Мэдээ мэдээлэл

Бүсийн 2022 оны хуанли Есүс Христэд төвлөрнө

Бүсийн хуанли нь Аврагч Есүс Христээр дамжуулан найдварыг өгөхөд зориулагдсан

AreaCalendar2022.JPGDownload Photo

2022 он найдвар, шинэ эхлэлийг авчраад байна. Энэ шинэ эхлэлтэй зэрэгцэн Бүсийн хуанли бидний амьдралын төвд найдварыг болон Аврагч Есүс Христийн талаарх илүү их эргэцүүллийг авчрахаар бүтээгджээ. Азийн Хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ахлагч Жэймс Р.Расбанд уг хуанлийг бүтээх үйл явцын цаана юу өрнөсөн талаар ийнхүү хуваалцав.  

“Ерөнхийлөгч Нэлсон Солт Лэйк Сити ариун сүмийн үүдний танхимд бошиглогчийн хувиар хэвлэлийнхэнд хандан анх үг хэлснээсээ хойш тэрээр ариун сүмийн ёслол, гэрээнүүдээс ирдэг цог жавхлант адислалуудыг үгийнхээ гол хэсэг болгосоор ирсэн. Түүний удирдамжийг даган 2021 онд манай бүсийн хуанли ариун сүмд төвлөрсөн. 2022 оны хуанлийн хувьд бид хамтдаа зөвлөлдөөд, ариун сүмүүдэд үргэлжлүүлэн төвлөрөхийн зэрэгцээ Аврагч Есүс Христ ариун сүмийн гэрээнүүдийг, үнэн хэрэгтээ бүх гэрээг боломжтой болгодог гэдгийг санах нь зүйтэй гэж мэдэрцгээсэн. Бүсийн хувьд бид хийдэг бүх зүйлдээ Түүнийг үргэлж санах ёстой билээ.  

Ингээд бид Бүсийн ажлын албаныхаа гайхалтай ажилтнуудын хамтаар Аврагчийн олон янзын зураг, Түүний тухай судруудыг бодож олох баяр хөөр, сүнсээр дүүрэн үйл явцыг эхлүүлсэн. Үүний үр дүн нь бидний 2022 оны хуанли юм. Гишүүд, найз нөхөд та бүхнийг энэхүү хуанли дахь Есүс Христийн зургуудыг харж, холбоотой судруудыг унших үедээ бидний үүнийг бэлтгэхдээ мэдэрсэн амар амгалан, талархлын сүнсийг мэдэрнэ хэмээн найдаж байна.” 

Азийн Хойд бүсийн Харилцаа холбоо хариуцсан гүйцэтгэх захирал Ан Док Хён ах өөрийн сэтгэгдлийг ийн хуваалцлаа. 

“Бүсийн хуанли өмнө нь үндсэндээ гишүүдэд Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн төлөвлөгөө, тэргүүлэх чиглэлийг сануулах зорилгоор бүтээгддэг байсан. 2022 онд Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр бид орон нутгийн хуанлийг хэрхэн илүү олон хүнд үр өгөөжтэй байлгах талаар эргэцүүлэн бодож, Есүс Христэд төвлөрөхөөр шийдсэн. Өнөөдөр бидний өмнө тулгараад байгаа КОВИД-19 мөн өөр олон сорилт бэрхшээлд хандах хамгийн сайн арга зам бол амар амгалан, тайтгарлын эх сурвалж болох Аврагчийг санах явдал гэдэгтэй бүгд санал нэгдсэн. Би Аврагчийн тухай гэрчлэлийг минь агуулсан зураг, судар зэргийг сонгох үедээ сүнсийг хүчтэй мэдэрч, Их Эзэний биднийг яваасай гэж хүссэн тэр чиглэлд бид явж байгаа гэдгээ баттай мэдсэн. Мөн би энэ хуанлийг бусдад бэлэг болгон өгье гэж бодож байна.” 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.