Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм африк гаралтай гишүүдээ санваарт томилж эхлээд 30 жил болж байна.
Энэ нь зөвхөн Нэгдсэн Улс дахь гишүүдэд ч бус мөн түүнчлэн дэлхий даяарх сүмд хамааралтай, сүмийн түүхэн дэх өөрчлөлтийн үе байсан юм.
Сүмийн гишүүд уг уламжлалыг урам зоригтойгоор хүлээн авсан бөгөөд газар сайгүй энэ тухай мэджээ. Newsweek сэтгүүлийн шашны сэтгүүлч Кэн Вүдвард 1978 оны 6-р сарын 19-ны дугаартаа ингэж бичжээ:
Уг илчлэлт Солт Лэйк хотын явган зорчигчдыг үдийн цагаар гайхшируулж билээ. Нэгэн эр зөөврийн радиогоо сүмийн эзэмшдэг суваг дээр тааруулсан байсан ба сүмийн удирдах газрын ажилтнууд руу утасдан, “Хар хүмүүс санваар хүртэж болно гэж тэд дөнгөж сая зарлалаа!” хэмээн баяртайгаар хэлсэн байна. Алдарт Мормон табернеклийн найрал дууны хоёр хар гишүүний нэг нь гэгээнтэн найзууддаа “Миний итгэл хүчирхэгжиж байна. Би үнэхээр баяртай байна” гэж хэлж байсан юм.
1 / 2 |
Сүмийн ерөнхийлөгч Спэнсэр В. Кимбалл ба түүний дагалдагчдын гүн ач холбогдол бүхий сүнслэг туршлагын дараа хийсэн гэнэтийн энэ мэдэгдлийн талаар ярилцахаар хаа сайгүй цагаан, хар сүмийн гишүүд баярлалдан, бие бие рүүгээ утасдаж, гудамжинд машиныхаа дохиог хангинуулан, хэсэг бүлгээрээ цугларч байв.
Newsweek-ийн Вүдвард дараагийн алхмууд нь хар арьстай ахлагчдын удирдлаган дор явагдах хар арьстай хүмүүсийн цуглааныг зохион байгуулах явдал байх болно гэж таамаглаж байв.
Вүдвард дараах байдлаар таамаглаж байсан юм. Бүр 1978 онд буюу Америкийн нийгмийн үзэл бодлыг өөрчилсөн иргэний эрхийн шилжилтээс арван жилийн дараа ч үнэндээ улс даяар олон сүмд сүсэгтнүүд арьсны өнгөөр ялгарсан хэвээр байгаа бөгөөд ихэнх хар арьстай хүмүүс хар арьстнуудтайгаа, цагаан арьстнууд цагаан арьстай хүмүүстэйгээ тус тусдаа сүмд явж байсан. Хэдэн жилийн дараа цөөн хэдэн хар арьстай томилогдсон санваартнууд цагаан арьстнуудын цуглаан дээр номлосон бөгөөд гадуурхалт өөр хэлбэрээр явагдсаар л байсан.
Үнэндээ Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үүнтэй адил юу ч болоогүй. Ямар ч ялгарсан цуглаануудын бодлого байгаагүй. Олон үндэстний эсвэл өөр өөр арьсны өнгөтэй мормончууд хөршүүд байж, сүмийн түүхийн явцад үргэлж л нэг дор шүтэн биширсээр ирсэн юм. Хар арьстай хүмүүс 1978 оноос бүр өмнө ч баптисм хүртэн, сүмийн гишүүн болж; цагаан арьст олон гишүүнтэй цуглаанд индэр дээрээс номлож, залбирал хэлж байсан бөгөөд эдгээрийн алийг нь ч үйлдэхэд санваарын албанд— томилогдох шаардлагагүй билээ.
1978 оны 6-р сард тэрхүү өөрчлөлтийн талаар мэдэгдсэний дараа сүм дэлхий даяар хар арьстай идэвхтэй сүмийн гишүүдийг цуглаанд оролцдог газруудад нь санваарын албанд тэр даруй томилж эхэлсэн юм. Африк дахь анхны ариун сүм 1981 онд Өмнөд Африкт баригдсан бөгөөд дараа нь —Гана болон Нигери улсуудад— дахиад хоёр ариун сүм онцгойлон адислагдсан.
2007 онд Вашингтон Пост сонин “дэлхий нийтийн мормонизмын шинэ нүүр царай” гэсэн гарчигтай мэдээлэл гаргасан бол Нью Йорк Таймс 2005 оны нийтлэлдээ тус хот дахь сүмийн шинэ барилга нь “Харлэм дахь хамгийн олон үндэстнийг нэгтгэсэн бөгөөд цагаан, хар арьстай сүсэгтнүүдийнх нь тоо бараг тэнцүү цуглаан” хэмээн бичсэн байдаг.
Ерөнхийдөө хэвлэл мэдээллийн таатай нийтлэлүүдийн дунд цөөн хэдэн эсрэг мэдээлэл байсан ба ялангуяа энэ нь сонгуулийн компанит ажлын өрнүүн уур амьсгалын үед байв.
Нью Жерси дэх нэгэн гадасны (Католик сүмийн зохион байгуулалтын нэгжтэй төстэй) ерөнхийлөгч африк-америк гаралтай Ахмед Корбитт сүм рүү чиглэсэн арьс өнгөний үзлийн дайралтын талаар “үнэн хэрэгтээ ямар байдгийг нь харсан нь дээр,”
“Хүмүүс бодит байдалтай үл нийцэх зүйлсийг улс төрийн зорилгоор хэлдэг гэдгийг хүн бүр ойлгодог гэж би боддог” хэмээн хэлсэн байдаг.
Корбитт сүм дэх олон төрлийн нэгжээс бүрдсэн гадаснуудын нэгийг удирддаг бөгөөд гишүүдийн ихэнх нь цагаан арьстай ба арванхоёр нэгж нь бүгд олон үндэстнээс бүрдсэн байдаг. Гурван цуглаан нь испани хэлтэй хүмүүсээс бүрддэг ба Корбиттын хоёр зөвлөхийн нэг нь цагаан арьстай, нөгөө нь Тонга хүн байдаг аж.
“Сүмийг арьс өнгөний үзэл гаргадаг гэж хэлдэг ямар ч хүн өөрийн туршлагад үндэслэн ярихгүй байгаа бөгөөд сүмийн гэр бүлийн хувьд бидний баясдаг үндэстнүүдийн эв нэгдлийн талаар ямар ч мэдлэггүй байгаа хэрэг. Зарим өөр үндэстэй гишүүд 13 сая гишүүнтэй сүмийн хаа нэгтээ сөрөг сэтгэгдэл олж авсан байж болох юм. Гэхдээ он жилүүдийн явцад сүмийн янз бүрийн гишүүд болон удирдагчидтай уулзахдаа би арьс өнгөөр ялгаварласан ямар ч зүйлтэй таарч байгаагүй” гэж Корбитт хэлсэн юм.
Бас нэгэн африк-америк гаралтай гадасны ерөнхийлөгч Тони Паркэр Атланта бүсэд найман нэгжийг багтаасан гадсыг хариуцдаг бөгөөд нэг тойргийнх нь бишоп хар арьстай хүн байдаг. Паркэр мормон итгэлийн гишүүн болоод 25 жил болж байгаа юм.
“Би өмнө нь байснаасаа илүү дээр хүн болсон. Би өөрийгөө илүү сайнаар хардаг бөгөөд өнгөрсөн жилүүд нь хувийн өсөлт хөгжлийн жилүүд байсан юм” гэж Паркэр хэлсэн юм.
Сүмийн гаднах шүүмжлэгчдэд өгөх энгийн хариулт байна гэж Паркэр хэлээд “Сүмийг арьс өнгөний үзэл гаргадаг гэж боддог аливаа хүн зүгээр л ирээд харах хэрэгтэй. Тэд манай сүмд ирж, захад нь суугаад харж болно эсвэл гишүүдтэй ярьж болно” гэжээ.
Түүнээс хожмын үеийн гэгээнтэн хэн нэгнээс таагүй зүйл сонсож байсан уу гэж асуухад Паркэр: “Миний туршлага бараг л тэр чигээрээ эерэг л дээ. Мэдээж зам дээр хааяа нэг саад тотгор байдаг шүү дээ. Харин миний хувийн итгэл үнэмшлийг эвдэхээр юм огт биш” гэж хариулжээ.