Уламжлалт Христийн шашны Гурван тэргүүнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд Бурхан Тэргүүтэн гэдэг. Хожмын үеийн гэгээнтнүүд болон бусад Христийн шашинтнууд Эцэг, Хүү, Ариун Сүнс хэмээн адил үг хэллэг хэрэглэдэг боловч хожмын үеийн гэгээнтнүүдийн Бурхан Тэргүүтэний гурван гишүүний талаарх ойлголт нь бусад Христийн шашинтнуудынхаас нэлээд өөр байдаг.
Бурхан Эцэг
Сүмд Бурханыг ихэвчлэн Тэнгэрлэг Эцэг гэж дууддаг. Учир нь Тэрээр бүх хүн төрөлхтний сүнсний Эцэг бөгөөд Өөрийн дүр төрхөөр тэднийг бүтээсэн билээ (Эхлэл 1:27). Энэ нь сайхан сэтгэлтэй, шударга, ухаалаг бөгөөд хүчирхэг нэгэн болох Бурханыг нэрлэх тохиромжтой хэллэг юм. Мормончууд Түүнийг хүмүүнтэй адилхан боловч үхэшгүй мөнхийн, төгс бие махбодтой гэж итгэдэг. Тэнгэрлэг Эцэг хүмүүст Өөрийнх нь оршихуйд гэр бүлтэйгээ мөнхөд хамт амьдрах боломжийг олгодог “авралын төлөвлөгөөг” бүтээсэн. Чухамдаа энэ нь үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг Өөрийн хөвгүүд, охидод тохиолгон авчрах — Түүний ажил юм.
Есүс Христ
Есүс Христ бол Өөрийнх нь нэрийг агуулдаг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гол цөм нь билээ. Айл бүрийн гэрт хэлэгддэг залбирал, ариун ёслолын танхимд явагддаг ёслол бүрийг Есүс Христийн нэрээр төгсгөдөг. Шүтлэг бишрэлийн үйлчлэлд долоо хоног бүр хийгддэг ариун ёслолын (шүтлэгийн ёслол) бэлэгдэл бол Түүний Цагаатгалын бэлэг тэмдэг юм. Хожмын үеийн гэгээнтнүүд Есүс Христийн төрөлт, амьдрал болон тохинуулал, үхэл болон амилалтыг агуулсан цэдэг болох Шинэ Гэрээнд бүрэн итгэдэг. Тэрээр Өөрийн Эцэгийн адил бие махбодтой бөгөөд энэ нь Өөрийн амилалтын дараа булшнаас гарч ирсэн, дагалдагчдадаа “гараа хүргээд үз” (Лук 24:39) хэмээн урьсан тэрхүү бие юм.
Амьдарч байсан цорын ганц төгс хүний хувьд Есүс Өөрийг нь дагах бүхий л хүмүүст Өөрийн амьдралаар жишээ үзүүлсэн билээ. Хүмүүн амархан унадаг учраас хувь хүний наманчлалын нөхцөл дээр тулгуурлан Христийн Цагаатгалын золиослол нь нүглийн төлөөсийг төлдөг. Түүний золиослол түүнчлэн бүх хүн төрөлхтөнд үхэшгүй байдалд амилах боломжийг олгодог. Тэр бол Аврагч бөгөөд ирээдүйд Шүүгч байх болно.
Ариун Сүнс
Сүмийн гишүүд Ариун Сүнсийг сүнсэн хүмүүн бөгөөд бие махбодгүй хэмээн итгэдэг. Ариун Сүнсний онцгой үүрэг — бол Эцэг болон Хүүг гэрчилж, үнэнийг илчилж, тайтгаруулж, ариусгах явдал юм. Тэрээр бурханлаг хөтөч мөн багш юм.
Хожмын үеийн гэгээнтнүүд Ариун Сүнс нь зөв зохистой, сүнслэг өдөөлтийг хүлээн авах чадвартай хүмүүсийг сүнслэгээр өдөөж, тэдэнд нөлөөлөх чадвартай гэж итгэдэг. Үүнээс гадна Ариун Сүнсний “бэлэг” гэдэг нь Бурханы зарлиг тушаалуудыг дагасан үед Ариун Сүнсний байнгын нөхөрлөлд баясах эрх юм. Баптисм хүртсэний дараа уг хүний толгой дээр нэг санваартан гараа тавьж, “Ариун Сүнсийг хүлээн авна уу” хэмээн адислан, Ариун Сүнсийг өгдөг.