Мэдээ мэдээлэл

Нью-Йорк хотын шашны удирдагчид Сүмийн удирдах газарт зочлов

Шашны удирдагчид Сүмийн халамжийн ажилтай танилцан, гэр бүлийн түүхийнхээ талаар илүү олон зүйлийг мэдэж авлаа

“Мянга сонсохоор нэг үз” 

Пүрэв гарагт Нью-Йорк хотын рабби Жосэф Потасник лхагва, пүрэв гаргуудад Нью-Йорк хотоос Юта мужид айлчилсан долоон шашны удирдагчдын зорилгыг оновчтой тайлбарлалаа. Чухамдаа тэд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн халамжийн болон хүмүүнлэгийн ажлын сэтгэл хөдөлгөм мөн чанарыг олж харжээ. Тэд Гэр бүлийн түүхийн номын санд өөрсдийн угийн бичгийн талаар илүү ихийг мэдэж авав. Тэд Сүмийн удирдагчидтай уулзан, Бригам Янгийн Их Сургуулийн зохион байгуулдаг Шашны эрх чөлөөний жил тутмын чуулган дээр үг хэллээ.  

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк эдгээр төлөөллүүдийн айлчлалын “чухал ач холбогдлыг” цохон тэмдэглэсэн юм.  

Ахлагч Күк “Энэ арга хэмжээ нь хүрэлцэн ирсэн хүмүүсийг хүчирхэгжүүлсэн бөгөөд тэд айлчлалаас буцахдаа шашны эрх чөлөөг бусдад ойлгуулж байсныг бид харсан” гэж хэлэв. 

Ахлагч Күк цааш нь, шашны эрх чөлөө нь хожмын үеийн гэгээнтэн номлогчдод дэлхий даяар үйлчлэх боломжийг олгож байна гээд, “Хэрэв танд шашны эрх чөлөө үгүй бол дэлхий таны хувьд хаалттай юм. ... Ингэснээр та олон хүн цугларсан газар ярьж болохгүй. Та гудамжинд хүмүүстэй ярилцаж чадахгүй. Та энэ захиасыг хуваалцах боломжгүй” гэж хэллээ. 

“Энэ ажилд өөрсдийгөө зориулж буй хүмүүстэй уулзаж, танилцах нь миний амьдралын хамгийн агуу мөчүүдийн нэг байлаа. Сайн мэдээг бусдад номлох амархан ч өөрсдөө номлол сонсох хэрэгтэй гэж хүмүүс хэлдэг. Бид энэ айлчлалаар маш олон номлол сонслоо” гэж рабби Потасник хэлэв. 

Нью-Йорк хотын Шашны удирдагчдын хорооны дэд ерөнхийлөгч, ахлах рабби Потасник нь хорооны ерөнхийлөгч, Брүклин дүүрэг дэх Христийн соёлын төвийг үүсгэн байгуулагч, санваартан А.Р.Бөрнард, Нэгдсэн Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн газрын Олон нийтэд дэмжлэг үзүүлэх төвийн захирал Кэй Инглиш, Нью-Йорк хотын ахлах бишоп хариуцсан дүүргийн Католик энэрлийн байгууллагын гүйцэтгэх захирал, монсениор Кэвин Сулливан, Статен Айландын Эм Ти Синай Христийн нэгдсэн сүмийн ахлах тохинуулагч, бишоп, доктор Виктор А.Браун гэсэн дөрвөн гишүүний хамт хүрэлцэн ирэв. Зочид Нью-Йорк хот дахь Рабби нарын зөвлөлийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгчийн туслах, рабби Диана Жэрсон, Христийн соёлын төвийн Олон нийтийн хэрэг эрхэлсэн газрын гүйцэтгэх захирал Аннэтт Бөрнард нарын хамт айлчиллаа. 

Халамжийн талбай 

“Намайг бага залуу байхад аливаа нэг үйл ажиллагааны тасалбар дээр ‘тасалбаргүй бол оруулахгүй’ гэж бичсэн байдаг байсныг би санаж байна. Энэ нь бидний хувьд сургамж байсан юм. Бид нэг нэгэнгүйгээрээ, байж чадах хэмжээндээ хүртэл сайн байж чадахгүй юм.” — рабби Потасник 

Санваартан Бөрнард 2022 оны 3-р сард Есүс Христийн Сүмээс түүний сүмд 40000 паунд буюу 18 тонн хоол хүнсийг гарган өгсөн Халамжийн талбай дахь ядуусыг халамжлах итгэлийн хамгийн том төвлөрсөн байгууламжтай танилцсан юм. 

“Миний сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн зүйл нь та бүхэн хоол хүнсийг зөвхөн тараагаад зогсохгүй мөн үйлдвэрлэдэг явдал байлаа. Сонирхолтой юм. Цагаан идээний аж ахуй, тоор, газрын самар, усан үзэм, бяслаг гэх зэрэг. Энэ бүгдэд би гайхширлаа” гэж санваартан Бөрнард хэлэв. Санваартан түүнчлэн сайн дурын зарчимд тулгуурласан Сүмийн мөн чанарыг бахдаж байгаагаа хэлсэн юм. Мөн тэрээр “Та бүхний үүсгэн бий болгосон, ажилдаа цаг зав, авьяас чадвараа сайн дурын үндсэн дээр зориулдаг номлолын соёл надад гайхалтай санагдаж байна. Энэ Сүмд бий болгосон номлолын ажлын соёл тэр чигээрээ та бүхнийг дэлхий даяар юу гүйцэлдүүлэх чадамжтай вэ гэдгийг илтгэж байна” гэв. 

Рабби Жэрсон Халамжийн талбайд үйлдвэрлэж буй улаан лоолийн сүмсний үнэр түүнийг эв нэгдлийн талаарх илүү агуу үнэнийг онцлоход хүргэж байгааг хэлэв.  

“Эндхийн сүмсний үнэр энэ цаг мөчид байх бүх зүйлийг танд мэдрүүлэх бөгөөд юу ч хийх шаардлагагүй мэт өөр цаг хугацаа, өөр газарт таныг аваачих болно. Бурхан, итгэл, найдвар бол сэтгэл зүрхийг хөдөлгөх хүч юм гэдгийг та ойлгоно. Энэ бол бидний ухаарч чадахгүй зүйл ба бид бүгдийг хооронд нь холбодог” гэж рабби Жэрсон хэлэв.  

Гэр бүлийн түүхийн номын сан 

“Биднийг зүгээр суу гэж авраагүй, биднийг үйлчил гэж аварсан. ... Миний энэ өглөө харсан Есүс Христийн номлолын ажлын биелэлт нь миний өмнө нь хэзээ ч харж байгаагүй түвшинд байв.” —Бишоп, доктор Виктор А.Браун 

Гэр бүлийн түүхийн номын санд айлчилсан айлчлал нь энэ группийн олон хүний хувьд өвөг дээдэс рүү нь хөтөлсөн гайхамшигтай илчлэлт болж үлджээ. Санваартан Инглиш өвөг эцгийнхээ төрсөн огноог огт мэддэггүй байсан аж. Түүний өвөг эцэг боол байсан ба тариалангийн талбайд ажилладаг байжээ. Лхагва гарагт Гэр бүлийн түүхийн газрын ажилтан түүнд өвөөгийнх нь хүүхдүүдийн нэр орсон өвөг дээдсийнх нь гар бичвэрийг үзүүлэв. 

“[Гэр бүлийн түүхийн номын санд] зочлох нь гэр бүлийнхээ түүхийн талаар маш ихийг мэдэж авах аялал болж хувирна гэж би огт санасангүй. Одоо би үүнийг илүү гүн гүнзгий судалж болохоор боллоо. Үүнийг хойшид ирэх үр хүүхдүүддээ зориулан онлайнаар үүсгэж, хадгалбал тэд өөр өөрсдийн цагт үзэж, судална гэдэг нь сайхан зүйл юм” гэж санваартан Инглиш хэллээ. 

Монсениор Сулливан Гэр бүлийн түүхийн номын сан дахь дэлхий нийтийг хамарсан бүртгэлийг анзаарч харсан бөгөөд энэ нь дэлхийн сайн сайхны төлөө хамтран ажиллах ёстойг бидэнд сануулж байна гэсэн юм. 

“Бидний амьдарч буй дэлхий улам давчуу болж байна. Эрс тэс соёл, шүтлэгтэй бусад хүнтэй эв нэгдэлтэй [хамтарч ажиллах] нь хүн төрөлхтний ирээдүйн амжилт, амьд үлдэх түлхүүр байж болох юм”  гэж монсениор Сулливан хэлэв. 

Эв нэгдэл үгүй бидний цаг үед Есүс Христийн Сүм гэх зэрэг байгууллагууд ядууст үйлчилж, хүмүүсийг нэгтгэж байгаа нь сэтгэл сэргээм явдал юм. 

“Бидний амьдарч буй дэлхий улам давчуу болж байна. Эрс тэс соёл, шүтлэгтэй бусад хүнтэй эв нэгдэлтэй [хамтарч ажиллах] нь хүн төрөлхтний ирээдүйн амжилт, амьд үлдэх түлхүүр байж болох юм.”  — Монсениор Кэвин Сулливан 

“Энэ бол Есүс Христийн сүнс хийгээд номлолын ажлын биелэлтийн бодит байдал юм. Энэ эрин үед бидний үүрэг, даалгавар, хүлээх хариуцлага бол Есүс Христийн гар, хөл болох явдал. ... Тэр биднийг үйлчлэлийн зэмсэг байхаар дуудсан. Тиймээс биднийг зүгээр суу гэж бус, үйлчил хэмээн Тэр аварсан. Тиймээс бид үйлчлэх ёстой. Миний энэ өглөө харсан, Есүс Христийн номлолын ажлын биелэлт нь миний өмнө нь хэзээ ч харж байгаагүй түвшинд байв. Надад үнэхээр хэлэх үг олдомгүй гайхалтай санагдаж байна” гэж бишоп Браун хэллээ. 

БЯИС-ын шашны эрх чөлөөний чуулган 

Пүрэв гаргийн үдэш БЯИС-ийн Шашны эрх чөлөөний чуулган дээр Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк ШУХ-ны гишүүд болох санваартан Бөрнард, рабби Потасник, санваартан Инглиш, Есүс Христийн Сүмийн бүс хариуцсан далын гишүүн, ахлагч Дэвид Л.Бакнэр нарын дунд явагдсан хэлэлцүүлгийг удирдан явуулав. Хэлэлцүүлгийн үеэр тэд шашны хамтын ажиллагаа хэрхэн илүү хүчирхэг нийгмийг байгуулах тухай сэдвээр ярилцлаа. Бусдад үлгэр жишээ үзүүлэх хамтын ажиллагааны нэг жишээ Нью-Йорк хот дахь ШУХ-ны үйл ажиллагаанаас харагддаг. Ахлагч Бакнэр танхимд цугларсан БЯИС-ийн үзэгчдэд ШУХ-нд элссэн анхныхаа туршлагыг хуваалцав. Хорооны дарга, хамба лам Тимоти Долан ахлагч Бакнэрыг урин, дэргэдээ суулгаж байсан аж.  

“[Тэр] намайг өөрийнхөө дэргэд суухыг урьсан бөгөөд тэр даруй намайг танилцуулж, гэр бүлийнх нь нэг гишүүн мэт бүжгийн дэглэлт хийх лугаа адил хөтлөн авч явсан юм.”     

Энэ анхны уулзалт бол сэрээх дуудлага байлаа. ШУХ-ны удирдагчид төвөгтэй цогц асуудлуудыг хэлэлцлээ. Ялангуяа тэд ширээний ард суусан хүн бүрийн бодлыг сонсохыг хүсэж байв.  

Ахлагч Бакнэр “Би санваартан Эл Шарптоны ‘бид өөр өөр усан онгоцон дээр байж болох ч нэг шуурган дунд яваа’ гэж хэлж байсныг санасан бөгөөд тухайн мөчид энэ ширээ бүх хүний оролцоог дэмжихийн зэрэгцээ хамтдаа зөвлөлдөх боломжийг олгож байсныг би ойлгосон” гэж хэлэв.  

Тэрээр цааш нь “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүний хувьд би зөвлөлдөх талаар тоолж барамгүй олон удаа суралцаж байсан бөгөөд энэ нь дуу хоолойгоо өргөн зөвлөлдөхөөс бусдаар илүү үр дүнтэй байна гэж үгүй билээ” гэсэн юм. 

Хэлэлцүүлэгт оролцогчид Нэгдсэн Улсын газар бүрд буй итгэгч хүмүүст нийгэмдээ талхны исгэгч адил нөлөө үзүүлэхийг уриалав.   

“Би засгийн газарт үйлчилдэг бөгөөд олон орны засгийн газрууд шашин хоорондын асуудал хариуцсан нэгжгүй байгаад гайхдаг. Би та бүхнийг  [нийгэмдээ] гүүр тавих арга замыг өөрсдийн хот, мужид эрэлхийлэхийг уриалж байна” гэж санваартан Инглиш хэлэв. 

“Та хүчирхэг итгэлийн тогтолцоотой болсон үед ухрах, зугтах шаардлагагүй ба олон хүнд сүнслэг урам өгч чадна. Засгийн газар таныг олон хүнд хүрч чадахыг мэдэх учир таныг сонсох болно” хэмээн рабби Потасник хэллээ. 

‘Бид бол нэг гэр бүл’ 

Санваартан Инглиш Сүмийн удирдах газраар айлчлах үеэрээ харсан зүйлийнхээ талаар “бүх зүйл Бурханы хайранд биеллээ олжээ. Та бүхний юу хийдэг, яагаад хийдэг талаарх урам зориг, уур амьсгал нь Бурханы хайрын гайхалтай илэрхийлэл гэлтэй. Миний хувьд энэ л хангалттай” гэж хуваалцав. 2009 оноос Сүмийн удирдагчидтай хамтран ажиллаж эхэлсэн рабби Потасник тэдэнтэй харилцаагаа гүнзгийрүүлэх боломж гарсанд талархлаа илэрхийлэв.  

“Намайг бага залуу байхад аливаа нэг үйл ажиллагааны тасалбар дээр ‘тасалбаргүй бол оруулахгүй’ гэж бичсэн байдаг байсныг би санаж байна. Энэ нь бидэнд сургамж байсан юм. Бид нэг нэгэнгүйгээрээ, байж чадах хэмжээндээ хүртэл сайн байж чадахгүй. ... Бид бусадтайгаа уулзсанаар илүү дотносдог. Бид шүтлэг бишрэлийн өргөөндөө өөрсдийгөө нэг гэр бүл гэж хэлдэг. Тиймээс бид нэг гэр бүл шиг байх хэрэгтэй. Тийм учраас бид нэг нэгэнтэйгээ илүү их цагийг өнгөрөөх учиртай юм” хэмээн рабби Потасник хуваалцлаа.  

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.