1. Мормончууд олон эхнэртэй байдаг уу?
АНУ-д болон дэлхий даяар 14 сая гаруй мормон хүн байдаг ба тэдэн дотор олон эхнэртэй хүн нэг ч байхгүй. Олон эхнэртэй байхыг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд хатуу хориглодог. Мормоны Номонд ( Иаков 2-р бүлэг, 27-р шүлэгт ) заасны дагуу сүмийн гэрлэлтийн ерөнхий жишиг нь нэг эхнэртэй байх явдал үргэлж байсан. Олон эхнэртэй байх ёс нь 19-р зууны үед 50 орчим жилийн турш бидэнд тохиолдсон өнгөрсөн явдлуудын нэг юм. Харин одоо бид үүнийг хэрэгжүүлдэггүй. Олон эхнэртэй байх явдлыг албан ёсоор 1890 онд — 118 жилийн өмнө зогсоосон байна. Өнөөдөр олон эхнэртэй хүмүүс нь сүмтэй огт хамааралгүй юм.
2. Мормончууд Бурханы тухай юу гэж итгэдэг вэ?
Бурхан бүх хүн төрөлхтний сүнсэн Эцэг бөгөөд тэднийг Өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн (Эхлэл 1:27) учраас Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд Түүнийг голдуу Тэнгэрлэг Эцэг гэж нэрлэдэг. Энэ нь уян зөөлөн, шударга, хэмжээлшгүй ухаантай, хязгааргүй эрх мэдэлтэй Бурханы хувьд тохиромжтой нэр томъёо юм. Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ, Ариун Сүнс гурав нь мормончуудын Бурхан Тэргүүтэнийг буюу Гурвалыг бүрдүүлдэг байна.
3. Мормон ариун сүмд юу болдог вэ?
Ариун сүм нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн ням гараг бүрийн цуглаанаа хийдэг байр биш юм. Ариун сүм нь ариун нандин учраас зөвхөн зөв зохистой сүмийн гишүүд л ариун сүмд орж болно. Ариун сүмийн ажлын үндсэн зорилго нь үхлийн дараа ч гэр бүлийн харилцаа үргэлжлэх болно гэсэн итгэл найдвараар гэр бүлүүдийг “лацдан холбох” ба холбож нэгтгэх явдал юм. Мөн адил ариун сүмийн зан үйлийг нас барсан хүмүүсийн төлөө хийж болно. Христийн бусад сүмд үүнтэй адил ариун сүмийн зан үйл огт байдаггүй.
4. Мормончууд Ариун Библид итгэдэг үү?
Сүм Ариун Библийг Бурханы үг, судрын ариун нандин боть хэмээн хүндэтгэдэг. Хожмын үеийн гэгээнтнүүд үүний сургаалуудыг хүндэтгэн, бурханлаг мэргэн ухааныг нь насан туршдаа судалж эзэмшдэг. Түүнээс гадна шүтэн бишрэх цуглааны үеэр Ариун Библээс уншиж, тунгаан хэлэлцдэг. —Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд зэрэг—нэмэлт судрууд нь нэмэлт гэрчүүдийн болон олон хүний Есүс Христтэй хамт байхдаа мэдэрсэн сэтгэл хөдлөм хувийн туршлагуудаар хангаснаар Бурханы сургаалыг бататгаж, хөгжүүлдэг. Сүмийн төлөөлөгч М. Рассэлл Баллард “Мормоны Ном нь Библийг сулруулдаггүй, богиносгодоггүй, бүдэгрүүлдэггүй. Харин ч эсрэгээрээ үүнийг өргөжүүлж, уртасгаж, өргөмжилдөг юм” гэж хэлсэн байдаг.
5. Мормончууд Христэд итгэгчид мөн үү?
Есүс Христ бол Өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн төв нь юм. Гэр оронд хийгдэх бүх залбирал болон сүмийн байранд хийгдэж буй бүх номлол нь Есүс Христийн нэрээр төгсдөг. Шүтлэг бишрэлийн цуглааны үеэр долоо хоног бүр хүртэх ариун ёслолын (шүтлэгийн хэлбэр) бэлэг тэмдэг нь Түүний Цагаатгалын бэлгэдэл билээ. Хэрэв хувь хүн наманчилбал Христийн цагаатгагч золиослол нь бүх хүмүүний нүглийн төлөөсийг төлдөг. Түүний золиослол нь бүх хүн төрөлхтнийг үхэшгүй байдалд орж, амилуулагдах боломжийг бас олгодог.
6. Үндэстэн ястны харилцааны талаар сүм ямар байр суурь баримталдаг вэ?
Сайн мэдээ бүх хүнд зориулагдсан юм. Бүх үндэстэн угсаатны хүмүүсийг сүм үргэлж дотноор хүлээн авдаг бөгөөд тэд баптисм хүртэн, гишүүн болж, цуглааны үеэр индэр дээрээс номлож мөн залбирдаг билээ. Цугларагсдыг ялгаварлах ямар нэгэн бодлого сүмд байгаагүй боловч Африкийн зохистой эрэгтэй гишүүд санваарын албанд томилогддоггүй байв. Энэ нь 1978 оны 6-р сард өөрчлөгдсөн бөгөөд сүм тэр даруйдаа идэвхтэй хар арьстай гишүүдийн цуглаанд явдаг газар бүрд дэлхий даяар санваарын албанд томилж эхэлсэн юм. 2006 онд сүмийн ерөнхийлөгч байсан Гордон Б. Хинкли “Бусад үндэстнүүдийг муулж доромжлогч тэр хүн нь өөрийгөө Христийн үнэн дагалдагч гэж үзэж болохгүй. Тэр өөрийгөө ч бас сүмийн сургаалын дагуу амьдардаг гэж үзэж болохгүй. Бид бүгдээрээ Өөрийн бүх хүүхдүүдийг хайрладаг Тэнгэр дэх Эцэгийн хүү, охин гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна” хэмээн тунхагласан юм.
7. Мормон эмэгтэйчүүд сүмд юу хийж чадах вэ?
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ажилд эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эмэгтэйчүүд сүмийн санваарт томилогддоггүй, түүнчлэн ариун ёслолын бэлэгдлийг адислах эсвэл баптисм хүртээх зэрэг зан үйлүүдийг үйлдэх эрх мэдэл байхгүй ч гэсэн тэд дээд удирдах албан тушаалуудад томилогдож; номлогч, багш болж; индэр дээрээс тогтмол номлож мөн шүтлэг бишрэлийн цуглааны үеэр залбирал хэлдэг.
8. Сүм яагаад номлогчдыг илгээдэг вэ?
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчдын хичээл зүтгэл нь Шинэ Гэрээний номлогчдын загвар болох номлогчид хоёр хоёроороо үйлчилж, сайн мэдээг заан, Есүс Христийн нэрэнд итгэгч тэдэнд баптисм хүртээх зэрэг дээр үндэслэсэн юм (жишээ нь Петр, Иохан нарын ажлыг Үйлс номоос харна уу). Дэлхий даяар байдаг 350 орчим номлолд 25-аас доош насны 52000 гаруй номлогч үйлчилж байна. Номлолын ажил бол номлогчид өөрсдийгөө санхүүжүүлдэг, сайн дурын ажил билээ. Тэд сүмийн удирдах газраас томилолтоо хүлээн авч, зөвхөн засгийн газар нь сүмийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн улс орнууд руу тэднийг илгээдэг байна. Дэлхийн зарим хэсэгт номлогчдыг зөвхөн хүмүүнлэгийн болон өөр тусгай номлолд үйлчлүүлэхээр илгээдэг.
9. Амьдралын зорилгын тухай мормон үзэл бодол гэж юу вэ?
Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд мөнх бус оршихуй нь дэлхийн өмнөх амьдралд хүн төрөлхтний сүнс Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдардаг байснаас эхлээд Түүний дэргэд байж, үргэлжлүүлэн өсч хөгжин, суралцах ирээдүйн амьдрал хүртэлх агуу түүхийн нэгэн хэсэг юм. Дэлхий дээрх амьдралыг эрэгтэй, эмэгтэй хүмүүс соригдож мөн шалгагдан, өөр хаанаас ч олж авч чадахааргүй туршлагуудыг хуримтлуулж болох сорилтын нөхцөл байдал гэж үздэг. Бурхан хүнийг алдаа гаргах болно гэдгийг мэдэж байсан болохоор дэлхийн нүглүүдийг Өөртөө авч чадах нэгэн буюу Аврагч Есүс Христийг өгсөн юм. Сүмийн гишүүдийн хувьд энэ дэлхий дээрх бие махбодын үхэл нь төгсгөл биш бөгөөд харин Бурханы хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөний дараагийн алхмын эхлэл нь юм.
10. Мормончууд яагаад тамхи татаж, архи уудаггүй вэ?
Хожмын үеийн гэгээнтнүүдийн эрүүл мэндийн хууль нь эрүүл мэндэд сайн хоол унд болон хүний биед хортой бодисуудыг тоймлосон, 1833 онд илчлэгдсэн мэргэн ухааны үг дээр тулгуурласан юм. Иймээс архи, тамхи, цай, кофе, хууль бус мансууруулах бодисыг донтуулдаг хортой нөлөөтэйн улмаас хориглодог. Калифорни дахь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 10000 гишүүний эрүүл мэндийн дадал хэвшил болон нас баралтын үзүүлэлтүүдийг Калифорнийн Лос Анжэлэсийн Их сургуулиас 14 жилийн турш судлан шалгаж, 1997 онд дуусгасан бөгөөд судалгаагаар АНУ-д эрүүл мэндийн хуулийг дагаж мөрдсөн сүмийн гишүүд хорт хавдар болон зүрх судасны өвчнөөр нас барах хамгийн бага магадлалтайд тооцогдож, хуулийг дагасан сүмийн гишүүдийн дундаж наслалт Нэгдсэн Улсын цагаан арьстай энгийн хүн амын дундаж наслалтаас 11 жилээр илүү урт байсан юм.