Мэдээ мэдээлэл

Окинава ариун сүмийн барилгын шав тавих ёслолд цөөн хүн гэрчээр оролцов. Үзэгчид галын дэргэдэх цуглаанд цахимаар оролцлоо.

Ахлагч Такаши Вада Окинава ариун сүмийн ариун нандин талбайг онцгойлон адислав.

 

2020 оны 12-р сарын 5– Японы Окинава хот.

12-р сард баймгүй хүйтэн салхитай өдөр асгаран орох бороон дунд Окинава ариун сүмийн барилгын шав тавих ёслолд цөөн тооны гэгээнтэн оролцож, халуун дулаан уур амьсгал мэдэрлээ. Энэхүү үйл явдал халуун бүсийн Окинава арал дээр амьдарч байсан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн баатарлаг гишүүдийн насан туршийн мөрөөдлийн оргилд хүрэх нэг алхам байлаа. КОВИД-19 цар тахлын улмаас Засгийн газраас тогтоосон хязгаарлалтаас шалтгаалан онцгойлон адислах ёслолд 30 хүн урилгаар оролцсон ба ёслол Японы Окинава цэргийн дүүргийн төвийн болон Окинава тойргийн цуглааны байранд зохион байгуулагдсан.

Ахлагч Такаши Вада онцгойлон адислах залбиралдаа Окинавагийн гэгээнтнүүдийг эд баялаг, эрх чөлөө, аюулгүй байдлаар адисалж, улмаар ариун сүмийн ажилд оролцон, Аврагчийн заасны дагуу амьдрах боломжоор хангасанд Бурхандаа талархлаа илэрхийлэв. Тэрээр энэхүү үйл явдлын замыг бэлтгэсэн итгэлтэй гэгээнтнүүдийн үлдээсэн итгэлийн өвд онцгойлон Бурханд талархлаа.

Тэрээр “Энэ арал дээрх хүмүүсийг харж хамгаалаач. Бүгд Таны Сүнсээр өдөөгдөж, энэхүү ариун үйл явдлын мөнхийн ач холбогдлыг таньж мэдэх болтугай. Бид бүгд болон энэхүү ариун сүмийн талбайн дэргэдүүр өнгөрөх хүн бүр Таныг байдгийг мэдрээсэй хэмээн бид залбирч байна” гэж хэлэв.

Гэгээнтнүүдэд хандан, тэрээр “Энэ өдөр бидний амьдралдаа шав тавих өдөр байх болтугай. Таны сайн мэдээнд шинээр амлалт өгөхөөр биднийг адислаач. Бидний хүүхэд, өсвөр үеийнхнийг ариун сүмд зөв зохистой орж, энэхүү ариун өргөөг эрхэмлэн нандигнах, ариун нандин ёслолуудад оролцох хүсэл, шийдвэрээр адислаач. Бид бүгд ариун сүмд орохуйц зохистой байж мөн ийм болцгооё” хэмээн хэлсэн.

Үүний дараа оролцогчид цуглааны байрнаас гарч, Японы Окинава цэргийн дүүргийн төвийн болон Окинава тойргийн байрны ойролцоох 20000 м2 хэмжээтэй ариун сүмийн талбай руу алхлаа. Ахлагч Вада, түүний эхнэр Наоми Вада, ерөнхийлөгч Ёза, түүний эхнэр Такако Ёза, Фүкүока номлолын ерөнхийлөгч Спэнсэр Ф.Мак, түүний эхнэр Жэйн Мак, ерөнхийлөгч Франсис, түүний эхнэр Нэтти Франсис, Бүсийн далын гишүүн ахлагч Ютака Нагатомо, Окинава ариун сүмийн барилгын шав тавих ёслолын зохицуулагч Ёшихарү Мияаги нарын арван хүн тав, таваараа ээлжлэн алтан иртэй хүрзээр цагаан элсэнд хүрцгээв. Ёслолын дараа ерөнхийлөгч Мак уг арга хэмжээнд тусалсан бүрэн цагийн дөрвөн номлогчийг газрын хөрсөнд гар хүрнэ үү хэмээн хүссэн юм. Бүх хүн хүрз барьсан номлогчдыг хараад, баяртай байлаа.

Японы Окинава ариун сүмийг анх 2019 оны 4-р сарын 7-нд зохион байгуулагдсан Ерөнхий чуулганы үеэр зарлажээ. Хоёр давхар, 929 м2 талбай бүхий барилгыг одоо байгаа цуглааны байрын хажуугийн 20000 м2 бүхий машины зогсоолын талбай дээр барих бөгөөд цуглааны байрыг зочдын хүлээлгийн хэсэгтэй байхаар шинэчлэн засварлахаар болжээ. Энэхүү ариун сүм нь Токио, Фүкүока, Саппоро ариун сүмүүдийг оролцуулан тоолбол, Японд баригдсан дөрөв дэх ариун сүм болж байна.

  

Окинава ариун сүмийн барилгын шав тавих ёслолд зориулсан галын дэргэдэх цуглаан

2020 оны 12-р сарын 6 – Онцгой галын дэргэдэх цахим цуглаанд Окинавагийн 375 гаруй гэр бүл оролцож, ариун сүмийн барилгын шав тавих үйл явдлыг хамтдаа тэмдэглэжээ. Галын дэргэдэх цуглаанд Окинава гадасны Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч Кацүми Ханаширо, өсвөр үеийнхнийг төлөөлөн Сэита Ёшимүра ах, Изабэл Гарсиа эгч нар үг хэлэв.

Окинава гадасны ерөнхийлөгч Ёза Окинава арал дээр Есүс Христийн хаант улсыг хичээнгүйлэн байгуулсан итгэлтэй гэгээнтнүүддээ талархал илэрхийллээ. Тэрээр нас барсан хүмүүс гишүүдийн дээрээс үргэлж харж, өөрсдийн ёслолыг хүртэх өдрөө хүлээсээр байдаг хэмээн мэдрэмжээ хуваалцсан юм. Мөн бүх хүнийг, тэр дундаа өсвөр үеийнхнийг ариун сүмийн эрхийн бичиг авахад урамшуулж, туршлагаа хуваалцлаа.

Ерөнхийлөгч Ёза Японы болон Окинавагийн Сүмийн түүхийн талаар ярив. Тэрээр 1945 онд буюу Дэлхийн II дайн дууссаны дараа цэргийн албан хаагчид цуглааны бүлгийг анх байгуулсан нь арал дээр Сүм байгуулагдах суурь нь болсон тухай өгүүллээ. Нобү Накамүра, түүний охин Аяако болон Күнико Таманака нар сургаал заалгаж, 1955 онд тэдэнд цэрэг Ралф Бөрд Зүүн Хятадын тэнгист баптисм хүртээсэн нь анхны баптисм болсон аж. Үүнээс хойш нэг жилийн дараа бүрэн цагийн номлогчид томилогджээ.

Япон дахь ариун сүмийн түүхээс эхлээд өчигдөр болсон Окинава ариун сүмийн барилгын шав тавих ёслол хүртэлх түүхийг ерөнхийлөгч Ёза хуваалцав. Тэрбээр гишүүдийг хөшигний хоёр талд Израилыг цуглуулах ажилд оролцоход яаравчлахыг санууллаа. Гишүүд ариун сүмд ороход өөрсдийгөө бэлтгэхийн тулд мөн тэдний ажлыг гүйцэтгэхийн тулд өвөг дээдсийнхээ нэрийг хайж олохын төлөө чадах бүхнээ хийх хэрэгтэй. Окинавагийн тулалдаанд Бурханы олон мянган хүүхэд цагаасаа эрт нас барсан. Бид тэдний ёслолыг гүйцэтгэхийн тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй бөгөөд ингэснээр тэд Есүс Христийн Хаант улсад орох боломжтой болно.

Окинава ариун сүмийн барилгын шав тавих хорооны гишүүн, Японд бүрэн цагийн номлогчоор үйлчилсэн Нэтти Франсис эгч Японы уугуул гэгээнтнүүд, цэргийн дүүргийнхний хамтын ажиллагааны талаар ярилаа. “Окинава дахь Сүмийн түүх нь хоёр талын сайн хүмүүс энд тулалдаж байсан эмгэнэлт цаг хугацаа болох Дэлхийн II дайны төгсгөл үе буюу 1945 оноос эхтэй” гэж хэлэв. Хэдий тийм ч эдгээр ялгаанаас үл хамааран цэргийн албан хаагчид тэр үеэс хойш Сүмийг байгуулахад туслан, анхны хөрвөгчдөд баптисм хүртээж, орон нутгийн гишүүдийг дэмжсээр ирсэн. Цэргийн дүүргийнхэн байнга солигдож, харин ихэнх япон гишүүн энэ арал дээр насаараа амьдарсан зэргээс үл шалтгаалан тэд гэр орон, барилга байгууламж, фермерийн аж ахуйгаа сэргээн босгох зэргээр бие биедээ туслах арга замыг олсоор ирэв. Мөн “Үүнтэй зэрэгцэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд Есүс Христийн сайн мэдээг тунхаглах замаар арлыг дотроос нь сэргээн босгож эхэлсэн юм” гэж тэр үргэлжлүүлэн хэллээ.

Ахлагч Жэймс А.Маккьюн АНУ-ын цэрэгт алба хааж байсан найзтайгаа захидлаар харилцдаг байсан тухайгаа ярив. “Сорилт бэрхшээлүүд бидэнд мөнх бус амьдралын хугацааг нухацтай авч үзэх боломжийг олгодог. Ариун сүмд бидний хүлээн авдаг ариун нандин ёслолууд нь бидэнд гэрээний зам дээр үлдэх хүчийг өгдөг (С ба Г 84:19-23)” гэж хэлээд, тэрээр Бурхан амлалтаа үргэлж биелүүлдэг гэдгийг бидэнд сануулсан юм. Эдгээр ёслол бидэнд эцсээ хүртэл тэвчих хүчийг өгдөг.

Ахлагч Жэймс Р.Расбанд өчигдөр болсон Окинава ариун сүмийн барилгын шав тавих ёслолын үеэр, бороо асгарсан үүлтэй тэнгэрээс нарны туяа үүл нэвт гэрэлтэж байсныг мэдэрчээ. Тэрээр ерөнхийлөгч Нэлсоны бидэнд зөвлөсний дагуу эдгээр хүнд хэцүү цаг үед биднийг ариун сүм дээр анхаарлаа төвлөрүүлж, харалган байхаас зайлсхийн, мөнхийн зүйлд төвлөрөхийн тулд хараагаа дээш чиглүүлэх хэрэгтэйг онцлон тэмдэглэв. Ахлагч Расбанд Сургаал ба Гэрээ 128-р бүлэгт тайлбарласанчлан, бүх хүн нас барагсдын төлөөх ёслолуудаар дамжуулан авралыг хүлээн авч болно гэдэг илчлэлтийг хүлээн авах үед нь Иосеф Смитэд төрсөн баяр баясгалангийн талаар ярьсан.

Ахлагч Вада хэлсэн үгэндээ, хэдийгээр цөөхөн хүн цугларсан ч тэд Окинава ариун сүмийн талбайг ариун сүм барихад зориулан онцгойлон адислах болсонд тун их талархаж байснаа илэрхийллээ. Тэрээр арал дээр "бидний өмнө амьдарч байсан" гишүүдийн Бурхан, Есүс Христ хоёрт өгсөн амлалтыг сайшаав. Ахлагч Вада “Бид шав тавих ёслолд бэлдэхдээ аль болох олон хүүхэд, өсвөр үеийнхнийг оролцуулна гэж найдаж байсан хэдий ч өсвөр үеийнхэнд ариун сүмийн барилгын ажил бус, харин ариун сүм дэх ёслолуудтай холбоотой гэдгээ мэдрэх нь илүү чухал гэж ах нар бидэнд зөвлөсөн. Үүний дагуу би энэ захиасыг залуу гишүүдэд болон тэдний гэр бүлд онцгойлон зориулж бэлтгэв. Энэ нь танд Есүс Христийн шавь болох амлалтаа гүнзгийрүүлэх боломж олгоно” хэмээн нэмж хэллээ.

Ахлагч Вада өөрийг нь залуухан байхад Окинавад байрлаж байсан хоёр төлөөлөгчийн туршлагыг хуваалцахдаа тэнд байсан өсвөр үеийнхэн уг туршлагыг залуу хүний өнцгөөс харж ойлгох байх гэсэн найдвар тээж байлаа. “Ахлагч Максвэлл Окинавад болсон ширүүн тулалдааны үеэрх нэгэн туршлагаа хуваалцсан юм. Залуу Нийлийн байрлаж байсан нуувч галд өртжээ. Дараалан гурван удаа тэсрэх бөмбөг хаяж, бөмбөгдөлт нуувч руу өмнөхөөсөө улам бүр ойртсоор байв. Японы арми түүний байрлалыг тогтоосныг тэр ойлгожээ. Дараагийн тэсрэх бөмбөг түүний дээр буух гэж байлаа. Тэрбээр ‘аминчхан хэдий ч, чин сэтгэлийн залбирлынхаа нэгийг’ Бурханд өргөж, дараагийн бөмбөгөөс хамгаалахыг хүсжээ. Түүний халаасанд патриархын адислалынх нь хуулбар байсан ба тэр адислалд түүний амьдрал богиносохгүй, дэлхийн өмнөх амьдралд түүнд өгөгдсөн даалгавар бүрийг биелүүлэх ажлаас түүнийг чөлөөлөхгүй байх болно гэж амласан байв. Тэр шөнө тэрээр амь гарсан ба ‘Их Эзэнд түүгээр хийлгэх ажил байгаа’ гэдгийг мэдэрч, Бурханд хандан залбиран, насан туршдаа Түүнд үйлчлэх болно гэдгээ амласан юм. Тиймээс ахлагч Максвэллын хувьд Окинава бол ариун газар юм” гэж тэр ярилаа.

Түүнчлэн ахлагч Боид К.Пакэрыг Окинавад байрлаж байхад амьдралыг нь өөрчилсөн үйл явдал түүнд тохиожээ. “Эргэлзээ, тодорхой бус байдлаас болж унтаж чадалгүй шаналж байсан залуу Боид сайн мэдээний талаар хувийн гэрчлэл хүсэж, нэг шөнө залбирчээ. Тэрээр майхнаасаа гарч, одод түгсэн шөнийн тэнгэр доор өвдөг сөгдөн залбирав. Тэр зөвхөн өөрт нь зориулсан арга замаар, хувийн илчлэлтээр дамжуулан сайн мэдээ үнэн гэдгийг мэдэж авчээ. Өөр нэгэн шөнө тэрээр хэрэв аз тохиож, дайны дараа амьд үлдвэл цаашид хэрхэн амьдрах тухайгаа боджээ. Тэр шөнө Боид юу хийхийг хүсэж байгаагаа мөн түүндээ хэрхэн амьдралаа зориулахаа ухаарсан юм.”

Ахлагч Вада өсвөр үеийнхэнд хандан, “Эдгээр төлөөлөгч залуудаа яг л миний мөн та нарын адил хэрхэн амьдрах, Бурхан тэдний залбиралд үнэхээр хариулах эсэх талаар бодож байсан. Та нарын олонх нь эцэг эх, удирдагчдынхаа заасан бүх зүйлийг хийхэд бэлэн, дуулгавартай байдаг. Гэхдээ нэг л өдөр та нар бие даан ‘өөрийн хүслээр олон сайн зүйл хийх’ хэрэгтэй болно” гэж хэлээд,

өсвөр үеийнхнийг ерөнхийлөгч Нэлсоны зааврыг дагаж, хувийн илчлэлтээ хүлээн авч, өөрсдийн сүнслэг үүргийг олж, Израилыг цуглуулахад Их Эзэний ажлыг цааш урагшлуулахад хэрхэн тусалж болохоо ойлгоход уриалав. “Ерөнхийлөгч Нэлсон Израилыг цуглуулахаас илүү чухал ажил үгүй хэмээн хэлсэн. Хэрэв танд туслах хүсэл эрмэлзэл байгаад, ийнхүү үйлдэхээр сонгох юм бол та гайхалтай үүргийг гүйцэтгэж чадна.”

Ямар их сургуульд, ямар мэргэжлээр суралцах, ямар мэргэжлээр ажиллах ёстой гэх мэт ахлах сургуулиа төгсөөд өсвөр үеийнхний гаргадаг чухал чухал шийдвэрийн талаар ярихдаа ахлагч Вада тэднийг хариултаа олох болно хэмээн амлав. "Аврагч ’Харин та нар эхлээд Бурханы хаант улсыг мөн түүний зөв шударгыг эрэлхийл, мөн эдгээр бүх зүйл та нарт нэмэгдэн өгөгдөх болно" (3 Нифай 13:33) гэж амласан. Өсвөр үеийнхэн Израилыг цуглуулахад нэгдэхдээ сүнслэг, оюуны, бие махбодын, нийгмийн гэсэн дөрвөн тал дээр зорилго тавихад тэрээр урьсан юм. Ийн үйлдсэнээр тэд Сүнсийг мэдэрч, зөв чиглэл өөд хөтлөгдөх болно. Залбирч, зорилго тавих нь амьдралын нэн тэргүүний чиглэлээ тодорхойлж, Бурханы зарлигуудын дагуу бүрэн дүүрэн амьдрах боломжийг олгоно.

Тэрээр төгсгөлд нь Окинава дахь бүх гишүүнд хандан, “Би Окинавад ирээд, та бүхний адил сүнслэг нөлөө бүхий гэгээнтнүүдтэй уулзах бүрдээ төрдөг сэтгэгдэл, мэдрэмжээ хуваалцахыг хүсэж байна. Окинава бол онцгой бөгөөд ариун газар юм. Би та бүхнийг мөн өөрсдийн тэнгэрлэг зорилгыг олоосой хэмээн чин сэтгэлээсээ залбирч байна. Энэ бол Түүний шавь болохоор гүн гүнзгий амлалт өгөхдөө өөрсдийн зүрх сэтгэлийг бэлдэх, Их Эзэн, Аврагч Есүс Христийг ирэхээс өмнө Түүний сонгосон хүмүүсийг цуглуулах явдал юм. Ариун сүм бол бидний тэнгэрлэг чадамж, зорилгоо ухаардаг газар” хэмээн хэлэв.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.