Мэдээ мэдээлэл

Ахлагч Угдорф Есүс Христтэй илүү адил заах 5 арга барилыг хуваалцав

Багш нарт зориулсан дэлхий даяарх нэвтрүүлэгт төлөөлөгч үг хэллээ.

20220520_105023_CBell_CMB_3014-(1).JPGDownload Photo

Нисэх онгоцны ахмадаар ажиллаж байсан ахлагч Дийтр Ф.Угдорф нислэгийн өмнө ашигладаг байсан шалгах хуудастай адил Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдэд дэлхийн Аврагчтай илүү адил заахад туслах таван зүйл бүхий жагсаалтыг хуваалцав. Төлөөлөгчийн энэхүү үгийг Есүс Христийн Сүмийн бүх багшид зориулсан дэлхий даяарх нэвтрүүлгээр дамжуулсан юм. Сайн дурын үйлсээр өдөөгдсөн итгэлээрээ багш нар бараг бүх хүнд заадаг.

Ахлагч Угдорфын өгсөн зөвлөгөө нь ChurchofJesusChrist.org болон Gospel Library аппликэйшнд 6-р сарын сүүлээр цахимаар байрших “Аврагчийн арга барилаар заах нь” шинэчилсэн гарын авлагын 3-р бүлэгт үндэслэжээ.

1. Есүс Христэд төвлөр

“Заах үедээ Аврагчид төвлөрөх нь байныхаа төв цэгийг онож байгаа гэсэн үг юм. Тэгвэл тэрхүү бай нь юу вэ? Энэ нь Бурханыг болон бусдыг хайрлах Есүсийн үлгэр жишээ юм” хэмээн ахлагч Угдорф заав.

 “Багш нарын хувьд бид тэнгэр элчийн хэлээр ярьж, хөгжөөж, баярлуулж, баясгаж, гайхшируулдаг байж болно. Хэрэв бид хичээлийг Есүс Христэд төвлөрүүлж чадаагүй л бол зорилгоо биелүүлээгүй,  заасан зүйл маань заах ёстой зүйлийн ердөө сүүдэр төдий болсон гэсэн үг. Өөрсдийн Аврагч, Гэтэлгэгч Есүс Христэд үргэлж төвлөр” хэмээн ахлагч Угдорф хэллээ.

“Хэрэв бид хичээлийг Есүс Христэд төвлөрүүлж чадаагүй л бол зорилгоо биелүүлээгүй, заасан зүйл маань заах ёстой зүйлийн ердөө сүүдэр төдий болсон гэсэн үг. Өөрсдийн Аврагч, Гэтэлгэгч Есүс Христэд үргэлж төвлөр.” —Ахлагч Угдорф

2. Зааж буй хүмүүсээ хайрла

Багш нар суралцагч бүрийг Бурханы онцгой хүүхэд гэж харах ёстой. Тэд бас хүн бүрд тохирсон хайрын хэлээр ярих ёстой.

Ахлагч Угдорф “Эгэл жирийн хүмүүс гэж байдаггүй. Та хэзээ ч жирийн хүнтэй ярьж байгаагүй. … Бидний алиалж хошигносон, хамтран ажилласан, гэрлэсэн, аль эсвэл үл тоомсорлосон, ашигласан хүмүүс бол үнэндээ мөнхийн язгууртнууд юм” гэсэн К.С.Лүисийн үгийг эш татсан. Тэрээр цааш нь “Бид бусдад ийм маягаар хүндэтгэлтэй хандсанаар Есүс Христийн үлгэр жишээг харуулдаг" гэв.

3. Сүнсээр заа

“Багш хэчнээн сайн хичээж зүтгээд ч тухайн хүнийг Христэд хөрвүүлж чадахгүй” гэж Ахлагч Угдорф хэллээ.

“Зөвхөн Ариун Сүнс л үүнийг хийж чадна. Бид Бурханы хүүхдүүд, Есүс Христийн дагалдагчид ба өөрсдийн хэн гэдгээс илүү юм уу дутуу ‘байх’ шаардлагагүй. Та Аврагч, Түүний сайн мэдээ, Түүний Сүмийг хайрлах хайраа баяр хөөртэйгөөр илэрхийлж чадах уу? Хэрэв та өөрийн үүргийг гүйцэтгэвэл Сүнс Өөрийнхийгөө гүйцэтгэх болно. Энэ бол бидний ‘Сүнсээр заадаг’ арга барил” гэж төлөөлөгч хуваалцав.

4. Сургаалыг заа

“Энэ сургаал бол Христийн сургаал. Багш нарын хувьд бид Есүс Христийн сайн мэдээнээс ичих ёсгүй. Харин бид Түүний сургаал зарим хүнд бүдрэх чулуу мэт, заримд нь мунхаг зүйл мэт санагдаж байсан ч баяр хөөртэйгөөр дуу хоолойгоо өргөн заах ёстой. Учир нь ‘энэ бол итгэгч болгоныг аврах Бурханы хүч мөн’” (Ром 1:16) хэмээн ахлагч Угдорф хэлэв.

5. Хичээнгүйлэн суралцахад урь

“Сургаалыг зааснаар тухайн хүний нэг өдрийг адисалдаг бол, Бурханы үгэн дээр найрлаж, Ариун Сүнстэй нөхөрлөхийг зааснаар түүнийг амьдралынх нь туршид адисалдаг” гэсэн үгийг ахлагч Угдорф эш татсан юм. … Мөн тэрээр “Сайн мэдээг заах нь чухал хэдий ч өөрсдийгөө залбиралд умбуулж, Сүнсийг эрэлхийлж, сурсан зүйлээ хэрэгжүүлэхийг заах нь үүнээс дутахааргүй чухал” гэдгийг онцоллоо. Тэрээр үгийнхээ төгсгөлд, Есүсийн арга барилаар заах нь Бурханыг болон хөршөө хайрлаж буйгаа харуулах хамгийн шилдэг арга гэдгийг дахин онцлов.

“Бид тэрхүү нарийн бөгөөд шулуун замаар алхахдаа өөрсдийн болон бусдын үхэшгүй мөнхийн бодгалиудыг ‘тэнгэрийн хаант улсад, Бурханы баруун мутарт, Абрахамтай, Исаактай, мөн Иаковтай хамт, мөн өөрсдийн бүх ариун эцэг өвгөдийн хамт, цаашид гарахгүйгээр суухаар’ (Хиламан 3:30) удирдан чиглүүлэх хамгийн ариун дуудлагад оролцдог.”

Ахлагч Угдорфын “Аврагчийн арга барилаар заах нь” хэлсэн үгийг бүтнээр нь үзнэ үү.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.