Soares2528.jpg
Мэдээ мэдээлэл

Ахлагч Үлиссэс Соарэс Есүс Христэд итгэх итгэлийг Монгол ба Японд түгээв 

Төлөөлөгч Азийн хойд бүсийн хожмын үеийн гэгээнтнүүд дээр айлчлах үеэр Монголын гишүүдэд “Есүс Христ ба Түүний Цагаатгагч золиослол дээр төвлөрөх нь аз жаргалтай амьдралын замнал юм” хэмээн зөвлөв. 

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэс Монгол улсад 2024 оны 5-р сарын 18-19-нд айлчлав. Тэрээр сүмийн удирдагчид ба гишүүдтэй уулзаж, Христийн илүү сайн шавь байхыг урамшуулсан заавар захиасыг өгсөн. Ахлагч Соарэс 5 сарын 18-ны Бямба гарагт болсон удирдагчдын хуралдаанд алс газраас ирсэн удирдагчдад хандан “Хуралдаандаа оролцохын тулд олон зүйлийг золиосолсныг тань бид мэднэ. Та нар эхэн үеийн анхдагч нарын адилаар Их Эзэн болон Түүний сэргээгдсэн сайн мэдээний төлөө хамгийн сайнаараа хичээж байна” гэсэн юм. 

Ням гарагт болсон Улаанбаатар Зүүн ба Баруун гадасны онцгой чуулганд 1000 орчим гишүүд оролцов. Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн Ахлагч Жон А.Маккюн Их Эзэн Өөрийн ажлыг Монголд хэрхэн урагшлуулж буй талаар ийн хуваалцахдаа, “Энэ бол Монголын хувьд онцгой цаг үе болж байна. Засгийн газар ба бусад шашны удирдагчидтай бид харилцаагаа өргөжүүлсэн, шинэ ариун сүм зарлагдсан, мөн номлогчийн ажил гайхалтай арга замаар өссөөр байна” гэжээ. 

Elder-Soares-Asia-North-2Download Photo

Ахлагч Соарэс Бурхан Монголын гишүүдийг хайрладаг учраас ариун сүм зарлагдсан гэдгийг хуваалцаад Их Эзэний өргөөнд орж, авралын ёслолуудыг хүлээн авч, Их Эзэнтэй гэрээ байгуулахад бэлдэхийг чухалчлав. Тэрээр гишүүдийг Аврагч дээр төвлөрөхийг урамшуулж, “Есүс Христтэй харилцах харилцаагаа хүчирхэгжүүлэхээс илүү Сүнсийг урьдаг зүйл үгүй” хэмээн хэлсэн. 

Төлөөлөгч Монголын гишүүдэд дараах үдэлтийн үгсийг хэлж айлчлалаа өндөрлөсөн, “Монголд өнгөрүүлсэн энэ хоёр өдрийг би насан туршдаа сайхнаар дурсана. Та бүгдийн Их Эзэнд итгэх итгэлийг би мартахгүй. Дэлхийг гэрэлтүүлж байгаад чинь баярлалаа. Надад Христийн илүү сайн шавь байх хүсэл төрүүлсэнд баярлалаа. Аврагчийг сайн төлөөлж байгаад тань талархлаа. Би та нарт бүгдэд нь хайртай.” 

Монгол дахь айлчлалын дараа Японы Киото гадасны Шимогамо тойрогт Ахлагч Соарэстэй хамт гэр бүлийн үдшийн онцгой цугларалт зохион байгуулагдав. Энэхүү цугларалтыг Осака гадасны төв ба Кобэ гадасны төвд цугларсан гишүүдэд шууд дамжуулсан юм. Хөгжмийн онцгой дууны дараа Ахлагч Соарэс гишүүдтэй мэндлээд, “Би Японд та бүхэнтэй уулзахыг ихэд догдлон хүлээж байлаа” хэмээв. Тэгээд тэр Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны Сүмийн гишүүдийг хайрлах хайр бүхий захиасыг хуваалцсан юм. Тэрээр хэлэхдээ “Бошиглогч `би та нарт хайртай` гэж хэлж байвал тэрээр бидний аз жаргал, сайн сайхны төлөөх хүслээ илэрхийлж байгаа хэрэг юм” гэсэн. Түүний хайр бол Өөрийн амийг бидний төлөө золиосолсон Их Эзэний хайртай төстэй юм.” 

Гэр бүлийн үдшийг асуулт хариулт маягаар явуулсан бөгөөд Ахлагч Соарэс, Ахлагч Ж.Кимо Эсплин, Эсплин эгч болон бусад хүмүүс оролцож, асуултад хариулав. Эхний асуулт нь “Өсвөр үеийнхнийгээ гэрээний зам дээр үлдэхэд нь туслахын тулд тэдний итгэлийг хүчирхэгжүүлэхэд юу хэрэгтэй вэ?” байв. Ахлагч Соарэс эцэг эхчүүдэд хүүхдүүдээ гэрэл ба үнэнд өсгөхийн чухлын талаар Сургаал ба Гэрээ 93:40 дээрх Их Эзэний Иосеф Смитэд өгсөн илчлэлийг сануулсан. Сүмийн удирдагчид ба эцэг эхчүүд өсөж буй үеийнхэнд Есүс Христийн сайн мэдээнд итгэл ба хувийн гэрчлэлийг хөгжүүлэхийн тулд хүчин чармайлтаа нэгтгэх хэрэгтэй. Ахлагч Соарэс “Хүчирхэг итгэл ба гэрчлэл нь энэ амьдралдаа илүү сайныг үйлдэх урам зориг, дайсны довтолгооноос хамгаалах нэвтэршгүй хэрэм болдог” хэмээн зөвлөв. Хэрэв эцэг эхчүүд гайхамшигт итгэж, итгэлтэй байж, гэрээнүүдээ сахиж, гэр орондоо сайн мэдээг эрч хүчтэй, зорилготойгоор дагахыг хичээж амьдарвал тэдний замаасаа хазайсан хүүхдүүдэд адислал юүлэгдэх болно хэмээх тайтгарлын амлалтыг өгсөн. 

“Мөнх бус амьдралын сорилтуудыг хэрхэн даван гарах вэ?” гэсэн бас нэгэн асуулт ирэв. Хариулт нь сүнслэг өнцгөөр харахтай холбоотой байв - бид зүрх сэтгэлээ Их Эзэнд уудалж, Түүнийг амьдралдаа уривал Тэр бидэнд Сүнсээ илүү арвин цутгаж, амьдралд тохиох аливаа асуудлыг даван гарахад тусална. 

Ахлагч Соарэс бошиглогчийг дагахын чухлыг сануулан, Сургаал ба Гэрээ 21:5 дээрх “Учир нь түүний үгийг та нар миний амнаас гарсан мэтээр бүхий л тэвчээр хийгээд итгэлд хүлээн авах ёстой,” мөн “Учир нь эдгээр зүйлүүдийг хийснээр тамын үүд та нарыг дийлэх нь үгүй; тийм ээ, мөн Их Эзэн Бурхан харанхуйн хүчийг та нарын өмнөөс сарниулж, мөн та нарын сайн сайхан хийгээд түүний нэрийн алдар суугийн төлөө тэнгэрийг сэгсрэхэд хүргэх болно” хэмээх амлалтыг хуваалцсан юм. (Сургаал ба Гэрээ 21:6) 

Монгол, Кобэ, Фүкүока, мөн Саппоро номлолын номлогчдод хандан үг хэлж, Киото, Хирошима, Фүкүока, мөн Саппоро дахь орон нутгийн гишүүдтэй хамт онцгой цугларалт хийхэд хэдэн өдрийг зарцуулсны дараа Ахлагч Соарэс Ахлагч Такаши Вада ба Вада эгчийн хамт 5-р сарын 26-ны Ням гаргийн үдээс хойших онцгой цугларалтад үг хэлэв. Энэ арга хэмжээ Америк тивээс Японд ихэвчлэн ажиллахаар ирсэн португал ба испани хэлээр ярьдаг сүмийн гишүүдэд тусгайлан төлөвлөгдсөн байлаа. 

Вада эгч ариун сүм дээр төвлөрч ярьснаар цугларалтыг нээв. Тэрээр Сургаал ба Гэрээ 128:13-ыг эш татаж, ариун сүмд байдаг баптисмын усан сан нь амьд хүмүүс цуглардаг газрын доор байрладаг нь бид нас барсан хүмүүс болон Тэнгэртэй Есүс Христээр дамжуулан холбогддогийг илтгэдэг хэмээн тайлбарлалаа. Вада эгч ариун сүмд орох болгонд өөрийнх нь төлөө Түүний хийсэн зүйлсийг сануулдаг гэв. 

Ахлагч Вада тэрхүү цуглаанд 220 латин гаралтай гишүүд биеэр цуглаж, 80 гаруй хүн онлайнаар оролцож байгааг онцолсон. 2013 онд түүнийг номлолын удирдагчаар үйлчилж байхад испани хэлээр ярьдаг номлогчид байдаггүй байв. Яваандаа латин хэлний бүлэг байгуулагдаж, өсөж томорсоор байгаа аж. Бусад улс орноос Япон улсыг зорьсон хүмүүс Их Эзэний зорилгоор тийш хөтлөгдсөн хэмээн Ахлагч Вада гэрчлэв. Сайн мэдээг хуваалцах олон боломж байх болно. “Өөрсдийгөө ариун сүмд орохуйц зохистой байлгахад би та бүхнийг уриалж байна”. Бурханы хүүхдүүд хэмээх өөрсдийн жинхэнэ мөн чанарыг олж мэдээрэй. Та өөрийгөө хэн гэдгийг ойлгож авбал юунд хүрч чадахаа мэдэх болно”  хэмээн тэр хэлсэн. 

Ахлагч Соарэс гишүүдэд онцгой цугларалтад ирэхийн тулд гаргасан золиослолд нь талархав. Харь улсад амьдрахын тулд хийх шаардлагатай өөрчлөлтүүд байдгийг тэрээр ойлгож байгаагаа дурдсан. Дэлхийн хүн ард, улс орны соёл, заншлууд ялгаатай байдаг ч гэлээ бид бүгдээрээ Бурханы хүүхдүүд учраас нэг л сүнслэг гаралтай гэдгийг тэрээр тайлбарлав. 

Тэрээр амьдралын сорилтуудыг хар шуурга, хуй салхи зэрэг байгалийн гамшигт үзэгдэлтэй зүйрлэсэн. Шуурга ойртоход бид аюулгүй байхын тулд нөмөр газрыг эрэлхийлдэг. Бидний амьдралд сүнслэг шуурга тохиоход бид Есүс Христ болон Түүний сэргээгдсэн сайн мэдээ бидэнд нөмөр болж чадна. Бид Түүний бошиглогч Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны удирдамжийг эрэлхийлдэг. Бид түүнийг сонсоод зогсохгүй, түүний зөвлөгөөг дагаж, тохиох шуургануудад өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй. 

Төлөөлөгч гишүүдийг “нэмээд багахан хичээж,” ариун сүмд очиж, Аврагчийг амьдралынхаа төвд байлгаж, Христийн адилаар амьдарч, гэрээнүүддээ сахихыг уриалснаар үгээ төгсгөв. Тэд ийнхүү үйлдсэнээр амьдралд нь хүчит гайхамшгууд тохионо хэмээн тэр амласан. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.