Заримдаа Бригам Янгийг Америкийн Мосе эсвэл Агуу суурьшигч гэж нэрлэдэг. Тэрээр шашнаасаа болж гадуурхагдсан мянга мянган дүрвэгчийг Нэгдсэн Улсын соёлжоогүй зэлүүд өрнөдийн хязгаар руу удирдахаар эхэн үеийн сүмийн удирдагчдын дундаас тодрон гарч ирсэн юм. Тэрээр тэднийг хөндий хоосон нутагт авчирч, тэр газраа усжуулан, тариалан тарьж, олон хот сууринг амжилттай босгосон. Мормон анхдагчдын эхний хэсэг Агуу тал дундуур 2100 километр зам туулан, 1847 онд Солт Лэйкийн хөндийд ирэх үед Бригам Янг үржил шимгүй, хуурай элсэн цөл газрыг хараад “Энэ бол зөв газар юм” хэмээн тунхаглажээ.
Бригам Янг 1801 оны 6-р сарын 1-нд төрөөд Вермонтын зах хязгаарын сууринд өсч, ердөө л 11-хэн өдөр сургуульд явсан бөгөөд тэрээр гарамгай мужаан, дархан, будагчин мөн цонх шиллэгч байжээ.
Сүм дэх түүний хөрвөлт нь тийм ч хурдан байгаагүй бөгөөд тэрээр хоёр жилийн турш Мормоны Номыг тун нухацтай судлан, түүний үнэн гэдэгт итгэснийхээ дараа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд нэгдсэн юм. Тэрээр хожим нь хоёр дахь ерөнхийлөгч болж, сүмийг 30 жил удирдсан билээ.
1 / 2 |
Бригам Янг нь Иллинойгоос болон бусад бэлтгэл газрууд болох Айова, Миссуригээс Солт Лэйкийн хөндий рүү 60000-70000 анхдагчийг тал газраар нүүдэл хийхэд удирдсан бөгөөд Юта, Аризона, Калифорни, Айдахо, Нэвада, Ваяоминг зэрэг газруудад 350-400 сууринг байгуулсан юм. Тэрээр мөн газар хуваарилалтын тогтолцоог байгуулж, хожим нь Конгрессоор батлуулсан билээ.
Мормон анхдагчдын эхний хэсэг Солт Лэйкийн хөндийн хоосон цөлд ирээд дөрөвхөн хонож байхад Бригам Янг таягаа тулсаар одоогийн Солт Лэйкийн ариун сүм байрлах тэр газарт зогсоод “Энд бидний Бурханы ариун сүм байх болно” хэмээн тунхагласан юм.
1849 онд ерөнхийлөгч Янг хожмын үеийн гэгээнтэн ядуу цагаачдад туслахын тулд Тасралтгүй Үргэлжлэх Цагаачлалын Санг байгуулсан юм. Энэ сан нь Британийн арлууд, Скандинав, Швейцарь, Герман, Нидерланд зэрэг орноос Америкийг зорьсон 30000 орчим цагаачдад тусалсан бөгөөд тухайн үед нийт хожмын үеийн гэгээнтэн цагаачдын гуравны нэгээс илүү хувь нь Европоос ирсэн байв.
Түүнчлэн Бригам Янг нь Ютагийн анхны бүс нутгийн захирагчаар хоёр удаа сонгогдож байсан бөгөөд Ютагийн бүс нутаг дахь индианчуудын үйл хэргийн анхны удирдагчаар үйлчилсэн юм. Мөн тэрээр цахилгаан холбоо, төмөр замын шугам тавиулах гэрээ хийн, барьж босгох ажилд тусалж; Америкийн анхны их дэлгүүр болох Сионы хамтарсан худалдааны байгууламж (Zions Cooperative Mercantile Institution) зэрэг олон янзын үйлдвэр, худалдааны байгууллагуудыг байгуулсан бөгөөд эмэгтэй хүмүүст сонгуульд оролцох эрх өгөхийг дэмждэг байв.
Хэдийгээр сургуульд сурч байгаагүй ч Бригам Янг боловсролыг дэмжигч байсан. Тэрээр хожим нь Ютагийн Прово хотын Бригам Янгийн Их Сургууль мөн Солт Лэйк хотын Ютагийн их сургууль болсон сургуулиудыг үндэслэсэн билээ.
Бригам Янг мөн олон эхнэртэй байснаараа олонд танигдсан юм. Тэрээр доод тал нь 20 эмэгтэйтэй гэрлэсэн ба 16 эхнэр нь түүнд 57 хүүхэд төрүүлж өгчээ. Сүм хожим нь олон эхнэртэй байх ёсыг хүчингүй болгосон бөгөөд үүнээс хойш 100 гаруй жилийн турш одоог хүртэл энэ ёсыг хүлээн зөвшөөрөөгүй юм. Өнөөдөр олон эхнэртэй байх явдал нь сүмийн гишүүнчлэлээс хөөгдөх шийтгэлтэй.
Бригам Янг 1877 оны 8-р сарын 29-нд 76 настайдаа Солт Лэйк дэх гэртээ өвчний улмаас нас нөгчсөн юм.