English12.jpg
Мэдээ мэдээлэл

АНУ-ын Бригхам Янгийн Их Сургуулийн Профессорууд

Англи хэлний багш нарыг чадавхжуулах ээлжит сургалтаа явууллаа

Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллага (ДОУЭБ)-аас зохион байгуулдаг Англи хэлний чуулган 2023 оны 5 сарын 06-ны өдөр 4 дэх удаагаа Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. АНУ-ын Бригхам Янгийн Их Сургуулийн Хэл шинжлэлийн тэнхимийн Доктор, Профессор Норман В.Эванс тэргүүтэй 4 багш ДОУЭБ-ын урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирж уг чуулганыг удирдан явуулсан юм.

Монгол дах Англи хэлний багш нар олон улсын түвшинд хэрэглэгдэж байгаа хэл шинжлэлийн хамгийн сүүлийн үеийн үр дүнтэй, шилдэг арга барилуудаас суралцахаас гадна ярианы англи хэлээ сайжруулах, дадлага хийх, үгийн сангаа баяжуулах, хичээлд оюутан сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, тэдний хэрэгцээнд тулгуурлан ИНТЕРАКТИВ буюу үр дүнтэй заах мэдлэг, арга зүй олж авахаар бүтэн нэг өдрийн турш Дэлхийн нэр хүндтэй Доктор, Профессоруудтай хамтдаа чуулж урам зориг дүүрэн буцлаа.

Энэ удаагийн чуулганд төрийн болон ТББ, улсын болон хувийн хэвшлийн их дээд сургуулиуд, ерөнхий боловсролын дунд сургуулиуд, хэлний сургалтын төвүүд мөн бизнесийн байгууллагуудын төлөөлөл болсон гадаад, монгол 230 гаруй хүмүүс оролцохоор ирсэн байв. УБ хотын англи хэлний багш нараас гадна Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Дундговь, Өмнөговь, Дорноговь зэрэг 8 аймаг мөн 5 гаруй сумдаас багш нар буюу хөдөө орон нутгаас нийтдээ 60 гаруй багш нар хүрэлцэн ирснээрээ өмнөх чуулгануудаас онцлогтой байгааг зохион байгуулагчид хэлж байв.

Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллага нь арьс өнгө, гарал угсаа, шашин шүтлэг үл харгалзан дэлхий даяар хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг бөгөөд Монгол улсад худаг, цэвэр ус гаргах, тэргэнцэр хандивлах, нярайн болон хараа зүйн төслүүд хэрэгжүүлэх, ярианы англи хэл заах, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлах зэрэг төслүүдийг 30 гаруй жил тасралтгүй хэрэгжүүлсээр ирсэн ашгийн бус хүмүүнлэгийн байгууллага юм.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.