Мэдээ мэдээлэл

Ахлагч Расбанд Бурханд хайраа илэрхийлэх 4 аргыг хуваалцлаа 

2022 оны 2-р сарын 14 - Солт Лэйк Сити Мэдээ мэдээлэл 

Энэхүү нийтлэлийгTheChurchNews.com-ийн зөвшөөрлөөр энд нийтлэв. Бусад мэдээллийн хэрэгслээр ашиглахыг хориглоно.

Рэчэл Стэрзэр Гибсон,Church News


 

Хуучин Гэрээний бошиглогч Иошуа бол цэрэг армийн агуу амжилтаараа танигдсан нэгэн байсан. Тэрээр амлалтын нутгийг судлуулахаар илгээсэн 12 туршуулын нэг байсан бөгөөд зарим нь аварга биетүүдийг хараад айх үед тэр “ЭЗЭН бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айгтун” гэж хэлж байсан. Тэрээр ёс бус, хуурамч шүтээн шүтэгч Иерихо хотыг бүслэх долоо хоногийн бүслэлтийг удирдсан бөгөөд долоо дахь өдөр нь Их Эзэн хэрмүүдийг нураасан билээ.

Иошуагийн тухайд түүний дотор Сүнс бий” (Тооллого 27:18) гэж хэлэгдсэн ба тэр израилчуудыг боолчлогдож байх үед Египетэд амьдарч, Синай уулан дээр Их Эзэнийг харж, Улаан тэнгис хуваагдах зэрэг Бурханы гайхамшгуудыг нүдээр үзсэн хүмүүсийн нэг юм.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Роналд А.Расбанд “Бид Иошуаг цэргийн агуу удирдагч гэж хардаг боловч түүний зорилго газар нутгийг эзлэн авахаас илүү утга учиртай байсан. Бурханыг хайрлах хайр нь түүнийг зоригжуулсан” гэжээ.

Ахлагч Расбанд Айдахо мужийн Рэксбург хотод байрлах BYU–Idaho Center-т 2-р сарын 13-ны ням гаргийн орой болсон СБС-ийн онцгой цугларалт дээр хэлсэн үгэндээ “өөрсдийн Бурхан ЭЗЭНийг хайрлан, Түүний бүх замаар алхан, тушаалуудыг нь сахиж, Түүнээс бат барин, Түүнд бүх зүрх, бүх сэтгэлээрээ үйлчил ... гэсэнд сайтар анхаар” (Иошуа 22:5) гэсэн Иошуагийн израилчуудад өгсөн сүүлчийн зөвлөгөөг онцоллоо. Дашрамд дурдахад, энэ нь ахлагч Расбандын 2020 оны эхэнд тархсан КОВИД-19 цар тахлаас хойш оролцсон, хамгийн олон хүн цугларсан онцгой цугларалт байлаа.

Хайранд төвлөрдөг Гэгээн Валентины баяр маргааш нь тохиож байсан тул түүний үг цаг үеэ олсон сэдэв байлаа.

Онцгой цугларалтын өмнө ахлагч Расбанд, Айдахо дахь БЯИС-ийн ерөнхийлөгч Хэнри Ж.Айринг нар эхнэрүүддээ буюу Мэлани Расбанд эгч, Кэлли Айринг эгч нарт Гэгээн Валентины баярын өдрийн бэлэг болгон гоёмсог цэцгийн баглаа бэлэглэлээ.

Rasband-BYU-I
Rasband-BYU-I
2022 оны 2-р сарын 13-ны ням гарагт Айдахо мужийн Рэксбург хотод байрлах BYU–Idaho Center-т болсон онцгой цугларалтын өмнө Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Роналд А.Расбанд (баруун талд), Айдахо дахь БЯИС-ийн ерөнхийлөгч Хэнри Ж.Айринг (зүүн талд) нар эхнэрүүддээ буюу Мэлани Расбанд эгч (баруун гар талаас хоёр дахь), Кэлли Айринг эгч (зүүн гар талаас хоёр дахь) нарт Гэгээн Валентины баярыг тохиолдуулан цэцгийн баглаа бэлэглэж байгаа нь. Гэрэл зургийг Рэбэка Гриффин авч, Айдахо дахь БЯИС-ийн зөвшөөрлөөр нийтлэв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Гэрэл зургийг татаж авах. All rights reserved.
Download Photo


Ахлагч Расбанд оюутнуудад хандан “хэрэв та нар амьдралдаа өөр сайн зүйл хийхгүй байсан ч бидний нэгэн адил сайн хүнтэй гэрлэвэл бүх насаараа адислагдах болно. Би үнэхээр ийн үйлдсэн гэдгээ гэрчилж чадна” хэмээн хэлэв.

Анхны бөгөөд хамгийн агуу тушаал бол “Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла” (Матай 22:37) гэсэн тушаал юм. Энэ бол сүүлчийн эрин үед Иосеф Смитэд (Сургаал ба Гэрээ 59:5) давтан өгөгдсөн зарлиг бөгөөд ахлагч Расбанд Есүс Христийн төлөөлөгчийн хувиар үүнийг онцлон тэмдэглэлээ.

“Та нар ч гэсэн одоо өөрийн Бурхан Эзэнийг хайрлах амлалтыг өгч чадна" гэж тэр хэлэв.

Бурханд хайраа илэрхийлэх 4 арга зам

Иошуагийн сүүлчийн зөвлөгөө нь Бурханд хайраа илэрхийлэх дөрвөн арга замыг хүн бүрд заадаг.

1. Түүний бүх замаар алх

Бид 40 жил тэнүүчилсэн израилчууд шиг даруу, итгэл, найдвар, тэвчээр, эр зоригтой байх үедээ Түүний бүхий л замаар алхаж чадна. Түүний анхаардаг зүйлд анхаарч, гэрээний зам дээрээ үлд гэж ахлагч Расбанд заалаа.

Израилын хөвгүүд аглаг буйдад 40 жил тэнүүчилснийхээ эцэст Иордан голд ирээд, Абрахамд амласан нутагт суурьших гэж байв. Бурханыг төлөөлсөн гэрээний авдрыг дамнан явсан тахилч нар итгэлтэйгээр ус руу алхан орсон. Тэгэхэд гол хуваагдаж, израилчууд хуурай газраар гатлав.

Хүн бүр сүрдмээр саад бэрхшээл, сорилтуудтай тулгарах үедээ Их Эзэнд итгэх итгэл найдвараа хөгжүүлэх хэрэгтэй болно. “Бурханыг хайрлах хайр тань та нарыг адислах гайхамшгуудыг авчирна гэдгийг санаарай” гэж тэр хэлэв.Түүний анхаардаг зүйлд анхаарах гэдэгт тусламж хэрэгтэй хүмүүст гараа сунгах, судар дахь Бурханы үгсийг эрхэмлэх, бошиглогч, төлөөлөгчдийн зөвлөгөөний дагуу гомдоллохгүйгээр үйлдэх зэрэг нь орно.

Товч зам, хавчиг гудмаар явалгүйгээр гэрээний зам дээр үлд гэж ахлагч Расбанд ухуулав. Тэрээр “Байгуулсан гэрээнүүдээ амьдралынхаа төвд байлгах нь таныг Бурханы замаас болон Түүний хайраар дүүрэн гараас алдруулдаг үймээн самуун, хууран мэхлэлтээс, бүр мэдрэмжээ алдахаас хамгаална” гэлээ.

Байгуулсан гэрээнүүдээ амьдралынхаа төвд байлгах нь таныг Бурханы замаас болон Түүний хайраар дүүрэн гараас алдруулдаг үймээн самуун, хууран мэхлэлтээс, бүр мэдрэмжээ алдахаас хамгаална.”

2. Түүний тушаалуудыг сахь

Иерихогийн хана нурах үед Иошуа бүх үнэт зүйлийг Их Эзэний өргөөний эрдэнэсийн санд хий гэж ард түмэндээ тушаасан. Цэргүүд юуг ч дээрэмдэж, хувьдаа авах ёсгүй байв. Гэтэл Ахан гэдэг хүн гоёмсог Вавилон өмсгөл, 200 шекел мөнгө болон алт авч, майхандаа нуужээ.

Израилчууд дараагийн довтолгооноороо Аи хэмээх эзлэхэд хялбар хот руу очсон боловч бүтэлгүйтсэн. Тэднийг дуулгаваргүй байдлыг үндсээр нь суг татаж хаясны дараа “Их Эзэн тэдэнтэй хамт байсан бөгөөд Аиг эзлэх дараагийн оролдлого амжилттай болсон” гэж ахлагч Расбанд заалаа.

Тэрээр 2019 оны БЯИС-ийн онцгой цугларалт дээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн “Бурханы хуулиуд бүхэлдээ биднийг хайрлах Түүний хязгааргүй хайр ба биднийг хүрэх боломжтой түвшиндээ хүрээсэй гэсэн Түүний хүслээс үүдэлтэй” гэсэн үгийг эш татсан юм.

3. Түүнээс бат барь

“Cleave” буюу бат барих гэдэг үг нь мөн аливаа зүйлд маш ойрхон байх гэсэн утгатай. “Тиймээс бид Бурханаас бат зууран барих үедээ Түүнтэй ойр байж, Түүнийг сонсож, зөвхөн бидэнд зориулсан илчлэлтийг сонсдог. Түүний үгийг сонссоноор, та юу ч тохиолдсон нүүр тулах бэлтгэлтэй байх болно” гэж ахлагч Расбанд хэлэв.

Түүнчлэн бид судраас уншиж, Их Эзэнд болон Түүний амлалтуудад өөрсдийгөө ойртуулах үед Түүнийг хамгийн хүчтэй сонсдог гэж хуваалцсан. Тэрээр Gospel Library аппликэйшндаа “Судраас авсан миний илчлэлтүүд” гэсэн бүтэн хэсгийг оруулсан байна.

Ах, эгч нар аа, бид Есүс Христ рүү харах үедээ хайрлахгүй байх шалтгаан олно гэж үү?

Rasband-BYU-I
Rasband-BYU-I
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Роналд А.Расбанд 2-р сарын 13-ны ням гарагт Айдахо дахь БЯИС-д болсон онцгой цугларалт дээр үг хэлж байгаа нь. Айдахо мужийн Рэксбург хот. Гэрэл зургийг BYU–I. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Гэрэл зургийг татаж авах.All rights reserved.
Download Photo

Ач хүү Пакстоныгоо удамшлын ховор эмгэгтэй төрөх үед ахлагч Расбанд болон түүний гэр бүл “Тэнгэрлэг Эцэг манай гэр бүлийг, ялангуяа миний охин, хүргэн хоёрыг бурханлаг боломжоор адисалж байгааг мэдсэн. Хүргэн бид хоёр санваарын олон адислалыг түүнд өгсөн ба хамгийн анх түүний бяцхан толгой дээр гараа тавих үед Иохан номын 9-р бүлгээс “Бурханы үйлсийг түүгээр харуулахын тулд юм” (Иохан 9:3) гэсэн хэсэг оюунд минь орж ирж билээ. Пакстон гуравхан жил амьдрахдаа, амьдралынхаа гуравны нэгийг эмнэлэгт өнгөрөөж, 34 удаа хагалгаанд орсон. Гэсэн хэдий ч тэр амьдралд хайртай, гэрлээр дүүрэн нэгэн байсан. Расбандын гэр бүл түүнээс “илүү их тэвчээр, даруу байдал, талархал, тэсвэр тэвчээрийг сурсан. Бид Их Эзэнд болон Түүний арга замд итгэж сурсан” гэж ахлагч Расбанд хуваалцлаа.

“Бид Пакстоноос Их Эзэнээс бат барьж, Түүний тааллыг хүлээн зөвшөөрөхийг сурсан.”

4. Түүнд бүх зүрх, сэтгэлээрээ үйлчил

Матай номд бага наснаасаа эхлэн бүх зарлигийг сахисан нэгэн баян залуу захирагч Есүсээс мөнх амьдралыг өвлөн авахын тулд өөр юу хийх ёстойг асуусан тухай бичсэн байдаг. Есүс түүнд бүх эд хөрөнгөө зарж, ядууст өгөөд, Түүнийг дага гэж хэлжээ. Залуу захирагч асар их эд хөрөнгөтэй байсан тул эд хөрөнгөө өгөхийг хүсэлгүй холдон явав.

Ахлагч Расбанд “Түүнд Есүс Христэд үйлчлэх, Түүнтэй хамт зогсох, Түүнээс суралцах, Түүний хүч чадал, сүнсийг мэдрэх боломж байсан боловч тэр холдон явсан” гэв.

Дараа нь тэрээр Айдахо дахь БЯИС-ийн оюутнууд, багш нар болон оролцогчдоос тэднийг залуу захирагчийн оронд байсан бол холдон явах байсан уу эсвэл бат, тууштай, зоригтой зогсох байсан уу гэж асуув.

“Хэцүү асуудал эсвэл асуулттай тулгарах үедээ та Их Эзэн болон Түүний үйлчлэгчдээс хариултаа хайдаг уу? Эсвэл та интернэтээс хайдаг уу? Сүм, Сүмийн өнгөрсөн түүх, сургаал өнөөгийн хэм хэмжээтэй харшилж байгаа мэтээр шүүмжлэх явдал газар авах үед та хаана зогсдог вэ? Та нар Их Эзэнд үйлчлэх үү эсвэл эргэлзэх үү? ... Хэрэв эд хөрөнгө болон асуултууд танд саад учруулдаггүй бол өнөөгийн ертөнцийн үймээн самуун, эмгэг, хурцадмал байдлын талаар та нар юу хэлэх вэ? Эргэн тойрон үймээн самуунтай байхад та нар яаж үйлчлэх вэ?”

Хариулт нь, бусдадаа үйлчил. Дуудлага хүлээн авч, Бурханд үнэнчээр үйлчил. Өөрийн цагийг зориул, дэлхийн зүйлд автахаас татгалзаж, тэдгээрийг хийхээ боль. Өөрийн зүрх сэтгэлд байгаа ариун нандин зүйлсийг, сүнсний зүйлсийг тунгаан бодож, тэдгээрээс чанга атга.

Rasband-BYU-I
Rasband-BYU-I
Айдахо дахь БЯИС-ийн оюутнууд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Роналд А.Расбандын үгийг сонсож байгаа нь. 2022 оны 2-р сарын 13-ны ням гараг, Айдахо мужийн Рэксбург хот. Гэрэл зургийг BYU–I. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Гэрэл зургийг татаж авах. 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Ахлагч Расбанд “Амьдралаа эргэн харахад, ялангуяа гэр бүлдээ болон Сүмд үйлчилсэн үйлчлэл маань намайг төлөвшүүлсэн хамгийн агуу адислалуудын нэг байсан гэдэгт би итгэлтэй байдаг. Энэхүү үйлчлэлээр дамжуулан би талархал, даруу байдал, алсын харааг олж авсан ба энэ бүхэн байгаагүй бол дэлхийн уруу таталт, эд баялаг намайг доош татах байсан. Харин би бусдад үйлчилснээр “Хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонгог. ...Харин би болон манай гэрийнхэн бид ЭЗЭНд үйлчилнэ” (Иошуа 24:15) гэсэн Иошуагийн хэлсэн агуу үнэнд сэрсэн билээ.

Бурханыг бүх зүрх сэтгэл, оюун ухаан, хүч чадлаараа хайрлах нь жинхэнэ шавь болоход хүргэх сургалтын хөтөлбөр юм. “Бурханыг хайрлаж; түүнд үйлчлэл, сонирхол, эн тэргүүнд тавих зүйлс, хүслээ өргөх юм бол та адислагдахаас гадна баяр баясгалан нэмэгдэн ирэх болно” гэж тэр хэлэв.

“Бурханыг хайрлаж, Түүнд үйлчлэл, сонирхол, эн тэргүүнд тавих зүйлс, хүслээ өргөх юм бол та адислагдахаас гадна баяр баясгалан нэмэгдэн ирэх болно.”

Ахлагч Расбанд тэнд байсан хүмүүст хандан, зүрх сэтгэл нь Аврагчийг хайрлах хайр, жинхэнэ шавь байх хүслээр дүүргэгдэх болтугай хэмээн төлөөлөгчийн адислалыг үлдээв. “Би та бүхнийг Түүний бүх замаар алхан, тушаалуудыг нь сахиж, Түүнээс бат барин, Түүнд үйлчлэхийг сонгохоор адисалж байна. Есүс Христийн Цагаатгалын хүчинд үүрд талархаж, Түүний та нарт зориулсан агуу хайрыг ухаарахаар адисалж байна. Ах, эгч нар аа, бид Есүс Христ рүү харах үедээ хайрлахгүй байх шалтгаан олно гэж үү?” хэмээв.

Бодгаль өнгөлнө

Расбанд эгч захиасандаа, ахлагч Расбандыг Нью-Йоркийн Нью-Йорк Хойд номлолыг тэргүүлж байх үед үйлчилж байсан нэгэн номлогчийн түүхийг хуваалцав.

Ахлагч Павэлл метронд болон гудамжны булангуудад дайралдах гутал өнгөлдөг газруудын нэгээр үйлчлүүлэхийг үргэлж хүсдэг байжээ. Номлолынхоо төгсгөлд Бронкс хотод үйлчилж байхдаа тэрээр хэн нэгний “Гутал өнгөлнө, гутал өнгөлнө. Гутлаа өнгөлүүлэхийг хүсэж байгаа хүн байна уу?” гэж дуудахыг сонсжээ.

Rasband-BYU-I
Rasband-BYU-I
Мэлани Расбанд эгч 2-р сарын 13-ны ням гарагт Айдахо дахь БЯИС-д болсон онцгой цугларалт дээр үг хэлж байгаа нь. Айдахо мужийн Рэксбург хот. Гэрэл зургийг BYU–I.. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Гэрэл зургийг татаж авах. All rights reserved.
Download Photo

Гутлаа өнгөлүүлэхээсээ өмнө ахлагч Павэлл түүнээс хэр үнэтэй болохыг асуув. Хариуд нь тэр “Хэдийг төлөхийг хүснэ, төдий хэмжээний үнэтэй” гэжээ.

Ахлагч Павэлл суух сандал байгаагүйд ихэд гайхширав. Гутал өнгөлөгч эр түүнийг сандалд суулгахын оронд хөлд нь сөхрөн суугаад, хүүхдийн хоолны шилэнд хийсэн гутлын тосоо гарган, хуруугаараа авч гуталд нь түрхэв. Тэр толбоор дүүрсэн цамцныхаа хамгийн цэвэрхэн хэсгээр ахлагч Павэллын гутлыг арчаад, эцэст нь гарынхаа шуугаар өнгөлөхөд түүний арьсанд тосны хар мөр үлджээ.

Ахлагч Павэлл өөрийгөө энэ ажилд бүхэлд нь зориулж буй түүнийг харж байхдаа бид бүгдийг мөнх бус байдал хийгээд нүглийн буртгаас цэвэршүүлж, толбогүй алхуулахын тулд хүн төрөлхтний толбыг Өөр дээрээ авсан өөр нэг хүний ​​тухай боджээ. Бидний өмнө ийм дүр зураг байхад, нүглийн улмаас болон мөнх амьдралын төлөө шударга ёсны төлөөсийг төлөхөөр эцсийн бөгөөд бүрэн дүүрэн золиосыг гаргаж, шоолуулж, зодуулж, бүр нүх сүв бүрээсээ цус асгаруулсан, амилсан Их Эзэнийхээ тухай бодохгүй гэж үү?

Гутал нь гялалзсан, зүрх сэтгэл нь өөрчлөгдсөн ахлагч Павэлл халаасандаа гараа хийж, гутал өнгөлөгч эрд байсан бүх мөнгөө өгөв. “Тэгээд тэр хамтрагчийнхаа халаасанд гараа хийж, түүнд байсныг ч бас өгчээ” хэмээн Расбанд эгч нэмж өгүүлэв.

“Их Эзэн бидэнд 'Бодгаль өнгөлнө. Бодгаль өнгөлнө. Хэн нэгэн өөрийн бодгалийг өнгөлүүлэхийг хүсэж байна уу?' хэмээн асуудаг. Бид мөнх бус хувиа хичээсэн зангаараа, юу асууж байгаагаа бүрэн мэдэлгүйгээр яаран, хэтэрхий хурдан 'Энэ ямар үнэтэй вэ?' гэж асуудаг. Харин бидний Аврагч эелдгээр 'Хэдийг төлөхийг хүснэ, төдий хэмжээний үнэтэй. Учир нь би үлдсэнийг нь төлсөн юм” гэж хариулах болно.

Аврагч Өөрийн тэнгэрлэг Цагаатгалыг хязгааргүй, мөнхийн хайрын чанараар гүйцэтгэсэн билээ.

“Зүрх сэтгэл маань цаас, чихэр, шоколадаар дүүрдэг жилийн энэ цаг үед бид Их Эзэнд ирж, Түүнийг дагах, Түүнтэй адил байх, Түүн шиг үйлчлэх, Түүнийг хайрлаж, Түүн шиг бусдыг хайрлах амлалтыг Түүнд бэлэг болгон өгөх болтугай” гэж Расбанд эгч хэлсэн юм.

Зохиогчийн эрх хамгаалагдсан. 2022 Deseret News Publishing Company.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.