Мэдээ мэдээлэл

Сүм ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагын асуултуудыг шинэчлэв

Ариун сүмд ороход шаардагдах жишиг өөрчлөгдөөгүй ч эдгээр өөрчлөлт нь хожмын үеийн гэгээнтнүүдийг ариун сүмд бишрэн шүтэхэд илүү сайн бэлтгэх болно

         

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хагас жил тутмын 189 дэх Ерөнхий чуулганы хаалтын хуралдаан дээр Хүндэтгэлийн өдөр ариун сүмийн бишрэн шүтэх байдлыг сайжруулахад чин сэтгэлээсээ гол анхаарлаа хандууллаа. Тэрээр ариун сүмийн эрхийн бичиг хүлээн авахад Сүмийн гишүүдэд тавьдаг асуултуудын шинэчилсэн жагсаалтыг уншив. Шинэчлэгдсэн асуултуудыг доор харуулав.

     

Ариун сүмийн эрхийн бичиг хүлээн авахад хийгддэг ярилцлагын асуултуудыг Бурханы хүүхдүүдийн хэрэгцээ, нөхцөл байдлаас шалтгаалан үе үе илүү тодруулж, тохируулж иржээ. Одоо хийгдэж буй өөрчлөлт ариун сүмд орох зохистой байдлын шаардлагуудыг тодруулж өгч байгаа бөгөөд бүр өөрчлөөгүй.

“Би амьдралынхаа туршид ерөнхийлөгч Нэлсонтой адил ариун сүмтэй ийм их нягт харилцаатай байсан хүнийг хараагүй. Тэрээр гүн гүнзгий ойлголттой бөгөөд Их Эзэний өөрийг нь удирдаж байгаагаар бүхнийг хийхийг хүсдэг. Тэр энэхүү удирдамжаа Их Эзэнээс хүлээн авч байгаа билээ” хэмээн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Квинтин Л.Күк 9-р сард Бразилд айлчилж байх үеэрээ хэлсэн юм.

Сүмийг 21 сар удирдаж буй ерөнхийлөгч Нэлсон үүнийг үйлдлээрээ нотлон харуулж байна. Ерөнхийлөгч Нэлсон 2018 оны 1-р сард Сүмийн ерөнхийлөгч болсноосоо хойш 35 шинэ ариун сүмийг зарласан бөгөөд иргэний журмаар гэрлэсэн хосуудад ариун сүмд шууд гэрлэх (Сүм албан ёсоор “лацдан холбох” гэж нэрлэдэг) зөвшөөрөл олгож, ариун сүмийн заавар өгөх хуралдаанд өөрчлөлт оруулсан ба Сүмийн бүх гишүүнийг (түүний дотор, өсвөр үеийнхэн, эмэгтэйчүүдийг) ариун сүмийн бишрэн шүтэх үйл явцад илүү их арга замаар оролцох боломжтой болгохын тулд ёслолд оролцох гэрчүүдийн талаарх Сүмийн бодлогыг засварлаж зохицуулсан.

Ариун сүмийн эрхийн бичгийн асуултуудад оруулсан өөрчлөлт нь хожмын үеийн гэгээнтнүүдийг ариун сүмд ороход хянамгай бэлтгэхэд нь маш чухал зарим зүйлийг онцолжээ. Сүмийн цуглааны байранд ням гарагт болдог цуглаан болон долоо хоногийн бусад өдөрт зохиогддог үйл ажиллагаа явагдаж, бүх хүн оролцож болдог бол ариун сүмд огт өөр байдаг. Ариун сүмүүдэд итгэлтэй хожмын үеийн гэгээнтнүүд гэр бүлүүдийг үүрд нэгтгэдэг гэрлэлт, баптисм хүртэх боломжгүй нас барсан өвөг дээдсийнхээ төлөө баптисм хүртээх зэрэг зан үйлд оролцдог. Дэлхийн өнцөг булан бүрд байгаа онцгойлон адислагдсан 166 ариун сүмийг энэ дэлхийн хамгийн ариун нандин газар гэж үздэг. Эдгээр ариун байгууламжийн гадна сийлсэн “Их Эзэний өргөө” хэмээх үгс гишүүдийг Христийн үлгэр жишээг дагахыг хичээх тусам Түүний сургаал батлагдаж байдгийг нотолдог. Тийм учраас ариун сүмд бишрэн шүтэх нь онцгой боломж юм.

Ариун сүмийн эрхийн бичиг хожмын үеийн гэгээнтнүүдийг эдгээр ариун сүмийн аль нэгд орохыг зөвшөөрдөг. Сүмийн насанд хүрсэн гишүүн ариун сүмийн эрхийн бичиг авахдаа хоёр ярилцлагад ордог ба орон нутгийн бишопын зөвлөлийн нэг гишүүнтэй мөн гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн аль нэг гишүүнтэй (бүсийн удирдагч) ярилцдаг. Ийм ариун сүмийн эрхийн бичиг хоёр жилийн хугацаанд хүчинтэй. Хязгаартай ашиглах ариун сүмийн эрхийн бичгийг 11 ба түүнээс дээш насныхан орон нутгийнхаа бишоптой ярилцлагад орж байж авдаг. Энэ эрхийн бичгийг ихэнхдээ хожмын үеийн залуу эрэгтэй, эмэгтэй гэгээнтнүүдэд ариун сүмийн баптисмын ёслолд оролцоход нь олгодог ба нэг жилийн хугацаанд хүчинтэй.

“Сэргээлтийн [газар дэлхийд Есүс Христийн Сүмийг бүрэн байгуулах үйл явцын] титмийн шигтгээ нь ариун сүм юм. Их Эзэний өргөөнд ороход хувь хүнээс зохистой байхыг болон сүнслэг байдлын хувьд бэлтгэлтэй байхыг ихээхэн шаардана. Гэхдээ Их Эзэний тусламжтайгаар бүх зүйл боломжтой. Зарим талаараа, ариун сүмийг барих нь хүмүүсийг ариун сүмд ороход бэлтгэхээс илүү хялбар байдаг. Хувь хүний зохистой байдал нь Их Эзэнтэй илүү адил болохын тулд оюун бодол, зүрх сэтгэлээ бүрэн хөрвүүлэх, шударга иргэн байх, илүү сайн үлгэр жишээ үзүүлэх, илүү ариун хүн байхыг шаарддаг” хэмээн ерөнхийлөгч Нэлсон хэлсэн.

    

Ариун сүмийн эрхийн бичиг авах ярилцлагын асуултууд

Ариун сүмд орох, тэнд шүтэн бишрэхэд шаардагдах шаардлагуудыг илүү сайн ойлгоход нь Сүмийн бүх насны гишүүдэд туслахаар ариун сүмийн эрхийн бичиг авах ярилцлагын асуултуудыг олон нийтэд мэдэгдлээ.

Ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагын асуултуудыг доор өгөв. 11 асуултын үг хэллэгийг өөрчилжээ.

  1. Та Бурхан, Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христэд болон Ариун Сүнсэнд итгэдэг үү? Мөн Тэдний талаар гэрчлэлтэй юү?
  2. Та Есүс Христийн Цагаатгалын талаар мөн таны Аврагч, Гэтэлгэгчийн хувьд Түүний үүргийн талаар гэрчлэлтэй юү?
  3. Танд Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн талаар гэрчлэл бий юү?
  4. Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчийг бошиглогч, үзмэрч, илчлэгч, түүнчлэн санваарын бүх түлхүүрийг ашиглах эрх мэдэл бүхий дэлхий дээрх цорын ганц хүн хэмээн дэмжин баталдаг уу?

    Та Тэргүүн Зөвлөлийн болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийг бошиглогч, үзмэрч, илчлэгч хэмээн дэмжин баталдаг уу?

    Та Сүмийн бусад ерөнхий эрх мэдэлтнийг болон орон нутгийн удирдагчдыг дэмжин баталдаг уу?
  5. Их Эзэн бүх зүйл Түүний өмнө “цэвэр ариун байдалд хийгдэг” хэмээн хэлсэн (Сургаал ба Гэрээ 42:41).

    Та ёс суртахууны хувьд өөрийн бодол, үйлдлийг цэвэр ариун байлгахыг хичээдэг үү?

    Та ариун явдлын хуулийг дагадаг уу?
  6. Та ганцаараа эсвэл олны дунд гэр бүлийнхэнтэйгээ болон бусадтай харьцахдаа Есүс Христийн Сүмийн сургаалуудыг дагадаг уу?
  7. Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд харш аливаа сургаал, зан үйл, номлолыг дэмжиж, сурталчилдаг уу?
  8. Та Хүндэтгэлийн өдрийг гэртээ ч, сүмд ч ариунаар сахиж, цуглаануудад оролцон, ариун ёслолд бэлдэж мөн түүнээс зохистой хүртэн, сайн мэдээний хууль, зарлигуудад нийцүүлэн амьдрахыг хичээдэг үү?
  9. Та хийж буй бүх зүйлдээ шударга байхыг хичээдэг үү?
  10. Та аравны нэгээ бүрэн төлдөг үү?
  11. Та Мэргэн ухааны үгийг ойлгож, дагадаг уу?
  12. Та салсан нөхөр/эхнэрийнхээ өмнө эсвэл хүүхдүүдийнхээ өмнө ямар нэгэн санхүүгийн болон бусад үүрэг хариуцлага хүлээдэг үү?

    Хэрэв тийм бол тэдгээр үүрэг хариуцлагаа биелүүлж байгаа юу?
  13. Та хишиг хүртэхэд зааварласны дагуу гарментаа өмсөх гэх мэт ариун сүмд байгуулсан гэрээнүүдээ сахидаг уу?
  14. Наманчлалын нэг хэсэг нь болох санваарын эрх мэдэлтнүүдтэй хамт шийдвэрлэвэл зохих ноцтой нүгэл таны амьдралд бий юү?
  15. Та өөрийгөө Их Эзэний өргөөнд орж, ариун сүмийн ёслолуудад оролцох зохистой гэж үзэж байна уу?

Сүмийн удирдагчид ярилцлагадаа эдгээр асуултыг даруй ашиглах болно. Цаашид хэрхэх талаарх удирдамж бүхий Тэргүүн Зөвлөлийн захидлыг дэлхийн өнцөг булан бүрд байгаа Сүмийн удирдагчдад даваа гарагт хүргүүлнэ.

Ерөнхийлөгч Нэлсон саяхан зарлагдсан болон тухайн газар нутагт баригдаж буй ариун сүмүүдийн нээлттэй хаалганы өдөрлөг нь орон нутгийн хүмүүст ариун сүм гэж юу болох, яагаад ариун сүмд шүтэн биширдэг талаар ойлголт өгөх чухал боломж байх болно гэдгийг хожмын үеийн гэгээнтнүүдэд санууллаа.

“Өөр шашин, өөр итгэл үнэмшилтэй олон найз нөхөд эдгээр ариун сүмийн аялалд оролцох бөгөөд ариун сүмийн адислалын талаар ямар нэг зүйлийг мэдэж авах болно. Эдгээр зочны зарим нь илүү ихийг мэдэхийг хүсэх болно. Зарим нь өөрсдийгөө ариун сүмийн адислал хүлээн авахад хэрхэн тэнцүүлэх талаар чин сэтгэлээсээ асууж ч магад. Сүмийн гишүүд бид тэдний асуултад хариулахад бэлтгэлтэй байх хэрэгтэй. Бид ариун сүмийн адислал нь өөрсдийгөө бэлтгэх хүн бүхэнд боломжтой гэдгийг тайлбарлаж болно” хэмээн тэрээр хэлсэн.

Ерөнхийлөгч Нэлсон ариун сүмд шүтэн бишрэхэд хэрхэн бэлтгэх талаар хэлж үгээ өндөрлөхдөө хожмын үеийн гэгээнтнүүдэд “бэлтгэл ажил энэ амьдралд тоолж баршгүй бөгөөд гэр бүлээрээ үүрд мөнхөд нэгдэх гэх мэт ирэх амьдралд төсөөлшгүй адислалыг авчирдаг” хэмээн хэлэв.

Нэмэлт эх сурвалж

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.