Мэдээ мэдээлэл

Есүс Христийн сайн мэдээ хөрвөгчийн “цангааг” тайлав

Японд амьдардаг Монгол оюутан залбирч сурсан нь.

© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Батсайханы Батхишиг, товчоор бол Хишигээ нь Монголд бяцхан охин байхдаа үе тэнгийнхнийхээ хийдэг олон зүйлсийг хийх дуртай байжээ. Тэрээр ном уншин, зайрмаг идэж, хөгжим сонсож “тухлах” дуртай байв. Тийм байлаа ч түүний амьдралд ямар нэгэн зүйл дутаж байгааг тэр мэдэрдэг байлаа. Тэр “Аав ээж маань буддын шашинтай ч би жоохон байхаасаа л ямар ч шашинд итгэдэггүй байв. Урт хугацааны туршид би ямар нэгэн зүйл байхгүй байгааг мэдэрдэг байсан. Энэ яг л ам маш ихээр цангаж байхад хэчнээн их ус уусан ч цангаа тайлагдахгүй байгаатай адил байсан” хэмээн тайлбарласан юм.  

2022 оны 4-р сард Хишигээ Токио дахь япон хэлний сургуульд сурахаар Японыг зорив. Түүний хувьд гэрээсээ хол байх амаргүй байлаа. Тэр энэхүү ямар нэг зүйлээр “цангаж” байгаагаа мэдэрсээр байсан ба өөрийн оршиж буй шалтгааныг ойлгохгүй байлаа. Монголд байгаа найзаасаа тусламж хүссэний хариуд залбир гэсэн зөвлөгөө авав. Гэхдээ өмнө нь хэзээ ч залбирч байгаагүй тул хэрхэн залбирахаа мэдэхгүй байлаа.

Асуулт байгаа бусад олон хүний адилаар Хишигээ интернэтээр хариултаа хайв. Хайлтын үр дүнд тэр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сайтыг (churchofjesuschrist.org) олсон ба номлогчдоос “Би Бурханд залбирмаар байгаа боловч хэрхэн залбирахаа мэдэхгүй байна. Надад залбирахыг зааж өгөөч” гэсэн хүсэлтийг э-мэйлээр илгээжээ.

Японы Өмнөд Токио номлолд үйлчилдэг ахлагч Боржс болон ахлагч Рэймонд хоёр холбогдож Хишигээтэй уулзан түүнд хэрхэн залбирахыг зааж, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг хуваалцаж эхэлжээ. “Тэр цагаас хойш бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн. Бид уулзах бүрд би Бурханы үгийн талаар сурч миний “цангаа”  аажим аажмаар тайлагдаж байгааг мэдрэх болсон. Энэ нь өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй тайлбарлахын аргагүй тийм мэдрэмж байсан” гэж Хишгээ хэлсэн юм.

Алмагийн тайлбарласан загварын (Алма 32:28) дагуу Хишигээ үргэлжлүүлэн сурсаар байв. Энэ туршлагынхаа талаар тэр хэлэхдээ “Сайн сайхан зүйлс надад тохиолдож эхэлсэн. Өдөр өдрөөр бүх зүйл ойлгомжтой бас гэгээлэг болсон” гэжээ. Хишигээ 6-р сарын 18-нд  суралцах явцдаа танилцсан олон шинэ найзынхаа дунд баптисм хүртсэн юм.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.