Мэдээ мэдээлэл

Алслагдсан сургуулиудад цахим сургалтыг дэмжих Chromebook хүлээлгэн өглөө

Сүхбаатар, Дорнод аймгийн алслагдсан сумдын 26 сургуулийн сурагчдад зориулан нийт 365 ширхэг Chromebook: зөөврийн компьютер хандивлагдлаа.

MNGImage-(4).jpegDownload Photo

Уг хандивыг Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага, Боловсрол, Шинжлэх Ухааны Яам болон Гадаад Харилцааны Яамтай хамтран боловсролын хүртээмжийг тэгшитгэх, хот хөдөөгийн боловсролын ялгааг арилгах, англи хэл болон цахим боловсролын чанарыг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа юм.

Энэхүү хандив нь 2023 оноос эхлэн хэрэгжиж буй “3,000 ширхэг Chromebook” төслийн нэг хэсэг бөгөөд алслагдсан бүс нутгийн сурагчдад цахим сургалтын орчин бүрдүүлэхэд чиглэж байна.

Энэ төслийн хүрээнд:

• 2023 онд Архангай, Ховд, Баян-Өлгий аймгийн 52 сургуульд 1,000 ширхэг

• 2024 онд Говь-Алтай, Завхан, Увс, Сэлэнгэ аймгийн 95 сургуульд 1000 ширхэг

• 2025 оны 9 дүгээр сараас эхлэн Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгийн 70 сургуульд сүүлийн 1,000 ширхэг Chromebook-г хүлээлгэн өгч байгаа билээ.

Арга хэмжээнд тус хоёр аймгийн Засаг дарга, Боловсролын газрын удирдлага, мөн хандив хүлээн авч буй сумдын ерөнхий боловсролын сургуулиудын захирал, менежерүүд оролцсон бөгөөд тэдэнд зориулсан товч танилцуулга, сургалт, гардуулалтын ёслол болсон юм.

Chromebook компьютеруудыг хүлээн авсан сургуулиудын төлөөлөл талархал илэрхийлж, цаашид түүнийг сургалт, үйл ажиллагаандаа үр дүнтэй ашиглахаа илэрхийллээ.

Энэхүү санаачилга нь боловсролын салбарт төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа үр өгөөжөө өгч байгаагийн тод жишээ болж байна.

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага нь дэлхийн 180 гаруй улс оронд хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус байгууллага юм. Монгол Улсад 32 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус байгууллага нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд болон тэдний найз нөхдийн хандив, дэмжлэгээр төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлдэг.

Тус байгууллага нь шашин шүтлэг, гарал угсаа, нас хүйс харгалзахгүйгээр хүмүүнлэгийн тусламжийг хүргэхийг зорьдог бөгөөд энэ удаагийн хандив ч мөн Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусын боловсролын төлөө чиглэсэн томоохон алхам боллоо.

Монгол хүүхдүүдийн төлөөх энэрэнгүй үйлс улам бүр дэлгэрэх болтугай.