Сүмийн зорилго нь Есүс Христийн сайн мэдээг тунхаглах явдал болохоос улс төрчийг сонгох явдал биш юм. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь улс төрийн намуудын тухайд төвийг сахисан байр суурьтай байдаг. Энэ нь сүм зохион байгуулагдсан улс орон бүрд хамаатай.
Тус сүм нь:
- Аливаа улс төрийн нам, нэр дэвшигчийг эсвэл улс төрийн ямар ч байр суурийг зөвшөөрч дэмждэггүй буюу эсэргүүцдэггүй.
- Сүмийн барилга байгууламж, гишүүнчлэлийн жагсаалтыг эсвэл бусад эх сурвалжийг улс төрийн зорилгоор ашиглуулдаггүй.
- Чухам аль намд эсвэл аль нэр дэвшигчид санал өгөх талаар нь сүмийн гишүүдэд зааварчлахыг оролддоггүй. Энэхүү журам нь уг нэр дэвшигч нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн мөн эсэхээс үл хамааран хүчин төгөлдөр үйлчилдэг.
- Засгийн газрын удирдагчид заавар чиглэл өгөх эсвэл тушаал зарлиг буулгахыг оролддоггүй.
Тус сүм нь:
- Иргэн хүний хувьд үүргээ биелүүлж, нийгэмд болж буй асуудлуудын талаар мэдээлэлтэй байж, сонгуульд оролцоход нь гишүүдээ дэмждэг.
- Сүмийн гишүүдийн амьдралын нөхцөл байдал, туршлага ялгаатайн улмаас улс төрийн асуудлуудын талаар өөр өөр үзэл бодолтой байдагт хүндэтгэлтэй хандаж, улс төрийн үйл явцад мэдээлэл сайтай, соёлтой оролцохыг гишүүдээсээ хүсдэг.
- Тэдний нэр дэвшиж байгааг юм уу улс төрийн байр суурийг нь сүм дэмжиж байгаа мэтээр ойлгуулахгүй байхыг нэр дэвшигчдээс хүсдэг.
- Байгууллага болохын хувьд, нийгмийн чухал ач холбогдолтой юм уу ёс суртахууны өндөр үр дагавартай эсвэл сүмийн ашиг сонирхолд шууд нөлөөлөх асуудлуудад намч бус арга замаар хандах эрх эдэлдэг.
Бүх хожмын үеийн гэгээнтнүүдийн бараг тэн хагас нь амьдардаг Нэгдсэн Улсад үндэсний сонгууль явагдах бүрд гишүүдээ санал өгөхөд нь урамшуулан дэмжсэн мөн сүм нь намын улс төрийн асуудлуудад төвийг сахисан байр сууринаас ханддаг болохыг онцлон тэмдэглэсэн захидлыг бүх цуглаанд илгээдэг нь уламжлалт зүйл юм.
Засгийн газартай харьцах харилцаа
Сонгогдсон хожмын үеийн гэгээнтэн албан хаагчид шийдвэрээ өөрсдөө гаргах бөгөөд хэн нэгэнтэй, тэр байтугай олон нийтэд ил болсон сүмийн байр суурьтай ч санал нийлэх албагүй юм. Сүм бусад сонгогдсон албан хаагчдад илэрхийлдгийнхээ адилаар байр сууриа тэдэнд илэрхийлж болох хэдий ч эдгээр албан хаагчид нь төлөөлөн сонгогдсон иргэдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэн, хамгийн сайн шийдвэрүүд дээрээ үндэслэн сонголтоо хийх ёстой гэдгийг сүм хүлээн зөвшөөрдөг.
Сургаал ба Гэрээний 134-р хэсэгт засгийн газрын үүрэг хариуцлагын талаарх орчин үеийн судрын эшлэлүүд байдаг
Сүмийн тэргүүлэх албан хаагчдын улс төрийн нам дахь оролцоо
Үүнээс гадна, Тэргүүн Зөвлөлөөс 2011 оны 6-р сарын 16-нд гаргасан захидал бол улс төрийн сонгуулийн өөр нэгэн улирал эхлэх үед сүм төвийг сахисан улс төрийн байр суурьтай гэдгээ дахин илэрхийлсэн мэдэгдэл, тодруулга юм. Энэ нь бүх бүрэн цагийн ерөнхий эрх мэдэлтнүүдэд ба туслах бүлгийн ерөнхий удирдагчдад мөн номлолын болон ариун сүмийн ерөнхийлөгчдөд хамаатай. Энэхүү журам нь сүмийн бүрэн цагийн ажилтнуудад зориулагдаагүй юм.
“Бүрэн цагаар үйлчилж байгаа сүмийн ерөнхий эрх мэдэлтнүүд, ерөнхий албан хаагчид, тэдний эхнэрүүд мөн сүмийн бусад удирдагчид нь нэр дэвшигчдийг дэмжин сурталчлах, тэдний төлөө тэтгэмж цуглуулах, нэр дэвшигчдийн өмнөөс ярих буюу тэднийг хүлээн зөвшөөрч ярих, санхүүгийн хандив өгөх гэх мэт улс төрийн сурталчилгааны үйл ажиллагаанд хувийн зүгээс оролцох ёсгүй.
“Бүсийн дал, гадасны ерөнхийлөгч, бишопууд нь сүмийн бүрэн цагийн ажилтнууд биш учраас өөрсдийн сонгох нэр дэвшигчдэд хандив өгөх, сурталчилгааны үйл ажиллагаанд оролцох зэрэг нь чөлөөтэй бөгөөд тэд дараах зүйлсийг ойлгосон тохиолдолд нэр дэвшигчдийг дэмжин ажиллаж болно. Үүнд:
- Тэд зөвхөн ардчилсан үйл явцад иргэн хүнийхээ хувьд л оролцож байгаа бөгөөд тэдний үйлдэл эсвэл дэмжлэг нь ямар нэгэн арга замаар сүмийг төлөөлж байгаа гэж бусдад ойлгогдохгүй эсвэл дүгнэгдэхгүй байна.
- Түүнчлэн сүмийн бичиг хэрэг болон сүмээс гаргасан хаягийн жагсаалтууд юм уу э-мэйл системүүд эсвэл сүмийн барилга байгууламжийг улс төрийн зар сурталчилгааны зорилгоор ашиглахгүй.
- Мөн шашны удирдлага дор байгаа сүмийн гишүүдийн дунд санхүүгийн тусламж хүсэх ажиллагааг эсвэл бусад төрлийн сурталчилгааны ажил явуулахгүй байх зэрэг нь болно.”