хуралдааны хураангуй 

20220402_173653_CPowell_CEP_2108.JPGDownload Photo

2022 оны 4-р сарын Ерөнхий чуулганы эмэгтэйчүүдийн хуралдаанд таван үг хэлэгч байсан ба тэдгээрийн хураангуйг танилцуулж байна. 

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: Тэргүүн зөвлөлийн оршил захиас 

Хуралдааны нээлтийн үгэндээ ерөнхийлөгч Өүкс Ерөнхий чуулганы бямба гаргийн оройн хуралдаан нь өөр зорилго болон үзэгчидтэйгээр зохион байгуулагддаг түүхтэй болохыг онцолсон. 

Тэрээр хэлэхдээ, “Энэ орой бид ойрын хэсэг хугацаанд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шинэ зорилго, аргачлалыг эхлүүлснээр дахин нэг түүхэн хуудсыг нэмж байна. Есүс Христийн сайн мэдээ өөрчлөгддөггүй. Сайн мэдээний сургаал өөрчлөгддөггүй. Бидний хувийн гэрээнүүд өөрчлөгддөггүй. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд захиасаа хүргэхээр зохион байгуулдаг хурал цуглаан өөрчлөгдөж ирсэн ба ирэх он жилүүдэд ч мөн адил өөрчлөгдөх болно” гэжээ. 

Энэхүү хуралдаан нь хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйчүүдийн асуудалд төвлөрнө хэмээн тэрээр нэмж хэлсэн. 

“Шинээр эхлүүлж буй хуралдаан нь дэлхий даяарх Их Эзэний Сүмийн удирдлага, гишүүнчлэлийн үйл ажиллагааг дамжуулахад ашигладаг бидний одоогийн харилцаа холбооны эх сурвалжийг мөн адил ашиглах болно. Есүс Христийн сайн мэдээний сургаал нь хүн бүрд зориулагдсан учраас энэ нь бидний гол эрмэлзэл, зорилго юм. 

Бид энэхүү онцгой хуралдаанд эмэгтэйчүүдийн байгууллагууд болон тэдний санаа зовниж буй зүйлс дээр анхаарлаа хандуулснаар Бурханы охидыг хүндэлж байна” хэмээн ерөнхийлөгч Өүкс хэлжээ.  

Тэрээр төгсгөлд нь “эдгээр байгууллагын удирдагчид болон байгууллагадаа болон амьдралдаа итгэлтэйгээр үйлчилдэг итгэлтэй охид, эмэгтэйчүүдийн дээр” адислалыг дуудсан юм. 

Сюзан Х.Портэр эгч: Худгийн дэргэдэх сургамж 

20220402_182148_CBell_CMB_5359.JPGDownload Photo

Таван жилийн өмнө Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн Портэр эгч нөхрөө алдаж, харуусахдаа Бурханаас удирдамж хүсжээ. Хэдэн долоо хоногийн дараа, Есүстэй хамт худаг дээр буй Самари эмэгтэйн уран зураг түүний анхааралд өртсөн байна. Ариун Сүнс түүнд “Энэ л чиний хийх хэрэгтэй зүйл байна” хэмээн хэлжээ. Тэрээр Есүст ирж, суралцахаар уригдсанаа хэлсэн юм. 

Портэр эгч уг зөвлөмжийг дагах үедээ сурсан гурван зүйлийг хуваалцав: 1) Өнгөрсөн, одоо нь бидний ирээдүйг тодорхойлдоггүй, 2) Бидэнд сайныг үйлдэх хүч бий, 3) Сайхан сэтгэлийн үйлдэл нь жижиг ч гэсэн чухал ач холбогдолтой. 

Портэр эгч хэлэхдээ, “Амьдралын шуурга шуурч байгаа энэ үед танд ганцаардсан мэт санагдаж болох ч та үл ойлголцол, төөрөгдөл, үл итгэлцлийн харанхуйд гэрлээ гэрэлтүүлж чадна. Таны Христэд итгэх итгэлийн гэрэл тогтвортой бөгөөд баттай байж, эргэн тойрныхоо хүмүүсийг аюулгүй байдал, амар амгаланд хөтөлж чадна. Эгч нар аа, бид чимх давс, халбага хөрөнгө болон гэрлийн туяаг өргөл болгосноор зүрх сэтгэлийг өөрчилж, амьдралыг адисалж чадна” гэжээ. 

Рэбэкка Л.Крэйвэн: Хамгийн их хамаатай зүйлээ хий 

20220402_1825_MCoberly_07724.jpgDownload Photo

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн Крэйвэн эгч хэлэхдээ, “Есүс Христийн шавь байх гэдэг итгэж, найдахаас хамаагүй өргөн ойлголт юм. Энэ нь хичээл зүтгэл, үйлдэл, тууштай байдлыг шаарддаг” гэжээ. Тэрээр эмэгтэйчүүдийг “урагш алхаж, цэх зогсон, сайн мэдээний гэрлээ дэлхий даяар гэрэлтүүлэхийг” уриалсан. 

Крэйвэн эгч эмэгтэйчүүдийг мөнхийн баяр баясгаланг авчрах чухал зүйлст төвлөрөхийг урамшуулжээ. Крэйвэн эгч Портэр эгчийн зөвлөмжийг давтан, эмэгтэйчүүдийг хувьдаа жижиг үйлчлэл мэт харагдах зүйлсийн гүн ач холбогдлыг анхаарахыг хүссэн. Тэрээр “Хамгийн их хамаатай зүйлийг хийх чадавхаа дутуу үнэлэхгүй байцгаая. Тэнгэрлэг өв маань бидэнд Хайрт Тэнгэрлэг Эцэгийнхээ биднийг чадна гэж мэддэг тэрхүү бүх зүйлийг хийх зориг, итгэлийг өгдөг” гэж хэлсэн. 

Ерөнхийлөгч Жийн Б.Бингам: Бурхантай байгуулсан гэрээ биднийг хүчирхэгжүүлж, хамгаалан, мөнхийн алдар сууд бэлддэг 

20220402_1759_MCoberly_07224.jpgDownload Photo

Сүмийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч (тэрээр 2022 оны 8-р сарын 1-нд үйлчлэлээ дуусгана) хожмын үеийн гэгээнтнүүдийн ариун сүмд Бурхантай байгуулдаг гэрээг хаданд авирахтай харьцуулжээ. Хаднаас буухад зангуу нь хаданд сайн бэхлэгдсэн байх ёстой ба олсоор буух үед олсыг барих хамтрагчдаа найдах тухай ярьсан.  

Бингам эгч хэлэхдээ “Бидний зангуу, төгс хамтрагч болох Есүс Христтэй байснаар сорилт бэрхшээлтэй тулгарах үед бид Түүний хайрын хүчээр мөн эцэст нь Түүгээр дамжин чөлөөлөгдөнө гэдэгтээ итгэж болно. Дайсны хад асган дээр унаж эрсдэхээс биднийг хамгаалдаг сүнслэг хэрэгслүүд бол Есүс Христийн талаарх бидний гэрчлэл мөн бидний байгуулдаг гэрээнүүд билээ” гэжээ. Бид хэзээ ч Аврагчийн эдгээх мутар хүрэхээргүй хол байдаггүй мөн “бидний хүн нэг бүр хударгаа зүүж, олсоо найдвартай уяж зангидсан эсэхээ шалгах ёстой. Бид Аврагчид зангуугаа тавьж, гэрээгээрээ Түүнтэй холбогдохыг сонгох ёстой” гэж Бингам эгч хэлсэн. 

Ахлагч Дэйл Г.Рэнланд: “Таны бурханлаг шинж чанар болон мөнхийн хувь тавилан” 

20220402_1855_MCoberly_08060.jpgDownload Photo

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Рэнланд эмэгтэйчүүдийг амьдралаа Есүс Христэд төвлөрүүлж, Сүмийн Залуу эмэгтэйчүүдийн уриан дахь суурь үнэнийг санахад урьсан. 
Тэрээр “Залуу эмэгтэйчүүдийн урианд заадаг гүн гүнзгий сургаал нь залуу эмэгтэйчүүдэд чухал ч гэлээ залуу эмэгтэй биш хүмүүст ч бас хамаатай” гэж хэлжээ.  
Урианы эхний өгүүлбэр нь эмэгтэйчүүдэд өөрсдийг нь Бурханы охид гэдгийг сануулдаг. Энэ бол Сүмийн бусдаас ялгагдах итгэл үнэмшил юм хэмээн төлөөлөгч онцолжээ. Тэрээр Тэнгэрлэг эхийн тухай мэдээлэл нь сайн мэдээний сэдвүүд дэх эсээнд хураангуйлагдсан гэж хэлсэн. Ахлагч Рэнланд “Тэнд байгаа зүйлийг та нар уншчихвал энэ сэдвийн талаар миний мэддэг бүх зүйлийг мэдэх болно. Би илүү ихийг мэддэг ч байсан болоосой. Та нарт ч бас хариулт хүссэн асуултууд байсаар байгаа байх. Илүү их ойлголтыг хайх нь сүнслэг өсөлт хөгжлийн чухал хэсэг мөн ч гэсэн бид болгоомжтой байх хэрэгтэй. Учир шалтгаан нь илчлэлтийг орлож чадахгүй” гэж хэлсэн. 
Ахлагч Рэнланд Залуу эмэгтэйчүүдийн урианы өөр нэгэн тал буюу эмэгтэйчүүдийн бурханлаг шинж чанар, мөнхийн хувь тавилан, Есүстэй адил болохын ач холбогдол, үргэлж Бурханы гэрч байх хэрэгцээ болон өдөр бүрийн хувийн өсөлт хөгжлийн бэлгийн тухай ярьжээ. 
Тэрээр “Сүмийн бүх гишүүн Бурханы гэрч байх хэрэгтэй. Хаалгач нь зөвхөн хаалгаа хамгаалдаг хөл бөмбөгийн тэмцээнийг төсөөл дөө. Багийн бусад тоглогчийн тусламжгүйгээр хаалгач хаалгыг хангалттай хамгаалж чадахгүй бөгөөд багаараа байнга хожигдох болно. Иймээс, Их Эзэний багт хүн болгон хэрэгтэй байна” гэж хэлсэн. 
Тэрээр эмэгтэйчүүдийг “наманчилж, алдаанаасаа суралцаж, тэднээр буруушаагдахгүй байх боломжтой” Христийн цагаатгал дээр төвлөрөхийг урамшуулжээ. 
Ахлагч Рэнланд төгсгөлд нь, “Тэнгэрлэг Эцэг маань та нарыг Өөрийнх нь өв залгамжлагчид болж, Өөрт нь байгаа бүхнийг хүлээн аваасай хэмээн хүсдэг. Тэрээр та нарт дахиад илүүг санал болгож чадахгүй. Тэрээр та нарт дахиад илүүг амлаж чадахгүй. Тэрээр та нарыг мэддэгээс тань илүү хайрладаг бөгөөд та нарыг энэ амьдралд болон ирэх амьдралд аз жаргалтай байгаасай хэмээн хүсдэг” гэж хэлсэн. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.