Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Энэрлийн Байгууллага нь Дэлхийн Хүнсний Хөтөлбөртэй (ДХХ) хамтран ажиллаж байгаа бөгөөд уг хамтын ажиллагааны хүрээнд ДХХ-өөс авч хэрэгжүүлж буй ковид-19 цар тахлын үеэр нэн шаардлагатай хангамжуудыг дэлхий даяар түгээх ажлын санхүүжилтэд Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Энэрлийн Байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Цар тахлын улмаас Сомали улсад сургуулиудын үйл ажиллагааг зогсоогоод байгаа учир тус улсын сургуулийн насны зарим хүүхдүүд хоол хүнсний дутагдалд ороход хүрсэн байна. Эдгээр хүүхдүүдэд дээрх хандиваар хүнсний тусламж үзүүлж байгаа юм. Мөн түүнчлэн эрүүл мэндийн ажилтнууд болоод холбогдох хангамжийг хэрэгцээтэй байгаа газруудад хүргэх, нийлүүлэлтийн гинжин хэлхээн тасалдлыг бууруулах чиглэлээр ДХХ-ийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжих зорилгоор 2 сая ам.долларын нэмэлт хандив өгөөд байна.
“Хүмүүсийг амьд үлдэхэд нь шаардагдах бүхий л зүйлсээр хангаж туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ эдийн засгийг зогсонги байдалд оруулахгүйн тулд Дэлхийн Хүнсний Хөтөлбөр үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллаж байгаа юм” хэмээн ДХХ-ийн гүйцэтгэх захирал Дэвид Бисли хэлэв. Мөн тэрээр “[Сүм] бол бидэнтэй хамтарч ажилладаг хамгийн том төрийн бус байгууллагуудын нэг учраас бид маш их талархдаг. Бидний хамтын ажиллагаа олон оронд хэрэгжиж байгаа. Бид бусад олон улс орнуудын талаар ярилцсан, мөн түүнчлэн дэлхий даяар өлсгөлөнг зогсоож болох олон боломж бололцоо байгаа талаар хэлэлцсэн” хэмээв.
“[ДХХ] нь Сомали, Еэмэн улс зэрэг мөргөлдөөнд нэрвэгдсэн газруудад үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр улсуудад манай сүмийн гишүүн байдаггүй.” хэмээн Хожмын үеийн гэгээнтний энэрлийн байгууллагын ерөнхийлөгч Шэрон Юбанк эгч нэмж хэлсэн юм. Тэрээр “Энэ байгууллага бол манай хамгийн чухал түншүүдийн нэг. Бид тав, зургаан жил хамтран ажиллаж байна” хэмээв. Шэрон Юбанк болон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүлэх Бишопын Зөвлөлийн гишүүн В.Кристофэр Ваддэлл нар саяхан Ариун сүмийн талбайд ноён Бислиг хүлээн авч уулзжээ.
ДХХ нь дэлхийн 80 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ийн агентлаг бөгөөд мөргөлдөөн болон байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст хүнсний тусламж үзүүлдэг юм. Түүнчлэн уг байгууллага нь бэрхшээлийг даван туулах чадварт суралцах болон хоол тэжээлийг сайжруулах чиглэлээр олон нийттэй хамтран ажилладаг.
Сомали улсад нүүрлэсэн зовлон зүдүүрийг хөнгөвчилж байна
Сомали улсад 2020 оны 4 дүгээр сард кровид-19 вирусын анхны тохиолдол бүртгэгдсэний дараа тус улсын засгийн газар сургуулиудын үйл ажиллагааг зогсоосон байна. Хэдийгээр сургуулиудыг хаах нь оновчтой шийдвэр байсан боловч энэ шийдвэрийн улмаас сургуулийн насны олон хүүхдүүд сургууль дээрээ өдрийн хоол идэх чухал боломжоо алдсан байна. Энэ нь хоол тэжээлийн дутагдалтай тэмцэж буй тус улсын хувьд томоохон ухралт болсон юм. Чанартай хүнс дутагдсанаар хүний дархлаа муудаж улмаар кровид-19 зэрэг өвчинд өртөмтгий болдог.
Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Энэрлийн Байгууллагаас өгсөн хандивын тусламжтайгаар Сомали улс дахь ДХХ нь гар утасны цахим-дэлгүүр (e-Shop) аппликэйшин ашиглан 35,323 орчим сургуулийн насны хүүхдүүдийг таван сарын турш тэжээллэг хоол хүнсээр хангаж байна.
“Сургуулиудын үйл ажиллагааг зогсоосны улмаас өдрийн хоол идэх боломжоо алдсан хүүхдүүдийн хувьд хоол тэжээл болон эрүүл мэндэд нь ноцтой эрсдэл учирч болох нөхцөл бүрдээд байсан юм. Харин Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Энэрлийн Байгууллагаас өгсөн хандивын тусламжтайгаар бид энэхүү эрсдэлээс сэргийлэх боломжтой боллоо” хэмээн ДХХ-ийн Сомали улсыг хариуцсан захирал, төлөөлөгч Сисар Ароёо хэлсэн байна. Тэрээр “Нөхцөл байдал хэвийн байх үед ч гэсэн сургуулиас олгодог хоол хүнс бол Сомали улсын сургуулийн насны хүүхдүүд, тэдний гэр бүл [болон] олон нийтийн хувьд олон талын чухал ач холбогдолтой зүйл байдаг юм. Энэ нь тэднийг өлсгөлөн болон ядуурлаас хамгаалаад зогсохгүй эрт гэрлэх шаардлагад автахгүй байх боломжийг бүрдүүлж өгдөг. Мөн түүнчлэн сургуульд хамрагдах хүүхдийн тоог ихэсгэдэг тул илүү өндөр боловсролтой Сомаличуудын үеийг бий болгож, Сомали улсын ирээдүйг илүү гэгээлэг болгодог.” хэмээв.
Эрүүл мэндийн ажилчид болон холбогдох хангамжийг хамгийн их хэрэгцээтэй газруудад нь хүргэж байна
Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Энэрлийн Байгууллагаас өгсөн хандивын тусламжтайгаар ДХХ нь дэлхий даяар тээвэрлэлт, түгээлт хийх сүлжээнийхээ үйл ажиллагаа болон ашиглалтыг сайжруулан ажиллаж байна. ДХХ-ийн энэхүү дэлхий даяар тээвэрлэлт хийх сүлжээ нь гурван ширхэг олон улсын түгээлтийн төв (Бельги, Арабын Нэгдсэн Эмират, Хятад улсуудад байрладаг) болон таван ширхэг бүс нутгийн түгээлтийн төвөөс (Этиоп, Гана, Өмнөд Африк, Малайз, Панам улсуудад байрладаг) бүрддэг. Олон улсын түгээлтийн төвүүд нь нь эрүүл мэндийн салбарын голлох үйлдвэрлэгчид болон томоохон агаарын тээврийн төвүүдтэй ойрхон байрладаг давуу талтай.