ysa9.JPG
Мэдээ мэдээлэл

"Төгсгөлийг нь харж эхлэлээ тавь" уриан дор зохион байгуулагдсан 2024 оны Ганц Бие Залуу Насанд Хүрэгчдийн чуулган амжилттай болж өнгөрлөө

Энэ жилийн чуулган өмнөх жилүүдийнхээс онцгой, шинэлэг үйл ажиллагаануудтай, олон зүйлсийг сурч, мэдэж авсан арга хэмжээ болж өндөрлөлөө.

Зохион байгуулалтад орсон өөрчлөлтүүдийн нэг нь оролцогчдын насны ангилал 18-35 нас болж өргөжсөн явдал байлаа. Энэхүү чуулганд нийт 180 гаруй залуучууд оролцож, дөнгөж 18 нас хүрээд насанд хүрэгчдийн ангилалд орсон олон залуус ч байлаа. Чуулган маань 3 өдөр, 2 шөнө үргэлжилсэн бөгөөд оролцогчдын хувьд онцгой, шинэлэг арга хэмжээнүүдийн талаар ам сайтай байсан юм.

Чуулганы эхний өдөр:

Чуулганы эхний өдөр нээлтийн арга хэмжээний үеэр удирдагч хосууд болох Ананд ахын гэр бүл, Бат-Оргил ахын гэр бүл үг хэлж, чуулганы зохион байгуулалтын талаар товчхон мэдээлэл өгсөн юм. Тэдний хэлснээр, иймэрхүү томоохон арга хэмжээг жилийн өмнөөс бэлтгэх ёстой байсан боловч энэ жил маш богино хугацаанд зохион байгуулсан гэдгийг онцлон дурдсан. Чуулганы зохион байгуулалтын багийг бүрдүүлж, FSY чуулганы дараа шуурхай ажиллаж эхэлсэн нь энэ богино хугацаанд амжилттай зохион байгуулагдахад хүргэсэн.

Эхний өдөр оролцогчид нэг нэгэндээ дасаж амжаагүй байсан ч, нүүр хагарах үйл ажиллагааны ачаар орой гэхэд бүгд хоорондоо танилцаж, хамтдаа хөгжилдөж эхэлсэн билээ. Нүүр хагарах үйл ажиллагааны хүрээнд оролцогчдыг баг болгон хувааж, өртөөчилсөн олон хөгжилтэй тоглоомуудыг зохион байгуулсан. Үүний дараагаар галын дэргэдэх уулзалт болсон нь оролцогчдын сэтгэлд ихээхэн хоногшсон үйл явдал байсан бөгөөд уулзалтыг ой модон дунд зохион байгуулсан нь моддын сэрчигнэх чимээг таашаан, хичээлээ анхааралтай сонсох боломжийг олгосон юм. Азийн хойд бүсийн далын ахлагч Хара Шинжиро сургаал ба карьерын уялдаа холбооны талаар хичээл заасан нь хамгийн онцгой сургамжтай байв.

DSC00391.JPG

Түүний дараа гэр бүлийн судлаач Алтантуяа нөхөр Баярлхагвын хамт эрүүл эерэг харилцааг хэрхэн бий болгох 9 алхмыг зааж эцэст нь хэдий бид ондоо ч бүгд Бурханы хүүхэд гэдгийг онцлон гэрчлэлээ хуваалцав. Тэдний хуваалцсан захиас нь Ахлагч Харагийн хэлсэн үгстэй уялдаж байсан нь үг хэлэхээр сонгогдсон хүмүүс маань сүнсээр удирдагдсаны тод жишээ байлаа. Оройн хөтөлбөрт залуучуудын дуртай авьяас шоу болж, мөн стрессээ тайлах онцгой үйл ажиллагаа зохион байгуулагдсан. Оролцогчид том түүдэг гал тойрон сууж, цаасан дээр бичсэн стрессээ галд шатаан, сэтгэлээ хөнгөлж байсан нь залуусын дунд ихээхэн сонирхолтой үйл явдал байв. Түүнчлэн, түүдэг галыг унтартал залуус өөрсдийн сонголтоор хөгжилдөж, бүжиглэж, эсвэл зүгээр л тухалж байсан нь тухайн үдшийг дурсамжтай болгосон билээ.

Чуулганы хоёр дахь өдөр: Чуулганы хоёр дахь өдөр сургалтын хөтөлбөрт төвлөрсөн өдөр байлаа. Үдээс өмнө гурван багш семинар зааж, оролцогчид бүгд л эдгээр хичээлээс маш их хэрэгцээтэй зүйлсийг сурч авсан гэдэгт санал нэгтэй байв. Эдгээр хичээлүүд нь өөрийгөө тодорхойлж хүсэл мөрөөдөлдөө хүрэх замаа шулуутгах нь, харилцааны ур чадвар (буруу ойлголт авахгүйн төлөө), Сайн мууг ялгах мэдлэгийн мод vs. Амьдралын мод зэрэг залуучуудад чиглэсэн чухал сэдвүүдийг хамарсан юм.

Үдээс хойш спортын үйл ажиллагаа болох сагсан бөмбөгийн эрэгтэй 3х3 тэмцээн болон гар бөмбөгийн эмэгтэй тэмцээн болж, оролцогчид идэвхтэй оролцож, авхаалж самбаагаа сорьсон билээ. Энэ нь залуучуудын дунд бие бялдрын хөгжилд дэмжлэг үзүүлэх төдийгүй, багийн уур амьсгалыг бий болгох зорилготой байв.

Оройн үйл ажиллагаанд UUREE DANCE студийн багш нар ирж, залуучуудад хосын бүжиг зааж сургасан бөгөөд оролцогчид ихэд дуртай байв. Хосын бүжиг сурах үйл явц нь оролцогчдын хоорондын харилцааг илүү ойртуулж, тэдний ур чадварыг нэмэгдүүлэх боломжийг олгосон. Хосын бүжиг сургалтын дараа хамгийн сайн бүжиглэсэн гурван хосыг шалгаруулсан бөгөөд тэдний дунд ахмад номлогчид болох Turnblom ах, эгч хоёр байсан нь онцгой дурсамж болон үлдэв. Төгсгөлд нь Uuree’'s Dance студын багш нар маань монгол биелгээ бүжиг заасан нь бүгдийг хамарсан ялангуяа чуулганы гадаад оролцогчдын онцлон дурласан үйл ажиллагаа байсныг өөрсдийнх нь амнаас сонсоод амжив. 

Дараа нь  спортын тэмцээний шагнал гардуулах арга хэмжээ болж, оролцогчид өөрсдийн амжилтаа тэмдэглэн баярлаж байлаа. Орой нь бас нэг онцлох үйл явдал болсон нь мэргэжлийн DJ дуу хөгжим тоглуулж, bartender ирж залуучуудад уух зүйл бэлдэж өгсөн нь тэдэнд ихээхэн баяр баясал авчирсан зүйл байв.

Чуулганы гурав дахь өдөр: Чуулганы сүүлийн өдөр хүндэтгэлийн өдөр тохиосон бөгөөд оролцогчид гадна талбайд цугларч, ариун ёслолоосоо хүртсэн юм. Энэхүү өдөр залуучууд улаан шүхэр барин, гадаа задгай талбайд ариун ёслолын талх, уснаас хүртэх боломжийг олж авсан нь маш онцгой мөч байлаа. Хэдий өмнөх өдрүүдэд оролцогчид ихээхэн ядарсан ч, тэд хамгийн сайхан хувцсаа өмсөн, баяр баясгалантайгаар энэ өдрийг угтсан билээ.

© 2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Энэ өдрийн бас нэгэн онцлох үйл явдал нь гэрчлэлийн цаг байсан бөгөөд оролцогч залуус өөрсдийн мэдэрсэн гайхалтай мэдрэмжүүдээ хуваалцсан юм. Тэдний гэрчлэлүүдээс сонсоход энэ чуулган нь маш сайн зохион байгуулалттай болсон ба сургалтын хөтөлбөрүүд нь маш сүнслэг, урам зориг өгсөн байна.

Сүүлийн хичээл нь Азийн хойд бүсийн гэр бүлийн үйлчлэлийн төвийн менежер Юнсеок Кил ахын заасан "Хүйсийн ялгаатай байдал хосуудын харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ?" сэдэвт семинар байлаа. Энэхүү хичээл нь хосуудын харилцааг гүнзгий ойлгож, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байв.

DSC02807.JPGDownload Photo

Чуулганы төгсгөлд залуучууд маань Наранбулаг амралтын газрын эргэн тойрны хогийг цэвэрлэж, үйлчлэл хийв. Энэ нь тэдэнд байгаль орчноо хайрлах, бусдад үйлчлэх сэтгэлгээ суулгахад тус болсон хэмээн найдаж байна.

Онцгой үйл ажиллагаанууд:

  • Оролцогч бүрт зориулж Think Celestial чуулганы уриатай малгайтай цамц, шүхэр өгсөн нь өдрийн халуун нар, оройн сэрүүнд хэрэгцээтэй бэлэг болсон
  • Мэргэжлийн бүжигчин урьж бүжиг заалгуулснаар оролцогчид бүжгийн ур чадвараа дээшлүүлсэн
  • Мэргэжлийн барменаар ундаа бэлтгүүлсэн нь залуусын дунд ихээхэн сонирхол татсан үйл явдал байв
  • Анх удаа сагсан бөмбөг, волейболын тэмцээн зохион байгуулав
  • Оройн үйл ажиллагааны үеэр салют буудуулсан нь оролцогчдын баяр хөөрийг дээд цэгт нь хүргэсэн явдал боллоо
  • Ой модон дунд зураг авах гоёмсог зургийн болон болзооны газруудыг тохижуулсан нь залуусын дурсамжийг баяжуулсан
  • Хичээлүүд нь бүгд сонирхолтой, залуусын хэрэгцээнд нийцсэн, олон зүйлийг сурч авах боломжтой байсан
  • Гэрлэлтийн өмнөх сэдэвтэй хавтастай яриануудыг чуулганы үеэр өглөөний болон чуулганы дараа хувийн суралцах материал болгон тарааж өгсөн.

Ийнхүү 3 өдөр үргэлжилсэн уг чуулганд оролцсон хүмүүсийн сэтгэгдлээс үзэхэд чуулган маш сайн зохион байгуулалттай, шинэлэг, сүнслэг байдлыг өндөртэй өргөсөн олон үйл ажиллагаатай байсан гэдгийг онцолж байлаа. Оролцогчид хичээлүүдийг ихээхэн сонирхолтой, олон зүйлс сурч мэдэх боломжтой байсныг дурдсан бөгөөд чөлөөт цагийн хөтөлбөрүүд нь хоорондоо найзалж нөхөрлөхөд чиглэсэн, хөгжилдөх боломжийг хангалттай олгосонд зэрэгт талархалтай байгаагаа хуваалцсан юм. Нийт залуучууд чуулганаас урам зориг авч, утга учиртай дурсамж хамтдаа бүтээсэндээ баяртайгаар гэр гэрийн зүг одсон билээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.