Мэдээ мэдээлэл

Дезерет олон улсын буяны байгууллага (DICO) зөөлөн эдлэл, гал тогооны шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивлав

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага (ДОУЭБ) нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 3, 4, 5, 8, 9, 11 дүгээр цэцэрлэг, Ерөнхий боловсролын 11-р сургууль, Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд зөөлөн эдлэл болон гал тогооны шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивлалаа.

Энэхүү арга хэмжээнд Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Нарангэрэл, Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Е.Алтангэрэл, ДОУЭБ-ын Орон нутгийн удирдагч Д.Мартболд, Олон нийттэй харилцах албаны захирал С.Насанболд, Төслийн захирал Д.Пүрэвжаргал, төслийн хүрээнд хамрагдсан сургуулиуд, цэцэрлэгийн удирдлагууд оролцов.

Хэрлэн сумын 11-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Оюунчимэг:

“ДОУЭБ-ын зүгээс манай цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчилж байгаад бид маш их баяртай байна. 2013 оноос хойш ашиглаж байсан хуучин тоног төхөөрөмжүүд маань бүрэн элэгдэж, засвар авах боломжгүй болсон байсан. ДОУЭБ-д хүсэлтээ гаргасны дагуу өнөөдөр бид 7 нэр төрлийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээн авч, хүүхдийн хоол үйлдвэрлэлээ шинэ шатанд гаргаж чадлаа. Хүүхдийн хоол хүнс нь бага насны хүүхдийн эрүүл өсөлт, хөгжилд маш чухал үүрэгтэй” хэмээн талархлаа илэрхийлсэн билээ.

Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат:

“Төсвийн хөрөнгөөр зарим асуудлуудыг бүрэн шийдвэрлэх боломжгүй байдаг. Харин энэ удаад ДОУЭБ-аас гал тогооны тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл зэрэг хүүхдүүдэд шууд үр өгөөж нь очих, хүртээмжтэй хэрэгцээт зүйлсийг шийдэж өгсөнд гүн талархал илэрхийлье” хэмээв.

Mong6.jpgDownload Photo

Энэхүү хандив нь Дорнод аймаг, Хэрлэн сумын удирдлагууд болон ДОУЭБ-ын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй бөгөөд “Үдийн цай” хөтөлбөрийг дэмжих, цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчныг эрүүл, аюулгүй болгох, ажилчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага нь дэлхийн хэмжээнд хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж, боловсрол, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, өөртөө туслах чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Монгол Улсад хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн салбарт оруулж буй тус байгууллагын бодит хувь нэмэр бөгөөд ирээдүйн эзэд болсон бяцхан хүүхдүүдэд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.

Монголын ард түмний төлөөх сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.