Мэдээ мэдээлэл

Азийн Хойд бүсийнхэн Ерөнхий чуулганыг үзлээ 

Орчин үеийн бошиглогчдын үгээр дамжуулан “Түүнийг сонсох” олон арга зам

Enkhtuvshin_Bayanzurkh-ward_Ulanbaatar-East-Stake.jpg
Enkhtuvshin_Bayanzurkh-ward_Ulanbaatar-East-Stake.jpg
Монгол Улаанбаатар Зүүн гадасны Баянзүрх тойрог – Энхтүвшингийн Гэгээннаран эгч, Ариун-Эрдэнийн Батсайхан ах нар чуулган үзэж байгаа нь.2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Мосе Бурханы үг “унах шүүдэр, шинэ зүлгэн дээр буух борооны дусал ... мэт билээ” (Дэд хууль 32:2) хэмээн заасан. Зургаан сар тутамд болдог Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Ерөнхий чуулганы шууд дамжуулалт хүрээгээ тэлэн, алслагдсан газруудад хүрч, илүү олон хүнд “Түүнийг сонсох” боломжийг олгодог. Ази тив болон Номхон далайн арлуудыг хамарсан Азийн Хойд бүсийн гишүүд, найз нөхөд маань 2021 оны 10-р сард хагас жил тутмын 191 дэх Ерөнхий чуулганы шууд дамжуулалтаар бошиглогч, төлөөлөгч, Сүмийн бусад удирдагчийн үгсийг сонслоо. Сүм техник технологи, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан итгэл найдвар, тайтгарал, зөвлөгөөг хуваалцах бүтээлч арга замуудыг эрэлхийлсээр ирсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд урьдчилан бичсэн дуу хөгжим ашиглаж байсан бол саяын чуулганаар өмнөхөөсөө нэг алхам урагшилж, Ариун сүмийн талбайн табэрнэклын найрал дуучид 39 орныг төлөөлсөн олон үндэстний найрал дуучидтай хамт цар тахлын дүрэм журмыг баримтлах үүднээс цөөн хүний бүрэлдэхүүнтэй дууллаа. Өмнөх чуулгануудаас ялгаатай нь, өнгөрсөн 7-р сард зарласны дагуу бямба гаргийн орой ээлжлэн явагддаг байсан Санваарын болон Халамжийн нийгэмлэгийн хуралдаан нь ерөнхий хуралдаан болсон болно. 

Азийн Хойд бүс даяар Ерөнхий чуулганыг олон арга замаар үзэж, сонслоо. 

Гэр бүлүүд гэртээ зурагтынхаа дэргэд цугларан, бошиглогч болон Сүмийн удирдагчдын үгийг сонсов. Нялх хүүхдүүдийг эцэг эх, ах эгч нь тэвэрч, гэр бүлүүд болон хосууд буйдан дээрээ тухалж, хүүхдүүд суунгаа эсвэл шалан дээр хэвтэнгээ гэр бүлийнхээ эрхэм нандин холбоог мэдрэн, дуу шуугиан гаргалгүйгээр хийж болдог зураг будах гэх мэт үйл ажиллагаанд оролцлоо. Бусад нь  чуулганыг дамжуулж буй Сүмийн байр, гадасны төвүүдэд цугларав. Гишүүд, найз нөхөд, номлолын хамтрагчид Сүмийн вэбсайт, YouTube сувгаар дамжуулан гар утас, таблет, зөөврийн компьютер дээрээ өөр өөрсдийн хэлээр чуулганыг үзлээ. 

Монголд: 

Монголын уулархаг газар болон хээр талд амьдардаг гэр бүлүүдэд “Түүнийг сонсож,” амьдралд тулгардаг асуултууддаа сүнслэгээр өдөөгдсөн хариултыг авах боломж тохиов. Гэгээннаран эгч “Номлолоос бууснаас хойш надад сүнслэг хүч чадалтай байхад хэцүү байсан. Өнөөдөр би 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр ахлагч Дийтр Ф.Угдорфын хэлсэн үгээс хариултаа олж авлаа. Сүнслэг байдлын хувьд цэвэр ариун, хүчирхэг байхын тулд би  бяцхан булгийн урсах ус мэт урагш чиглэсэн жижиг бөгөөд энгийн цэвэрших алхмууд буюу “өдөр тутмын сэргээлт”-ийг хийж дадах хэрэгтэй юм байна. Христийн Цагаатгалын ачаар би ямар ч үед шинээр эхэлж чадна гэдгээ мэднэ” гэж хэлсэн юм. 

Mongolia-Khovd-branch-2.jpg
Монгол Улаанбаатар Баруун гадасны Ховд салбарын Эрдэнэ-Очирын Пүрэвбаяр эгчийг түүний найзууд болох Хэрлэн ахын гэр бүл чуулган үзэхэд урьжээ. 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Анартас эгч гэр бүлийнхээ хамт чуулган үзэхэд найзыгаа урьжээ. Тэрээр “Найзтайгаа хамт Ерөнхий чуулганыг үзэх гайхалтай байсан. Найзын маань сэтгэгдэл, миний бодол санаа энэхүү үйл явдлыг илүү утга учиртай болгосон. Бид Их Эзэнтэй хамт байх онцгой цагийг гаргаж, эдгээр туршлагаас суралцах хэрэгтэй гэдгийг сурч мэдсэн” гэв. 

Солонгост: 

Солонгосын залуу гэр бүлүүд бүтээлч санаачилга гарган, зүрх сэтгэлээ Ерөнхий чуулганд хандуулжээ. Жэон Чан Даэ ах гэр бүлээрээ юу хийснээ хуваалцаж, “Хүүхдүүддээ Ерөнхий чуулганыг сонирхож үзэхэд нь хэрхэн туслахаа бодож үзээд, би амттан бэлтгэсэн. Хуралдаан бүрд зориулж үгсийн жагсаалтыг гарган, үг хэлэгч жагсаалт дээрх үгээс хэлэх бүрд хүүхдүүдээ амттан авах боломж олгосон. Хүүхдүүд маань анхааралтай сонсож, хуралдаан бүрийг дууссаны дараа, дараагийн хуралдаан эхлэхийг хүлээцгээж байлаа. Би бас дүүгээ өдрийн хоолонд урьж, бямба гаргийн үдээс хойших хуралдааныг хамтдаа үзсэн” гэж ярив. 

Солонгос дахь Лий Сун Ли эгчийн гэр бүл эргэн тойрон нь ундуй сундуй, тохь тухгүй байсан ч гэр бүлд зориулсан сүнслэг зөвлөгөөг сонсохгүй өнгөрч чадаагүй байна. Тэд “Бид шинэ байранд нүүж байсан бөгөөд чуулган үзэхэд сайтар бэлдэж чадаагүй ч, байгаа боломжоо ашиглаж, цаг гарган чуулганыг гэр бүлээрээ хамтдаа үзсэн. Энэ нь нүүдэл суудлаас түр амсхийх сайхан боломж болсон” гэж хэлсэн юм. 

Сөүлийн англи хэлээр явагддаг салбарын ганц бие залуу эмэгтэй Жой Бийл эгч “Есүс Христ бидний чадавхыг олж хардаг. Бид Христ дотор байснаар, илүү сайн нэгэн болж чадна. Их Эзэн бидэнд өөрөө өөртөө тусалж чадахаас илүү ихээр тусалж чадна. ‘Бид бүгдээрээ өөрсдийн ухаагүй худгаас ууж, асаагаагүй галаар дулаацаж явсан.’ Есүс Христэд итгэх итгэл болон бидний гаргадаг өчүүхэн жижиг шийдвэрүүд маш чухал” хэмээн ахлагч Кларк Г.Гилбэртийн хэлсэн үгээс хуваалцан ярив. 

Японд: 

Мандах нарны нутаг Японд Ерөнхий чуулганаас хүлээн авсан сургаалууд нь Сүмийн гишүүд, тэдний найз нөхдөд чухал үр нөлөө үзүүлжээ. 

Япон Кохокү тойргийн Юүичиро Ватанабэ ах өөрт төрсөн сэтгэгдлийн талаар “Ерөнхий чуулганаар удирдагчид бидэнд урам өгөх захиаснууд өгсөн. Тэднээр дамжуулан би Сүм үнэн талаар хүчирхэг гэрчлэл олж авсан” гэж хэлэв. 

Япон Фүкүока тойргийн Казүто Ёнэзава ах “Ерөнхий чуулганыг сонссоноор бид ороо бусгаа цагт удирдан чиглүүлэх хувийн илчлэлтийг хүлээн авч чадна. Дэлхий ертөнц арав, хорин жилийн дараа ямар байхыг бид мэдэхгүй ч сүнслэгээр өдөөгдсөн удирдагчид бидний яагаад энд байгаа, хаанаас ирсэн болон хэн болохыг хичээж байгааг мөн энэ амьдралдаа юунд хүрэхийг эрмэлзэж, хэнд найдаж тулгуурлах ёстойг заадаг. Хэрвээ бид ийн үйлдэж чадвал, зовлон бэрхшээлтэй тулгарсан байсан ч зүрх сэтгэлдээ амар амгаланг хүлээн авах боломжтой байх болно” гэлээ. 

Гуам болон Микронезын арлуудад: 

Гуам болон Палауд телевиз, радио, хэвлэл мэдээллийнхэнтэй нөхөрсөг харилцаа холбоо тогтоосон явдал нь алслагдсан газруудад чуулганыг хүргэхэд тусалсан байна. Гэрт, машинд, гадаа модны сүүдэрт гэх мэтчилэн Түүний үгсийг олон улс оронд сонсжээ. 

Палауд үйлчилж буй номлогчид чуулганыг үзэхээр Сүмийн байранд цугласан байна. Палауд үйлчилж буй номлогч Эмма Хэйдэн эгч “Бүх номлогчтой хамт Ерөнхий чуулганыг үзсэн дурсамжаа би үүрд нандигнаж явна! … Би маш олон зүйл сурсан бас бүх номлогчтой хамт суугаад чуулганыг үзэх надад таалагдсан!” гэлээ. Палауд үйлчилж буй өөр нэгэн номлогч Ообрий Дүэнас эгч “Ерөнхий чуулган миний гэрчлэл, Аврагчид итгэх итгэлийг бэхжүүлсэн. Амьд бошиглогч, төлөөлөгчдийг сонсох үед Есүс Христ надад хандан ярьж байгаа юм шиг л санагдсан!” гэв. 

Азийн Хойд бүсэд төдийгүй дэлхий даяар дамжуулан нэвтрүүлсэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулганыг үзсэн хувь хүн, гэр бүл, тэдний найз нөхдийн тоо түүхэнд байгаагүй өндөр хувьтай байлаа. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон 13 шинэ ариун сүмийн байршлыг зарлаж, сонсогчдыг Ариун Сүнстэй нөхөрлөхүйц зүйлсийг үйлдэн, Христ дээр төвлөрч, ариун сүмд орж мөн үйлчлэх замаар Их Эзэнд цаг зав гаргахад уриалснаар чуулган өндөрлөсөн. Азийн Хойд бүсийн гэгээнтнүүд энэхүү чуулганы шууд дамжуулалтаар үнэхээр “Түүнийг сонсохоор” адислагдсан билээ. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.