DSC00224.jpg
Мэдээ мэдээлэл

‘Та нар хүчирхэг үеийнхэн билээ’ хэмээн ерөнхийлөгч Кордон Япон, Монгол, Солонгос дахь өсвөр үеийнхэнд хэлэв 

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч болон Азийн Хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн Их Эзэнд найдах талаарх захиас хуваалцлаа

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Х.Кордон Азийн Хойд бүсэд хийсэн томилолтынхоо үеэр тухайн бүс нутгийн хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхнийг Их Эзэнд найдахыг урамшуулсан. 

Тэрээр 11-р сарын 12-ноос 11-р сарын 20-ны хооронд Япон, Монгол, Солонгост болж өнгөрсөн өсвөр үеийнхэнд зориулсан олон онцгой цугларалтаар "Та нар хүчирхэг үеийнхэн билээ. Та нарт энд хийх онцгой үүрэг даалгавар байсан тул Их Эзэн яг одоо энд авчрахаар та нарыг үлдээсэн юм" гэж хэлэв. 

Ерөнхийлөгч Кордоныг түүний нөхөр Дэрэк Кордон ах, Азийн Хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд болон тэдний эхнэрүүд дагалдан ирсэн байна. 

Ерөнхийлөгч Кордон 2022 оны өсвөр үеийнхний уриа болох Сургаалт үгс 3:5-6-аас заахдаа сударт нэгдүгээрт, Их Эзэнд найдах; хоёрдугаарт, бүх зүйлд Түүнийг хүлээн зөвшөөрөх гэсэн хоёр урилга багтсан болохыг хэлсэн. Эдгээр урилгын дараа “бүү түшиглэ, өөрийн ойлголтод” гэсэн сануулга, мөн Их Эзэн “зам харгуйг чинь шулуутгана” гэсэн амлалт байдаг. Залбирах, патриархын адислалаа унших, судраас суралцах нь Их Эзэний дуу хоолойг сонсоход бидэнд тусалдаг болохыг тэр заав. 

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч шинэ товхимлыг авахад залуучуудыг урамшуулахдаа тэр өсвөр үеийнхнийг “үүнийг нандигнаж, байнга унших боломжтой газар тавихыг” уриалав. 

Дэрэк Кордон ах Солонгост үг хэлэхдээ Солонгос улсад болон соёлд нь хайртай гэдгээ илэрхийлжээ. Тэр цуглааны байранд зарим "хоосон суудал" байгааг онцлоод, замаасаа төөрсөн хүмүүсийг эргүүлэн авчрахын тулд ажиллах шаардлагатай байгааг хэлсэн юм. Их Эзэнд найдах үед гайхамшиг тохиох болно гэдгийг тэр өсвөр үеийнхэнд сануулав. 

© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Азийн Хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ахлагч Жэймс Р.Расбанд Монгол, Солонгост айлчлахдаа “Зовсон хөөрхий нэг бадарчин” дуулал, үүний “гүн гүнзгий” утгын талаар үг хэлсэн байна. Тэр энэ бол бошиглогч Иосеф Смитийн дуртай дуулал байсныг мөн бошиглогчийг нас барахынхаа өмнөхөн Жон Тейлороос уг дууллыг дуулахыг хүссэн гэдгийг өсвөр үеийнхэнд сануулав. Энэ нь Иосефт амар амгаланг авчирдаг байсан хэмээн ахлагч Расбанд хэлсэн юм. 

Ахлагч Расбанд удирдах албанд үйлчлэхээр дуудагдахад сандарч эсвэл өөрийгөө шаардлага хангахгүй гэж боддог өсвөр үеийнхнийг тайтгаруулж, урамшуулан зоригжуулав. Тэрээр эдгээр дуудлага нь сүрдмээр байж болох ч Тэнгэрлэг Эцэг тэвчээртэй бөгөөд биднийг үйлчилж байхдаа сурч, өсөж хөгжихөд тусалдаг болохыг хэллээ. "Алдаа гаргахаас бүү ай. Их Эзэн бидний дутагдлыг нөхдөг бөгөөд бид үйлчлэхийн тулд чадах бүхнээ хийснээр суралцаж, өсөж, сайжирдаг гээд, “Өөрийгөө сайхан харагдаж байна уу гэдэгт бүү санаа зов. Өөрийн үйлчилж байгаа ах эгч нарынхаа хэрэгцээ шаардлагад л санаа зовоорой" гэж тэр нэмж хэлэв. 

Ахлагч Расбанд мөн эрдэм мэдлэг, ажил мэргэжилдээ амжилт гаргахыг эрэлхийлэх, Их Эзэнтэй холбоотой байх хоёрын хооронд зохих тэнцвэрийг хадгалж үлдэхийг өсвөр үеийнхэнд зөвлөсөн. Тэр саяхан Солонгосын Жунган сонинд нийтлэгдэх ярилцлагынхаа үеэр Солонгост хуримтлуулсан номлолын туршлагаа ямар ч боловсрол, ажил мэргэжлийн амжилтаар солихгүй гэдгээ сэтгүүлчид хэлсэн юм. 

Мэри Расбанд эгч Солонгос дахь өсвөр үеийнхнийг үнэнийг эрэлхийлэхийг урамшуулсан. Хэдийгээр дэлхий туйлын үнэн гэж байдаггүй хэмээн буруу ташаа мэдээллийг байнга өгдөг ч мөнхийн үнэнүүд үнэхээр байдаг бөгөөд тэдгээрийг эрэлхийлж, олж авснаар бид “чөлөөл[өгдөнө]” (Иохан 8:31-32-ыг үзнэ үү) гэдгийг тэр хэллээ. 

Далын ерөнхий эрх мэдэлтэн, Азийн Хойд бүсийн ерөнхийлөгч, ахлагч Tакаши Вада саяхан Кордон ах, эгч хоёр хэрхэн нислэг нь хойшлогдсон хэсэг номлогчтой тааралдсан тухай хуваалцав. Кордон ах, эгч хоёр зорьсон газраа хүрсэн, нисэх онгоцны буудлаас гарч явж болох байсан ч асуудал нь шийдвэрлэгдэх хүртэл шөнийг тэндээ өнгөрүүлэх болсон гацсан номлогчидтой хамт байхаар шийджээ. Кордон ах, эгч хоёр Бурханы хүчээр, хэдийгээр цагийн зөрүү нь гараагүй байсан ч тэр орой өсвөр үеийнхэнд хандан үг хэлэх үүргээ биелүүлж байсныг нь тэр хэлэв. 

Ахлагч Вада Бригам Янгийн Их Сургуульд суралцдаг оюутан байхдаа сайн сурдаггүй байснаа хуваалцав. Модны доор суунгаа дүнгээ хараад сэтгэлээр унасан “Чи үүнээс илүү сайн хийж чадна ш дээ" гэх дууг сонсжээ. Тухайн үед сонссон дуу хоолой нь Их Эзэнийх мөн эсэхэд тэр эргэлзэж байсан гээд, харин одоо бол Их Эзэн түүнийг мэддэг, түүнд санаа тавьдаг, түүнтэй ярьдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг гэж хэлсэн юм. 

Тэр өсвөр үеийнхнийг өөрөө өөрсдийнхөө эзэн болж, сонголтоо өөрсдөө хийхийг уриалав. “Өнөөдөр та гайхалтай зүйлсийг сонсож, сурч, мэдэрсэн ч үйлдэх сонголтыг хийх нь та нараас л хамаарна” гэж хэлэв.  

Онцгой цугларалтад оролцсон өсвөр үеийнхнээс зарим нь цугларалтын дараа сурч мэдсэн зүйлийнхээ талаар сэтгэгдэл, бодол санаагаа хуваалцав.  

Японд Мацүдо 1-р тойргийн 17 настай Миками Сумирэ: “Хамгийн чухал зүйл бол Бурхан бидний хүн нэг бүрийг мэддэг, хайрладаг” гэв. Касукабэ тойргийн 14 настай Ёшиока Юүто: “Би залбирлаар дамжуулан Аврагчийг дагаж, судрыг илүү сайн судлахыг хүсэж байна” гэв. Касукабэ тойргийн 16 настай Такаги Котару: “Их Эзэнд найд” гэдэг үг миний оюун санаанд үнэхээр гүн суулаа. Өнөөдрийг хүртэл энэ чухал гэдгийг би мэдэж байсан ч өөрийнхөөрөө шийдэхийг хичээснийхээ дараа нь л аав ээждээ найддаг байсан. Үнэндээ би Сүнсэнд найдах гэж оролдоогүй байж. Тиймээс өнөөдрөөс эхлэн Бурханд залбирч, [удирдагчдын] хэлсэн үгийг сонсож байх болно. Би залбирахдаа зүрх сэтгэлээсээ залбирахыг үнэхээр хүсэж байна” гэж хэлэв. 

Солонгос дахь Ганбүк 1-р тойргийн Ким Ханул үг хэлсэн хүмүүс Бурхантай хэрхэн ойртох талаар өсвөр үеийнхэнд заасан нь түүнд таалагдсаныг илэрхийлэв. 

Сөүлийн Английн цэргийн тойргийн Каймиан Лам Сүнсийг амьдралдаа байлгах дээр анхааран ажиллахаар сэтгэл шулуудсанаа хэлэв. Харин Кайэн Лам цугларалт номлолд үйлчлэх хүслийг нь бэхжүүлэхэд тусалсан гэдгийг хэллээ. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.