Мэдээ мэдээлэл

Хожмын үеийн гэгээнтнүүд COVID-19-ийн үеэр тусламж үзүүлэх дэлхий даяарх хүчин чармайлтад оролцлоо

Сүм 57 улс оронд хэрэгжүүлж буй төсөлд туслав 2020 оны 4-р сарын 15-нд шинэчлэгдсэн

    

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл COVID-19 цар тахалтай тэмцэхийн тулд дэлхий даяар хүчин чармайлт гарган ажиллаж байгаа талаар мэдэгдэв. Одоо хэрэгжиж буй олон төслийн нэг нь өвчний голомт дээр ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудад нэн хэрэгтэй байгаа амны хаалт, бусад хамгаалах хэрэгслийг үйлдвэрлэхэд туслах зорилгоор Сүмийн нөөц бололцоог болон сайн дурын ажилтнуудыг дайчлан ашиглаж байгаа явдал билээ.

Тэргүүн Зөвлөл 2020 оны 4-р сарын 14-ний пүрэв гарагт илгээсэн захидалдаа “Бурхан бидний залбирлыг сонсож мөн хариулна гэдгийг бид мэднэ. Бидэнд өвчин зовлонтой нэгэнд ‘санаа сэтгэлээ бүрэн зориулж,’ тусламж хэрэгтэй нэгэнд тусламж дэмжлэг үзүүл гэж заасан” хэмээн хэлэв (Сургаал ба Гэрээ 58:27-г үзнэ үү).

“Өнөөдрийг хүртэл бид COVID-19-тэй холбоотой, 57 оронд хэрэгжих 110 төслийг батлаад байна. Эдгээрийн ихэнхийг итгэмжлэгдсэн хүмүүнлэгийн агентлаг, Эрүүл Мэндийн Яам, эмнэлгийн түнш байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх бөгөөд энэ нь хоол хүнс, ариун цэврийн бүтээгдэхүүн, хувийн эрүүл мэндийн хамгаалах хэрэгсэл, бэлэн мөнгө болон бусад бараа бүтээгдэхүүнийг нэн шаардлагатай газарт ашиглах боломжийг бидэнд олгоно” хэмээн тэд нэмж хэллээ.

Жишээлбэл, Бразил, Мексик, Филиппин, Парагвай болон Ютад байгаа Сүмийн Бийхайв хувцасны үйлдвэрүүд шашны хувцас үйлдвэрлэхээ түр зогсоож, эрүүл мэндийн салбарынханд нэн хэрэгтэй амны хаалт (бүх үйлдвэрт), хувцас (зөвхөн Ютад) оёхоор болсон.

Хожмын үеийн гэгээнтний энэрлийн байгууллагын ерөнхийлөгч, Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн Шэрон Юбанк эгч: “Бид засгийн газар, орон нутгийн удирдлагатай хамтран ажиллаж, тэдний хэрэгцээг олж мэдсэнийхээ дараа хариу арга хэмжээ авахыг хичээж байна. Бид Халамжийн нийгэмлэгийнхнийг болон тэдний гэр бүлийг эдгээр төсөлд туслахад татан оролцуулж байгаа” хэмээн хэлсэн юм.

Шэрон Юбанк эгч цааш нь, “Цар тахалтай нөхцөл байдалд байгаа эсэхээс үл хамааран, бидэнд хамтран ажилладаг байгууллагууд байгаа нь Хожмын үеийн гэгээнтнүүдийн энэрлийн байгууллагын хувьд завшаантай хэрэг юм. Олон жилийн туршид бид тэдэнтэй найдвартай харилцаа холбоо тогтоосон байсан. Тиймээс цар тахлын үед бид оргүй хоосноос эхлэх шаардлагагүй. Бид бие биедээ хэрхэн туслахаа маш сайн мэддэг” хэмээн нэмж хэлэв.

Дэлхий даяар хэрэгжиж буй төслүүд

Хожмын үеийн гэгээнтнүүдийн энэрлийн байгууллагын дарга Шон Жонсон “COVID-19 цар тахал эхэлснээс хойш дэлхий даяар тусламж, дэмжлэг үзүүлэх өргөн хүрээтэй ажлууд хийгдсэн” хэмээн хэлсэн бөгөөд цар тахал дэгдэж эхэлснээс хойш Сүмийн зүгээс авсан хариу арга хэмжээ дэлхийг хамарсан шинж чанартай байгааг онцолжээ.

“Энэ нөхцөл байдал дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүст урьд өмнө тохиолдож байгаагүй саад бэрхшээл учруулж байгаа талаар бид мэдэж байгаа бөгөөд олон сайхан түнштэй бусдад тусламж үзүүлэхээр хамтран ажиллаж байгаа маань бидний хувьд нэр төрийн хэрэг юм” гэж Жонсон ах хэлэв.

Зарим төслийн жишээг дурдвал:

Сүм нь Африк, Ази, Европ, Латин Америк дахь Прожэкт ХОПЕ /Project HOPE/ байгууллагатай хамтран ажиллаж байна. Эхний хандивыг энэ оны эхээр өгсөн бөгөөд амны хаалт, бусад хамгаалалтын хэрэгслийг Хятад руу илгээсэн.

Сүм нь мөн Европ даяар эмнэлгийн тоног төхөөрөмж, хувийн хамгаалалтын хэрэгсэл хандивлах замаар хүмүүнлэгийн тусламжийн гараа сунгасан. Мөн Ханой хотод байрладаг Фатэрлэнд Фронт /Fatherland Front/ байгууллагатай хамтран Вьетнам улсад амны хаалт хандивлав. Одоо COVID-19-ийн оношлуур байхгүй буурай хөгжилтэй орнуудад туслах ажил явагдаж байна.

Түүнчлэн Хожмын үеийн гэгээнтнүүдийн энэрлийн байгууллага нь хоол хүнс, бараа материалаар хангах ажлыг дэлхий даяар явуулж, цар тахлын эсрэг хариу арга хэмжээг авч байна. Хүүхдүүдийг аваръя /Save the Children/ байгууллагатай хамтран Руанда, Судан, Танзани руу тусламж илгээсэн. Адвентистын хөгжил ба тусламжийн газар /Adventist Development and Relief Agency (ADRA)/-тай хамтран хувийн хамгаалах хэрэгслүүдийг Украйн руу илгээсэн бас нэгэн төслийг хэрэгжүүлж байна. Нэмж дурдахад, Сүм нь Серби рүү хоол хүнс яаралтай илгээх өөр нэгэн төсөл дээр ADRA-тай хамтран ажиллаж байна.

Юта мужид Халамжийн нийгэмлэгийн эмэгтэйчүүд Хожмын үеийн гэгээнтнүүдийн энэрлийн байгууллага, Интэрмаунтэйн эрүүл мэндийн байгууллагатай болон Ютагийн Эрүүл Мэндийн Их Сургуультай хамтран гүйцэтгэж буй эрүүл мэндийн салбарын ажилтнуудад хандивлах 5 сая эмнэлгийн амны хаалт оёх ажлыг зохион байгуулж байна.

Тэргүүн Зөвлөл захидалдаа “Бид гишүүдээ орон нутгийн удирдамж, зааврын дагуу мөн өөрсдийн боломжид тааруулан эдгээрт болон орон нутаг, амьдарч буй газрынхаа бусад тусламжийн төсөлд оролцоход урьж байна” хэмээн дурдав.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.