Мэдээ мэдээлэл

Ахлагч Жэралд Коссэй Арван хоёр төлөөлөгчийн чуулгад дуудагдав 

Ахлагч Жэралд Коссэй Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын шинэ гишүүн боллоо. Тэрээр 2025 оны 11-р сарын 6-ы пүрэв гарагт дуудагдан, мөн тэр өдрөө ерөнхийлөгч Даллин Х.Өүкс болон Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын бусад гишүүнээр томилогджээ.

Ахлагч Коссэй: " Есүс Христийн тухай гэрчлэл надад байсаар ирсэн. Тэр миний амьдралын төвд үргэлж байсан. Тэр амьд гэдгийг мөн бидний Аврагч, Гэтэлгэгч гэдгийг би мэднэ. Христийн гэрч байна гэдэг ямар гайхамшигтай хэрэг вэ. Энэ нь бидний амьдралд байж болох хамгийн өндөр үүрэг хариуцлагуудын нэг юм" гэж хэлжээ.

Төлөөлөгчид бол Христийн нэрийг дэлхий даяар гэрчлэх онцгой гэрчүүд юм. Түүнчлэн тэд дэлхий дахиныг хамарсан Сүмийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилд хяналт тавьж, удирдаж чиглүүлэх үүрэг хариуцлага хүлээдэг. Арван хоёр төлөөлөгчийн чуулга бол Сүмийн засаглалын хоёр дахь хамгийн дээд тэргүүлэх зөвлөл юм. Тэд Сүмийн ерөнхийлөгч болон хоёр зөвлөхийг багтаасан Тэргүүн зөвлөлийн удирдлага дор үйлчилдэг.

62 настай ахлагч Коссэй бол Францын Борду хотын уугуул юм. Тэрээр энэ дуудлагыг авах үеэр Сүмийн Тэргүүлэх бишопоор 11 дэх жилдээ үйлчилж байжээ. Тэрээр Америкийн Нэгдсэн Улсаас өөр улсад төрсөн гурав дахь тэргүүлэх бишоп бөгөөд англи хэлээс өөр төрөлх хэлтэй анхны бишоп юм. Тэргүүлэх бишопын зөвлөл хүмүүнлэгийн тусламж, халамжийн хөтөлбөрүүд, аравны нэг болон мацгийн өргөл, барилга байгууламж, гишүүнчлэлийн бүртгэлийг зохион байгуулах зэрэг асуудлыг хариуцдаг. Тэд бас дэлхий даяарх Сүмийн гишүүдэд үйлчлэхээр ойр ойрхон аялдаг.

Ахлагч Коссэй түүнчлэн Тэргүүлэх бишопын зөвлөлийн зөвлөх (2012–2015) болон Ерөнхий эрх мэдэлтэн далаар (2008–2012) үйлчилж байсан.

Ахлагч Коссэй 1963 оны тавдугаар сарын 20-д Жан Коссэй, Мари-Бланш Боннэй Коссэй нарын гэр бүлд төрсөн. Тэрээр 19 настайдаа Парис руу нүүж, нэг жил цэргийн алба хаасан байна. Тэр Парисын тойрогт хүүхэд байхаасаа таньдаг байсан Валэриэ Бабинтай болзож эхэлсэн байна. Тэд хоёулаа хоёр дахь үеийн Хожмын үеийн гэгээнтэн юм. Ахлагч Коссэйг зургаан сартай байхад харин Валериг 3 настай байхад эцэг эх нар нь сүмд нэгдсэн байна.

Тэд 1986 оны 8-р сарын 5-д Швейцарийн Берн ариун сүмд гэрлэж, таван хүүхдийн эцэг эх болжээ.

MNGCausse2.jpg
MNGCausse2.jpg
Ахлагч Жэралд Коссэй эхнэр Валэритайгаа 2025 оны 11-р сарын 6-ы пүрэв гарагт Солт Лэйк Ситигийн Ариун сүмийн талбай дахь Иосеф Смитийн дурсгалын байрнаас Арван хоёр төлөөлөгчийн чуулгад шинээр дуудагдсан тухайгаа ярив. 2025 Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Ахлагч Коссэй ерөнхий эрх мэдэлтний томилолтоор Валери болон гурван хүүхдийнхээ хамт эхлээд Германд, дараа нь Америкийн Нэгдсэн Улсад очсон байна Тэд нүүдэл суудлын энэ их ажлыг тэвчээртэй давсанд нь хүүхдүүдээ магтжээ.

Ахлагч Коссэй: "Үүнийг хийхэд тийм ч амар зүйл байгаагүй. Бид тэднийг өөрсдийгөө дайчилсанд нь бахархдаг. Тэд хэзээ ч гомдоллоогүй. Тэд бидэнтэй хамт нүүж, амьдралаа өөрчилсөн. Францад үлдсэн хүүхдүүд маань 17 жил эцэг эхээсээ хол амьдарч чадсанд нь бид бахархдаг" гэжээ.

Коссэй эгч: "Тэд бидэнд урам хайрласан. Тэдний нэг нь орой бүр уйлдаг байснаа дурсан хэлсэн ч бидэнд урам зоригоос өөр юу ч хэлдэггүй байсан. Бид тэднээрээ маш их бахархдаг" гэжээ.

Ерөнхий эрх мэдэлтний хувьд ахлагч Коссэйн тохинууллын нэг хэсэг нь өсөж буй үеийнхэн байсан юм. Жишээ нь: 2025 оны 8-р сард тэрээр залуучуудад Израилыг цуглуулах ажил бол өнөөдөр явагдаж байгаа хамгийн чухал зүйл бөгөөд Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд тэд үүний нэг хэсэг байхаар дуудагдсан гэдгийг сануулсан юм.

"Та нарын хэн гэдгээс үл хамааралгүй, харин хэн бэ гэдгээс чинь шалтгаалан Сүмд та бүхэн хэрэгтэй байна. Та нарын хүн нэг бүр Их Эзэний зорилгуудыг гүйцэлдүүлэхэд зайлшгүй шаардлагатай онцгой бэлгүүд болон амьдралын туршлагуудыг авчирдаг" гэж ахлагч Коссэй хэлжээ.

Шинэ төлөөлөгч маань Бурханы бүтээлүүдэд анхаарал тавихын ач холбогдлын талаар чухал үгсийг хэлсээр ирсэн. Жишээ нь: 2023 онд Бразилд болсон чуулган дээр тэрээр 100 хожмын үеийн гэгээнтэн мэргэжилтэнд байгаль орчны тогтвортой байдлыг хангах Сүмийн арга барилын талаар ярьсан юм.

Ахлагч Коссэй: "Бурхан бидэнд Өөрийн бүтээлүүдийг, түүний дотор Өөрийн хүүхдүүд болох бидний ах эгч нарыг халамжлах ажлыг хариуцуулсан юм. Энэхүү үүргээ биелүүлэх нь Бүтээгчийн бидэнд үзүүлдэг хайрыг хуваалцах нэг арга зам юм. Христийн шавь бүр гэр бүлээ болон амьдарч буй нийгмээ адислахын чухлыг мэдрэх ёстой" гэжээ.

Есүс Христээс ирэх найдварт төвлөрсөн нь хамгийн чухал байсан ба тэрээр энэ сэдвээр хамгийн сүүлийн Ерөнхий чуулган дээр хэлсэн үгэндээ дурдсан юм.

"Найдвар, тайтгарлын энэхүү захиас Бурханы хүүхэд бид бүхэнд зориулагдсан. Бидний хэн нь ч мөнх бус амьдралын сорилт бэрхшээл, хязгаарлалтаас зугтааж чадахгүй. Эцэст нь хэлэхэд, бид бүгд өөрсдийгөө аврах чадамжгүй байдлыг өвлөн төрсөн. Гэхдээ биднийг хайрладаг Аврагч бидэнд бий бөгөөд бид [Түүний] ач ивээлээр л бид аврагдана гэдгийг мэднэ, бидний хийж чадах бүхний дараа буюу (2 Нифай 25:23)" гэж ахлагч Коссэй 2025 оны 4-р сард хэлжээ.