Юта мужийн Солт Лэйк хотын гол хэсэгт байрладаг түүхэн Ариун сүмийн талбай нь Юта дахь хамгийн алдартай аялал жуулчлалын газруудын нэг ба Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн дэлхий даяарх удирдах төв билээ.
Ариун сүмийн талбайн үнэгүй аялалуудыг дэлхийн 30 хэл дээр, унаган хэлтэй хөтөч нар хийж өгөх боломжтой. 35 га талбай бүхий энэ газар нь алдарт судалгааны номын сан, соёлын үйл ажиллагаа, түүхэн барилгуудаараа дэлхий даяарх сая сая зочны анхаарлыг татдаг билээ. Талбайн голд чимэг болсон сүрлэг Солт Лэйкийн ариун сүм байрладаг бөгөөд үүнийг барихад 40 жил шаардагдсан юм. Ариун сүм олон нийтэд нээлттэй биш ч гэсэн зочид 1867 онд баригдсан Солт Лэйкийн табэрнэклд орж үзэж болно. Уг табэрнэкл нь 2900 хүний суудалтай бөгөөд төрөл бүрийн шашны болон олон нийтийн үйл ажиллагааг явуулахаас гадна энэ нь дэлхийд алдартай Мормон табэрнэклийн найрал дууны чуулгын гэр нь болдог юм. Найрал дууны сургуулилалт олон нийтэд нээлттэй байдаг.
Хүмүүс үзмэр, кино урлагаар дамжуулан хожмын үеийн гэгээнтнүүдийн итгэл үнэмшлийн талаар илүү ихийг сурч болох зочдын хоёр төв Ариун сүмийн талбайд байдаг. Хойд зочдын төвд Бэртэл Торвалдсэний Христус хөшөөний 3,35 метр хуулбар нь байдаг. Өмнөд зочдын төвд Солт Лэйкийн ариун сүмийг дуурайлгасан загвар, түүхэн барилга доторхыг зэрвэс харуулсан үзмэрүүд байдаг.
Ариун сүмийн талбайн баруун талд байдаг дэлхий дээрх энэ төрлийн хамгийн том номын сан болох Гэр бүлийн түүхийн номын санд угийн бичгийн талаар илүү ихийг сурч, мэдэхийг хүссэн хүмүүс цуглардаг. Боловсролын үзмэр, хөтөлбөрөөр дамжуулан дэлхий даяарх сүмийн түүхийг өгүүлдэг Сүмийн түүхийн музей ч бас тэнд байдаг. Энэ хоёр барилга нь хоёулаа олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй байдаг. Мормончуудын түүхийн талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг хүмүүс нь Ариун сүмийн талбайн зүүн хойд зүгт орших Сүмийн түүхийн номын санд очиж болно.
Ариун сүмийн талбайн зүүн талд 1972 онд баригдсан 28 давхар Сүмийн албаны барилга байдаг юм. Энэ нь Солт Лэйк хот дахь хамгийн өндөр барилга бөгөөд зочид нутгийн сайхан үзэмжийг харахын тулд ажиглалтын тавцан руу явж болно. Сүмийн албаны барилгын хажууд 1917 онд баригдсан сонгодог загвар бүхий Сүмийн удирдлагын байр байдаг юм. Энэ барилгад одоогийн сүмийн удирдагчдын албан өрөөнүүд байдаг бөгөөд энэ нь олон нийтэд нээлттэй биш юм.
Жуулчдын орох дуртай газар нь зуун жилийн настай, хуучин Юта зочид буудал байсан, Иосеф Смитийн дурсгалын барилга юм. Энэ том, хуучин барилга нь гурван ресторан, хүлээн авалтын олон өрөөндөө олон нийтийг таатай хүлээн авдаг ба энэ нь сүмийн ажиллагсдыг ажлын байраар хангадаг байна. Жуулчид Иосеф Смит бол сэргээлтийн бошиглогч нэртэй Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн анхны ерөнхийлөгчийн тухай үнэгүй кино үзэх боломжтой юм.
Ариун сүмийн талбайн хойд талд дэлхийн хамгийн том танхимуудын нэг болох 21000 хүний суудалтай Чуулганы төв байрладаг. 2000 онд баригдаж дууссан энэ барилгыг жилд хоёр удаа зохион байгуулж, дэлхий даяар нэвтрүүлдэг сүмийн Ерөнхий чуулганд ашигладаг. Чуулганы төвд алдарт Мормон табэрнэклийн найрал дууны Христийн мэндэлсний баярт зориулсан концерт зэрэг олон төрлийн концерт, тоглолт зохион байгуулагддаг. Ариун сүмийн талбайд болдог баярын өөр нэг сайхан уламжлал нь жил бүрийн Христийн мэндэлсний баярын гэрлэн чимэглэлийг толилуулах явдал юм.
Ариун сүмийн талбайн зочид сүмийн ерөнхийлөгч Бригам Янг болон түүний гэр бүлийнхэнд зориулан 1800-аад оны дундуур баригдсан ойролцоо орших хоёр байшинд орж, өнгөрсөн цаг хугацаа руу очих мэт аялал хийж болно. Бийхайв байшинд үнэгүй аялал хийгдэж байхад Лаян байшинд гэрийн нөхцөлд хийсэн амттай хоолоор үйлчилж байдаг.
Солт Лэйк олон улсын нисэх онгоцны буудал дээр нислэгийнхээ хооронд удаан хугацааны түр зогсолт хийж байгаа хүмүүс Ариун сүмийн талбай руу үнэгүй хүргэдэг машинд суугаад онгоцоо хүлээх зуураа Ариун сүмийн талбайгаар аялал хийж болно.