2024 оны 4-р сарын 1-ий өдөр Азийн хойд бүсийн Микронези/Гуам бүс дэх Бүсийн байгууллага хариуцсан шинэ зөвлөхүүд өөрсдийн харьяалагдах зохицуулах зөвлөлийн хамт үүрэгт ажлаа эхлэх болно.
Ёншин Лий эгч Өмнөд Солонгос улсын Сувон хотод Ёнгван Лий, Инжа Хан нарын охин болж мэндэлсэн. Тэрээр Мёншин гэдэг нэг ахтай. 1981 онд Лий эгч Сувон хотын Шинпонг тойрогт баптисм хүртэж Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болсон бөгөөд 1991 онд Солонгосын Дэжон номлолд Сүмийн номлогчоор үйлчилсэн. 1995 онд одоогийн Солонгосын Дээд шүүхийн шүүгч Юнжүн Квонтой гэрлэсэн ба тэд Хараам, Хаэрин, Хэечан, Хаюүн гэсэн дөрвөн хүүхдийн эцэг эх юм. Ёншин Лий эгч анагаах ухааны бакалавр, доктор мөн философын ухааны докторын зэргээ Хаюнги их сургуульд хамгаалсан. Тэрээр олон жил шүдний эмчээр ажилласан ба одоо энэ мэргэжлээрээ ажилладаггүй. Тэр гадас, тойргийнхоо Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч, зөвлөх, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч, зөвлөх, тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, зөвлөх, мөн Семинарын зохицуулагч, Ням гаргийн ангийн багшаар тус тус үйлчилсэн. Лий эгч ББХЗ-ийн (Бүсийн байгууллага хариуцсан зөвлөх) үүрэгт ажлаа Өмнөд Солонгост гүйцэтгэх юм.
Риса Нозаки эгч Япон улсын Фүкүи хотод төрсөн ба япон, англи хэлтэй. Тэрээр тойргийн Халамжийн нийгэмлэгийн зөвлөх, Хүүхдийн хэсгийн багш, Семинарын зохицуулагч, Семинар, институтийн багш, Ариун сүмийн ээлжийн туслах зохицуулагч, ӨҮБББТ болон Олон гадасны өсвөр үеийнхний чуулганы зохицуулагч, тойргийн орган хөгжимчин, тойргийн номлогч зэрэг сүмийн олон дуудлагад үйлчилж байсан. Нозаки эгч Японы Сэндаи номлолд 20 сарын хугацаагаар үйлчилсэн бөгөөд боловсролын салбарын бакалаврын зэрэгтэй. Одоогоор тэр Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн ажилтны үүргийг гүйцэтгэж байгаа ба Японы Токио гадасны Фүжими Кавагоеэ тойргийн гишүүн юм. Тэрээр Нагояа, Токио Өмнөд, Англи хэлтэй цэргийн дүүргүүд, Микронези/Гуам гэсэн бүсүүдийг хариуцахаар томилогдсон.
Цэрэнжавын Ариунчимэг эгч Монгол улсын Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд тэрээр Сүмд нэгдэн, 1996-1997 оны хооронд Юта мужийн Солт Лэйк Ситид номлолд үйлчилсэн. Тэр Хавай дахь Бригам Янгийн Их Сургуулийг нягтлан бодох бүртгэлийн бакалаврын зэрэгтэй төгссөн. Ариунчимэг эгч Очиржавын Одгэрэлтэй гэрлэж хоёр хүүхдийн эцэг эх болсон. Түүнд гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Халамжийн нийгэмлэг, Ням гаргийн анги, Институтийн багш зэрэг Сүмийн олон дуудлагад үйлчлэх боломж тохиож байжээ. Тэрээр Монголыг хариуцан ажиллана.
Акико Орито эгч Япон улсын Токио хотод төрсөн. Тэрээр гадас, тойргийн Халамжийн нийгэмлэгийн
ерөнхийлөгч, тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөх, Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч, Ням гаргийн анги, Семинар, Хүүхдийн хэсгийн багш зэрэг олон дуудлагад үйлчилсэн. Орито эгч Ацүши Оритотой гэрлэж, дөрвөн хүүхдийн эцэг эх болсон. Тэр мэргэжлийн орчуулагч хүн бөгөөд Японы Мацүдо гадасны Мацүдо 2-р тойргийн гишүүн. Тэрээр Фукуока, Кобэ, Саппоро, Токио Хойд бүсийг хариуцахаар томилогдсон. Дуудлагынхаа талаар тэр: “Энэ дуудлага надад ихэд гэнэтийн бас би аль ч талаараа тэнцэхгүй мэт санагдсан. Гэвч би энэ дуудлагыг хэнээс хүлээн авснаа мэднэ. Би Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёроос тоолж барамгүй олон тусламж, адислалыг хүлээн авсан. Би тэдний ачийг багахан ч болов хариулахдаа баяртай байх болно” гэж хуваалцсан юм.