Шинэ хөрвөгчид, 11 настай хүүхдүүд, эргэн ирж байгаа гишүүд ‘өөр сүнслэг туршлага, өөр харилцаа холбоотой болж чадна’ гэж ахлагч Андэрсэн хэллээ.
2024 оны Ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдлагын зааварчилгааг одоо онлайнаар үзэх боломжтой бөгөөд жил тутмын сургалтын нэвтрүүлгийн энэ жилийн хувилбар нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн шинэ гишүүдэд ариун сүм дотор эерэг туршлагатай болоход нь хэрхэн туслахад төвлөрчээ.
Энэ жилийн зааварчилгааны видеонд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын Ахлагч Нийл Л.Андэрсэн: “Миний мэдэрч байдаг зүйлүүдийн нэг бол та нарын сайн мэдээнд үргэлж хөдөлгөөнтэй байдаг буюу алхам алхмаар урагшилж эсвэл холдож байдаг” явдал юм гэж хэлээд, “анх удаа ариун сүмд орох нь шинэ хөрвөгчийн хувийн хөрвөлт болон Их Эзэнтэй харилцах харилцааг шинэ цар хүрээтэй болгодог гэж нэмж өгүүлэв.
“Энэ мөчид тэд бүрэн хөрвөгдөөгүй байж болох ч тэд итгэж байгаа бөгөөд гэнэт өөр нэг сүнслэг туршлага, өөр нэг харилцаа холбоотой болох нь бий. Шат шатаар, алхам алхмаар тэднийг хөтлөх ямар сайхан арга зам бэ” гэж тэр хэлсэн
Сүмийн Ариун сүм, гэр бүлийн түүхийн ерөнхий удирдлагын зөвлөлийг бүрдүүлдэг ерөнхий эрх мэдэлтэн, ерөнхий албан тушаалтнуудын оролцсон энэхүү 28 минутын видео нэвтрүүлгээр ариун сүмд анх удаа орж байгаа хүмүүст, үүний дотор шинэ хөрвөгчид, 11 настай өсвөр үеийнхэн болон үйл ажиллагаанд буцаж ирж байгаа, идэвхгүй байсан гишүүдэд Их Эзэний өргөөнд хүч чадал, сүнслэг эерэг туршлага олж авахад нь хэрхэн туслах талаар ярилцав.
Зөвлөлийн ярилцлагыг үзэгчдэд жишээ болгон үзүүлэхээс гадна зааварчилгааны хэсэгт ариун сүмд анх удаа орж байгаа хүмүүст ариун сүм рүү авч явах нэрсийг буюу ёслолын ажлыг нь өмнөөс нь төлөөлөн гүйцэтгэх хүмүүсийн нэрсийг олоход туслахад нь удирдагчдад тус болох шинэ аргыг танилцуулах болно.
Жил тутмын зааварчилгааг удирдагчдад, түүнчлэн гэр бүлийн түүхийн ажилтай холбоотой дуудлага хүлээн авсан хүмүүст зориулсан хэдий ч хожмын үеийн гэгээнтнүүдийг бүгдийг нь үүнийг онлайнаар үзэхэд урьдаг.
Энэхүү зааварчилгааны хуралд ахлагч Андэрсэнтай хамт оролцож байгаа хүмүүс:
- Ахлагч Гэррит В.Гонг, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч
- Ерөнхийлөгч Сюзан Х.Портэр, Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгч
- Кристин М.Еий эгч, Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх
- Ахлагч Кэвин С.Хамилтон, Далын ерөнхий эрх мэдэлтэн, FamilySearch International удирдах зөвлөлийн дарга, Гэр бүлийн түүхийн хэлтсийн гүйцэтгэх захирал
- Ахлагч Кэвин Р.Данкэн, Далын ерөнхий эрх мэдэлтэн, Ариун сүмийн хэлтсийн гүйцэтгэх захирал
Ерөнхийлөгч Портэр нас барагсдын өмнөөс баптисм хүртэх боломжтой шинэ гишүүний үзэл бодлыг хуваалцав.
“Та өөрөө орж ирдэг эсвэл юутай ч шинэ амьдрал эхэлж байгаа мэт санагддаг мөн юуг ч сайн мэдэхгүй, тэгээд ариун сүм рүү явж, Их Эзэний өргөөнд тийм чухал ёслолд оролцох боломжтой болдог.
Хэдийгээр та сайн мэдээг хүлээж аваад удаагүй ч Сүмийн агуу ажлын нэгэн хэсэг гэдгээ мэдрэхэд тань Тэр танд хэрхэн туслахыг төсөөлж байгаа байх” гэж тэр хэлсэн.
Ахлагч Данкэн Их Эзэн болон ариун сүмийн талаар: “Энэ бол Түүний өргөө, энд тэд Түүнтэй ариун гэрээг байгуулдаг бөгөөд тэдэнд төрөх анхны сэтгэгдэл хамгийн сайн сайхан байхад нь туслах үүднээс чадах бүхнээ хийхийг Тэр бидэнд даалгасан” гэж нэмж өгүүлэв.
Гэрээнд харьяалагдах
Ахлагч Гонг “гэрээнд харьяалагдах” талаар ярьж, “бид Их Эзэнд гэрээгээр харьяалагддаг, бид нэг нэгэнтэйгээ гэрээгээр харьяалагддаг, мөн удирдагчдын хувьд анх удаа Их Эзэний өргөөнд орохоор бэлтгэж байгаа хүмүүст туслах онцгой боломж бидэнд бий,” ингэснээр тэдэнд эхнээсээ тав тухтай, танил дотно санагдаж чадна хэмээн тайлбарлав.
Тэрээр: “Бид тэдэнд ариун сүмийн зөвшөөрлийн бичгээ авахад нь төдийгүй хэрэгтэй бүх зүйлээр тусалж чадна, тэгснээр тэд Их Эзэнтэй болон өөрсдийн гэр бүлтэй мөн тойргийнхоо гэр бүлтэй холбогдон, гайхамшигтай мэдрэмж авах болно” хэмээн нэмж хэлэв.
Ахлагч Хамилтон шинэ хөрвөгчдийн ихэнх нь гэр бүлийнхээ нас барсан гишүүдийн төлөө тэдний өмнөөс баптисм хүртэхийг хүсдэг бөгөөд ихэнхдээ эмээ, өвөөгийнхөө өмнөөс хүртдэг гэдгийг Сүм олж мэдсэн гэж хэлэв. Тэрээр: “Бид үүнийг ургийн бичгийн судалгааны том асуудал болгох хэрэггүй гэж би бодож байна. Бид тэдэнд уг нэрийг ариун сүмийн ёслол гүйцэтгүүлэхээр ариун сүм рүү авч явахад нь л туслах хэрэгтэй” гэв.
Еий эгч ариун сүмийн туршлагыг хувийн болгох нь үүнийг энгийн байлгахад тусалдаг талаар: “Хэрвээ бидний оюун бодолд эмээ минь байгаа бол, хэрвээ бидэнд үүнийг техникийн үйл явц биш, хувийн шинжтэй болгоход туслах хүмүүс байгаа бол, энэ нь бидний зүрх сэтгэл, оюун ухаанд илүү энгийн зүйл болдог” гэж хэлсэн.
Шинэ гишүүд гэр бүлийнхээ насан өөд болсон гишүүдийн төлөө, тэднийг төлөөлөн баптисм хүртдэг талаар ахлагч Гонг: “Бид л зөвхөн Сүмийн гишүүд байх биш, харин бидний тусламжтайгаар гэр бүлийн бусад гишүүн маань одоо баптисм хүртэж, ёслолуудыг хүлээн авч байгаа гэдгийг мэдэхэд зарим тохиолдолд гүн гүнзгий, сэтгэл хөдөлгөм, сүнслэг мэдрэмж төрдөг. Мөн бид тэдэнтэй тэрхүү гүн гүнзгий, сүнслэг арга замаар холбогдсоноо мэдэрдэг” гэж хэлжээ.
Ахлагч Андэрсэн эхнэр Кати Андэрсэн нь хэрхэн хүүхэд бүрээ 12 нас хүрэхэд долоо хоногийн дотор, заримдаа бүр төрсөн өдрөөр нь ариун сүм явах төлөвлөгөө гаргахад нь тусалдаг байсан тухай ярив (тэр үед ариун сүмд ороход заавал 12 нас хүрсэн байх шаардлагатай байсан). Флорида мужид амьдардаг байсан ч хамгийн ойрхон орших Их Эзэний өргөө —Жиоржиагийн атланта ариун сүм — есөн цагийн зайтай газарт байдаг байв.
Одоо түүний ач, зээ нараас олон нь Юта мужид амьдардаг бөгөөд зарим нь ариун сүмээс хэдхэн км-ийн зайд амьдардаг.
Тэрээр Сүмийн удирдагчдад хүүхдээ харж хандаж байгаа сайн эцэг эхийн адилаар шинэ хөрвөгчдийг харж хандах мөн ариун сүмд орж болох насанд хүрч буй хүүхдүүдийг боломжийн хэрээр аль болох хурдан ариун сүм рүү авч явж байхыг санал болгосон. “Энэ нь 11 настай хүүхдийг бэлтгэх тухай зүйл бөгөөд тэд хэзээ ч мартдаггүй бас шинэ гишүүн хэзээ ч мартдаггүй.”
Видео: Шинэ хөрвөгчийн ариун сүмд анх удаа орсон туршлага
Энэхүү зааварчилгаанд бишоп шинэ хөрвөгчтэй хөрвөлтийнх нь талаар мөн анх удаа ариун сүм орсон туршлагынх нь талаар ярьж байгаа гурван минутын видео багтсан.
Бишоп шинэ эгчид ариун сүм рүү нэр авч явахад нь туслах энгийн үйл явцыг тайлбарлаж өгсөн ба уг шинэхэн хөрвөсөн эгч Их Эзэний өргөө рүү явах нь хэрхэн түүнд тайтгарах, Бурхантай холбогдох мөч байсныг тайлбарлав.
Ерөнхийлөгч Портэр уг видеонд “Аврагчтай гэрээнд харьяалагдах… гэдгийг онцолсон. … Би энэ нь түүнд Их Эзэний Сүмд болон Түүний өргөөнд байхад аюулгүй байдлын мэдрэмжийг төрүүлсэн гэж бодсон” гэв
Еий эгч Бурхан хожмын үеийн гэгээнтнүүдийг ариун сүмд ёслолуудыг гүйцэтгэснээр гэрээнд харьяалагдан, үүгээр дамжуулан Өөрт нь илүү ойр байгаагаа мэдрээсэй гэж хүсдэг хэмээн нэмж хэлэв.
“Энэ бол Түүний өргөө, бид Түүний хүүхдүүд мөн бид тэнд тэрхүү холбоог мэдэрдэг.”
Ахлагч Данкэн уг ажлын аль ч талд тусалснаар, үүний дотор бусдад тусалснаар хүн бүр адислагддаг гэдгийг онцлон заагаад, “Энэ бол зөвхөн тэдэнд туслах явдал биш юм. Их Эзэн ч бас хариуд нь тэр даруй бидэнд үргэлж адислалуудыг өгдөг” гэлээ.
Ахлагч Хамилтон Удирдагч, бичиг хэргийн ажилтны эх сурвалж хэсэгт байгаа Family Name Assist буюу Гэр бүлийн нэрийн тусламж гэдэг нэртэй шинэ тусламжийн арга замыг ашиглан, анх удаа ариун сүмд орж байгаа хүмүүст ёслол гүйцэтгүүлэхээр авч очих нэрс олоход нь туслах илүү амархан арга замыг танилцуулав.
Бишоп, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, ахлагчийн чуулгын ерөнхийлөгч зэрэг энэ шинэ арга зам руу нэвтэрч орох бүх хүн: “Та хэний төлөө ариун сүмийн ёслолыг гүйцэтгэхийг хүсэж байна вэ?” гэж асуугаад, тэрхүү нэрийг болон бага зэрэг мэдээллийг ашиглан гэр бүлийн нэрийн карт бүтээж, FamilySearch-д бүртгэл нээлгэн, уг нэрийг ариун сүм рүү явуулж ёслолыг гүйцэтгүүлэхээр төлөвлөхөд нь тусалж болно.
Ахлагч Гонг зөвхөн үйл явцад анхаарахгүй байхыг сонсогчдод сануулав.
“Гол нь Их Эзэнтэй хамт байж, ёслолуудаар дамжуулан Түүнтэй гэрээ байгуулах боломж юм. Удирдагч, найз, гишүүний хувьд бид энэхүү үйл явцыг чадахынхаа хэрээр энгийн болгодог. Анх удаа очиж байгаа тэдний хувьд бид үүнийг амархан болгож өгдөг.”
Амлалт ба төлөөлөгчийн адислал
Ахлагч Андэрсэн зөвлөлийн бусад гишүүнийг эцсийн бодол, гэрчлэлээ хуваалцахад урьсныхаа дараа, Бурханы селестиел хаант улсад хамтдаа дээшлэн ороход нэг нэгэндээ туслах нь, ялангуяа ариун сүмд анх удаа орж байгаа нэгэндээ туслах нь нэг бүрчлэн үйлдэх Их Эзэний ажил гэдгийг онцлон хэлсэн.
“Их Эзэний өргөөнд орох замаа олоход нь туслах хичээл зүтгэл бүр нь зөвхөн уг хүнийг адислаад зогсохгүй, таныг ч бас адисална гэдгийг би амлаж байна.
Энэ нь танай тойргийн гишүүдийг адислах болно” гэж тэр хэлэв.
“Таныг Сүмийн шинэ гишүүдтэй эдгээр түр зуурын адислалыг эдлэх үед таны Есүс Христэд итгэх итгэл, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг ойлгох ойлголт, үүнийг хайрлах хайр өсөн нэмэгдэх болно. Та нарыг ийн үйлдэж байгаа гэдгийг бид мэднэ, гэхдээ биднийг шинэ ах, эгч, дүүстээ хүрч үйлчлэн, тэдэнд туслах үед Аврагчид итгэх илүү агуу итгэлтэй болно гэсэн онцгой амлалтыг мөн энэхүү төлөөлөгчийн адислалыг би та нарт өгч байна.