Мэдээ мэдээлэл

Ням гаргийн өглөөний хуралдааны үеэр дэлхий дахиныг хамарсан Хосанна магтаал өргөх онцгой ариун хуралдай болно

    

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон 2020 оны 4-р сарын 4-ний бямба гаргийн өглөө Ерөнхий чуулганы ням гаргийн өглөөний хуралдааны үеэр гэгээнтнүүдийг удирдан, дэлхий дахиныг хамарсан Хосанна магтаалыг өргөж, онцгой ариун хуралдай хуруулна гэж зарлав.

Ерөнхийлөгч Нэлсон Сүмийн захиргааны байрын хурлын танхимын индэр дээрээс “Та нарын сонсох захиас, танилцуулах онцгой зарлал мөн та бүхнийг оролцоход уриалсан үйл ажиллагаанууд энэ чуулганыг та нарын хувьд дурсамжтай бөгөөд мартагдашгүй байлгахын төлөө бид залбирч байна. Жишээлбэл, ням гаргийн өглөөний хуралдааны төгсгөлд би та бүхнийг удирдан, дэлхий дахиныг хамарсан ариун Хосанна магтаал өргөнө. Бид дэлхий даяар нэгэн дуугаар Бурхан Эцэгт болон Түүний Хайрт Хүүд чин сэтгэлээсээ талархал илэрхийлэн, өвөрмөц байдлаар магтан дуулах энэхүү үйл явдал та бүхний хувьд онцгой сүнслэг дурсамж болж үлдээсэй хэмээн Бид залбирч байна” хэмээн хэлсэн.

Сүм энэ Ерөнхий чуулганаар (мөн энэ жилийн туршид) Иосеф Смитийн Эцэг, Хүү хоёрыг харсан Анхны үзэгдлийн хоёр зуун жилийн ойн баярыг тэмдэглэхдээ, Бурханд ийнхүү хүндлэл үзүүлж байгаа явдал нь үүнийг нэн чухал, ариун нандин тэмдэглэлт үйл явдал болгож байна. Энэ л үзэгдлийн үеэр Эцэг Есүс Христ рүү заагаад, “Энэ бол Миний Хайрт Хүү. Түүнийг сонс!” хэмээн хэлсэн.

Ерөнхийлөгч Нэлсон “Энэ удаагийн болон бүх цаг үеийн Ерөнхий чуулганы зорилго бол Түүнийг сонсоход бидэнд туслах явдал юм” гээд, цааш нь “Энэ чуулганы үеэр Их Эзэний Сүнс бидэнтэй хамт элбэг дэлбэг байгаасай хэмээн би залбирсан бөгөөд та бүхнийг ч бас залбирахад урьж байна. Ийнхүү та нар Аврагчийн зөвхөн танд зориулсан, бодгальд тань амар амгаланг авчрах, харууссан зүрхийг тань эдгээх, оюун санааг тань гэрэлтүүлэх захиасыг сонсоно. Мөн энэ цаг үед болон ирээдүйд хүнд хэцүү, сорилт бэрхшээлтэй тулгарахад тань хэрхэн амьдралаа авч явахаа олж мэдэхэд туслах захиасуудыг та нар сонсох боломжтой” хэмээн хэлэв.

Онцгой ариун хуралдай гэж юу вэ?

Онцгой ариун хуралдай нь янз бүрийн ариун нандин зорилгоор явагддаг онцгой бөгөөд ариун нандин хурал цуглаан юм. Тэрхүү хуралдайны үеэр хожмын үеийн гэгээнтнүүд сүнслэг байдлын хувьд дээд зэргийн мэдрэмжтэй байх шаардлагатай. Эдгээр хуралдайд Сүмийн шинэ ерөнхийлөгчийг дэмжин батлах, ариун сүмийн болон бусад чухал барилга байгууламжийг (Чуулганы төв гэх мэт) онцгойлон адислах, шинэ судрыг болон санваарын удирдагчдыг танилцуулах мөн өөр бусад чухал онцгой цугларалт орно. Ерөнхийлөгч Нэлсон ням гаргийн өглөөний хуралдаанаар хэлэх үгэндээ Хосанна магтаалаас гадна хүндэтгэл үзүүлэх цуглаан явуулах болсон өөр зорилгоо танилцуулна. “Онцгой ариун хуралдай” нь Дээгүүр өнгөрөх эсвэл Майхан баярын үеэр болдог байсан том цугларалтуудыг дүрсэлсэн Еврей Библиэс авсан үг юм. Иерусалимын анхны ариун сүмийг ариун хуралдайны үеэр онцгойлон адисалжээ. Тиймээс энэ нэршил нь ариун сүмийн онцгойлон адислах ёслолтой эртнээс холбоотой.

Сүмийн ариун нандин илчлэлтүүдийн цуглуулга бүхий Сургаал ба Гэрээнд Бурхан хожмын үеийн гэгээнтнүүдээс “онцгой ариун хуралдай” (Сургаал ба Гэрээ 133:6) дуудан явуулахыг хүссэн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. 1836 оны 3-р сарын 27-нд Көртландын ариун сүмийг онцгойлон адислах ёслол ийм хуралдай байсан юм. Тухайн үед олон хүн сүнслэг илэрхийллүүд асгаран буусныг гэрчилсэн байдаг. Тэрхүү ариун сүмийг онцгойлон адисалсан тэмдэглэлт үйл явдал дараа дараагийн онцгой ариун хуралдайг явуулах жишгийг тавьсан билээ.

Хосанна магтаал гэж юу вэ?

Хосанна магтаал нь хожмын үеийн гэгээнтнүүдийн Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрт хүндлэл үзүүлж, Тэднийг магтан дуулах нэг хэлбэр юм. Энэ нь Иосеф Смит Бурхадыг харсан Анхны үзэгдлийн хоёр зуун жилийн ойн баярыг Сүм даяар тэмдэглэх үеэр явуулах онцгой анхаарал татахуйц арга хэмжээ билээ.

Магтаал нь Есүсийг амьдралынхаа сүүлчийн долоо хоногт Иерусалим руу ялгуусан байдалтай орж ирэх үед цугларсан олон хэрхэн хүлээн авсныг бэлгэддэг. “Давидын Хүүд Хосанна! Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ! Хамгийн Дээдэд Хосанна!” хэмээн Шинэ Гэрээнд цэдэглэгджээ.

Хосанна нь “Аяа ЭЗЭН, гуйж байна, [биднийг] авраач” хэмээх Библийн Дуулал 118:25-д ашигласан хоёр еврей үгээс бүрддэг. Мосейн хуулийн дагуу прист энэхүү дууллыг “Бурхан ЭЗЭНийхээ өмнө баясан цэнгэгтүн” (Леви 23:40) хэмээн зарлигласнаар, Майхан баярын долоо хоногийн турш өдөр бүр уншдаг байжээ. Майхан баяр нь эртний израилчуудын хувьд баярлан хөөрөх цаг байв. Тиймээс Хосанна нь хэдийгээр эхлээд гуйлт байсан ч улмаар баяр хөөртэй холбон ойлгодог болжээ. Мөн энэ утгаар нь Шинэ Гэрээ, Мормоны Ном, Сургаал ба Гэрээнд хэрэглэдэг. Эдгээр цэдэгт хосанна нь Бурханы сайн сайхан, Есүс Христийн аврах хүчийг хүлээн зөвшөөрч, магтан дуулж байгааг илэрхийлдэг.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн түүхэнд “хосанна” гэх үгийг 1830 онд Сүм анх зохион байгуулагдахаас өмнө хэрэглэж байжээ. 1829 оны илчлэлтэд Мартин Харрист “Хосанна, хосанна, Их Эзэн Бурханы нэр адислагдаг хэмээн чанга дуу хоолойгоор, баяслын дуугаар чангаар тунхаглан—бүр үнэнийг номло, ухуул, мөн тунхагла!” хэмээн зарлигласан. Үүнтэй адил зарлигуудыг 1830 болон 1831 онуудад хүмүүст өгсөн байдаг.

1836 онд Сүмийн Көртланд дахь ариун сүмийг онцгойлон адислах үеэр Хосанна магтаалыг бүх гишүүн нийтээрээ үйлджээ. Онцгойлон адислах ёслол өндөрлөх үеэр цугларсан олон хамтдаа “Бурхан, Хурга хоёрт Хосанна, Хосанна, Хосанна, амен, амен, амен!” хэмээн чанга хэлцгээсэн. Сүмийн түүхэнд өөр бусад үйл явдлын үеэр Хосанна магтаалыг өргөн, хүндлэл үзүүлдэг байв.

Түүнчлэн 1892 онд Солт Лэйкийн ариун сүмийн оройн чулууг тавих ёслолын үеэр халаасны цагаан алчуураар даллаж байхдаа Хосанна магтаалыг үйлдсэн аж. Ерөнхийлөгч Нэлсон бямба гаргийн өглөөний хуралдаанаар “Энэ ариун нандин үйл ажиллагаанд бид халаасны цэвэрхэн цагаан алчуур ашиглана. Хэрэв танд алчуур байхгүй бол гараараа даллаж болно” хэмээн тайлбарласан.

Ням гаргийн Хосанна магтаалын төгсгөлд, цугларсан олон Көртландын ариун сүмийг онцгойлон адислах ёслол дээр дуулсан “Бурханы Сүнс” дууллыг дуулах юм.

Нэмэлт эх сурвалж

April 2020 General Conference News and Announcements

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.