Удирдах газар
Сүмийг 15 төлөөлөгч удирддаг. Хамгийн ахмад төлөөлөгч нь сүмийн ерөнхийлөгч байдаг ба тэрээр өөр хоёр төлөөлөгчийг зөвлөхөөрөө сонгодог. Энэ гурван хүн нь сүмийн хамгийн дээд удирдлага болох Тэргүүн Зөвлөлийг бүрдүүлдэг. Харин бусад арван хоёр нь сүмийн дэд удирдлага болох Арванхоёрын чуулгыг бүрдүүлдэг. Тэргүүн Зөвлөл, Арванхоёрын чуулга хоёр хамтдаа сүмийг бүхэлд нь хянадаг. Сүмийн гишүүд энэхүү зохион байгуулалтын бүтцийг Шинэ Гэрээнээс олж харж болно.
Сүмийн гишүүд бүх төлөөлөгчийг дэлхий даяарх Есүс Христийн “онцгой гэрчүүд” хэмээн хүндэтгэдэг. Тэд томоохон цуглаануудад гишүүдэд болон гишүүн бус сонирхогч хүмүүст ханданиүг хэлж, тэднийг дэмжиж урамшуулахын тулд мөн орон нутгийн удирдлагуудтай уулзахаар олонтоо аялдаг.
Дал гэж нэрлэдэг — Шинэ Гэрээн дээр байдаг бас нэгэн албын — удирдагчид нь Арванхоёр төлөөлөгчид тусалдаг бөгөөд тэд дэлхий даяарх олон газарт үйлчилдэг. Одоогийн байдлаар Далын найман чуулган байдаг. Чуулган бүр нь 70 хүртэлх гишүүнтэй байж болно. Зарим далынхан удирдах газарт захиргааны үүрэг гүйцэтгэдэг байхад ихэнх нь сүмийн газар зүйн тодорхой бүс нутагт ажиллаж амьдардаг байна.
“Сүмийн ерөнхийлөгч хэрхэн сонгогддог вэ” гэдгийг мөн үзнэ үү.
Орон нутгийн цуглаан
Цуглааны удирдагчийг бишоп гэж нэрлэдэг. Түүний удирдах “харьяа нутгийг” тойрог гэдэг.
Тойргуудын бүлэглэл нь гадсыг үүсгэдэг ба гадасны удирдагч нь гадасны ерөнхийлөгч байна. “Гадас” гэдэг хэллэг нь Шинэ Гэрээнд байдаггүй боловч Хуучин Гэрээний “майхан” гэдгээс авсан бөгөөд “майхан” ба сүмийг гадсуудаар тулгуур хийн босгодог билээ.
Гадасны ерөнхийлөгч болон бишопууд нь сүмийн дийлэнх гишүүдтэй нүүр тулан уулздаг. Эдгээр удирдагч нь цалин авдаггүй бөгөөд тухайн газартаа тодорхой хэмжээний эрх мэдэлтэй.
Гадас ба тойргийг удирдаж, гишүүдийн хэрэгцээг хангахын тулд их хэмжээний цаг хугацаа, хүчин чармайлт гаргах шаардлагатай байдаг бөгөөд эдгээрийг гишүүд өөрсдөө гүйцэтгэдэг юм. Орон нутгийн удирдагчид ихэнх гишүүдээс тодорхой ажилд хувь нэмэр оруулахыг хүсдэг. Үүнд орон нутгийн удирдах албан үүрэг, заах болон үйлчлэхэд чиглэсэн үүрэг хариуцлагууд хамаарна. Эдгээр үүрэг хариуцлага бүхий хүмүүс нь үе үе солигддог. Бишоп ихэнхдээ таван жил орчим, гадасны ерөнхийлөгч нь есөн жил орчим үйлчилдэг байна.
Туслах байгууллагууд
Сүм нь Халамжийн Нийгэмлэг, Ням гараг, Залуу эрэгтэйчүүд, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсэг нэртэй орон нутгийн туслах бүлгүүдтэй.
Сүм нь боловсролын болон халамжийн систем мөн номлогчийн хөтөлбөрийг явуулдаг.