Мэдээ мэдээлэл

ГЭР БҮЛИЙН ТҮҮХИЙН АЖЛЫГ БОДИТОЙ ХИЙЖ ЭХЛЭХ ЗОРИЛГЫН ДООР

2023 оны 2-р сарын 11-нд “Цагаан сар ба ургийн баяр” сэдэвт үйл ажиллагааг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Олон Нийттэй Харилцах Албанаас О.Одгэрэл ах, Улаанбаатар Баруун Гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Ц.Ариунчимэг эгч нар удирдан зохион байгуулж, Улаанбаатар Баруун Гадас, Улаанбаатар Зүүн Гадас, Дархан дүүрэг, Монгол Улаанбаатар номлол хамтран ажиллав.

     Сар шинийн баярт зориулсан энэхүү үйл ажиллагааг Ковидын үеэр засварласны дараа анх удаа үндсэн 3 хэсэгтэйгээр УББГ-ны Энхтайван байранд зохион байгуулав. Үүнд:

  • “Гэр бүлийн түүхэн гэрэл зураг” сэдвийн дор мэргэжлийн түвшинд авсан зургаа гишүүд хараад, тухайн оны сар шинийн үйл ажиллагааг дурсан санах дурсамж бүтээх зорилготой байв. Монгол гэрийн 2 хана босгон домбо, тулга, эмээл, түүнчлэн бусад эдлэл хэрэгслийг байрлуулж, монгол уламжлалт ёс заншил, аж ахуйг тусган харуулах цомхон булан байгуулж, фото зургийн өгүүлэмжийг бүрдүүлсэн.
  • УББ Гадасны Гэр бүлийн түүхийн өрөөнд гэр бүлийн түүхийн зөвлөхүүд Гэр бүлийн модны аппликэйшн дээр хэрхэн ажиллахыг заасан аудио бичлэг үзүүлэх, заах зэргээр гэр бүлийн түүхийн ажлыг хэрхэн хийхийг ганцаарчлан зааж сургаж байлаа.
  • Уламжлал ёсоор үндэсний бөхийн барилдаан болж, барилдааны даваа хооронд Сүмийн авьяастнуудын дуу, аман хуур, морин хуур хөгжмийн аялгууг сонсож, ардын бүжиг, уран нугаралтын үзүүлбэрүүдийг үзэж баясав. Ялангуяа оролцогчид нийтээрээ биелгээ бүжиглэсэн нь олныг хөгжөөсөн үйл ажиллагаа болсон юм.

Уг үйл ажиллагаанд нийслэл хотоос болон хөдөө орон нутгаас ирсэн оролцогчдын ихэнх нь үндэсний дээл хувцсаараа гоёсон байсан бөгөөд үндэсний хувцас шалгаруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцов.

Энхтайван байрны нэг танхимд тойргуудын Халамжийн нийгэмлэгийн эгч нарын оёсон дээл, гэрийн шаахай, цүнх, хөнжил, хатгамал, ширмэл дэвсгэр, ах нарын модоор сийлбэрлэсэн бүтээл гэх мэт маш олон төрлийн гар урлалын бүтээлүүдийг дэлгэн харуулсан нь үзэгчдэд гүн сэтгэгдэл төрүүлэв.

Түүнчлэн үйл ажиллагааны үеэр зохион байгуулсан тэмцээн уралдаануудад түрүүлсэн ялагчдад гишүүд хувиасаа бай шагнал амлан, ивээн тэтгэсэн юм.

 

Гишүүд гэр бүлийн түүхийн ажлаа хийсэн, ардын уламжлалт баяр ёслолоо хамтдаа хөгжилтэй өнгөрүүлсэн, гар урлалын уран бүтээл, дуу хуур, бүжиг, уран нугаралт толилуулсан энэхүү үйл ажиллагааг санаачлах, зохион байгуулах, төлөвлөх, хэрэгтэй бүхий л зүйлийг ханган бүрдүүлэхэд Бурханы мутар оролцож байсан гэдгийг О.Одгэрэл гэрчлэн ярьсан юм.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.