Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь нийгэмд тустай ажлуудыг олон жилийн туршид хийсээр ирлээ. Төрийн болон Төрийн бус байгууллагуудтай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Марафон, Асрамжийн газрууд, зорилтот бүлгийн иргэд зэрэг хүн хүч, тусламж дэмжлэг, анхаарал халамж нэн шаардлагатай байдаг газруудад тогтмол үйлчилж туслахаас гадна Тэрэлжийн ногоон бүс болон Улаанбаатар хотын ойр орчмын цэвэрлэгээг төрийн байгууллагуудтай хамтран жил бүр хийдэг уламжлал тогтжээ. Агаарын бохирдлын эсрэг мөн дорвитой ажлуудыг хийн Монгол Гэр дулаалах шинэ технологийг гэр хороололд нэвтрүүлэх зэрэг томоохон төслүүд хэрэгжүүлсээр байна.
Энэ удаад тэд олон зуугаар нь бэлдсэн хүмүүнлэгийн багцаа Ховд, Зүүнхараа, Улаанбаатар хотын зорилтот бүлгийн иргэдэд хандивлаж эхлээд байгаа нь энэ юмаа. 2019 оны 9-р сарын 19-ний өдөр Сүмийн гишүүд "Энэрэл" эмнэлэгт ирж үйлчлүүлэгчидэд нь хүмүүнлэгийн багцаа тараав. Энэ удаад ЕХХҮГС-ийн Азийн Хойд Бүсийн Ерөнхийлөгч, Ахлагч Чэй гэргийтэйгээ, Бүсийн 2-р зөвлөх Ахлагч Бадж гэргийтэйгээ хүрэлцэн ирж Сүмийн өсвөр үеийнхэнтэй хамтран үйлчлэл хийв.
Энэрэл эмнэлэг нь нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг бөгөөд 1998 онд Монгол Улсын Эрүүл Мэнд, Нийгмийн Хамгааллын Сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал захирамжаар байгуулагдсан ажээ. Эмнэлзүйн тасаг нь 92 ортой, эрчимт эмчилгээ, хүлээн авах, тусгаарлах, дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл гэсэн чиглэлүүдээр хэвтүүлэн эмчилж байна.
Бид шашны болон бусад ТББ байгууллагуудыг мөн нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хамтдаа зүтгэхийг уриалж байна. Бусдын төлөө зориулсан үйлс бүхэн утга төгөлдөр билээ.