
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэлхий даяар олон долоо хоног үргэлжилсэн нэвтрүүлэх ажлын дараа дэлхий дахины гишүүддээ ариун сүмийн зөвшөөрлийн бичгээ цаасаар бус, гар утсаараа авах хувилбарыг санал болгож байна.
Ариун сүм хариуцсан хэлтсээс 6-р сарын 5-ны пүрэв гарагт ирүүлсэн захидалд ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн цахим хувилбарыг Африк, Ази, Ойрх дорнод/Хойд Африк, Филиппин болон Номхон далайн бүсүүдэд нэвтрүүлснийг бататгалаа.
Ариун сүмийн цахим зөвшөөрлийн бичиг хожмын үеийн гэгээнтнүүдэд ариун сүмд орох ажлыг илүү хялбар, хүртээмжтэй болгоно гэж Сүмийн зүгээс найдаж байна. Сүмийн Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ариун сүм бол “Бурханы бидний хүн нэг бүрд хадгалсан хамгийн эрхэм дээд адислалуудад хүргэх хаалга” ("Санваарын түлхүүрүүд өгөгдсөнд баяс," 2024 оны 4-р сарын ерөнхий чуулган) гэж хэлсэн билээ.
Ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй гишүүд ариун сүмд орохдоо цаасан болон цахим зөвшөөрлийн бичгийн аль нэгийг ашиглаж болох ч хоёуланг нь зэрэг ашиглах боломжгүй.
Хэвлэмэл ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичгээ ашиглах хүсэлтэй гишүүд үргэлжлүүлэн ашиглаж болно.
Ариун сүмийн цахим зөвшөөрлийн бичиг ашиглахыг хүсэж буй гишүүд бишопын зөвлөл эсвэл салбарын ерөнхийлөгчийн зөвлөлийн аль нэг гишүүнтэй холбогдох хэрэгтэй. Удирдагч ариун сүмийн цахим зөвшөөрлийн бичгийг баталснаар таны гар утас эсвэл зөөврийн хэрэгсэл дээр идэвхжих ба Member Tools аппликэйшнээр дамжуулан аль ч ариун сүмд уншуулж ашиглах боломжтой.
Юта мужийн Прово хотын Прово Фрийдом 1-р гадасны 6-р тойргийн гишүүд болох Жарэд Батлэр болон түүний эхнэр Сарагийн хувьд энэ талаар өөр өөр бодолтой байна. “Би хувьдаа зүгээр л гараараа барьж, мэдэрч болох зүйлсэд дуртай учир биет ариун сүмийн эрхийн бичгийг илүүд үзэж байгаа ч ариун сүмийн цахим зөвшөөрлийн бичгийг ашиглахад хялбар зохимжтой гэдгийг ойлгож байгаа” гэж Сара хэлсэн.
Харин түүний нөхөр Жарэдын хувьд шинэ цахим хувилбарт тун баяртай байгаа. “Би цаасан зөвшөөрлийн бичгээ хэд хэдэн удаа мартаж байсан. Гар утсандаа үүнийг хадгалснаар үнэхээр амар болсон ба ариун сүмийн ажилтнуудын хувьд ч цаг хэмнэж байгаа нь тодорхой. Энэ нь ариун сүмд ороход илүү хялбар, стресгүй болгосон томоохон дэвшил” гэв.
Яагаад ариун сүмийн цахим зөвшөөрлийн бичгийг ашиглах хэрэгтэй вэ?
Ариун Сүмийн зөвшөөрлийн бичгээ илүү хялбар, найдвартай арга замаар авч явахыг хүссэн гишүүдийн ирүүлсэн санал хүсэлтийн хариуд ариун сүмийн цахим зөвшөөрлийн бичгийг нэвтрүүлэхээр болсон юм.
Ашиглахад хялбар бас аюулгүй байдаг нь бусад ашигтай тал юм. Гишүүд зөвшөөрлийн бичгээ гэртээ мартана гэж санаа зовох шаардлагагүй болсон ба зөвшөөрлийн бичгээ гар утас дээрээ хэзээ ч ашиглаж болно. Цаасан зөвшөөрлийн бичгийг бодвол цахим зөвшөөрлийн бичгийг алга болгох, гэмтээх боломжгүй.
Айдахо мужийн Робин хотын Аримо Айдахо гадасны Гардэн Крийк тойргийн гишүүн Алиана Хатч эгч ашиглахад хялбар, энгийн хялбар ариун сүмийн цахим зөвшөөрлийн бичгийн хувилбар байгаад баяртай байна. “Би минималист үзэлтэй учраас цүнх, түрийвч бараг авч явдаггүй ч гар утсаа бол авч явдаг шүү” гэв.
Юта мужийн Сэйнт Жорж хотын Пайнвийв гадасны Ривэрбэнд тойргийн гишүүн Брэндон Прайс түрийвчээ авч явах шаардлагагүй тэр өдрийг тэсэн ядан хүлээж байна гэв. Ариун сүмийн цахим зөвшөөрлийн бичиг нь “илүү аюулгүй, олоход хялбар, алга болохгүй, байнга авч явах боломжтой ба түрийвчинд хийх шаардлагагүй” гэв.
Удирдагчдад өгөх зааварчилгаа
Удирдагч ба бичиг хэргийн ажилтны мэдээллийн санд нэвтрээд, “Ариун сүм”-ийг сонгож, дараа нь буудаг цэсээс “Ариун сүмийн эрхийн бичиг” сонго.
Гишүүнийг хайх хайлтын хэсгээс ариун сүмийн цахим зөвшөөрлийн бичиг авахыг хүссэн гишүүнийг хайж ол.
Үйлдлээ сонгох хэсгээс “Хүчинтэй зөвшөөрлийн бичгийн хэлбэрийг хэвлэмлээс цахим болгох”-ыг сонго.
Ариун сүмийн эрхийн бичиг хэсгийн Төрөл гэснийг сонго. “Гар утас”-ыг сонгож, “Хадгалах” товч дээр дар.
Гишүүдэд ариун сүмийн цахим зөвшөөрлийн бичгээ Member Tools аппликэйшнээр орж идэвхжүүлэх тухай мэдэгдэнэ.
Хэрэв ариун сүмийн цахим зөвшөөрлийн бичигт гарын үсэг зурсан санваарын удирдагч тухайн дуудлагаасаа буусан бол одоогийн удирдагч нь ариун сүмийн зөвшөөрлийн бичиг шинэчлэх ажлыг эхлүүлнэ.
Гишүүдэд өгөх зааварчилгаа
Member Tools аккаунтдаа нүүр зураг оруулах нь ариун сүмийн цахим зөвшөөрлийн бичиг авахад шаардлагатай.
Бишопын зөвлөл эсвэл салбарын ерөнхийлөгчийн зөвлөлдөө ариун сүмийн цахим зөвшөөрлийн бичиг авах хүсэлтэй байгаагаа мэдэгд.
Удирдагч таны хүсэлтийг баталгаажуулсны дараа Member Tools аппликэйшны (iOS 17 эсвэл түүнээс дээш мөн Android 8.0 эсвэл түүнээс дээш) Үндсэн цэс рүү орж, “Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг” гэснийг сонго.
“Би зөвшөөрч байна” гэж дарснаар ариун сүмийн цахим зөвшөөрлийн бичиг идэвхэжнэ.
Ариун сүм дээр ирээд, зөвшөөрлийн бичгийн QR кодыг сканерт уншуулна. Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн агшин зургийг хүлээж авахгүй болохыг анхаарна уу.

Дэлгэрэнгүй зааварчилгаа авах бол эндээс харна уу:
Бишопын зөвлөл болон салбарын ерөнхийлөгчид
Гадас болон номлолын ерөнхийлөгчийн зөвлөл
Удирдагч ба бичиг хэргийн ажилтны мэдээллийн сангийн Тусламж хэсгээс харна уу