Мэдээ мэдээлэл

Ерөнхийлөгч Өүкс, Айринг нар зөвлөлүүдэд ирдэг илчлэлттэй холбоотой 8 асуултад хариулав

Энэ түүхийг TheChurchNews.com сайтын зөвшөөрлөөр нийтлэв. Бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ашиглахыг хориглоно. 

Сидний Вокэр, Church News 

Өнгөрсөн жил Сүмийн мэдээний сайтад “Сүмийн удирдах газраар аялъя” нэртэй цуврал нийтлэгдсэн билээ. Уг цуврал дахь нийтлэл, подкаст, видеонууд нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн зөвлөлийн тогтолцоо, тэр дундаа Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын зөвлөл, ариун сүм, гэр бүлийн түүх, номлолын ажил, санваар ба гэр бүлүүдийг хариуцдаг гүйцэтгэх зөвлөлүүдийн талаар онцолсон. Мөн цуврал нь зөвлөлүүдэд ирдэг илчлэлтийг гадас, тойрог, гэр бүлүүдэд хэрхэн хэрэгжүүлж болохыг авч үзсэн. 

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс, Хэнри Б.Айринг нар зөвлөлүүдэд ирдэг илчлэлтийн талаар юу сурсан тухайгаа ярьсан ярилцлагыг доор оруулав. 

1. Есүс Христийн Сүмийг яагаад зөвлөлүүд удирддаг вэ?  

Church-Councils
Church-Councils
Cүмийн мэдээ, Сүмийн удирдах газраар аялъя: Зөвлөлийн тухай 8 видео Copyright 2021 Deseret News Publishing Company

Ерөнхийлөгч Өүкс: Иосеф Смит бошиглогчоор дуудагдах үедээ авралын төлөвлөгөөний талаарх анхдагч зарчим бол бидний Тэнгэрлэг Эцэг үүнийг Тэнгэр дэх агуу зөвлөл дээр танилцуулсан явдал юм гэдгийг дэлхийд болон бид бүхэнд хамгийн анх заасан гэдгийг би эхэлж хэлэхийг хүсэж байна. Тиймээс хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд зөвлөлүүд авралын төлөвлөгөөний үеэс эхэлсэн. 

2. Зөвлөлүүдийн хүч нь юу вэ?  

Ерөнхийлөгч Айринг: Зөвлөлүүдийн хүч нь голчлон зөвлөлүүд дэх хүмүүсийн итгэлээс ирдэг. Их Эзэнд хийхийг хүссэн ямар нэг зүйл байгаа гэдгийг тэд мэдэрсэн боловч юу болохыг нь хараахан мэдээгүй байгаа бол итгэлээрээ нэгдэн Түүний тааллыг олж мэдэх боломжтой. Гэхдээ энэ бол тэд шийдвэрийг гаргаж байгаа гэсэн үг биш юм. Хэрэв зөвлөл ажиллах ёстой арга замаараа ажиллаж байгаа тохиолдолд тэдний бүлгээр дамжин илчлэлт ирдэг. Миний хажууд сууж байгаа хүн бол гайхалтай үлгэр жишээ юм. Тэргүүн зөвлөлийн өмнө асуудал тулгарах бүрд түүнийг [Ерөнхийлөгч Өүкс] надаас арай өөрөөр шийдвэрлэхийг харах надад сонирхолтой байдаг. Тэгээд хэсэг ярилцсаны дараа бид үргэлж ижил зүйл дээр нэгддэг. 

Ерөнхийлөгч Өүкс: Яг тийм. Энэ бол зөвлөл хэрхэн ажилладаг тухай гайхалтай тайлбар юм. Хэрэв бид бодож байгаа зүйлээ хэлэх эрх чөлөөтэй бол … 

Ерөнхийлөгч Айринг: Мөн бусад хүн “Миний хараахан хүлээж аваагүй ямар нэгэн зүйлийг тэр Их Эзэнээс авсан байж магадгүй” эсвэл “Өө, энэ хоёрыг нэгтгэх арга байж магадгүй юм” гэсэн бодлоор сонсож байгаа бол … 

Ерөнхийлөгч Өүкс: Дээрх тохиолдлуудад үйл явц эв нэгдлээр дуусдаг бөгөөд эв нэгдэл Их Эзэнээс ирдэг. Энэ бол Их Эзэний биднийг адислах арга зам. Энэ нь гэрлэлт, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл эсвэл Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл эсэхээс үл хамааран бүгд бидний хамтран ажилладаг зөвлөлийн жишээ юм. Бид илчлэлтийг эрэлхийлж, нэгдмэл байдалд хүрч, адислалуудыг хүртэх шаардлагыг хангадаг. 

Ерөнхийлөгч Айринг: Тийм ээ. Бид өөр өөр үзэл бодолтойгоор нэгдэн цуглардаг. Бид аливаа асуудлыг харах үед би түүнийг шүүгч, гайхалтай хуульч байсныг мөн тэр миний олж харж чадаагүй зарим зүйлийг олж хардаг гэдгийг ухаардаг. Сонирхолтой нь хурлын дараа тэр “За, бид өөр саналтай ирсэн ч, эцэст нь нэгдээд гарч ирлээ” гэж хэлдэг. 

Ерөнхийлөгч Өүкс: Энэ үнэн. Энэ нь зөвлөл хэрхэн ажилладаг тухай сайн тайлбар юм. Тэр миний мэддэггүй олон асуудал, холбогдох баримтуудыг олж хардаг. Дараа нь би өөрийн шүүлт, үндэслэлийг хэрэгжүүлдэг ба бид үүнийг хийх явцдаа зөвлөлийг тэргүүлдэг хүнээр дамжуулан Их Эзэний тааллыг сонсдог. Энэ бол зөвлөлийн амин чухал хэсэг юм. 

Дашрамд хэлэхэд зөвлөл болгон шийдвэр гаргадаггүй. Тэргүүн зөвлөл бол шийдвэр гаргадаг зөвлөл. Харин зарим зөвлөл ярилцлага явуулдаг. Ерөнхийлөгч Айрингийн тодорхойлсон үйл явц дууссаны дараа шийдвэр гаргахын тулд зөвлөлийн саналыг хураах шаардлага байдаггүй. Заримдаа зөвлөл нь тойргийн зөвлөл дэх бишопын зөвлөл гэх мэт тэргүүлэх бүлэгт мэдээлэх зорилготой байдаг. Тэд нэг сэтгэл, оюунтай байж шийдвэрээ зөвлөлд танилцуулж магадгүй. Гэхдээ тэд “Бид зөвлөлөөрөө авч үзнэ” гэж хэлэх нь туйлын тохиромжтой ба тэднээс хүлээгдэж буй зүйл юм. 

Church-councils
Church-councils
Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс, Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг нар 2021 оны 6-р сарын 16-ны лхагва гарагт Солт Лэйк Ситид болсон ярилцлагын үеэр. Гэрэл зургийг Жэффри Д.Оллрэд, Church News-ийн зөвшөөрлөөр нийтлэв. Copyright 2022 Deseret News Publishing Company.

3. Сүм дэх зөвлөлүүд нь шашны бус нөхцөлд ажилладаг зөвлөлүүдээс юугаараа ялгаатай вэ? Зөвшилцөл, буулт хоёрын ялгаа нь юу вэ? 

Ерөнхийлөгч Айринг: Сүм дэх зөвлөлүүд нь илчлэлт дээр суурилдаг. Зөвшилцөл гэдэг нь би түүнтэй санал нийлэх ёстой гэсэн үг биш, харин түүнийг хангалттай сонсоод “хөөх!” гэж дуу алдахыг хэлнэ. Энэ нь түүний эсвэл миний санаа биш харин бидний хамтдаа харсан дундын зүйл байж магадгүй.  

Ерөнхийлөгч Өүкс: Зөвлөлд, оролцогчдод эсвэл тэргүүлэх албан тушаалтнуудад ирэх илчлэлтийн аль аль нь зөвлөлийн эцсийн зорилго гэдэг нь үнэн. Мөн манай зөвлөлүүд буулт хийхээсээ илүү зөвшилцөлд тулгуурлан ажилладаг. 

Буулт гэдэг нь би өөрийн гэсэн байр суурьтай, тэр өөрийн гэсэн байр суурьтай. Бид хэлэлцээ хийж, хүн бүр ямар нэг зүйл дээр буулт хийх гэсэн үг юм. Харин нөгөөтэйгүүр, дараагийн буюу илүү сайн алхам бол зөвшилцөл. Бид бүх тал дээр санал нийлэх арга замыг хайдаг. Бид өөрсдийгөө ямар нэг зүйлд бууж өгч байна гэж хардаггүй. Бид өөрсдийнхөө бодсон санаанаас ч илүү сайн шийдэл дээр санал нийлдэг.  

Бид зөвшилцөлд хүрсэн ч Их Эзэн Өөрийн үйлчлэгчдээр дамжуулан өөр зүйлийг төлөвлөж байж болно. Энэ нь шийдвэр гаргах цаг биш, эсвэл бид илүү нухацтай тунгаан бодох, өөр зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн үг. Үүнийг гурван түвшинтэй гэж бодож болно. 

Ерөнхийлөгч Айринг: Дашрамд хэлэхэд, түүний хэлж байгаа санаа бол ямар ч түвшинд ерөнхийдөө шийдвэр гаргагч байдаг. Би нэгэн удирдагчийн “Энд байгаа хүмүүсийн хэн нэг нь тодорхой саналд хараахан хүрээгүй байгааг би мэдэрч байна. Энэ асуудлыг дараа авч хэлэлцье” гэж хэлэхийг сонссон юм. Энэ үнэхээр сонирхолтой байгаа биз. Би ийм зүйл тохиолдохыг нэг биш удаа харж байсан.  

Ерөнхийлөгч Өүкс: Энэ бол тэргүүлэх албан тушаалтанд ирсэн маргаангүй зөвшилцлийг шийдвэрлэж буй илчлэлт юм. 

Ерөнхийлөгч Айринг: Тийм ээ, энэ нь зөвшилцөл гэж харагдаж байсан. Үнэндээ би Арван хоёр төлөөлөгчийн чуулгынхан цугласан хуралд анх удаа оролцох үедээ ажиглагчийн байр сууринаас харж байсан юм. Тэднийг би маш их санал зөрөлдөж байж зөвшилцөлд хүрсэн гэж бодсон. Мөн хурлыг тэргүүлж байсан Сүмийн ерөнхийлөгч “Энд байгаа хүмүүсийн хэн нэг нь тодорхой саналд хараахан хүрээгүй байгааг би мэдэрч байна. Энэ асуудлыг дараа авч хэлэлцье” хэмээн хэлсэн юм. Тэднийг өрөөнөөс гарах үед ах нарын нэг нь буюу Арван хоёрын нэг гишүүн “Баярлалаа” гэж хэлж билээ. Тиймээс тэр үүнийг мэдэрсэн байж. 

Дашрамд хэлэхэд энэ бол маш өндөр жишиг юм. Бошиглогч энэ зөвшилцөл нь зүгээр л эв нэгдэлтэй байхын тулд биш, харин тэд үнэхээр нэг шийдвэрт хамтдаа хүрэхээр зөвшилцөж байгаа гэдгийг мэдэрдэг учраас шийдвэр гаргах бүлгийн хувьд хангалттай зөвшилцөх нь чухал.  

Ерөнхийлөгч Өүкс: Үүнтэй ижил зарчмын өөр нэг жишээ хуваалцъя. Энэ бол зөвлөлд хэрхэн оролцох талаар суралцаж байхдаа миний олж авсан туршлага юм. Би 20 гаруй настай байхдаа Чикагогийн Өмнөд гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр дуудагдаад байв. Анхны хурлуудын нэгэнд гадасны ерөнхийлөгч маань “Бид гадасны төв байр барих хэрэгтэй” гэж хэлэв. Манай гадас 12, 13 нэгжтэй атлаа хоёрхон цуглааны байртай байсан юм. Тэр “Бид олон тойрог цугларч болохуйц гадасны төв барих хэрэгтэй” гэж хэллээ. Энэ бол гадасны ажил хэргийн зөвхөн нэг хэсэг нь байв. Манай гадас уртаашаа 160 гаруй км, өргөөшөө 130 орчим км талбайг хамардаг том гадас байв. Тиймээс “Та үүнийг хаана барья гэж бодож байна вэ?” гэсэн асуултыг хамгийн түрүүнд түүнээс асуулаа. Тэр “Бид гадасны төвөө Нэйпэрвиллд барих ёстой гэж би бодож байна. Та нар юу гэж бодож байна?” гэхэд нэгдүгээр зөвлөх үүнийг сайхан санаа гэж бодож байгаагаа хэлэв. Харин би “Тааруухан санаа байна” гэж хариулсан юм.  

Church-councils
Church-councils
Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс 2021 оны 6-р сарын 16-ны лхагва гарагт Солт Лэйк Ситид болсон ярилцлагын үеэр ярьж байгаа нь. Гэрэл зургийг Жэффри Д.Аллрэд, Church News-ийн зөвшөөрлөөр нийтлэв.Copyright 2022 Deseret News Publishing Company.

Дараагийн долоо хоногийн хурал дээр би санал нийлж байгаагаа илэрхийлсэн. Зөвлөл өөрийн гэсэн зорилготой байсан. Тухайн үеийн зөвлөлийн зорилго нь нэг сэдвийг танилцуулж, намайг залбирахад түлхэц өгөх явдал байсан юм. Илчлэлтийн ач тусаар би тэдэнтэй нэгдэж чадсан. Бидэнд Их Эзэний таалал буюу эв нэгдэл байсан. Тэгээд гадасны төв маань баригдсан юм. Тийм ээ, та үүнийг Чикагогийн баруун захаас олж харах болно. Энэ нь миний байх ёстой гэж бодсон газар биш, харин Их Эзэний хүссэн газар баригдсан юм. 

Ерөнхийлөгч Айринг: Таны оруулсан хувь нэмэр бол “Та андуурч байна” гэсэн хариултыг сонсох боломжтой байсан явдал юм байна. 

Ерөнхийлөгч Өүкс: Тийм ээ, энэ нь маш тодорхой байсан. Энэ бол зөвлөлөөр хэлэлцсэний үр дүн юм. Зөвлөлүүд үргэлж зөвшилцөл эсвэл илчлэлтэд шууд хүрдэггүй. Гэхдээ тэд ажлыг урагшлуулдаг. 

Ерөнхийлөгч Айринг: Үнэн хэрэгтээ, аливаа зөвлөлийн агуу удирдагч энэ тал дээр маш мэдрэмтгий байдаг тул санал нэгдэх, зөвшилцөхийг хүчилдэггүй, харин зөвшилцөлд хүрэх хүртэл нь хүлээдэг. 

Ерөнхийлөгч Өүкс: Гадасны ерөнхийлөгч маань “Их Эзэн надад Нэйпэрвиллд барих ёстой хэмээн хэлсэн, та нар намайг дэмжих үү?” гэж хэлээгүйд нь би үргэлж талархдаг. Хэрэв тэгсэн бол би “Тийм” гэж хариулах байсан. Би түүнийг дэмжих байсан. Гэхдээ зөвлөлийн үйл явц гүйцэлдээгүй байсан. 
  

4. Зөвлөлийн гишүүн бүрийн дуу хоолойг сонсох нь яагаад чухал вэ? 

Ерөнхийлөгч Өүкс: Би хаа нэгтээ “Зөвлөгөө арвин газарт мэргэн ухаан байдаг” гэсэн зарчмыг сонссон юм. Заримдаа та үр дүнд хүрч чадах хүмүүстэй хамт байдаг. Заримдаа та зүгээр л асуудлыг танилцуулах хэрэгтэй. Дараа нь энэ нь бусад, олон хүний санал бодол, ойлголтыг асуух шалтгаан болдог. 

Ерөнхийлөгч Айринг: Илүү олон хүнтэй байхын нэг давуу тал нь мэдээжийн хэрэг хэрэв тэд ижил илчлэлт авсан бол эцсийн шийдвэрийг илүүтэй дэмжих болно. Тиймээс энэ бол зөвлөлийн агуу удирдагч бусдыгаа хүлээдгийн нэг шалтгаан юм. Учир нь тэд бодитой, урам зоригтой зөвшилцөлд хүрч чадвал тэд үүнийг хэрэгжүүлэхэд илүү их дэмжлэг үзүүлэх болно. Гэхдээ хэрэв та үүнийг туйлшруулж “удах тусам илүү их баяр баясгалантай болно” гэвэл маш их хугацаа шаардах ба хүмүүсийг цөхрүүлэх болно. Ихэнхдээ хүмүүст хэсэгхэн хугацаа шаардлагатай байдаг. 

Үнэндээ бид Тэнгэр дэх зөвлөлийн талаар байнга эш татдаг. Хэрхэн үүссэнийг санаж байна уу? Тэнгэрлэг Эцэг төлөвлөгөөгөө танилцуулсан. Үнэн хэрэгтээ тэд зөвшилцөлд хүрч чадаагүй төдийгүй гуравны нэг хэсэг нь үүнийг орхисон. Тэнгэр дэх зөвлөлийн зорилго нь зөвшилцөлд хүрэх байсан гэж би бодохгүй байна. Энэ нь хүмүүст боломж байгаа гэдгийг мэдүүлэх зорилготой байсан. Гэхдээ энэ бол өөр зүйл. Тэнгэрлэг Эцэгт санал авах зөвлөл байгаагүй. Тэрээр хүмүүст “Би зөвшөөрч байна” эсвэл “Би зөвшөөрөхгүй байна” гэж хэлэх боломжийг олгохыг хүссэн. 

church-councils
church-councils
Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс, Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг нар 2021 оны 6-р сарын 16-ны лхагва гарагт Солт Лэйк Сити дэх ажлын өрөө рүүгээ алхаж байна. Гэрэл зургийг Жэффри Д.Оллрэд, Church News-ийн зөвшөөрлөөр нийтлэв. Copyright 2022 Deseret News Publishing Company.

Ерөнхийлөгч Өүкс: Энэ асуулт бол миний гайхан харж, илүүтэй ойлгохыг хүсдэг зүйл юм. Их Эзэн Өөрийн Сүмийг тодорхой арга замаар зохион байгуулсан ба энэ нь Түүний бүрдүүлсэн зөвлөлүүдэд өсөлт хөгжлийг бий болгодог. Энэ бол Түүний зам ба бид үүнийг дагадаг. Харин бид үүний шалтгааныг үргэлж ойлгоод байдаггүй. Сүм дэх шатлалын дээд хэсэгт гурван хүний зөвлөл байдаг нь сонирхолтой биш гэж үү. Дараагийн шатлал нь арван хоёр хүний зөвлөл юм. Сүмийн бусад байгууллагыг авч үзвэл бишопын зөвлөл гурван хүнээс бүрддэг ба би үүнээс мэргэн ухааныг олж хардаг. Гэхдээ бидэнд шалтгааныг бус, харин загварыг нь өгсөн. 

Ерөнхийлөгч Айринг: “Их Эзэн яагаад үүнийг Өөрийн арга замаар хийдэг бүх шалтгааныг бид хараахан мэдэхгүй” гэж хэлэх нь зүйтэй байх. 

5. Та хоёр өмнө нь ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонтой Арван хоёр төлөөлөгчийн чуулгад үйлчилж байхдаа мөн одоо Тэргүүн зөвлөлд үйлчлэхдээ түүний удирдлагаас юу сурч мэдсэн бэ? 

Ерөнхийлөгч Өүкс: Ерөнхийлөгч Нэлсоныг Сүмийн ерөнхийлөгчөөр дуудагдахаас өмнө, мөн би өөрөө Тэргүүн зөвлөлд дуудагдахаасаа өмнө ойролцоогоор 34 жил түүний дэргэд суусан. Арван хоёрын чуулгад байхдаа ерөнхийлөгч Нэлсон Арван хоёр төлөөлөгчийн зөвлөлийн гишүүн байсан. Тэр шийдвэр гаргагч биш байсан. Ерөнхийлөгч Нэлсонтой хамт үйлчилж байхдаа миний сурсан зүйл бол Их Эзэний нөмрөг түүн дээр тогтох үед тэрээр өөр хүн болж, Их Эзэний бошиглогч, сэргээгдсэн Сүмийн ерөнхийлөгч, Сүмийн эцсийн шийдвэр гаргагч болсон явдал юм. Арван хоёрын чуулгад түүний дэргэд 34 жил сууж байснаас хавьгүй өөр арга замаар шийдвэр гаргаж, зөвлөгөө өгч байгааг би харж байна. 

Ерөнхийлөгч Айринг: Би гурван Тэргүүн зөвлөлд үйлчилсэн ба ерөнхийлөгч бүр өөр өөр арга барилаар удирдаж байсан гэж хэлмээр байна. Гэхдээ тэд зөвлөхүүдээ асар их хүндэтгэж, тэдний үзэл бодлыг мэдэхээр эрэлхийлдэг гэдгээрээ нийтлэг байсан. Бүгд л тийм байсан. Тэд маш өөр хэв маягтай, тэс өөр хүмүүс. Тэдний зарим нь бидэнд тодорхой үүрэг даалгавар өгсөн. Харин зарим нь тэгээгүй. Тэдний нийтлэг зүйл бол биднээс зөвлөгөө авахыг маш их чухалчилдаг байсан. Тэдэнд бидний зөвлөгөө хэрэгтэй байдаг гэж бодохгүй л байна. Бид нэг их өөрчлөлт хийсэн гэж хэзээ ч надад санагдаж байгаагүй, гэхдээ тэд үнэхээр гайхалтай сайн байсан. Ерөнхийлөгч Нэлсон үүнийг хийхдээ гарамгай. Хэрвээ би ярихгүй бол тэд “Хал, чамд ямар нэгэн санаа байх шиг байна. Юу юм бэ? Ярь л даа” гэж хэлнэ. Тэд бүгдээрээ яг л ингэж хэлнэ. 

Church-Councils
Church-Councils
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон болон түүний нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс, хоёрдугаар зөвлөх ерөнхийлөгч Хэнри Б.Айринг нар мягмар гаргаас баасан гаргийн хооронд өдөр бүр болдог Тэргүүн зөвлөлийн хуралд Солт Лэйк Сити дэх Сүмийн удирдах газрын байранд 2021 оны 6-р сарын 16-ны лхагва гарагт оролцож байгаа нь. Сүмийн удирдах газрын байр нь 1913-1917 оны хооронд баригдсан. Гэрэл зургийг Жэффри Д.Аллрэд, Church News-ийн зөвшөөрлөөр нийтлэв. Зохиогчийн эрх 2021 Deseret News Publishing Company.

6. Удирдлагын өөр ямар чанарууд зөвлөлүүдийг сайн ажиллахад тусалдаг вэ? Зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд тэргүүлж буй хүн юу хийж чадах вэ? 

Ерөнхийлөгч Өүкс: Нэг чанар нь зөвлөлийн гишүүдэд хүндэтгэлтэй хандах явдал юм. Ерөнхийлөгч Айринг үүнийг маш сайн тодорхойлсон. Харин өөр нэг нь хүн бүрд үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгох зөвлөлийн зарчмын талаарх ойлголт юм. Ялангуяа олон хүнтэй зөвлөлд үүнийг анхаарч үзэх хэрэгтэй. Мэргэн ухааны хамгийн сайн тал бол жижиг сажиг зүйл бүрийн талаар өөрийн үзэл бодлыг илэрхийлэхээс зайлсхийж, эрэлхийлж буй үр дүн, илчлэлтдээ жинхэнэ хувь нэмэр оруулах зүйлд цаг заваа зориулах явдал юм. Зөвлөлийн гишүүдийн хувьд цаг хугацаа, тэргүүлж буй удирдагч, тэнд буй бусад хүнтэй хүндэтгэлтэй хандах нь чухал. 

Ерөнхийлөгч Айринг: Мэдээжийн хэрэг, бид маш олон удаа хэлсэнчлэн ямар нэгэн зүйл сурч магадгүй гэсэн хүлээлттэйгээр бие биеэ сонсож байж л үр дүнд хүрнэ. Энэ нь удирдагч, зөвлөлийн гишүүн бүрийн хувьд адилхан үнэн юм. Өөр хэн нэгний туршлага, үзэл бодлоор дамжуулан Их Эзэн Өөрийн ажлыг танд илүү тодорхой илчлэх боломжуудад нээлттэй байж, сонс. Бодитоор санал нэгдэхэд цаг хугацаа ордог тул хэцүү байдаг. 

Өөр нэг чанар нь та зөвлөлийнхний өмнө хийж болохуйц зүйлсийг гаргаж тавих ёстой. Хэрэв энэ нь маш төвөгтэй, 30 зүйлээс бүрдсэн урт хөтөлбөртэй бол та нэг их зүйлийг амжуулж чадахгүй. Хүн бүрд өөрийн мэдрэмжийг илэрхийлж, илчлэлт авахыг хичээх боломж олгохын тулд та аль болох хэлэлцэх асуудал дээрээ төвлөрөх хэрэгтэй. Хэлэлцэх асуудал нь маш их өөрчлөлтийг авчирдаг. 

Ерөнхийлөгч Өүкс: Ерөнхийлөгч Айринг маш чухал санааг хэллээ. Зөвлөлийн үйл ажиллагаа үр дүнтэй байх эсэх нь ерөнхийдөө удирдаж буй хүн хэлэлцэх асуудлаа нухацтай тогтоож, түүнийгээ дагаж мөрдөхөөс ихээхэн шалтгаалдаг гэж би боддог. 

Ерөнхийлөгч Айринг: Би амьдралдаа дөрвөн дээд зөвлөлд үйлчилсэн бөгөөд заримдаа шөнийн 11 цагийн үед “Бид энэ олон зүйлийн талаар ярих ёстой байсан уу” гэж боддог байлаа. 

Ерөнхийлөгч Өүкс: Би бас заримдаа ижилхэн зүйлийг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд болон дээд зөвлөлийнхөндөө хэлдэг байж билээ. “Одоо 23 цаг болж байна, миний туршлагаас үзэхэд Их Эзэний Сүнс 22 цагт харьдаг. Тиймээс завсарлах нь зөв биш гэж үү?” гэх зэргээр санаагаа илэрхийлдэг байсан. 

Ерөнхийлөгч Айринг:  Хэлэлцэх асуудал нь удирдагчид хүмүүст үг хэлэх боломжийг олгож, улмаар жинхэнэ зөвшилцөлд хүрэхийн тулд хангалттай хугацаа зарцуулж, хамтарсан илчлэлтийг авахад ихээхэн нөлөөлдөг.  

Church-councils
Church-councils
Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг 2021 оны 6-р сарын 16-ны лхагва гарагт Солт Лэйк Ситид болсон ярилцлагын үеэр ярьж байгаа нь. Гэрэл зургийг Жэффри Д.Аллрэд, Church News-ийн зөвшөөрлөөр нийтлэв. Зохиогчийн эрх 2022 Deseret News Publishing Company.

7. Сүмийн удирдах газарт бүх зүйлийг зохицуулдаг энэхүү зөвлөгөөний загвар нь гэр бүлүүдийг ч мөн адил адисалж, хүчирхэгжүүлж чадна. Гэр бүл дэх зөвлөгөөний хүч чадлын талаар та ярихгүй юу? 

Ерөнхийлөгч Өүкс: Зөвлөлдөх зарчим нь эхнэр, нөхөр хоёрын хоорондын харилцаа, тэдний эцэг эхийн хувьд хүүхдүүдтэйгээ эсвэл тэдэнтэй хамт амьдарч буй бусад хүнтэй харилцах харилцаанаас өөр хаана ч илүү чухал биш юм. Илчлэлт эрэлхийлэх, хэлэлцэх асуудлын дарааллыг үндэслэлтэй тогтоох, хүн бүрийг сонсохыг эрэлхийлэх, ярилцлага юуны тухай, хэн тэргүүлж буй талаар чиг үүргийг ойлгомжтой тодорхойлох зэрэг бидний ярьсан бүх зарчим Сүмийн аливаа байгууллагад ач холбогдолтой байдгийн адил гэр бүлд ч мөн адилхан хэрэгжиж болно.  

Ерөнхийлөгч Айринг: Үнэнийг хэлэхэд, гэр бүлийн зөвлөл нь хүүхдийн наснаас хамаардаг учраас би энэ асуултад дуртай. Бид ярилцаж байгаа энэхүү зорилгодоо гэр бүлээрээ хэр зэрэг хүрч чадах вэ гэдэг дээр бодит хязгаарлалтууд тулгардаг. Гэхдээ бусдыг болон бие биеэ сонсож, хүндэл. Эхнэр нөхөр хоёр бие биеэ сонсож, итгэлтэй байдаг уу? Эцсийн эцэст тэд шийдвэр гаргах ёстой бөгөөд хүүхдүүд үүнд оролцдоггүй байж магадгүй юм. Бидний ярьж буй зүйлийг хэрэгжүүлэх нь ялангуяа “Би өсвөр насны гурав, бага насны хоёр хүүхэдтэй. Одоо бид хамтарсан илчлэлт авахын тулд энэ талаар ярилцах гэж байна” гэж хэлэхээр нөхцөл байдалтай гэр бүлүүдийн хувьд үнэхээр бэрх гэж би боддог.  

Ерөнхийлөгч Өүкс: Эцэг, эхээ хүндэл гэдэг тушаал бол гэр бүлийн зөвлөлийн хувьд чухал тушаал юм. Цөөнгүй гэр бүлийн зөвлөлийг бэлэвсэн эхнэр, нөхөр эсвэл ганц бие эцэг, эх хариуцдаг гэдгийг санацгаая. Ийм тохиолдлуудад тохируулга хийхийг шаарддаг ба эцэг эхээ хүндэтгэх нь үүний маш чухал хэсэг юм. 

Church-councils
Church-councils
Cүмийн мэдээ, Сүмийн удирдах газраар аялъя: Гадас, тойрог, гэр бүлийн зөвлөлүүдийг илүү үр дүнтэй болгоход туслах 8 зарчим Copyright 2021 Deseret News Publishing Company.

Ерөнхийлөгч Айринг: Зөвлөгөөнийг гэр бүлдээ хийх нь хэцүү хэдий ч та хичээх хэрэгтэй. Зөвлөлийн сүнсийг чадах чинээгээрээ байлгахыг хичээ. “За, би хурал зарлаж байна” гэж хэлэхийн оронд өсвөр насны хүүхдүүдтэйгээ зүгээр л хамт суугаад “Бид одоо зөвлөлдөх гэж байна” хэлсэн нь хамаагүй дээр гэж би бодож байна. 

Ерөнхийлөгч Өүкс: Өсвөр насны хүүхдүүдтэйгээ зөвлөлдсөн хамгийн сайхан үе нь хоолны ширээний ард байсан. Манайх бүгд оройн хоолон дээрээ байх ёстой гэсэн дүрэмтэй бөгөөд онцгой тохиолдолд эхнэр бид хоёр зөвшөөрөл олгодог байв. Энэ үед телевиз, радио огт асаахгүй. Одоогийнхоор бол гар утсаа үзэхгүй гэсэн үг. Тэр бол гэр бүлээрээ ямар нэгэн тааламжтай зүйлийн төлөө цуглардаг мөч юм. Манай зөвлөл магадгүй таны мэддэг өөр төрлийн зөвлөлүүд шиг албан ёсны байгаагүй ч бид оройн хоолон дээр албан ёсны зөвлөлөөс илүү олон зүйлийг амжуулдаг байсан. 

Ерөнхийлөгч Айринг: Үнэндээ манай оройн хоол маш сонирхолтой байдаг байсан. Манай гэр бүлийнхэн санаа бодлоо чөлөөтэй солилцдог байсан тул намайг тэргүүлэх бишоп [Робэрт Д.]Хэйлстэй Тэргүүлэх бишопын зөвлөлд зөвлөхөөр нь үйлчилж байх үед тэр “Чи хаана ийм сайн ярьж сурсан юм бэ?” хэмээн асууж билээ. Түүний хариуд би “Хоолны ширээнийхээ ард” хэмээн хариулсан. Гэр бүлээрээ ширээний ард суух нь танд хэр зэрэг бусадтай хамтран ажиллаж, зөвлөлдөж чадахаа мэдэж авах боломжийг олгодог нь үнэн.   

Councils-part-2
Councils-part-2
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулга долоо хоног бүрийн хурлаа хийж байгаа нь. 2021 оны 5-р сарын 11-ний мягмар гараг, Солт Лэйк Сити дэх Сүмийн удирдах газрын байр. Зохиогчийн эрх 2021 Deseret News Publishing Company.

8. Зөвлөл дэх Аврагчийн үүрэг юу вэ? 
Ерөнхийлөгч Айринг: Тэр бүх зөвлөлийг удирддаг байвал хамгийн тохиромжтой. Энэ бол таны зөвлөлдөх үедээ санаж байх зүйл юм. Удирдагч үүнийг мэдэрч, гишүүн бүр “Энэ бол Түүний зөвлөл. Түүний санаа бодлыг олж мэдэцгээе” гэж хэлдэг болохын төлөө найд. Энэ нь бага зэрэг хэтрүүлэгтэй мэт боловч таны асуултын үнэн хариулт гэдэгт би итгэж байна. 

Ерөнхийлөгч Өүкс: Энэ бол гайхалтай зарчим. Миний санаж байгаагаар хамтдаа зөвлөлдөхтэй шууд хамааралтай судрын сургаал байхгүй. Аврагчийн тухай бидний хамгийн сайн мэддэг зүйл бол Тэр бидэнд заасан баримт юм. Жишээлбэл, Мормоны Номын 3 Нифай дээр Тэрээр Арван хоёр төлөөлөгчөөр дуудагдсан хүмүүст зарим зүйлийг заасан тухай маш тодорхой бичсэн байдаг. Дараа нь Тэр цугласан олон руу эргэж, тэдэнд заасан. Энэ нь зөвлөлдөх зарчмуудыг тодорхой хэмжээгээр харуулж байна. Тэрээр тодорхой албан тушаалд дуудагдсан хүмүүст хэлэхээр сонгосон зүйлээ хүн бүрд хэлээгүй юм. 

Ерөнхийлөгч Айринг: Бас нэг зүйлийг хэлье. Тэр бүх зүйлд Өөрийн гэсэн санаа бодолтой байдаг гэж би боддог. Аврагч Самуелд “үүнийг бич” хэмээн хэлснийг санаарай. Энэ нь Тэр Өөрийн гэсэн санаа бодолтой байсан бөгөөд Самуел түүнийг нь бичсэн гэдгийг нарийвчлан харуулж байна. Тэр магадгүй бүх зүйлд тэгж ханддаг гэж би боддог. 

Ерөнхийлөгч Өүкс: Мормоны Номд үүнийг харуулсан өөр нэг жишээ байдаг. Олон эшлэл дээр Түүний бидэнд нэгэнтээ заасан зүйлсийг хүлээн авснаар Тэр бидэнд илүү ихийг өгөх болно хэмээн хэлдэг. Бидний мэдэхгүй олон зүйл бий. Тиймээс Түүний бидэнд өгөхийг хүсэж буй нэмэлт мэдлэгт биднийг хэзээ бэлэн болох талаар Тэр Өөрийн бодолтой байдаг. 

Ерөнхийлөгч Айринг: Миний бодлоор зөвлөлийнхөн “Их Эзэний тааллыг олж мэдэхийн тулд шаардлагатай бүхнийг хийцгээе” гэсэн хандлагатай байх хэрэгтэй. Түүний бүх зүйл нарийн учир утгатай. Бидний хийх зүйл бол Түүний тааллыг олж мэдэх явдал гэж би бодож байна. 

Ерөнхийлөгч Өүкс: Мөн Тэрээр бүх зүйлийн болон ирээдүйн талаар мэдлэгтэй тул бид энэ төлөвлөгөөг дагахаар эрэлхийлдэг. Ерөнхийлөгч Нэлсон гэрээний замын талаар байнга ярьдаг. Мөн Бурханы хүүхдүүд гэрээний зам дээр өөр өөр газар байгааг бид мэднэ. Зарим нь хогийн ургамал дунд, зарим нь замынхаа дагуу урагшилж байхад зарим нь дөнгөж зам дээрээ гарч байна. Гэрээний замын янз бүрийн цэгт байгаа хүмүүст туслах нь зөвлөлийн чиг үүргийн нэг хэсэг юм. 

Ерөнхийлөгч Айринг: Бусад хүн надтай адил харахгүй байж болох ч би ингэж хардаг. Энэ нь бас намайг маш хянамгай болгодог. Би энэ үеийнхэн дундаасаа Арван хоёрын чуулгын залуу гишүүнээр хамгийн удаан үйлчилсэн нь байх. Намайг Арван хоёрын гишүүн байхад тэд шийдвэр гаргахдаа багаас нь эхлээд “Чи ямар байр суурьтай байна?” гэж асуудаг байсан. Тиймээс би олон жилийн турш “Яана аа, надад зөв хариулт олдоосой” гэж хүсдэг байлаа. Тэр үед би харилцан яриа дөнгөж эхэлж байгаа учраас ахмад гишүүдийн байр суурийг хараахан мэдэж аваагүй байдаг байсан. Тиймээс би “Өө, ганцаараа буруу хариулт хэлэхгүй байхад маань туслаач” хэмээн залбирдаг байж билээ.  

Энэ бол амаргүй ажил. Их Эзэний тааллыг биелүүлнэ гэдэг хэцүү ажил. Хэрэв бид нэгдэж чадвал Зөвлөл бол Түүний тааллыг мэдэж, хэрэгжүүлэх хамгийн сайн арга зам юм. 

Зохиогчийн эрх 2022 Deseret News Publishing Company. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.