Мэдээ мэдээлэл

Бошиглогч ЛГБТ-ийн талаарх бодлогыг өөрчлөхөд хайр нөлөөлсөн хэмээн хэлэв

Ерөнхийлөгч Нэлсон дэлхий даяарх коллежийн насны хожмын үеийн гэгээнтнүүдтэй таван чухал үнэнийг хуваалцав

  

Сударт Бурхан бүх хүнд хамгийн сайн сайхныг хүсдэг (Moсе 1:39-ийг үзнэ үү) хэмээн тодорхой заадаг. Түүний санаа сэдэл бол цэвэр хайр. Энэ санаа сэдэл Түүний дуудсан бошиглогчдын хувьд өөр өөр байх боломжгүй гэдгийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон мягмар гарагт дэлхий даяарх хожмын үеийн гэгээнтэн залуучуудад хандан хэлэв.

Шашны дэлхийн удирдагч 95 настай, эрч хүч дүүрэн энэ хүн Юта, Прово дахь Бригам Янгийн Их Сургууль дээр залуучуудад хандан хэлсэн үгэндээ таван чухал үнэнийг санууллаа. Үүнд: (1) тэд бол Бурханы хүүхдүүд, (2) үнэн хуваагдашгүй цул, (3) Бурхан тэдэнд хайртай, (4) Бурхан тэдэнд туслуулахаар бошиглогчдоо дууддаг, (5) тэд өөрсдөө юу үнэн гэдгийг мэдэж авах боломжтой зэрэг юм. (Заасан таван зүйлийг бүхэлд нь харахын тулд ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн “The Love and Laws of God” үгийг бүрэн эхээр нь уншина уу).

Бурхан үнэнийг заалгуулахаар бошиглогчдыг дууддаг гэсэн дөрөв дэх зүйлийн талаар ерөнхийлөгч Нэлсон өөрийнх нь болон Сүмийн бусад удирдагчийн хувьд энэхүү даалгавар хэчнээн нарийн асуудал байж болохыг илэн далангүй ярив.

“Биднийг заримдаа селестиел хаант улс дахь өргөмжлөлийг [сударт илчлэгдсэнээр тэнгэрийн дээд зэрэглэл] хүртэхэд шаардлагатай Эцэгийн шаардлагыг заах үед хувиа хичээсэн хэмээн буруутгадаг. Гэхдээ үнэнийг хэлэхгүй буюу Бурханы илчилснийг заахгүй байх нь хувиа хичээсэн хэрэг биш гэж үү?” хэмээн ерөнхийлөгч Нэлсон хэлсэн. Бид Бурханы хүүхдүүдэд гүн гүнзгий санаа тавьдаг учраас Түүний үнэнийг тунхагладаг юм. Ерөнхийлөгч Нэлсон хамгийн чухал нь үнэнийг номлох ийм үүрэг нь “тэнгэрлэг хуулийг засварлах эрх өгдөггүй” хэмээн хэлэв.

Гэрлэлт, ЛГБТ-ийн талаарх асуудал бол саяхны он жилүүдэд үнэнийг заах нь моод загвараас гарсан байсан хэсэг юм. Хэдийгээр дэлхийд олон засгийн газар ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн ч “Бурхан гэрлэлтийн тодорхойлолтоо өөрчлөөгүй” гэдгийг ерөнхийлөгч Нэлсон олон нийтэд сануулав.

Дараа нь бошиглогч Сүмийн сургаал, бодлого хоёрын ялгааг тайлбарлан, 1830 онд Иосеф Смитэд илчилсэн, Сүмийн удирдлагыг уян хатан байхыг зөвшөөрдөг Сургаал ба Гэрээний хэсгээс эш татсан юм.

“Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгынхан бид ‘сүмийг төлөвшүүлдэг, бүх үндэстэнд, бүх хэрэг явдлыг зохицуулдаг’ [Сургаал ба Гэрээ 107:33] үүрэгтэй ч Бурханы хуулийг өөрчлөх боломжгүй. Иймээс бид Их Эзэн биднийг удирдан чиглүүлсэн үед бодлогыг өөрчилж болно. Та бүгд саяхан ийм жишээнүүдийг харсан. Сэргээлт [Есүс Христийн Сүмийг бүрэн барьж байгуулах явц] үргэлжилж байгаа учраас бодлогод өөрчлөлт гарах нь гарцаагүй.”

Энэ асуудлаар ерөнхийлөгч Нэлсоны авсан гол жишээ бол 2015 оны 11-р сард хэрэгжүүлсэн гэй, лесби эцэг эхтэй хүүхдүүдийг Тэргүүн Зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр адисалж, баптисм хүртээдэггүй байсан бодлогод энэ оны эхээр оруулсан удаах өөрчлөлт байлаа.

“Бидний удаан хугацаагаар ярилцаж, чин сэтгэлээсээ залбирсан нэг санаа зовоосон асуудал бол гэй, лесби эцэг эх, тэдний хүүхдүүдийн хоорондын зөрөлдөөнийг багасгах арга замыг олох явдал байв. Бид эцэг эх, хүүхдүүдийг нэг нэгнийхээ эсрэг чиглэхээс сэргийлэх, гэр оронд эв эеийг дэмжихийг хүсэж байсан” гэж ерөнхийлөгч Нэлсон хэлсэн.

Гэхдээ Сүмийн шинэ бодлогоор нэг нэгэнтэйгээ энэ сэдвээр ярилцахыг мөн нэмэлт удирдамж хүсэн, Бурханд хандан үргэлжлүүлэн залбирахыг зогсоодоггүй бөгөөд 2015 оны 11-р сарын бодлого ч ийм байсан.

Ерөнхийлөгч Нэлсон “Энэ бодлого зарим хүний хувьд санаа зовоож, төөрөгдүүлэн, заримынх нь хувьд зүрх шаналгасан асуудал үүсгэсэн гэдгийг бид мэдэж байна. Үүнд бид гуньж гашуудаж байна. Бурханы хөвгүүд, охидыг ямар ч шалтгаанаар уйлж шаналах үед бид ч бас уйлж шаналдаг. Тиймээс бид Их Эзэнээс үргэлжлүүлэн гуйсаар байв” гэсэн юм.

2015 оны сүүлээс 2019 оны хавар хүртэл (бодлого өөрчлөгдсөн) Сүмийн удирдагчид Бурханаас тусламж гуйн үргэлжлүүлэн залбирсаар байв. Тэд ЛГБТ эцэг эхчүүдийн хүүхдүүддээ зориулан хүссэн бодлогын онцгой нөхцөлийн бараг тохиолдол болгоныг зөвшөөрсөн байсныг анзаарчээ. 2019 оны 4-р сард Сүм гурван чухал өөрчлөлтийг зарласан. Үүнд: нэгд, ЛГБТ эцэг эхтэй хүүхдийн баптисмд Тэргүүн Зөвлөл биш, орон нутгийн бишоп зөвшөөрөл өгөх эрхтэй болсон; хоёрт, ийм гэр бүлийн хосын хүүхдүүдэд нэр өгөх, адислах боломжтой болсон; гуравт, Сүм ижил хүйстний ёс суртахуунгүй байдлыг эсрэг хүйстний ёс суртахуунгүй байдлын түвшинд авч үзэх болсон юм.

“Ийм асуудлаарх 2015 болон 2019 онуудад оруулсан бодлогын өөрчлөлтийг Тэнгэрлэг Эцэгийн маань хүүхдүүдээ гэсэн хайр, ах нарын үйлчилдэг хүмүүсээ гэсэн хайрын санаа сэдлээр хийсэн нь зарим хүнд энэ өнцгөөс харагдаагүй байж болно. Бурхан хүүхдүүдээ хэчнээн гүн гүнзгий хайрладгийг бид мэдэрдэг учраас Бурханы хүүхэд бүрийг нас, хувийн нөхцөл байдал, хүйс, бэлгийн чиг баримжаа, бусад онцгой асуудлаас нь үл хамааран халамжилдаг” хэмээн ерөнхийлөгч Нэлсон хэлэв.

Ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн “The Love and Laws of God” үгийг бүрэн эхээр нь уншина уу.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.