Мэдээ мэдээлэл

Есүс Христийн Сүм эмэгтэйчүүд, хүүхдүүдэд туслах дэлхий дахины хүчин чармайлтыг нэмэгдүүлж байна 

Дэлхий даяар 21 сая гаруй хүүхэд, эмэгтэйчүүдийн амьдралыг сайжруулах ажилд дэмжлэг үзүүлж, эхлүүлсэн ажлуудынхаа үр нөлөөг хоёр дахин нэмэгдүүлэв.

Women-1.jpgDownload Photo

Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах үүрэг хариуцлагынхаа хүрээнд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хүүхэд, эмэгтэйчүүдийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэхээр дэлхий дахинд эхлүүлсэн ажлаа урагшлуулсаар байна.

Downloadable B-roll & SOTs

2025 оны 6-р сарын 5-ны өдөр Юта мужийн Солт Лэйк Ситигийн Ариун сүмийн талбайд болсон уулзалтуудын үеэр Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Камилл Н.Жонсон дэлхийн хэмжээний найман хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөгчдөд хандан Сүм 2023 онд анх зарлагдсан дэлхийг хамарсан төсөлд дахин 63.4 сая ам.доллар хандивлаж байгаагаа мэдэгдэв. Өнгөрсөн жил Сүм энэ ажилд 55.8 сая ам.доллар хандивлана гэдгээ мэдэгдээд байсан юм.

“Энэ санаачилгын амин чухал хэсэг болсон хамтын ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд энэхүү нэгдмэл хүчин зүтгэлээрээ дамжуулан бид томоохон нөлөөг үзүүлдэг. Хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөөх илүү гэгээлэг ирээдүйг хамтдаа цогцлоох, нийгмийг хүчирхэгжүүлэх дахин нэг он жилийг сэтгэл догдлон бид хүлээж байна” гэж ерөнхийлөгч Жонсон хэлэв.

Энэ уулзалтын үеэр төлөөлөгчид 2024 оны гол чухал үр дүнгүүдээс хуваалцаж, ач холбогдол бүхий ажлуудыг онцлов:

21.2 сая хүүхэд, эмэгтэйг витаминжуулсан.

1.87 сая хүүхдийг хоол тэжээлийн дутагдлын үзлэг шинжилгээнд хамруулж, шаардлагатай тохиолдлуудад эмнэлгийн тусламж үзүүлсэн.

1.6 сая ээжийг шим тэжээлийг хамгийн үр дүнтэй авах талаарх сургалтад хамруулсан.

219,000 жирэмсэн эмэгтэйг төрөхийн өмнөх тусламж үйлчилгээнд хамруулсан.

141,000 гэр бүл ногооны үр, холбогдох сургалтыг хүлээн авч, одоо илүү шим тэжээллэг хүнс авч хэрэглэх боломжтой ногооны талбайтай болсон.

41,000 хүн эрүүл ахуйг сайжруулах сургалтад хамрагдсан.

Засгийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын 17,000 албан тушаалтан дөнгөж амаржсан эх, нярайг асрах, хүүхдийн шим тэжээл, хөхөөр хооллох, витаминжуулалтыг дэмжих сургалтад хамрагдсан.

6,800 хүн ус, ариутгалын байгууламжуудын ашиг тусыг хүртсэн.

159 нярайг төрөлтийн үеэр сэхээн амьдруулсан.

Эрүүл мэндийн 125 байгууллагад шим тэжээлийн дутагдлын эмнэлзүйн тохиолдлыг хянах, эмчилгээ хийх сургалтыг явуулсан.

Сүм дэлхий дахинд танигдсан найман ашгийн бус байгууллагыг нэгтгэн цуглуулахад манлайлан оролцож, хүүхэд, эмэгтэйчүүдэд чиглэсэн төсөлд анхаарлаа хандуулж буй дөрвөн бүлэг байгууллагын нэг гишүүнээр ажиллаж байна. Тэдгээр найман байгууллагыг дурдвал: Кэйр Интернэйшнл (CARE International), Католик Рэлиф Сэрвисэс (CRS), Хэлэн Кэллэр Интернэйшнл (Helen Keller Intl), Айд (iDE), Майп Интернэйшнл (MAP International), Хүүхдийг ивээх сан, Хангэр Прожэкт (the Hunger Project), Вайтмин Энжэлс (Vitamin Angels) гэсэн байгууллагууд юм.

Тухайн дөрвөн байгууллага дараах талбар, зорилгод анхаарлаа хандуулж байгаа юм. Үүнд:

1-р бүлэг: Хэлэн Кэллэр Интернэйшнл, Вайтмин Энжэлс, Айд

Зорилго: Банладеш, Камбож, Бүгд Найрамдах Конго Улс, Гана, Кени, Мали, Непал, Нигери, Филиппин, Сенегал, Сьерра-Леон, Замби зэрэг 12 улсад шим тэжээл, витамины хэрэглээ, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах

2-р бүлэг: Католик Рэлиф Сэрвисэс, Хангэр Прожэкт, Майп Интернэйшнл

Зорилго: Гана улсын дөнгөж амаржсан эх, нярайн асрамж, ус, ариутгал, эрүүл ахуй, шим тэжээлийн чанарыг сайжруулах

3-р бүлэг: Хүүхдийг ивээх сан, Майп Интернэйшнл

Зорилго: Сьерра-Леон болон Замби улсын дөнгөж амаржсан эх, нярайн асрамж, шим тэжээлийн чанарыг сайжруулах

4-р бүлэг: Кэйр Интернэйшнл, Айд, Майп Интернэйшнл

Зорилго :Непалын хөдөө аж ахуй, хүнсний шим тэжээлийн чанарыг болон эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах

Дэлхий дахинд хүрч ажиллахын хажуугаар бид эдгээр найман байгууллага дундын хамтын ажиллагааг холбох онцгой үүргийг гүйцэтгэж байна. Өөр өөрсдийн хүч чадал, нөөц боломжоо сайтар ашигласнаар бид хамтын үр нөлөөгөө нэмэгдүүлж байгаа билээ. Бурханы дэлхий даяарх хүүхдүүдэд үйлчлэхийг хамтдаа зорьж байгаа нь ямар сайхан адислал гээч” хэмээн Халамж, бие даах чадварын хөтөлбөрийн удирдах захирал Блэйн Р.Максфийлд хэлсэн юм.

Шинэ санхүүжилтийг зарласан нь уг үйл ажиллагааны нэг хэсэг байсан бөгөөд тухайн өдрөө Сүмийн тэргүүлэх бишопын хоёрдугаар зөвлөх бишоп Л.Тодд Баж мэргэжилтнүүдийг оролцуулсан хэлэлцүүлгийг удирдан явуулсан юм. Тухайн хэлэлцүүлэг эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрүүл мэнд, шим тэжээлийн хангамжийн асуудал дээр төвлөрч явагдав.

Хэлэлцүүлэгт ерөнхийлөгч Жонсон, Максфийлд ах, Шэрон Юбанк (Сүмийн хүмүүнлэгийн үйлчлэл хариуцсан захирал), Сара Буши (Хэлэн Кэллэр Интернэшнлийн гүйцэтгэх захирал), Ана Сэспэдэс (Вайтмин Энжэлсийн гүйцэтгэх захирал), Лиз Вэлч (Айдийн гүйцэтгэх захирал), Абэна Амэдорми (Гана улсад суугаа CRS-ийн төлөөлөгч) зэрэг хүмүүс оролцов.

women-2.jpgDownload Photo

Өнгөрсөн жил Камбожид эмэгтэйчүүд, хүүхдүүдэд туслах уг хамтын ажиллагааны үр нөлөөг харсан гэдгээ Буши хэлэв. Тэрээр шим тэжээлийн хурц дутагдалд орсон нь тогтоогдож, Хэлэн Кэллэр Интернешнл эрүүл мэндийн ажилтнуудын нийгэмлэгийн оролцооны ачаар эмчлүүлсэн дөрвөн настай охинтой уулзсан юм.

АНУ, Европ, Африк, Азийн 20 орны хүүхдүүд, гэр бүлүүдэд шим тэжээллэг хүнс тарьж, ургуулан хэрэглэхэд дэмжлэг үзүүлж буй байгууллагын тэргүүн Буши “[Түүний түүх] эдгээр ажил хүүхдүүдийн амьдралыг өөрчилж байгаа гэдгийг та нарт бодитоор харуулна. Хэрэв тэр хүүхдийн шим тэжээлийн дутагдлыг оношилж чадаагүй бол гэр бүлд нь маш том гарз тохиох байсан гэсэн юм. Дэлхий даяарх жирэмсэн эмэгтэй, нярай, бага насны хүүхдийн шим тэжээлийн хангамж, эрүүл мэндэд анхаарал хандуулдаг Вайтмин Энжэлс байгууллага мөн ижил зүйлийг хуваалцсан юм.

“Бид нэг нэгнийхээ үзүүлж буй нөлөөг нэмэгдүүлж байна. Бид нэг нэгнийхээ илүү сайныг үйлдэх, илүү ихийг гүйцэлдүүлэх, илүү их өргөн цар хүрээг хамрах, илүү тогтвортой ажиллах чадавх, нөөц бололцоо, харилцаа холбоо, ур чадварт тулгуурлан урагш ахиж байна хэмээн Сэспэдэс захирал хэлэв.

Хөгжиж буй орнуудын алслагдмал бүсэд амьдардаг ядуу айл өрхүүдийн орлого, өрхийн амьжиргаанд төвлөрч ажилладаг байгууллагын төлөөлөл Вэлч захирал Сүмтэй болон бусад байгууллагатай явуулж буй энэхүү хамтын ажиллагаа нь “ер бусын” үйл явдал юм. “[Өнөөдөр] би Сүмийн гишүүдийн өгөөмөр сэтгэлийн хүчийг мөн эхлээд хүүхэд, эмэгтэйчүүдэд, цаашлаад гэр бүлүүд, нийгэмд тус хүргэснээр хүмүүсийн амьдралыг өөрчлөхөд ямар олон хүн туслахыг хүсдэг болохыг ойлгож авлаа. Энэ өдөр би хэд хэдэн удаа нулимс дуслуулсан ба өөрсдийн [хамтын ажиллагаандаа] болон дэлхийн эргэн тойрон дахь хүмүүст чин сэтгэлээсээ анхаарал хандуулдаг хүмүүс байгааг мэдээд ихэд даруусан, талархлаа гэж ярив.

Хангэр Прожэктийн гүйцэтгэх захирал Рөүлэндс Каоча хүмүүсийг тэтгэж, өөрсдийгөө тэтгэж сурахад нь анхаарч буй бүлгүүдийн ажлыг онцлон ийн хэлэв: “Бие даах чадвар бол үнэхээр бидний эцсийн зорилго юм. Сүм бие даах чадварыг төлөвшүүлж байна. Нийгэмтэй хамтарч ажилладаг бидний буюу Хангэр Прожэктийн эцсийн зорилго бол бие даах чадварыг хүмүүст суулгаж, өөрчлөлтийг өөрсдөөр нь бий болгуулж, өөрсдийг нь хүрэхийг хүсэж буй үйл явцад нь хүргэх явдал юм.

2023 онд Тэргүүн зөвлөл Халамжийн нийгэмлэгээс дэлхий хэмжээний энэхүү ажлыг удирдан явуулахыг хүссэн юм. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон эмэгтэйчүүдэд хүмүүсийн амьдралыг өөрчлөх тэнгэрийн хишиг бий хэмээн хэлсэн. Тэр “Би та нарын хичээнгүй байдал, давшингуй удирдлагад хийгээд хэрэгцээнүүдийг олж харан, тэдгээрийг хангах чадварт урамшдаг” гэсэн билээ.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд Бурханаа хайрлах, хөршөө хайрлах гэсэн Аврагчийн хамгийн агуу хоёр зарлигийг дагахад итгэдэг. Энэ хариуцлагын хүрээнд Сүм тусламж хүлээн авч байгаа хувь хүмүүс төдийгүй тэдний гэр бүлүүдийг адислан ажлынхаа цар хүрээг илүү тэлэхийг эрэлхийлдэг. Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах Сүмийн хэрэгжүүлж буй ажлуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах нь” тоймын сүүлийн үеийн мэдээлэлтэй танилцаарай.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.