Мэдээ мэдээлэл

Христийн шавь билээ БИ хэмээх уриан дор зохион байгуулагдсан Өсвөр Үеийнхний чуулган 2024

Залуучуудын Бат Бөх Байдлын ЧУУЛГАН олон үйл явдлаар дүүрэн мартагдахааргүй болж өнгөрлөө. Энэ удаагийн чуулган хамгийн олон буюу 550 орчим өсвөр үеийнхэн хамрагдсанаараа өмнөх жилүүдийнхээс онцлог байсан билээ. Ингээд чуулганы турш юу болж өнгөрснийг өдөр өдрөөр нь танилцуулъя.

Чуулганы эхний өдөр Чуулганы нээлтэд олон гайхалтай үзүүлбэрүүд үзүүлсэн бөгөөд дараа нь удирдагч хосын Ганчөдөр эгч “Бид жил орчмын хугацаанд бэлдэж маш их хичээсэн, та нар маань ч энэ чуулганаар өөрсдийнхөө зүгээс хичээгээд хөгжилтэй байгаарай, маш сайн суралцаарай, мөн маш олон найз нартай болоод аваарай. Яагаад гэвэл би энэ Сүмд 15 настайдаа орсон ба Сүмээс олж авсан найзууд маань л надад илүү хүчтэй байхад тусалдаг. Тиймээс энэ чуулганаар хоорондоо сайн найзууд болоорой гэж захимаар байна” хэмээгээд хүүхдүүдийг ирэх өдрүүдийн турш юу хүлээж, юунд хүрэх зорилгоо чуулганы эхний өдрөө тавихыг уриалав.

Анхаарал шалгасан бичлэг үзүүлсний дараа хүүхдүүдээс анх тавьсан асуултын дагуу 2-3 асуулт асуухад ихэнх нь зөв хариулав. Харин дараа нь бичлэг дээр байсан ч асуултад ороогүй зүйлсийн талаар асуухад цөөн хүүхэд анзаарч хариулсны дараа удирдагч хосын Түвшинжаргал ах “Бид хайж байгаа зүйлээ л хардаг. Цагаан багаас хар баг луу хэдэн удаа бөмбөг шидэж байгааг анзаараарай гэсэн, та бүхэн түүнийг л харсан. Гориллаг бараг хэн ч анзаараагүй. Энэ чуулган бас үүнтэй адил юм. Чуулганы турш олон горилла байх болно. Олон сонирхолтой үйл ажиллагаанууд байх болно. Тэр бүгдээс зөв зүйлийг хайгаарай. Хоол онцгүй байна, найз нөхөд олдохгүй байна, гэр бүлээ санаад байна гэхийн оронд ямар нэгэн сонирхолтой зүйлс хайгаад олохыг хичээгээрэй. Өглөөний сургалт, зөвлөх багштайгаа, бүлгээрээ ярилцахдаа өсөж хөгжих сүнслэг замуудыг хайгаарай. Энэ Чуулганы уриа бол ХРИСТИЙН ШАВЬ, тиймээс Есүс Христ дээр төвлөрч Түүнийг хайгаарай” гэж өөрсдийн сонголт, хичээл зүтгэл, мөн хүлээн авахдаа бэлэн байхын чухлыг заалаа.

Оролцогчдын сэтгэгдэл:

Сансар тойргийн Ганбилэг ах, оролцогч – Энэ чуулганд хоёр дахиа ирж байна. Шинэ найзуудтай болж байна. Өмнөх шигээ байна байх гэсэн хүлээлтээс маань давсан байгаа нь харагдаж байна.

Чойбалсан тойргийн Ганбаяр ах, зөвлөх – Хүүхдүүдээ хүлээгээд сэтгэл их догдолсон. Тэднийг хараад маш их урам зориг орсон. Ихэнх нь төгсөх ангийн хүүхдүүд болохоор харьцахад их хялбар байна.

Баянгол тойргийн Алтан-Уянга эгч, эмч – Өглөө хүүхдүүдийг ирэхэд сандарч байсан ч залбираад, тайвшраад бүхнийг өөрөө зохион байгуулах ёстой юм байна гэж мэдрээд санаачилгыг гартаа аваад хийж эхэлсэн.

Сонгино тойргийн Ариунсанаа эгч, оролцогч – Олон хүүхдүүдийн дунд их гоё байна. Шинэ найзуудтай болсон. Өсвөрийн чуулганд явж байхдаа их өөр гэж сонссон үнэхээр тийм байна. Өөрийн үеийн хүүхдүүдтэй нэг бүлэгт байснаар тэднээс их зүйл сурна гэж найдаж байгаа.

Американ дэнж тойргийн Лашин эгч, зохицуулагч – Оролцогч хүүхдүүд маань цаг гарангын өмнө ирээд эхэндээ сандарч, будилсан ч бусдад зааварчлаад эхлэхэд илүү гайгүй болж ирсэн. Бүхнийг өөрөө гэснээс Бурханы хүчээр хийвэл илүү үр дүнд хүрэхийг ойлгосон.

Энхтайван тойргийн Хонгорзул эгч, оролцогч – Буугаад хамгийн түрүүн “ДАХИАД Л НӨГӨӨ СҮНСЛЭГ ГАЗРАА ИРЛЭЭ ДЭЭ” гэж бодсон. Энэ удаад илүү олон Сүмийн найзуудтай болох, мөн гэрээсээ өөр газар амьдарч суралцах хүсэлтэй ирсэн.

Чуулганы хоёр дахь өдөр

Залуучуудын Бат Бөх Байдлын чуулганы 2 дахь өдөр олон гайхамшигтай багш нар хосоороо ирж Бурхан хийгээд Есүс Христийг илүү их таньж мэдсэн, зүрх сэтгэлээрээ улам бүр ойртсон, сүнслэгээр тэжээгдэж өргөгдсөн гайхалтай хичээлүүдийг заасан МЭДЛЭГИЙН ХУР БУУСАН өдөр байлаа. Багш бүр өсвөр үеийнхний насны онцлогт тохирсон арга барил, жишээ, тоглоом, сорил зэргийг ашиглан сайн мэдээний зарчим, бие даах чадвар, судар, авралын төлөвлөгөө, амьд бошиглогчдыг дагахын чухлын талаар амьдралд ойртуулан, энгийнээр ойлгуулж байгааг харах үнэхээр бахдам.

Болж өгвөл багш бүрийн заасан хичээлийг нэг бүрчлэн бичмээр, илүү олон өсвөр үеийнхэнд хүргэмээр санагдсан ч дараагийн удаа болох Чуулган дээр өөрсдөө очоод тэнд байгаа найз нөхдийн хүрээлэлд, тухайн өрөөнд оршин байсан сүнсний нөлөөн дор суралцах нь илүү их үр өгөөжтэй байх тул зөвхөн ганц хичээлийг жишээ болгон дурдахыг хүслээ: АМЬД БОШИГЛОГЧИЙГ ДАГАХ НЬ сэдвээр заасан Насанболд ах, Отгончимэг эгч хоёрын хичээл:

© 2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Дөрвөн найз Атлантын далайг хөндлөн гатлах хэзээ ч мартагдахааргүй аялалд гарч байгааг дүрслэн хичээлийг эхлүүлэв. Аялал үнэхээрийн гайхалтай үргэлжилж байсан ч яг Атлантын далайн төв хэсэгт ирэх үед хөлөг онгоц дээр нь гал гарчээ. Тэд яаж ч тэмцээд амжилтыг эс олсон бөгөөд хөлөг онгоцных нь ихэнх хэсэг шатаад живж эхэлсэн байна. Тэр 4-т одоо суугаад явах боломжтой хийлдэг завь, хайрцаг чүдэнзнээс өөр юу ч үлдээгүй нөхцөл байдалд байгааг тайлбарлав.

Дээрх түүхийг өсвөрийнхөнд тайлбарласны дараа аврагдахад шаардлагатай 15 эд зүйлсийн жагсаалтыг тараагаад хувь хүний хувьд тэр жагсаалтыг хамгийн чухлаас нь эрэмбэлээд, дараа нь 4 оролцогч нэг баг болоод тухайн жагсаалтыг шинээр эрэмбэлэх даалгавар өгөв. Үүний дараа далайн эргийн хамгаалалтын албаны гаргасан албан ёсны жагсаалтыг өгөөд хувь хүний болон багийн жагсаалтаа тулгаж харьцуулаад 4 болон 5 дугаар баганад бичих байв. Хэдэн оноо авснаас шалтгаалаад АВРАГДСАН ЭСЭХЭЭ сорилын дагуу өөрсдөө гаргаж ирцгээх юм.

Энүүгээрээ багш маань амьд бошиглогчийг дагах нь энэ үйл ажиллагаатай адилхан юм гэдэг зарчмыг өсвөр үеийнхнийг өөрсдөөр нь гаргуулж байлаа. Өөрөөр хэлбэл энэ амьдрал хөлгүй их далайтай адил бөгөөд хаашаа явах, хэрхэн аюулгүй эргэн ирэх зааврыг Тэнгэрлэг Эцгээс бошиглогчоор дамжуулж авдаг гэдэг үндсэн зарчмыг заасан билээ. Мөн багш үргэлжлүүлэн өсвөр үеийнхнээс нэг зүйл хийхийг хүссэн нь бошиглогчийг дагахад туслах хувийн 15 зүйлсээ тодорхойлж эрэмбэлэхийг даалгасан юм.

Энэ өдөр олон цагаар үргэлжлүүлэн орсон хичээлээр гайхалтай мэдлэгийг өгсний дараа мөн л өсвөр үеийнхний ихэд таалан хүлээж авсан НЕОН ПАРТИ-гаар өндөрлөв. Бүжиглээд, хөгжилдөөд өнгөрсөн мэт сонсогдохоор байгаа ч бүлгийнхнээсээ өөр хүүхдүүдтэй цэнгээнт бүжиг бүжиглэсэн нь найзынхаа хүрээг тэлж, мөн олонд нь амьдралынхаа найзыг олох магадлал өндөр байгаа мэдрэмжийг өгсөн чухал үйл ажиллагаануудыг нэг болсон билээ.

Чуулганы гурав дахь өдөр

Боловсролын ач холбогдол болон түүнд хэрхэн хүрч болохыг заасан Залуучуудын Бат Бөх Байдлын чуулганы 3 дахь өдөр. Хавай дахь Бригам Янгийн Их Сургууль (БЯИС) болон Pathway Worldwide-ын төлөөлөгчид өөрсдийн биеэр хүрэлцэн ирж эдгээр сургуулиудын уялдаа холбоо, нэг нь нөгөө рүүгээ хэрхэн хөтөлж байдгийг загварчилан зааж өгсний дараа өсвөр үеийнхэнд өөрсдийнх нь “Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт

хийхэд туслах хөтөч” гарын авлагаас боловсролын тухай, энэ нь тэднийг Христийн үнэнч шавь байхад хэрхэн хөтөлдөг тухай дараах гайхалтай ишлэлүүдийг хуваалцсан юм.

“Та нарын Тэнгэрлэг Эцэг бол үнэний Бурхан юм. Тэр бүгдийг мэддэг. Бүх үнэн Түүнээс ирж, Түүн рүү хөтөлдөг. Та суралцахаар, үнэнч шударгаар амьдрахаар, зөв гэдгийг нь мэддэг зүйлийнхээ төлөө ганцаараа зогсох шаардлагатай байсан ч зоригтой зогсох үедээ үнэнийг эрхэмлэж байгаагаа харуулдаг.

Тэнгэрлэг Эцэг Өөрийн хөвгүүд, охидыг үргэлж суралцдаг байгаасай гэж хүсдэг. Танд суралцахыг эрэлхийлж, шимтэн суралцахад материаллаг, сүнслэг аль аль хэрэгцээ байгаа. Боловсрол бол зөвхөн мөнгө олох тухай асуудал биш юм. Энэ бол Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адилхан болох мөнхийн зорилгын тань нэг хэсэг юм.

Үргэлж суралцаж бай. Оюун ухаанаа тэлж, ур чадвараа сайжруулах боломжийг эрэлхийл. ... Хичээл зүтгэлдээ Их Эзэнийг оролцуулснаар Тэр таныг удирдах болно. Амьдарч буй эх дэлхийнхээ талаар суралцахдаа дэлхийг бүтээсэн Есүс Христийн талаар түүнчлэн суралц. Түүний амьдрал, сургаалаас суралц. Институт, семинар, сайн мэдээнээс суралцах хувийн сургалтаа насан туршид суралцах үйл явцынхаа нэг хэсэг болго. ... Олон нийтийн дунд ч, ганцаараа байхдаа ч Есүс Христийн чин үнэнч дагалдагч бай” хэмээн хуваалцаад үргэлжлүүлэн “Их Эзэнийг боловсрол эзэмшихдээ оролцуулаарай. Та бүгдэд Хавай дахь БЯИС-д суралцах боломж бий” гэж төгсгөсөн билээ.

Дараагийн гайхалтай үйл ажиллагаа бол өсвөр үеийнхнийг Христийн шавь байхад хөтөлсөн Удирдагч хос болон зөвлөхүүдийн хөтлөн, гэрчлэлээ хуваалцаж хийсэн “АМЬД ХРИСТ” үйл ажиллагаа юм. Христ амьд гэдэг ухагдахууныг гэрчлэлээр баталгаажуулаад, мөн цаашид яригдсан бүхий л зарчмуудыг гэрчлэлээр үргэлжлүүлэн баталгаажуулж мөн бүх ахмад номлогчийн гэрчлэлийг сонссоны дараа зөвхөн гэрчлэлээр дамжуулан бид Христийг таньж мөн түүний шавь болдгийг заасан нь энэ үйл ажиллагааг үл мартагдах нэгэн үйл ажиллагаа болгов.

Туг далбааны үйл ажиллагаа нь бүлэг бүрийг өөрсдийгөө тодорхойлж, үүнийгээ далбаа дээрээ дүрслэн үзүүлэх болгосон багийн ажил, мөн бүлгийн хүүхэд бүрийн авьяасыг нээж харуулсан бүтээлч ажиллагаа байв. Мэдээж далбаагаа танилцуулахдаа бүлгийнхээ уриаг хөгжилтэй байдлаар илэрхийлсэн нь онцлог байлаа.

Чуулганы дөрөв дэх өдөр

Өглөө хүүхдүүд маань эртлэн босоод өглөөний дасгал, цайгаа ууцгаагаад бүлгээрээ сайн мэдээг судлахаар сууцгаалаа. Тэдний хувьд сайн мэдээг бүлгээрээ судлахдаа онцгойлон хуваалцах цагийг гаргадаг бөгөөд тэд бие биетэйгээ сурсан мэдсэнээ ярилцаж, гэрчлэлүүдээ хуваалцсанаараа илүү их өөрсдийн гэрчлэл нь өсөж байгааг анзаарсан хэмээн ярьсан юм.

Энэ өдөр номлолын хариуцсан хичээлүүд байсан ба Номлолын Ерөнхийлөгч Намгүр ах өсвөр үеийнхэнд хандан номлолын талаар хичээл зааж, урьдчилан бэлдсэн БИД ИРЭЭДҮЙН НОМЛОГЧ гэсэн энгэрийн тэмдэг бэлэглэсэн юм. Номлогчид гэрчлэлээ хуваалцаж, хэрхэн сонирхогч нарт хичээл заадаг талаар хамтдаа ярилцан, дадлага ажил хийснээр олон өсвөр үеийнхэн номлолын талаарх айдас болон эргэлзээгээ арилган, номлолд явах хүсэл эрмэлзэллийг нь бадрааж өгсөн юм.

Өдрийн хоолны дараа найрал дууны тоглолт болсон бөгөөд анх удаа өсвөр үеийнхэн маань чуулгандаа оролцох зуураа өдөрт нэг цаг бэлтгэл хийж ийн тоглолтоо амжилттай толилуулсан юм. Энэхүү найрал дууг бэлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Прайс ах эгч 2, мөн найрал дууны зохицуулагч Цэвэлмаа эгч нарийг онцлох нь зүйтэй буйза. Найрал дуугаа сонсож ариун сүнсээр дүүрсэн хүүхдүүд маань баяр хөөртэйгөөр онцгой нэгэн үйлчлэлд гарцгаалаа.

Энэ нь Есүс Христийн хожмын Гэгээнтнүүдийн сүмийн дэргэдэх Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага, Найрамдал зуслантай хамтран амрагч хүүхдүүдэд баяр баясал бэлэглэх зорилгоор зуслангийн гаднах хашааг будах үйл ажиллагаа байв. Энэхүү үйл ажиллагаанд өсвөр үеийнхэн маань маш идэвхтэй оролцож богино хугацаанд 1 км орчим урт хашааг будаж чадсан юм.

Их ажил хийсний дараах хоол амттай гэсэн яриаг батлах мэт хүүхдүүд маань оройн хоолоо амтархан идээд хүсэн хүлээсэн “FSY’s GOT TALENT” тоглолтоо үзэхээр Хараацай театрт цагтаа цуглацгаалаа. Энэхүү үйл ажиллагаа маш гайхалтай болж өнгөрсөн бөгөөд бүтэн 3 цагийн турш авьяаслаг өсвөр үеийнхний үзүүлбэрт ховсдуулан цаг хугацаа өнгөрсөнг ч анзаарсангүй. Хамтдаа баясаж дуусаад бүлэг бүлгээрээ өөрсдийн байрандаа унтаж амрахаар явцгаалаа. Чуулганы дөрөв дэх өдөр ийнхүү дурсамж дүүрэн өнгөрлөө.

Чуулганы тав дахь өдөр

Урьд шөнөжин бороо цас холилдон орсон тул өглөө цаг агаар сэрүүхэн бас бороо шивэрсэн хэвээр байлаа. Цаг агаар нэгэнт аашаа хувирган ийн хүйтэрсэн тул хүүхдүүдийг даарахаас сэргийлж арын албаныхан байруудаар явж хүүхдүүдэд өглөөний унд болох халуун хярам, сэндвичийг нь хүргэн өгч үйлчлэв. Үүний дараа автобусаар бүх хүүхдүүдийг Хараацай театрт хүргэж нэгдсэн арга хэмжээнд нь оролцуулах ажлыг зохион байгуулсан билээ.

Энэ удаад хүүхдүүд маань гэр бүлийн түүхээ хөтлөхийн ач тусын талаар Солонгос улсаас ирсэн Азийн бүсийн гэр бүлийн түүхийн Hyosang мэргэжилтнээс суралцсан юм. Тэрээр хэлэхдээ Монголд ариун сүмтэй болоход хамгийн чухал зүйл нь ариун сүмийн нэрс байдаг. Өсвөр үеийнхэн гэр бүлийнхээ түүхийг хөтөлснөөр хайртай дотнын олон хүмүүсийнхээ нэрсийг цуглуулах боломжтой бөгөөд та бүхэн энэхүү ажилд үнэтэй хувь нэмэр оруулж чадна аа гэдгийг заав.

Гэр бүлийн хичээл дуусах үед цаг агаарын байдал улам хүндэрсэн тул төлөвлөсөн үйл ажиллагаануудад өөрчлөлт орж, Улаанбаатарын хүүхдүүд хонохгүйгээр гэртээ харихаар болсон мэдээг дуулгав. Хүүхдүүд буцах бэлтгэлээ базаацгааж байх зуураа хэдий цөөхөн хоног хамт байсан ч дотносож нөхөрлөсөн найзууд салах ёс хийцгээн гадаа бэлдсэн баннер дээр өөрсдийн сэтгэлийн үгээ бичиж мөн дурсгалын зургаа хамт татуулж байв.

Нулимс дуслуулан тэврэлдэх тэд ч харагдаж байлаа. Бид 5 хоногийн турш ямар ч гар утас хэрэглээгүй хэр нь огт уйдах завгүй өглөөнөөс унтах хүртлээ суралцаж, хамтдаа хөгжилдөн, нөхөрлөж цагийг зугаатай өнгөрөөж чадлаа. Гэртээ хариад ч холбогдох олон найзууд, өглөө босоод судар унших хүсэл, гар утасгүй байх хормыг гаргаж чадахаар болсондоо баяртай байна. Энэ жилийн чуулган нь өмнөх жилүүдээ бодвол илүү их судраас суралцах цаг гаргаж өгсөн нь маш их таалагдлаа. Илүү их сүнслэг байдлаар дүүрэн өнгөрлөө гэж сэтгэл ханамж дүүрэн байгаагаа илэрхийлсэн юм.

Ийнхүү 5 өдөр үргэлжилсэн өсвөр үеийнхний чуулган олон залууст насан туршдаа мартахааргүй сайхан дурсамж бүтээсэн гэдэгт итгэлтэй байна. Мөн эдгээр хүүхдүүд маань өөр хоорондоо найзалж ирээдүйн урт замд биеэ дэмжин босгох найзууд болсон мөн Аврагчтай харилцах хувийн харилцаагаа гүнзгийрүүлж чадсан гэдэгт итгэлтэй байна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.