Turkey25.jpg
Мэдээ мэдээлэл

Есүс Христийн Сүм Турк, Сири рүү хоол хүнс, майхан, эмнэлгийн хэрэгсэл болон өөр олон зүйлийг илгээв. 

Газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд үзүүлж буй тусламжийн дүн 5 сая ам долларыг давлаа.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм олон улсын байгууллагуудын тусламжтайгаар Турк, Сири дэх газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд тусламж илгээсээр байна. 

2-р сарын 6-нд болсон газар хөдлөлтөөс хойш Сүм нийт 5 сая гаруй ам.долларын тусламж үзүүлжээ. 

Сүмийн Тэргүүлэх Бишоп Жэралд Коссэй “Уг газар хөдлөлтийн улмаас учирсан гарз хохирол, зовлон зүдгүүр үнэхээр цочирдом байлаа. Бид Турк, Сири дэх ахан дүүстэйгээ зүрх сэтгэлээрээ хамт бөгөөд тэдний төлөө залбирсаар байгаа. Сүмийн хувьд бид энэ үед нь төдийгүй сэргээх босгох урт үйл явцад нь туслах нөөц боломжтой байгаадаа гүнээ талархаж байна” хэмээн ярилаа. 

Герман дахь Сүмийн бүсийн албанаас Турк улс руу 40 том майхан (тус бүр нь 20 хүн байрлах багтаамжтай) мөн эрэгтэй, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулан бэлтгэсэн хувцасны хангамжийг илгээж байгаа. 

Франкфурт дахь Гадаад иргэдийн зөвлөлийн гишүүн Абдулла Каяа “Өөр өөр шашин шүтлэгтэй хүмүүс тусламж үзүүлэхээр хамтран ажиллаж байгаа нь гайхалтай” хэмээн онцлов. 

Газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд зориулан Германаас илгээж буй хандивыг найдвартай хүлээн авч, хүргэх зорилгоор Франкфурт дахь Туркийн Консулын газар цуглуулах төв байгуулжээ. Турк улсад зориулсан Сүмийн дэмжлэгтэй бусад тусламжийг HOPE төсөл болон Адвентист Хөгжил Халамжийн Агентлаг (ADRA) зэрэг байгууллагуудаар дамжуулан үзүүлж байна. Тусламжид хоол хүнс, ус, орогнох байр, явуулын эмнэлэг, халаагуур, гадуур хувцас, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл ахуйн иж бүрдэл, хөнжил, хүүхдийн хэрэглэл, цахилгаан үүсгүүр зэрэг багтсан. 

Сирийн хувьд Сүм MedGlobal, Mercy Corps, International Medical Corps, Rahma Worldwide зэрэг байгууллагуудын ажлыг дэмжих замаар тусалж байна. Тухайлбал хэдэн арван мянган хүнд зориулсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хоол хүнс, ус, орогнох байр, хөнжил, түлш, эрүүл ахуйн хэрэгсэл, хүүхдийн хэрэглэл, цэвэрлэгээ үйлчилгээ зэрэг юм. 

 “Бидний үзүүлж буй энэ хариу үйлдэл бол хоёр агуу зарлигийг биелүүлэх амлалтын маань илрэл юм. Бид хэн ч байсан, хаа ч бай ялгалгүй Түүний хүүхдүүдэд гараа сунган тусалснаар Бурханд хайраа харуулдаг. Энэхүү хариу арга хэмжээг боломжтой болгон бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж буй гайхалтай тусламжийн байгууллагууд мөн асар их хэрэгцээтэй үед өгөөмөр сэтгэлээр тусалж буй Сүмийн гишүүд, найз нөхдөдөө талархаж байгаагаа дахин илэрхийлье” хэмээн Сүмийн Халамж, бие даах чадварын үйлчилгээ хариуцсан удирдах захирал Блэйн Р.Максфилд хэллээ. 

Есүс Христийн Сүмийн үзүүлдэг хүмүүнлэгийн үйлчлэлүүд 

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн үзүүлдэг хүмүүнлэгийн үйлчлэлүүд нь зовлон зүдгүүрээс ангижруулж, бие даах чадварыг хөгжүүлж, үйлчлэх боломжийг олгодог. Энэ нь өлссөнийг хооллож, цангасныг ундаалж, харь хүн байхад урьж оруулан, нүцгэн байхад хувцаслаж, өвчтэй, зовж байхад эргэж тойрох гэсэн Есүс Христийн сургаалын дагуу хийгддэг. 

Сүмийн хүмүүнлэгийн тусламж нь хожмын үеийн гэгээнтнүүдийн болон найз нөхдийн маань өгөөмөр хандив, сайн дурын хөдөлмөрийн үр дүнд боломжтой болдог. Тэд жил бүр 6 сая гаруй цагийн сайн дурын ажлыг хийж халамжийн санаачилгыг дэмждэг.  

Сүм 180 гаруй улс орон, нутаг дэвсгэрт тусламжийн болон хөгжлийн төслүүдийг ивээн тэтгэж явуулдаг ба арьс өнгө, шашин шүтлэг, үндэс угсаа харгалзахгүйгээр тусламж үзүүлдэг. Тусламж нь хувийн хариуцлага, олон нийтийн дэмжлэг, бие даах чадвар, тогтвортой байдлын үндсэн зарчимд суурилдаг. Турк, Сири дэх төслүүдийг Австралийн LDS Charities байгууллага хэсэгчлэн санхүүжүүлсэн юм. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.