Мэдээ мэдээлэл

Ахлагч Андэрсэн Хойд Азийн гэгээнтнүүдэд Христийг дагахыг заалаа

Mon0286.jpg

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүн ахлагч Нийл Л.Андэрсэн өөрийн эхнэр Кэтигийн хамт саяхан Азийн Хойд бүсэд айлчлахдаа Солонгос, Монгол, Японд төлөөлөгчийн үгийг сонсохоор цугларсан цугларагсдад хандан үг хэлэв.

Өмнөд Солонгосын Чонан хотод болж өнгөрсөн залуучуудад зориулсан онцгой чуулган дээр төлөөлөгч маань Есүс Христийг дагаж, амьдралд нь сайн үлгэр дуурайл болох хүмүүсийг олохыг тэдэнд зөвлөсөн юм. Түүнтэй хамт бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Жон А.Маккюн болон түүний эхнэр Дэббра болон тус бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Ж.Кимо Эсплин дагалдан ирэв.

Ахлагч Андэрсэн эхлээд Андэрсэн эгчийг танилцуулаад, түүнтэй танилцаж, гэрлэсэн явдал бол “түүний амьдралын хамгийн том бөгөөд гайхалтай үйл явдал” байсныг дурдсан юм. Тэрээр түүнтэй хамт олсон аз жаргалынхаа тухай мөн зөв шударга, сайн мэдээнд төвлөрсөн гэр бүлийг өсгөн хүмүүжүүлэх үзэл бодолдоо үнэнч байдгийг нь биширдэг талаар хэлэв.

Андэрсэн эгч Солонгосын залуучуудыг асар ихээр хүндэлдгээ илэрхийллээ. Боловсролд тавигддаг хатуу шаардлагын дунд ч сайн мэдээнд өөрсдийгөө зориулж байдгийг нь магтан сайшаагаад, өдөржин хичээллэн, оройн цагаараа янз бүрийн сургалтад сууж хичээллэсэн ч өглөө эрт босож семинарт явахад цаг гаргадаг ахлах сургуулийн сурагчидтай өмнө нь уулзсанаа онцлон дурдав.

Төлөөлөгч хүрэлцэн ирж суусан хүмүүсийн дундуур чөлөөтэй явж хэд хэдэн хүнтэй уулзан, чуулганы үеэр юу хийсэн, ямар шинэ найз нөхөдтэй болсныг нь асуув. Тэрээр чуулганы зорилго бол Христэд итгэдэг, амьдралын сүнслэг зүйлсийг хайрладаг, зарлигуудыг сахихыг хүсдэг үе тэнгийнхэнтэйгээ уулзаж, харилцах боломжийг тэдэнд олгох явдал болохыг залуучуудад сануулсан юм.

Ахлагч Андэрсэн залуучуудад амьдралд нь эерэг үлгэр дуурайл болдог хүмүүсийг тодорхойлохыг зөвлөв. Тэр ахлагч Квон болон түүний эхнэр Ли эгчийг босгоод, тэд бол залуучуудад тохирох сайн үлгэр дуурайл болохыг хэллээ. Ахлагч Квон саяхан БНСУ-ын Дээд шүүхийн шүүгчдийн нэгээр томилогдсон юм. (https://newsroom.churchofjesuschrist.org/article/latter-day-saint-south-korea-supreme-court-justice) Ахлагч Андэрсэн, “Бидэнд баатрууд хэрэгтэй. Бид Аврагчийг дагах, Түүнд үйлчлэхэд өөрийгөө зориулдаг, илүү сайн хүн болох хүслийг төрүүлдэг баатруудыг тодорхойлох хэрэгтэй” гэв. Ерөнхийлөгч Нэлсон түүний хувьд ийм баатар болохыг ахлагч Андэрсэн тэдэнд хэлсэн юм.

Ахлагч Андэрсэний зөвлөгөө, Христийн талаарх гэрчлэл болон Христийн адил үлгэр дуурайлал болох хүмүүсийг олох зөвлөмж олон хүний сэтгэлийг хөндсөн. “Ахлагч Андэрсэн үлгэр дуурайл болох хүмүүсийг олж, тэдний сайн үлгэр жишээг дагах тухай ярихад энэ нь миний анхаарлыг үнэхээр татсан” гэж Чонжу гадасны Чонан тойргийн Хо Хае Ри эгч хэлэв. Сөүл гадасны Нокбеон тойргийн Парк На Гён эгч ахлагч Андэрсэний Есүс Христийн талаарх чин сэтгэлээсээ хуваалцсан гэрчлэл болон Түүнийг дагах хэрэгцээний талаар сонсож байхад Сүнс түүнд хэчнээн хүчтэй мэдрэгдсэнийг тайлбарлав. Түүний сүмдээ илүү хичээнгүй явж, Аврагчаа дагах хүсэл эрмэлзэл нь сэргэжээ. Ийн хийх нь амьдралынхаа сорилт бэрхшээлийг даван туулахад нэн хэрэгтэй хүч чадлыг өгөх болно гэдгийг тэр мэднэ.

Монголын Улаанбаатар хотод ахлагч Андэрсэнтэй хамт онцгой цугларалтад хүрэлцэн ирж оролцоход гэр бүлүүдийг урьсан. Түүнийг эхнэр нь мөн Маккюнийнхэн болон ахлагч Эсплин дагалдаж ирсэн юм. Төлөөлөгчийг сонсохоор 700 орчим гишүүн ирсэн ба тэр эхлээд эхнэрээ танилцуулан, түүнд бодол санаагаа хуваалцах цагийг өгөв.

Монголд өмнө нь ирж байгаагүй Андэрсэн эгч тэндхийн сайхан хүмүүсийг хараад баярлаж байлаа. Бага насанд нь Их Эзэний төлөөлөгчтэй нүүр тулан уулзах аз завшаан тохиож байгаагүйг тэр хэлээд, цуглаанд ирсэн хүүхэд, өсвөр үеийнхний хувьд төлөөлөгчийн хэлэх үгийг сонсох нь ямар агуу адислал болохыг илэрхийлсэн юм. Ахлагч Андэрсэн хэдэн долоо хоногийн турш Их Эзэн өөрөөр нь дамжуулан тэдэнд юу хэлэхийг хүсэж байгааг нь мэдэхийн тулд залбирсан гэдгийг Андэрсэн эгч хуваалцсан бөгөөд нөхрийнхөө Есүс Христийн онцгой гэрч байх дуудлагынх нь талаар гэрчлэв.

Монголд сүм байгуулагдсаны 30 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Сайн мэдээний анхдагчид болох хүмүүс Монголд төрсөн байсныг ахлагч Андэрсэн дурдав. Сүм өсөж хөгжихөд хэдэн үе шаардагддаг бөгөөд Сүмд ирдэг хүмүүс бол дэлхийн сайн сайхан, даруу хүмүүс болохыг тайлбарлав. Тэр тэднийг зарлигуудаа сахиж, аравны нэгээ төлж, сайн мэдээг хуваалцахын хэрээр сүм өсөж хөгжсөөр байх болно гэж мөн хэлэв. Тэр тэднийг “Найзууддаа ‘Би Есүс Христэд итгэдэг’ гэж хэлэхээсээ бүү эмээ. Ийн хэлбэл та нар Түүний хайр, магтаал сайшаалыг мэдрэх болно ” хэмээн урамшуулсан юм . Бид баптисм хүртэхдээ өөрчлөгддөг бөгөөд Есүс Христ бидний нэг хэсэг болдог ба бид Түүнийг дагаснаар амьдралдаа амар амгаланг хүлээн авах боломжтой гэдгийг ахлагч Андэрсэн онцолсон.

Ахлагч Андэрсэн гишүүдийг Их Эзэний өргөөнд өөрсдийгөө бэлдэхийг уриалж, ойрын ирээдүйд нэгэн өдөр тэд Монголд ариун сүмтэй болно гэдгийг хэллээ. Төлөөлөгчийн хувьд тэрээр Есүс Христэд итгэх тэдний итгэл улам бүр өсөн нэмэгдэж, өргөжин тэлнэ гэдгийг мөн Монголын гэгээнтнүүд Есүс Христийн хайрыг бусадтай хуваалцаж сурах бөгөөд толгой хорогдох гэр оронтой, ширээн дээрээ тавих хоол ундтай байж, амьдралынхаа хэрэгцээнд санаа зовохгүй байх болно. Эцэг эхчүүд хүүхдүүддээ, өсөн өндийж буй залуу үеийнхэндээ Есүс Христийн тухай заах болно хэмээн адисаллаа.

500 гаруй өсвөр үеийнхэн болон тэдний эцэг эх Японы Токио хотод ирж ахлагч Андэрсэн, Андэрсэн эгч, бишоп В.Кристофэр Ваддэлл, түүний эхнэр Кэрол, ахлагч С.Марк Палмэр нарын үгийг сонсохоор цугларсан юм. Ахлагч Андэрсэн үг хэлэхийнхээ өмнө эхнэрээ танилцуулаад, нэгэн хөгжилтэй түүхийг хуваалцав. Тэрээр эхнэртэйгээ анх танилцахдаа түүнд номлолд үйлчилж байхдаа сурсан франц хэлээрээ гайхуулахыг хүсжээ. Харин тэр франц хэлээр зөвхөн номлогчийн хичээлээ заахаа л мэддэг байсан тул ялгааг нь мэдэхгүй гэж найдан үүнийгээ хэлсэн нь түүнд онцгой сэтгэгдэл төрүүлсэн байна.

Баасан гарагийн орой сүмийн онцгой цугларалтад оролцохоор ирсэн өсвөр үеийнхэн Андэрсэн эгчид гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. Тэр: “Та нар гайхалтай! Та нар Есүс Христэд итгэж, зарлигуудыг сахиж, Ариун Сүнсний өдөөлтүүдийг дагадаг. Та нарт итгэл үнэмшлийнхээ дагуу амьдрах эр зориг байна” гэв. Андэрсэн эгч Аврагч Есүс Христийг мөн ахлагч Андэрсэн онцгой гэрчээр дуудагдсаныг нь гэрчилсэн.

Ахлагч Андэрсэн өөрийн үгийг судрын гурван эшлэл (С ба Г 6:36, Исаиа 55:8-9, 1 Кор. 2:11) хуваалцаж эхлүүлэв. Эдгээр шүлэг бүр Тэнгэрлэг Эцэгийн мэдлэг, ойлголтыг биднийхээс илүү өргөн цар хүрээнд авч үзсэн болохыг дурдав. Японы ард түмэн маш ухаантай ч “Дэлхий даяар баян ч бай, ядуу ч бай, боловсролтой ч бай, боловсролгүй ч бай, олны танил ч бай, үгүй ч бай таны амьдралын сонголт бүгд сайн, муу хоёрын хооронд оршдог” болохыг ахлагч Андэрсэн тайлбарлалаа. Хэрэв хэн нэгэн Эзэн Есүс Христэд итгэн, наманчилж, баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авч, эцсээ хүртэл тэвчих юм бол дахин Есүс Христтэй хамт байх болно. Энэ бол таны хийж чадах хамгийн чухал сонголт билээ.

Онцгой цугларалт дээр үг хэлсэн хүн бүр сонголт хийх талаар ярьсан юм. Ахлагч Андэрсэн тэдгээрийг нэг нэгээр нь дүгнэв. Ахлагч Палмэр номлолд үйлчлэх сонголт нь ямар ч золиослол гаргасандаа харамсахааргүй үнэ цэнтэй зүйл гэдгийг хэлсэн. Ваддэлл эгч өсвөр үеийнхэнд гэрээгээ сахих сонголтыг хийхэд Түүний сүнс үргэлж тэдэнтэй хамт байх болно хэмээн амласныг сануулсан. Бишоп Ваддэлл сонголт хийх нь үнэндээ үр дагаврыг сонгох явдал гэдгийг онцолсон. Андэрсэн эгч итгэлээр амьдрах сонголтын тухай ярьсан.

Ахлагч Андэрсэн өсвөр үеийнхэнд хандаж дан ганц эцэг эхийнхээ гэрчлэлд найдах хэрэггүй болохыг зөвлөв. Тэд “сайн мэдээг [өөрсдийн] яс маханд шингээхийн тулд гүн гүнзгий ухаж ойлгох хэрэгтэй” гэж хэлсэн юм. “Сайн мэдээ үнэн гэдэгт гүн гүнзгий итгэхэд туслах гурван зүйлийг тэр санал болгов. Нэгдүгээрт, тэд өөрсдөө залбирах хэрэгтэй (Матай 6:6). Үнэн хүсэлтэйгээр залбирч сурах нь тэдний мөнхийн амьдралд амин чухал бөгөөд Тэнгэрлэг Эцэг нь баярлана. Хоёрдугаарт, тэд зарлигуудыг сахих хэрэгтэй. Тэднийг ийн сахихад Сүнс зөв зүйл хийж байгааг гэрчилнэ. Гуравдугаарт, тэд Мормоны Номыг унших хэрэгтэй. Уг ном оршин байгаа явдал нь өөрөө Есүс Христ бодит гэдгийг гэрчилдэг.”

Ахлагч Андэрсэн үгээ “Их Эзэний төлөөлөгч байх туршлага маань надад Есүс бол Христ мөн Тэр Өөрийн бошиглогч, элч нараараа дамжуулан энэ дэлхий дээрх Өөрийн ажлыг удирдан чиглүүлдэг гэдгийн гэрчийг өгсөн” хэмээн гэрчлэн өндөрлөв.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.